Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 124/ШШ/2022/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       Гомдол гаргагч: Увс аймгийн Малчин сумын .... багт оршин суух, иргэн Б.Б,

       Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-т  холбогдуулан гаргасан,

        Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1.Гомдол гаргагч Б.Бумцэнд нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-т  холбогдуулан “улсын байцаагчийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

         2.Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Энхбаяр 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсаар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч Б.Б нь сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

      3.Гомдол гаргагч Б.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд 2022 оны 01 сарын 21-ний өдөр шүүхэд гомдлыг гаргасан болно.

      4. Гомдол гаргагч Б.Б шүүх хуралдааны товыг 2022 оны ,,,сарын ,,,ны өдөр утсаар холбогдон мэдэгдсэн талаар шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир утсаар хуралдааны тов мэдэгдсэн тухай тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд шүүх хуралдаанд Б.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.Гомдол гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх эсэх асуудлаар хариуцагч “саналгүй” гэх тайлбар гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно” гэж заасны дагуу гомдол гаргагч Б.Б-ийг эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

         5.Гомдол гаргагч Б.Б шүүхэд ирүүлсэн гомдолдоо:“...Миний бие Малчин сумын .... багт “АН”-аас орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин оролцсон. Улсын байцаагч Ч.Э нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн хуулиар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.Миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж,ийм өндөр хэмжээний торгууль,шийтгэл хүлээхээр байхад төрийн байгууллагуудаас,тухайлбал сонгуулийн хороо,Увс аймаг дахь Төрийн аудитын газар, улсын байцаагчийн зүгээс мэдэгдсэн ярьсан,хэлсэн зүйл огт байхгүйгээр шууд төрийн байгууллагууд зөвхөн эрхээ эдэлж, нэг талыг барин иргэн намайг хохироож байна гэж үзэж байна.

       Иргэн, хувь хүний эрх, ашиг хөндөгдсөн төрийн байгууллагын аливаа шийдвэр гарч байгаа бол уг хүнд заавал урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангахаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан байдаг.

        Иймд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       6.Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь Аудитын газрын Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хийсэн 2021 оны 1 сарын 14-ний өдрийн нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан...” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       7. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,  хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              8. Иргэн Б.Б нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын  2021 оны 12 сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргажээ.

        9. Гомдол гаргагчаас “Миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж,ийм өндөр хэмжээний торгууль,шийтгэл хүлээхээр байхад төрийн байгууллагуудаас,тухайлбал сонгуулийн хороо,Увс аймаг дахь Төрийн аудитын газар, улсын байцаагчийн зүгээс мэдэгдсэн ярьсан,хэлсэн зүйл огт байхгүйгээр шууд төрийн байгууллагууд зөвхөн эрхээ эдэлж, нэг талыг барин иргэн намайг хохироож байна.Иргэн, хувь хүний эрх, ашиг хөндөгдсөн аливаа шийдвэр гарч байгаа бол уг хүнд заавал урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангахаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан байдаг” гэсэн үндэслэлийг гомдолдоо дурджээ.

      10 .Хариуцагч улсын байцаагчаас “ Б.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргав.

           11. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын үйлдсэн  2021 оны 12 сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Б.Б-ийг   Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан “сонгуулийн зардлын дансны тайланг Төрийн аудитын газарт хүргүүлээгүй болох нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

        12. Б.Б-д холбогдох зөрчлийн хэрэгт Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Т.Н-ын “Аудитын явцад аймгийн Сонгуулийн хороо болон намуудад тайлан авах талаар албан тоот хүргүүлсэн. Хавсралтаар журам,маягтуудыг хүргүүлсэн.Зөвлөмж чиглэлийг Сонгуулийн хороо болон намуудад хүргүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хууль зөрчвөл өндөр шийтгэлтэй гэдгийг анхааруулсан” гэх мэдүүлэг, холбогдогчийн “сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын газарт хүргүүлэх хуулийн заалтыг мэдэхгүй” гэх  мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.09.16-ны өдрийн 396 дугаар сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй 116 нэр дэвшигчийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг болон Увс аймаг дахь Төрийн аудитын газар, Увс аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын холбогдох албан бичгүүд, 0001127 дугаар шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

          13. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланд сонгуулийн зардлын тайланг 116 нэр дэвшигч ирүүлээгүй тухай дүгнэлтийг гаргажээ.

        14. Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардалтай холбогдох харилцааг зохицуулж, уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан,төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж нэр дэвшигч нарт үүрэг хүлээлгэсэн байна.

         15. Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

           16. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангийн хавсралт 4-д сонгуулийн зардлын тайланг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтыг баталсан байх ба жагсаалтын 49-д нэр дэвшигч Б.Б-ийн  нэр багтсан, гомдол гаргагч Б.Б нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан ардын намаас нэр дэвшиж Малчин сумын . багт өрсөлдсөн болон сонгуулийн зардлын тайлангаа өгөөгүй талаар  маргаангүй байгаа болно.

         17. Зөрчлийн хэргийн холбогдогч Б.Б сонгуулийн зардлын дансны тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 12 дүгээр сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

         18. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

       19. Өөрөөр хэлбэл гомдолд дурдсан “Миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж,ийм өндөр хэмжээний торгууль,шийтгэл хүлээхээр байхад төрийн байгууллагуудаас,тухайлбал сонгуулийн хороо,Увс аймаг дахь Төрийн аудитын газар, улсын байцаагчийн зүгээс мэдэгдсэн ярьсан,хэлсэн зүйл огт байхгүйгээр шууд төрийн байгууллагууд зөвхөн эрхээ эдэлж, нэг талыг барин иргэн намайг хохироож байна” гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

        20. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалт,түүнд тавих прокурорын хяналт,нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” -д холбогдох харилцаанд энэ хууль үйлчлэхгүйг зохицуулсан тул гомдол гаргагчийн “Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэж,оролцоог хангах ажиллагааг хийгээгүй” гэх гомдлын шаардлага үндэслэлгүй болно.

        21. Иймд иргэн Б.Б-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         22. Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Б-ийн “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 0001127 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНЦЭЦЭГ