Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00263

 

                                     ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

                                                 хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02112 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2071 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 315,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 315,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02112 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 315,000,000 (гурван зуун арван таван сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204101231 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол (13311), Хүннү гудамж, 119 дүгээр байрны 201 тоотод байрлах, 169.42 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 315,000,000 төгрөгийг гаргуулж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2071 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд “Зээлийн төлбөр нэхэмжлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлээс харахад зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2020.10.09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг, зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсоны дагуу алданги 100,000,000 төгрөг, нийт 315,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гадна үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 2112 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 315,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019.10.09-ний өдөр 200,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол (13311), Хүннү гудамж, 119 дүгээр байр, 201 тоот, 169.42 м.кв талбайтай, Ү-2204101231 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлийн хүүг сар бүрийн 09-ний өдөр төлөх, зээлийг 2020.01.10-ны өдөр хүүгийн хамт төлж дуусгах, хугацаа хэтэрсэн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу “ХААН банк” ХХК дахь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн дансанд 2019.10.10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2019.10.25-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлийн хугацаанд зээлийн хүүд 2020.01.08-ны өдөр 15,000,000 төгрөг өгсөн, үүнээс хойш төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 15,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 315,000,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагчаас “... Э.Г мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлдүүлэхийг надаас гуйсан. Миний бие боломжгүй гэж хэлэхэд Э.Галбадрал би өөр хүнээс зээлэхээр болчихлоо чи барьцаа гаргаад өгөөч гэж хүссэний дагуу барьцааны гэрээнд гарын үсэг зурахаар нотариат дээр очиход ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “барьцаа нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэр дээр юм чинь зээлийн гэрээг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэрээр байгуулъя” гэсний дагуу зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас авсан мөнгийг Э.Г болон Б.Т-ийн дансанд шилжүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Э.Г нар хоорондоо төлбөр болон эргэн төлөх хугацааг ярилцан тохиролцсон. Э.Г-аас зээлийн гэрээний талаар тодруулахад “асуудалгүй, 15,000,000 төгрөгийн хүү төлсөн, бид хоёр ярилцаад мөнгө орж ирэхээр зээлээ барагдуулахаар тохирсон” гэж хэлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, надаас зээл төлөхийг шаардаж байгаагүй, харин 2020.04.08-ны өдөр “Галаа үндсэн зээл болон хүүгээ өгөхгүй байгаа шүү. Тиймээс энэ хэвээрээ байвал удахгүй хуулийн байгууллагад хандана шүү” гэж надад мэдэгдсэн. Зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2020.01.08-ны өдөр 15,000,000 төгрөгийн төлөлт хийснээс өөрөөр гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3,  232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл болон төлөөгүй хугацааны хүү, алдангийг шаардах эрхтэй.

10. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний дагуу 315,000,000 төгрөг гаргуулахаас гадна “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шаардсан, шүүхээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 315,000,000 төгрөгийг гаргуулж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, иймээс шүүх “нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан” гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 4-т) үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 315,000,000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм.

11. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02112 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2071 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД