| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0119/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч Я.Д,
шүүгдэгч А.С, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Шеруши ожых овогт Авилтайн С, Адуучин овогт Жамсранжавын Б нарт холбогдох 2213001630151 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, уулын цахилгаан техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овгийн Аайн С, регистрийн дугаар .............
2. Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны .... дүгээр байрны .... тоотод оршин суудаг хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, А ургийн овгийн Жын Б, регистрийн дугаар .....................
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Б-ас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 ширхэг алтайн хойлог шувууг худалдан авч амьтны аймагт 130.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын эхээр иргэн А.Саар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 ширхэг алтайн хойлог шувууг худалдан авч, экологи эдийн засагт буюу амьтны аймагт 130.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч А.С нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Бекжанаас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 ширхэг алтайн хойлог шувууг худалдан авч амьтны аймагт 130.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын эхээр шүүгдэгч А.Саар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 ширхэг алтайн хойлог шувууг худалдан авч, амьтны аймагт 130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 88 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 191 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С, гэрч Т.С, М.Г, С.А, А.Өк, нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 204, 152-154, 208, 162-164, 169-171 дахь тал), дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 70-71 дэх тал), Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3915 дугаартай албан бичгийн хариу, хавсралт, үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 77-79 дахь тал), шинжээч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ш- 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 225-228 дахь тал) яллагдагч А.С, Ж.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 20-21, 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдаж авсан” гэх шинжийг бүрэн агуулжээ.
4. Шүүгдэгч А.С, Ж.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаар амьтны аймагт 130.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны нэхэмжилсэн 260.000 төгрөгийг шүүгдэгч А.С, Ж.Б нар төлж барагдуулсан нь банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 73-74 дэх тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.С, Ж.Б нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч А.С, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч А.С, Ж.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
5. 2213001630151 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заанаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн алтайн хойлог шувуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овгийн Айн С, А ургийн овгийн Жын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эд зүйлийг худалдан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ан С, Жан Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч А.С, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч А.С, Ж.Б нарт сануулсугай.
5. Шүүгдэгч А.С, Ж.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, 2213001630151 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь амьтны аймагт учруулсан хохиролд 260.000 төгрөгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заанаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн алтайн хойлог шувууг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б