| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0210/И |
| Дугаар | 207 |
| Огноо | 2019-10-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, ... ажилтай Д овогт Э.О-н нэхэмжлэлтэй,
Д.Г-г эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгч Э.О нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г-той 2014 оноос хойш хамт амьдарч байсан юм. Г бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. Г нь 2016 оны 12 сард 12,500,000 төгрөгийн зээлийг Х банкнаас авсан, энэ үед би батлан даагчаар гэрээнд гарын үсэг зурсан. Г нь мөнгөө банкнаас аваад машин авна гэж яваад гэртээ эргэж ирээгүй. Зээл авснаас хойш 2 жилийн хугацаанд зээлээ төлж байгаад төлөхөө больсон. Ингээд Х банк шүүхэд хандаж 7,298,153 төгрөгийг намайг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс миний бүх дансыг битүүмжилсэн. Иймд Д.Г-н оршин суух хаягийг тогтоож, энэ зээл болон 2 хүүхэддээ тэтгэвэр төлүүлмээр байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Ар гэрийнх нь хүмүүс У аймгийн С суманд амьдардаг. ээж У, эгч Г, эгч Г, дүү Г, хүргэн ах Б ... дугаартай. Намайг залгахаар энэ хүмүүс утсаа авдаггүй юм. Д.Г нь ... дугаартай байсан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.О нь Д.Г-той 2014 оноос 2016 оны 12 сар хүртэл хугацаанд хамт амьдарч байсан, энэ хугацаандаа 2016 оны 12 сард Х банкнаас 12,500,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээсэн, Г нь 2016 оноос хойш гэрээсээ гараад гэртээ буцаж ирээгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа гэсэн үндэслэлээр эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргажээ.
Дээрхээс үзэхэд Д.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Д.Г нь ... регистрийн дугаартай, утас:... болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Э.О-н хүсэлтээр Д.Г-г эрэн сурвалжилсугай.
2. Д.Г-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Д.Г-н хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Э.О-д нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц