Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 08

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Хохирогч: Ч.Одонцэнгэл,

            Шүүгдэгч: Г.Мөнх-Эрдэнэ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Монголмууд овгийн Ганболдын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201720000029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, малчин, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт баг “Шавартын ам” гэх газарт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЗ91120511, Монголмууд овгийн Ганболдын Мөнх-Эрдэнэ.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ч.Одонцэнгэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №48 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ч.Одонцэнгэлийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 12-р тал/,

      2. Хохирогч Ч.Одонцэнгэлийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Наранбулаг сумын харъяат Ганболдын Мөнх-Эрдэнэ гэх залуутай гэр бүл болсон. Хамгийн анх Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 11 сарын сүүлчээр байсан санагдаж байна, өглөө 05 цагийн үед унтаж байтал “Бос” гэж хэлээд намайг чимхэж, орноос шууд түлхэж унагаагаад миний нүүр лүү алгадсан. Тэр үед миний нүүр хөхөрсөн бөгөөд манай гэрт манай ээж байсан. Маргааш нь ээжийг гэрлүүгээ харьсны дараа Мөнх-Эрдэнэ намайг “Ажил хийж чадахгүй байна, танайхан надад юу ч өгөөгүй” гэх мэтээр дарамталж загнасан. Би айсандаа Мөнх-Эрдэнийн урдаас юу ч хэлэлгүй үгийг нь чимээгүй сонсдог байсан. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би Мөнх-Эрдэнэд “Улаангом явна” гэж хэлсэн чинь уурлаад миний нүүрлүү 2 удаа алгадсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Мөнх-Эрдэнэ намайг “Заасан үсэг цээжлэхгүй байна” гэж хэлээд уурлахаар нь би “Гэртээ харина” гэсэн чинь Мөнх-Эрдэнэ намайг дахин нэг удаа алгадсан. Тэгээд намайг мориор кабелийн зам дээр хүргээд ээжийн авч ирсэн машинд суулгаж Улаангом сум руу явуулсан. Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Мөнх-Эрдэнэ намайг бариачид бариулж, эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Мөнх-Эрдэнэ бид хоёр одоо эвлэрсэн бөгөөд ямар нэгэн гомдол, нэхэмжлэх хохирол байхгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

      3. Хохирогч Ч.Одонцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өглөө босоод цайгаа чанаад нөхрөө “Босоод цайгаа уугаарай” гээд  цайг нь уулгачихаад “Би Улаангом яваад эмчийн хяналтанд ороод ирье” гэхэд “Чи малгүй болохоор Улаангом явж байгаа байлгүйдээ” гэж хэлэхээр нь би хариуд нь юу ч дуугараагүй. Тэгээд орон дээр сууж байтал ирж намайг алгадсан бөгөөд би уйлж байгаад толинд харсан чинь миний нүд хөхөрчихсөн байсан. Мөн намайг авдрын хажууд сууж байтал заамдаж босгоод шүүгээний тэндээс заазуур авч бариад “Чамайг энд алаад хаячихсан байхад танайхан мэдэхгүй” гэж хэлсэн. Би айгаад юу ч дуугараагүй. Тэгээд нөхрийг модонд явсны дараа ээж рүү болсон явдлын талаар ярьж “Намайг ирж ав” гэж би хэлсэн бөгөөд ээж хариуд нь “Хүүхэд харж байна, завандаа очоод авна” гэсэн.  2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой ээж залгаад  “Юу болж байна” гэж асуухаар нь би “Одоо гайгүй байна” гэхэд “01 дүгээр сарын 10-ны өглөө очиж авна” гэсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө босоод цай чанаад галын хажууд цайгаа уугаад сууж байтал Мөнх-Эрдэнэ намайг өшиглөж унагаах үед би сандарсандаа барьж байсан аягатай цайгаа асгасан. Намайг Улаангом руу явах гэж байна гэж уурлаад намайг зодсон бөгөөд намайг зодоход нь би юу ч хэлээгүй.  Тэгээд байж байтал манай нөхөр дүүдээ “Яваад морь аваад ир” гэж хэлсэн. Тэгээд надад “Би чамайг кабель оруулж замын унаанд суулгачаад хүрээд ирнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би явахгүй гээд байж байтал ээж ахтай хамт намайг авахаар ирсэн бөгөөд ээжийг ирэхэд миний нүд хөхөрчихсөн байсан. Тэгээд ээж намайг аваад Улаангомд орж ирээд Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Мөнхзул дээр дагуулж очсон. Мөнхзул байцаагч миний нүдийг хараад “Ямар аймаар зодсон юм бэ,  нүд нь хөхөрчихсөн байна шүү дээ” гэж хэлсэн.  Би тэр байцаагчид “Нөхөр намайг ингээд зодоод байна, салгах юм уу, суулгах юм уу” гэж асуухад “Салгахаас өөр зам байхгүй” гэж хэлсэн. Тэгээд эмчид үзүүлсэн чинь 1 сартай жирэмсэн болчихсон байсан ба эмч нөхрөөс салгаж болохгүй гэж хэлсэн. Одоо дахиж ингэж зодохгүй байх гэж найдаж байна. Өмнө нь би ийм байдалд орж байгаагүй болохоор яахаа сайн мэдэхгүй байна. Улаангомд ирсэнээс хойш бид 2 тусдаа байгаа, нөхөр нэг л удаа манай ээжийнд ирсэн. Хүрээд ирээч гээд утсаар ярихаар ирэхгүй байгаа” гэх мэдүүлэг,  

           4. Гэрч Ц.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний охин Одонцэнгэл нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Наранбулаг сумын харъяат Ганболдын Мөнх-Эрдэнэ гэх залуутай гэр бүл болсон. Гэтэл Мөнх-Эрдэнэ нь миний охиныг 11 сараас хойш дарамталж зодох болсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 08-нд Мөнх-Эрдэнийн гэрт очиж 20 хоносон. Намайг явахын урьд шөнө Мөнх-Эрдэнэ шөнийн 5 цагийн үед миний охиныг орон дотроо чимхэж, түлхэж унагаагаад алгадсан байсан. Тэр үед би унтаж байсан бөгөөд нэг сэрсэн чинь Одонцэнгэл уйлчихсан зогсож байсан. Юу болсон талаар асуухад “Мөнх-Эрдэнэ намайг зодлоо” гэж хэлсэн. Тухайн үед би Мөнх-Эрдэнэд энэ талаар хэлж сануулаад өнгөрсөн. Тэр үед Мөнх-Эрдэнэ дахин Одонцэнгэлийг зодохгүй гэж амалсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Одонцэнгэлийг зодсон талаар Одонцэнгэл надруу утсаар ярьж хэлсэн. Би охиндоо санаа зовоод 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр очиж авахад тухайн өдөр Одонцэнгэлийг “явуулахгүй” гээд маргалдсан байсан. Мөн Одонцэнгэлийг “Заасан үсэг сурахгүй байна” гэж хэлээд нүүр лүү нь алгадсан байсан. Намайг Одонцэнгэлийг авахаар очиход Мөнх-Эрдэнэ Одонцэнгэлийг кабелийн замд мориор дөхүүлж ирсэн. Тэр үед миний охины нүүр хөхөрчихсөн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

 

            5. Гэрч Г.Мөнгөнтулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний дүү Мөнх-Эрдэнэ нь ажилсаг, хөдөлмөрч, даруухан залуу юм. Мөнх-Эрдэнэ нь аав ээжийн үгэнд сайн ордог бөгөөд Улаангомд орж ирхээрээ манай гэрт ихэвчлэн байдаг. Архи тамхи хэрэглэдэггүй байсан боловч сүүлийн үед бага зэрэг тамхи татдаг болсон байна лээ. Эхнэр авч тусдаа амьдраад удаагүй байгаа. Тэдний гэр бүлийн амьдрал ямар байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Би нэг их очоод байдаггүй юм. Хааяа нэг очиход Одонцэнгэл, Мөнх-Эрдэнэ хоёр эв найрамдалтай жирийн сайхан байдаг. Мөнх-Эрдэнэ нь Одонцэнгэлийг зодсон гэх сураг сонсож байсан. Гэхдээ би нүдээрээ хараагүй. Мөнх-Эрдэнэ нь 2012 онд модны хэрэгт холбогдон цагдаагийн газарт шалгагдаж байсан. Өөр ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

            6. Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн засаг дарга Ч.Шамбуузын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан 30 тоот тодорхойлолт /хх-ийн 26-р тал/,

            7. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р тал/,             

            8.  Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2016 оны 11 дүгээр сард манай эхнэр Одонцэнгэл намайг гэрт байхгүй байхад манай гэрт ирсэн хэсэг залууст архи гаргаж өгч хамт уусан байсан. Тэр явдлын талаар би дотроо бодож байгаад 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Одонцэнгэлд тэр талаар хэлж уурлаад Одонцэнгэлийг 2 удаа алгадсан юм. Тэр үед Одонцэнгэлийн нүүр хөхөрч хавдсан бөгөөд болсон үйл явдлын талаар Одонцэнгэл ээждээ утсаар мэдэгдсэн байсан. Тэгээд 3 хоногийн дараа Одонцэнгэл гэртээ харин гэж надтай маргалдсан. Тэр үед манай хадам ээж Амаржаргал Улаангомоос машинтай ирж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Одонцэнгэлд уур хүрээд дахин нэг удаа алгадсан юм. Тэгээд би Одонцэнгэлийг мориор кабелийн зам дээр хүргэж хадам ээжийн авч ирсэн машинд суулгаж Улаангом сум руу явуулсан. Би уурандаа эхнэр Одонцэнгэлийг зодсондоо гэмшиж байна. Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Одонцэнгэлтэй гэр бүл болсон. 2016 оны 11 сарын 09-ний өдөр манай хадам ээж Амаржаргал нь манай гэрт ирж Одонцэнгэл бид хоёртой 20 гаруй хоног хамт амьдарсан. Тэгээд Улаангом уруу явахын урьд өдөр нь би өглөө эрт орондоо хэвтэж байхдаа Одонцэнгэлийг босоод гал түлчих гэж хэлсний төлөө бид хоёр маргалдаж би уурандаа Одонцэнгэлийг орноос түлхэж унагаагаад нэг удаа алгадчихсан юм. Би дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ хадам ээжид амлаж уучлалт гуйсан. Одонцэнгэлийг дахиж зодохгүй, би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ч.Одонцэнгэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Одонцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Амаржаргалын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Одонцэнгэлийн бие махбодид  тархины доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                   Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Одонцэнгэлээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу авагдаагүй, тодруулбал: хохирогч Ч.Одонцэнгэл нь 1999 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, энэ хэрэгт хохирогчоор тогтоож байцаалт авах үед буюу 2017 оны  1 дүгээр сарын 17-ны өдөр 18 насанд хүрээгүй байсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д “Насанд хүрээгүй хохирогчийг энэ хуулийн 145 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаана” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй Ч.Одонцэнгэлийг байцаахдаа түүний эцэг эх, хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садны хүн, сурган хүмүүжүүлэгчийг байлцуулаагүй нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул хохирогчоос хэрэг бүртгэлтийн шатанд авсан мэдүүлгийг  нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.  

 

                   Нөгөөтэйгүүр хохирогч Ч.Одонцэнгэл нь хэрэг шүүхэд шилжиж ирэх үед 18 насанд хүрсэн байсан тул хэрэг бүртгэлтийн шатанд гарсан дээрхи зөрчлийг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх байдлаар нөхөх / засах / боломжгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

                   Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэрээр гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа гэж мэдүүлж байгаа боловч хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал: хохирогч Ч.Одонцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг дахиж ингэж зодохгүй байх гэж найдаж байна. Өмнө нь би ийм байдалд орж байгаагүй болохоор яахаа сайн мэдэхгүй байна. Улаангомд ирснээс хойш нөхөр бид 2 тусдаа байгаа, би ээжийндээ, нөхөр өөрийн ахындаа байгаа, нөхөр нэг л удаа манай ээжийнд ирсэн, өдөрт хоол хийчхээд хүрээд ирээч гээд утсаар ярихаар ирэхгүй байгаа” гэх мэдүүлгээс дүгнэхэд гэмт хэрэг гарснаас хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хамт амьдрахгүй байгаа, шүүгдэгч нь хохирогчтой уулзаж, ярилцаж эвлэрэх талаар санал гаргаагүй, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэнээ илэрхийлсэн, харуулсан байдал гаргаагүй, мөн түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч уучлалт  гуйх, эвлэрэх санаачлага гаргаагүй нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

                  

                   Иймд Г.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                  Хохирогч Ч.Одонцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Мөнх-Эрдэнээс  нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

                  Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  286 дугаар зүйлийн 286.1,  294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйл, 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Монголмууд овгийн Ганболдын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /хоёр зуун дөчин мянган төгрөг /-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН