| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0130/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
2023/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Гын Бт холбогдох эрүүгийн 2312................. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ........ сумын ....... багийн ............... гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Сүрэн овогт Гын Б /РД:......../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бургасын гол гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед иргэн Э.Т нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, баруун хацар, зовхи, уруул, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бургасын гол гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед хохирогч Э.Тийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, баруун хацар, зовхи, уруул, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Тийн “..миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бургасны гол гэх газар мал маллан ганцаараа амьдардаг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд нутгийн залуу Б гэх хүн танихгүй 2 хүнтэй хамт машинаар манай гэрт ирсэн. Гэрийн гадаа ирээд Б танайд орж архи ууя гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б сууж байснаа намайг үгээр доромжлоод эхэлсэн. Тэгсэн чи миний урдаас цор цор хийдэг хэн бэ гэж хэлээд босож ирээд гэрийн багана унагааж, сандал ширээ өшиглөөд гэр буулгах гээд над руу улайраад дайраад байсан. Хэсэг хугацааны дараа Б ах намайг дуудсанаа алив ахын дүү учраа олъё хүрээд ир гэхээр нь би Быг архи нь гараад овоо гайгүй болж байгаа юм байхдаа гэж бодоод очтол намайг шууд хавсарч унагаад миний дээр гарч байгаад нүүр рүү 2 удаа хүчтэй цохиж 3 дахь удаагаа цохих гэж байхад нь хамт байсан 3 хүн салгасан. Салгаж байх хооронд намайг ахиад нуруу руу өшиглөөд авсан. Миний хамраас цус гарч толгой эргэж нүд бүрэлдэж уруул язарсан байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Миний баруун нүд болон нүүр хэсэг тэр чигтээ хавдартай, уруул дотор язарсан, толгой их өвдөж байна, нуруу жоохон чилж байна. Б нь миний нүүрний баруун хэсэг, нүд рүү 2 удаа хүчтэй гараа атгаж байгаад цохисон. Нуруу руу нэг удаа өшиглөсөн. Ер нь бол надад их дургүй дотроо занаад байсан байх шиг байсан. Архи уух далимаар намайг зодох гэж ирсэн байх. Бтай хамт машинаар ирсэн 2 хүн, манай хажуу талд байдаг Ш гэх залуу зэрэг 3 хүн байсан. Манай саахалт ойрхон амьдардаг нутгийн ах байгаа юм. Би их гомдолтой байна. Хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 дүгээр тал/, хохирогч Э.Тийн дахин мэдүүлсэн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/, гэрч Т.А “...Тийг Б ах малын сүүл огтолдог гэж хэлсэн чинь Ты уур нь хүрээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Б нь Тийг нэг модн езоороор нэг удаа толгой руу нь цохиод авсан чинь Б ах эргүүлээд Тийг цохиод авсан. Т Б руу сүх авч дайраад байхаар нь би очиж салгасан. Тэгээд тэр хэд машиндаа суугаад явцгаасан. Б ах Тийг үхсэн малын сүүл огтолдог гэж хэлэхэд Ты уур хүрсэн байх, тэгээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч Б.Шийн “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд би Ттой хамт түүний гэрт нь байж байсан. Б ах Т хоёр гэр дотроо маргалдаад хэрэлдээд Т, Баас зугтаж гэрээ тойроод тулга, баганаа унагачихсан байсан. Гэрээс гараад Т, Б нар хоорондоо барьцалдаж аваад бие биенийгээ заамдалцчихсан байсан... Б ах Тийг унагааж байгаад дээрээс нь нэг билүү 2 удаа нүүр рүү нь цохиод авсан. Дараа нь бид нар очиж салгаад Б ах Т руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай “...Э.Тийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, зовхи, уруул, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогчийг зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, зовхи, уруул, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ханагж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршигийн талаар:
Хохирогч Э.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Гын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР