| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0124/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/129 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/129
2023/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: А.А
Хохирогч: Н.У
Шүүгдэгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц Бт холбогдох эрүүгийн 2212................. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... сумын ............ баг, ............ гэх газар оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Цн Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Хөеөт гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 08, 11, 14, 19-ний өдрүүдэд өөрийн эхнэр Н.Уы хөлийн шагай хэсэгтээ хутгалж, зүүн шилбэний доод хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруусан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэрийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212............. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Уы “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө Б нь М ахын хамт архи уусан. Би гэртээ ирэхгүй байхаар нь гадуур хайж байгаад 22 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Б нь гэртээ байсан. Намайг хаалгаар яваад ортол миний үснээс татаж газарт унагаасан. Тэгээд миний хөлийн шагай хэсэг халуун оргиод байхаар нь хартал цус гоожиж байсан. Б нь гартаа хутга барьсан, чамайг одоо гүйцээгээд ална гээд дайраад байсан. Тэр үед манай бага хүү уйлаад байсан тул Б хутгаа хаяаад босоод явсан. Би гэрээс гарч зугтаан М ахтай уулзсан. Б намайг тантай хардаад миний хөлийн шагай хэсэгт хутгалчихлаа гээд очсон. Нямбуу гэх айлд М ахтай хамт 3 хоносон. 11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ иртэл гараас татаж унагаан миний зүүн талын мөр рүү 2 удаа өшиглөсөн, шилбэ гуя руу 2 удаа өшиглөсөн, зүүн талын чих рүү баруун гараараа цохисон. Би гэрээсээ гарч зугтаан Айраг нуур гэх буудалд ганцаараа хоёр хоносон. 11 дүгээр сарын 14-ний өдөр О гэх айлд сууж байтал гэрийнх нь хаалгыг сүхээр цөм цохиод орж ирээд, над руу сүхээрээ далайгаад байхаар нь би Оын гэрээс гарч зугтаад явсан. Хэсэг байж байгаад Оын гэрт нь ороход Б араас орж ирээд би гэрийнхээ бүх юмыг сүхээр цохиод тавилгаа эвдсэн байна гэж надад хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой намайг дахин зодсон миний хоолой хэсэгт заазуур тулгаад байсан. Чамайг алчихаад шоронд чинь явна гэсэн. Миний зүүн талын хөлийн шагай хэсэгт хутгалсан, зүүн талын мөр лугшиж өвдөн гараа өргөж болохгүй байгаа, хоёр гарын бугуйны доод хэсгийн мах тасарсан, зүүн талын шаана хэсэг хөндүүр оргиод өвдөөд байгаа. Урьд өмнө Б намайг зоддог байсан. Маргалдах юм бол шууд зоддог байсан. Үсдэж чирээд үсийг маань сүхээр хэрчиж, эрүү хэсэгт өшиглөсөн, нуруу хэсэгт сүхээр цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, би гомдолтой байна өөрт үүссэн гэмтлээ үзүүлж зардал мөнгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/,
*Гэрч Т.Оын ”...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзий багийн цүүрийн 9-8 тоотод гэртээ эхнэрийн хамт байж байтал, У манай гэрт 15 цагийн үед манай гэрт утсаа цэнэглэх гээд орж ирсэн. Хэсэг утсаа цэнэглэж байгаад манай гэрээс гараад явсан. Би сумын төвийн эмнэлэг ороод гэртээ ирээд байж байтал Б манай хашааны хаалгыг тогшиж би хаалгыг нь онгойлгож өгөөд Б манай гэрт орж ирсэн. Б манай эхнэр У танай гэрт орж ирсэн үү гэж асуухад нь манай эхнэр Э би танай эхнэрийг сайн танихгүй шүү дээ гэж Бт хэлсэн. Хэсэг байж байгаад Б ах бид хоёр манай гэрээс гараад Б ахын гэрт орсон. Б ах маргааш өглөө ахыгаа манай хөдөө байдаг гэрт хүргээд өгөөч гэж надад хэлэхээр нь би маргааш танд шийд өгөе гэсэн. Би гэртээ ортол У архи аваад ирсэн манай эхнэртэй хамт архи уугаад сууж байсан. Надад У архинаасаа хийж өгөхөөр нь би уухгүй гэсэн. Манай эхнэр уучих гээд байхаар нь би архи уусан. Ууж байсан архиа дуусаад У манай гэрээс гараад явсан. Би эхнэрийг Утай хамт гарах гээд байхаар нь хоёр мөрнөөс нь татсан. Манай эхнэр Утай хамт гарсан. Удалгүй У манай гэрт орж ирээд манай охиноос цаас байвал өгөөч гээд цаас авсан. У зуухны урд сууж байгаад цаасан дээр юм бичээд байсан. Гэрийн хаалгыг гаднаас нь 2-3 сүхдээд Б ах ороод ирсэн. Ална янхануудыг гээд ороод ирэхээр нь У эгч гараад зугтаасан. Б ахаас юу болоод байгаа юм бэ гэж асуухад чамайг хүртэл ална шүү гэсэн. Танай эхнэр надад, манай эхнэрийг танихгүй гэж худлаа ярьсан гэж надад хэлсэн. Б ахаа юу болоод байгаа гэж асуухад танай эхнэрийг өөрийнхөө эхнэрийн хамт ална гэж надад хэлсэн. Б ах манай эхнэрийн үснээс нь зулгаан гэр рүүгээ авч авсан. Би араас нь Б ахын гэрт ороход энэ байшинг хүн алах гэж барьсан байшин гээд манай эхнэрийн нуруу хэсэгт нь сүхээрээ нэг удаа цохисон. Би эхнэрээ Бын гэрээс нь хөөж гаргасан. Би Б ахын гэрээс гарахад манай машин байхгүй байсан. Удалгүй У эгч миний машиныг унаад хүрээд ирсэн. Тэгээд би гэртээ ороход эхнэр гэртээ байхгүй байсан. Маргааш өглөө нь эмнэлгээс над руу залгаж танай эхнэр эмнэлэгт байна ир гэхээр нь би эмнэлэг дээр иртэл манай эмнэлгийн өрөөнд хэвтэж эмчлүүлж байсан. Хадам ээжийн эгч Т эмнэлгээс гарган авсан байсан. Би эхнэр Эгийн зүүн шанаа хэсэгт баруун гараараа алгадсан, би Б ахад наад Эгээ алаад өг гэж хэлсэн. Би урьд өмнө эхнэр Эг зодсон асуудал байгаа, нүдийг нь гараа атгаж цохиод хөхрүүлсэн, гуя хэсэгт гараараа цохиж байсан. Зүүн гарыг нь хугалж байсан. Би эхнэр Этэй гэр бүл болоод 11 жил байна. Эхнэр бид хоёр гурав нь хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
*Гэрч Э.Бгийн “....2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Айраг нуур гэх нэртэй манай буудалд 22 цагийн үед У гэх хүн манай буудлын хаалгыг нүдэн танай буудалд хонож болох уу гэж надаас асуухаар нь би хоёр жаахан хүүхэдтэй байгаа болохоор таныг хонуулах боломжгүй байна гэж хэлэхэд эгч чамаас гуйж байна гээд манай буудлын цонхон доор уйлаад суугаад байхаар нь би буудалдаа оруулж хонуулсан. У нь манай буудалд ганцаараа хоноод маргааш өглөө нь гараад явсан. У манай буудалд хонохдоо бага зэрэг архи уусан юм шиг байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Уы хөл доголсон байдалтай алхаж байсан. Баруун гараа өвдөөд даахгүй байна гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
*Гэрч Л.Бгийн “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Төв гандангийн хашаанд гэртээ байж байтал 23 цагийн үед М, У хоёр согтуу орж ирээд Б ахаа бид хоёр танайд хонож болох уу гэж асуухаар нь би хонож болно гээд М, У хоёр манай гэрт хоносон. Өглөө босоод У нөхөр Бтаа зодуулсан талаар ярьж байсан. Нөхөртэйгөө хамт архи ууж байгаад муудалцсан юм байна гэж би ойлгосон. Уы нүүр хэсэгт нь лав ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. М, У хоёр манайд хамт хоноод маргааш өглөө нь гараад явсан. М, У гэх хүмүүс нь хоорондын харилцаа нь их дотно юм шиг харагдаж байсан. М, У хоёр манай гэрт орж ирэхдээ архи уусан согтуу орж ирсэн. Манай гэрт байх хугацаандаа архи уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуу/,
*Гэрч Л.Бгийн дахин өгсөн “...Уы биед ил харагдах шарх сорви байгаа зүүн талын хөл нь доголоод байгаа харагдаж байсан. У манай баруун талын орон дээр хувцастайгаа унтаад өгсөн..." гэх дахин мэдүүлэг /хх-ийн 63/, гэрч Б.Мгийн “...2022 оны 11 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг руу Бын хамт галын түлээнд явсан. Эрдэнэмандал сумын Өлзийт багт Бын хашаанд нь түлээгээ буулгаад гэрт нь ороод 0,75 граммын соёрхол нэр архийг хувааж уугаад Б ахын гэрт нь ирээд байж байтал У гаднаас орж миний зүүн хөлийн шагай хэсэг рүү Б юмаар хатгачихлаа М ахаа та бид хоёрыг Б хардаад байна гэсэн. У Б ахын гэрийн баруун талын орон дээр унтаад өгсөн. Би газар бүхлээрээ унтсан. Маргааш өглөө нь намайг унтаад сэрэхэд У гараад явсан байсан. Уы зүүн талын хөлийн шагай хэсгээс нь бага зэрэг цус гарсан байсан. Б бид хоёр найзууд байгаа юм. Бын байхгүй үед нь намайг түлээ хагалаад өгөөч гэж У гуйдаг байсан. У бид хоёрын дунд ямар нэгэн дотно харилцаа байхгүй. У надад Б намайг зодож гар хүрдэг гэж ярьж байсан. Гэхдээ яаж зоддог талаар нь ярьж байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/,
*Гэрч Б.Мийн “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед Б, М, У нар манай гэрт орж ирээд 0,75 граммын соёрхол нэртэй 2 шил архийг хувааж уусан. У удалгүй гараад явсан. М, Б бид 3 архиа хувааж уусан. Ууж байсан архиа дуусаад М харилаа гээд яваад өгсөн. Б хэсэг сууж байгаад гараад явсан би согтоод унтаад өгсөн байсан. Тухайн үед У архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,
*Гэрч Б.Тийн "...2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө намайг унтаж байхад хүмүүс пижигнээд байсан. Удалгүй Э хаалга тогшоод О, Б хоёр намайг алах гээд байна. Хаалгаа гэхээр нь би босож гэрийнхээ хаалгыг онгойлгож өгтөл Э, О, Б 3 орж ирсэн. Би Б, О хоёрт та хоёр одоо яв яах гээд байгаа гээд хэлтэл тэр хоёр манай гэрээс гараад явсан. Та утсаа өгөөдхөөч би цагдаа руу залгамаар байна гэсэн. Миний утсаар Э хүнтэй ярьж байгаад гараад явсан. Тухайн үед Эгийн хувцас толгойтой үс нь шороо болсон байсан. Ил харагдах гэмтэл байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх- ийн 70-71 дүгээр тал/,
*Гэрч М.Бийн “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвийн амбулаториор надад үзүүлсэн. Зүүн талын мөр мөрний үеэр дээшээ хөдөлгөж болохгүй, зүүн талын хөл өвдөгнөөс доош гүйцэд тэнийлгэж чадахгүй, эрүүний зүүн тал юм зажлахаар өвдөнө, асуумжаар 10-аад хонгийн өмнө зүүн шагайны хэсэгт хутгалуулсан, 2-3 хоногийн өмнө архи ууж нөхөр нь зодож зүүн талын мөр рүү өшиглөсөн түүнээс хойш мөр эрүүгээр өвдөх болсон гэж хэлсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хүндэвтэр ухаантай орчиндоо харьцаатай байршил идэвхтэй царайны илрэл цонхигор уушги 2 талд цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод хэм жигд зүүн гарын мөрний үеэр хөдөлгөөн хязгаарлагдмал, дээш өргөж чадахгүй, мөрний эргэн тойрон хөхрөлтэй, зүүн хөлийн шагайнаас дээш хуруу зайд хуучин шархтай шархнаас шүүс гарна түүнээс доош тавхай хүртэл хөхрөлттэй зүүн талын хөл эмзэглэлтэй алхана...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/,
*Ц.Бын яллагдагчаар өгсөн”...миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай “...Н.Уы биед зүүн шилбэний доод хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн шилбэний доод хэсэгт шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зүүн мөрний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эмчийн үзлэгээр зүүн шилбэний доод хэсгийн шарх гэмтэл нь 2022.11.22-ний өдрийн үзлэгээс 10-д хоногийн өмнө, зүүн мөрний цус хуралт гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүсэх боломжтой байна. Зүүн шилбэний доод хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөрний цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Хөеөт гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 08, 11, 14, 19-ний өдрүүдэд иргэн Н.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Ц.Бт байнга зодуулсан, түүний хөлийн шагай хэсэгт хутгалж зүүн шилбэний доод хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Хөеөт гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 08, 11, 14, 19-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Н.Уы хөлийн шагай хэсэгт хутгалж, зүүн шилбэний доод хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Уы “...намайг хаалгаар яваад ортол миний үснээс татаж газарт унагаасан. Тэгээд миний хөлийн шагай хэсэг халуун оргиод байхаар нь хартал цус гоожиж байсан. Б нь гартаа хутга барьсан, чамайг одоо гүйцээгээд ална гээд дайраад байсан. Тэр үед манай бага хүү уйлаад байсан тул Б хутгаа хаяаад босоод явсан...11 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ иртэл гараас татаж унагаан миний зүүн талын мөр рүү 2 удаа өшиглөсөн, шилбэ гуя руу 2 удаа өшиглөсөн, зүүн талын чих рүү баруун гараараа цохисон. Би гэрээсээ гарч зугтаан Айраг нуур гэх буудалд ганцаараа хоёр хоносон. 11 дүгээр сарын 14-ний өдөр О гэх айлд сууж байтал гэрийнх нь хаалгыг сүхээр цөм цохиод орж ирээд, над руу сүхээрээ далайгаад байхаар нь би Оын гэрээс гарч зугтаад явсан. Хэсэг байж байгаад Оын гэрт нь ороход Б араас орж ирээд би гэрийнхээ бүх юмыг сүхээр цохиод тавилгаа эвдсэн байна гэж надад хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой намайг дахин зодсон миний хоолой хэсэгт заазуур тулгаад байсан. Чамайг алчихаад шоронд чинь явна гэсэн. Миний зүүн талын хөлийн шагай хэсэгт хутгалсан, зүүн талын мөр лугшиж өвдөн гараа өргөж болохгүй байгаа, хоёр гарын бугуйны доод хэсгийн мах тасарсан, зүүн талын шаана хэсэг хөндүүр оргиод өвдөөд байгаа. Урьд өмнө Б намайг зоддог байсан. Маргалдах юм бол шууд зоддог байсан. Үсдэж чирээд үсийг маань сүхээр хэрчиж, эрүү хэсэгт өшиглөсөн, нуруу хэсэгт сүхээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/, гэрч Т.Оын ”...гэрийн хаалгыг гаднаас нь 2-3 сүхдээд Б ах ороод ирсэн. Ална янхануудыг гээд ороод ирэхээр нь У эгч гараад зугтаасан. Б ахаас юу болоод байгаа юм бэ гэж асуухад чамайг хүртэл ална шүү гэсэн. Танай эхнэр надад, манай эхнэрийг танихгүй гэж худлаа ярьсан гэж надад хэлсэн. Б ахаа юу болоод байгаа гэж асуухад танай эхнэрийг өөрийнхөө эхнэрийн хамт ална гэж надад хэлсэн. Б ах манай эхнэрийн үснээс нь зулгаан гэр рүүгээ авч авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, гэрч Э.Бгийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Айраг нуур гэх нэртэй манай буудалд 22 цагийн үед У гэх хүн манай буудлын хаалгыг нүдэн танай буудалд хонож болох уу гэж надаас асуухаар нь би хоёр жаахан хүүхэдтэй байгаа болохоор таныг хонуулах боломжгүй байна гэж хэлэхэд эгч чамаас гуйж байна гээд манай буудлын цонхон доор уйлаад суугаад байхаар нь би буудалдаа оруулж хонуулсан...Уы хөл доголсон байдалтай алхаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, гэрч Л.Бгийн “...өглөө босоод У нөхөр Бтаа зодуулсан талаар ярьж байсан. Нөхөртэйгөө хамт архи ууж байгаад муудалцсан юм байна гэж би ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуу/, гэрч Л.Бгийн дахин өгсөн “...Уы биед ил харагдах шарх сорви байгаа зүүн талын хөл нь доголоод байгаа харагдаж байсан..." гэх дахин мэдүүлэг /хх-ийн 63/, гэрч Б.Мгийн “...У гаднаас орж миний зүүн хөлийн шагай хэсэг рүү Б юмаар хатгачихлаа М ахаа та бид хоёрыг Б хардаад байна гэсэн...У надад Б намайг зодож гар хүрдэг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/ гэрч М.Бийн “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвийн амбулаториор надад үзүүлсэн. Зүүн талын мөр мөрний үеэр дээшээ хөдөлгөж болохгүй, зүүн талын хөл өвдөгнөөс доош гүйцэд тэнийлгэж чадахгүй, эрүүний зүүн тал юм зажлахаар өвдөнө, асуумжаар 10-аад хонгийн өмнө зүүн шагайны хэсэгт хутгалуулсан, 2-3 хоногийн өмнө архи ууж нөхөр нь зодож зүүн талын мөр рүү өшиглөсөн түүнээс хойш мөр эрүүгээр өвдөх болсон гэж хэлсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хүндэвтэр ухаантай орчиндоо харьцаатай байршил идэвхтэй царайны илрэл цонхигор уушги 2 талд цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод хэм жигд зүүн гарын мөрний үеэр хөдөлгөөн хязгаарлагдмал, дээш өргөж чадахгүй, мөрний эргэн тойрон хөхрөлтэй, зүүн хөлийн шагайнаас дээш хуруу зайд хуучин шархтай шархнаас шүүс гарна түүнээс доош тавхай хүртэл хөхрөлттэй зүүн талын хөл эмзэглэлтэй алхана...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Быг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Хөеөт гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 08, 11, 14, 19-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий хүн эхнэр Н.Уы хөлийн шагай хэсэгт хутгалж зүүн шилбэний доод хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршигийн талаар:
Хохирогч Н.Уы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч шүүгдэгч шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хуралдаан хойшилж, хэргийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх боломжгүй болсон тул ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Бт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болон урьд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тохиролцсон байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, шүүгдэгч Ц.Бын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
11. Шүүгдэгч Ц.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР