Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

 Ө.ББаян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч  Я.Д,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Шеруши Ожых овогт Танхайн Ат холбогдох 2313001900165 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш О овогт Т-н А, Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, өндөр хүчдэлийн монтёр мэргэжилтэй, 58 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Сыргалы” дэлгүүрийн урьд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч И.Бйн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Реdmi А9” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүгдэгч Т.А нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Сыргалы” дэлгүүрийн урьд хохирогч И.Бйн гээгдүүлсэн “Реdmi А9” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч бага хэмжээнээс дээш буюу 400.000  төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал), хохирогч И.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 09, 12 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 53 дахь тал), Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БӨА-23-142 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-21 дэх тал), эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал), эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 47 дахь тал),  Мобиком Корпораци ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн  4/4658 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 49-50 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 54 дэх тал), шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Т.Аын хохирогч И.Бгийн  Реdmi А9 загварын гар утсыг  бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол буюу 400.000 төгрөгийн хохирол  учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө  завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

4. Шүүгдэгч Т.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Хохирогч И.Бд 400.000 хохирол учирсан бөгөөд хохирогч дээрх гар утсыг биет байдлаар хүлээн авсан нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 9, 47 дахь тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Аын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж хууль заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ШО овогт Тн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш О овогт Т-н Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ат сануулсугай.

4. Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, 2313001900165 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол  биет байдлаар төлөгдсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ө.Б