Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/135

 

                         

 

 

 

                            

                         

 

 

 

                             2023/ШЦТ/135

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгч: Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Чгийн Сид холбогдох эрүүгийн 2312................ тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ......... сумын ............багийн .............. гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Чгийн С /РД:/  

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бор толгой 08-04 тоот байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.Цийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн талын 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, өвчүү орчим, зүүн хөхний хажуу хэсэг, зүүн суганы доод хэсэг, зүүн дал, нуруу, баруун бугалга, шуу, зүүн шуу, эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2312.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*Хохирогч Ж.Цийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Ч.С нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Цагааг эрэг гэх газраас мотоциклтой ганцаараа согтуу ирсэн. Би аймгийн төв дээр хүүхдээ сургуульд хорооллодог бөгөөд нөхөр хөдөө мал дээрээ байдаг юм. Тухайн өдөр хөдөө байдаг Б Б гэх хүнтэй хамт архи уусан байсан. Б нь хамт архи ууж байгаад манай нөхөрт аймгийн төвд танай эхнэртэй би унтсан гэж хэлсэн гэсэн. Тэгсэн нөхөр Ч.С нь намайг Бтэй хардаж хөдөөнөөс орж ирж намайг алах гэж ирлээ гэж ууртай орж ирсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа архичны үгэнд орж намайг алах гэж ирээ юу гэж хэлсэн. Тэгсэн хөдөө ямаагаа самнаж байгаад өмссөн хувцастайгаа ирсэн болохоор нь толгойг нь угааж өгөөд тоостой хувцсыг нь тайлуулж, угаасан хувцас өмсүүлсэн. Тэгээд хэсэг хугацаанд тайвширсан. Тэгээд хамтдаа зах орж үсийг нь засуулж, өмд, малгай авч өгөөд ноолуурын мөнгөнөөс 50.000 төгрөг үлдсэн. Тэгэхээр нь би үлдсэн мөнгөөр нь хүүхдийнхээ үсэглэлийн баярт зориулъя гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийнхээ үсэглэлийн баярт өмсөх гээд плаж аваад харихдаа айлд орно гээд байхаар нь би тухайн очих гэж байгаа айлын хүнийг нь байхгүй байгаа хот руу явчихсан гэж хэлсэн. Тэгсэн хажуугаар нь гарч харна гээд алхаж яваад Б гэх айлд орж цагаан сарын архи ууна гээд байсан. Тэгээд алхаж явсаар байгаад Б гэх айлд ороход Б ах ганцаараа байсан бөгөөд нэг архи гаргаж өгөөд тэрнээс манай нөхөр 3 хундага архи уусан. Тэгээд би одоо битгий өг гэж хэлээд архийг нь хураалгаад нөхрөө дагуулаад гарсан. Тэгээд хоёулаа гэр рүүгээ алхаж байхад 3 хундага архиндаа буцаж согтоод намайг янхан гичийгээр дуудаад байсан. Тэгээд гэр рүүгээ орсон чинь намайг элдэв муухай үгээр доромжлоод байсан. Хөдөөнөөс ирэхдээ 0.75тай шилтэй Хараа нэртэй архи өвөртөлж ирсэн. Гэртээ ирээд нөгөө архиа ганцаараа уугаад нэлээн согтсон. Тэгээд би орыг нь засчихаад усанд яваад нэлээн удаа ирсэн. Аминдаа усанд явах хооронд унтчих болов уу гэж бодсон. Тэгээд би усаа аваад гэр рүүгээ орсон чинь янхан минь хаагуур яваад ирж байгаа, хүн ганц ирж байхад ямар юмтайгаа алцагнаад ирж байгаа гээд нэлээн согтуу миний хоёр гарнаас хүчтэй татаад шилдэж дарж унагааж, цээж хэсэгт хүчтэй өвдөглөсөн. Тэгээд миний хоёр гарын булчингаас хүчтэй чанга базсан. Тэгээд би орилж уйлахад дээрээс боссон. Би хүүхдээ дуудаж, хажуу айлын С эгчийг дуудаарай аав нь намайг алах гээд байна гэж хэлсэн. Тэгээд миний хүү саахалт айлын Сг дуудсан байсан. Нөхөр Д нь намайг буланд шахчихсан байхад С орж ирээд нөхрийг загнаж, намайг булангаас гаргасан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирэх хооронд гараад зугтаасан. Цагдаа нар намайг эмнэлэг дуудаж үзүүлсэн. Одоо зүүн талын цээжний урд хэсгээр нэлээн өвчтэй, бие хөх эрээн болсон байна. Нөхөр Ч.С намайг зодоход нөхөр бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Хүүхдүүд гадаа тоглож байсан бөгөөд намайг орилох дуунаар манай хүүхэд орж ирсэн. Манай хүүхэд 6 настай, одоо үсэглэлийн баяр нь болох гэж байгаа юм. Би том хүүхдийнхээ ачийг хамт хардаг бөгөөд хоёулаа нэгдүгээр анги юм. Намайг өмнө нь нөхөр Ч.С нь 10 гаруй жилийн өмнө хөдөө мал дээр байхад нүүр хэсэг рүү өшиглөж зодож байсан. Өөрөөр зодож байгаагүй. Тухайн үед хөдөө байсан болохоор цагдаагийн байгууллагад хандахаа мэдэхгүй чимээгүй өнгөрсөн юм. Би нөхөр Ч.Стай 1997 онд хуримаа хийж байсан бөгөөд одоо 20 гаруй жил ханилж хамт амьдарч байна. Би 3 хүүхэд төрүүлсэн юм. Манай том хүүхэд 25 настай. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Намайг нөхөр Ч.С нь хүнтэй хардсаны улмаас миний цээж, гарын шуу, булчин руу гараараа хүчтэй цохисон. Ч.С нь архи уухгүй үедээ цайлган сэтгэлтэй, архи уухаараа хүн биш болчихдог юм. Анх надтай суухдаа л архи уудаг байсан. Ууртай ширүүн зантай юм. Би нөхрийгөө 2018 оны үед архинаас гаргах эмчилгээнд хувиараа явуулаад 8 сар архи уугаагүй байсан. Тэгээд буцаад архи уугаад эхэлсэн.Би нөхрийгөө хардахаар зүйл огт хийгээгүй, хардах өвчтэй болчихоод байгаа юм. Том хүүхдээ тусдаа гаргачихсан, дунд хүүхдээ сургуулийг нь төгсгөсөн. Задарсандаа архи уугаад л байна л гэж бодож байна.Би нөхөр Ч.Сид хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Гомдолтой байна. Би нөхрийгөө архинаас гаргаж авах гэж насаараа л зүтгэлээ. Эцэст нь өөрөө зодуулж бэртэл авч байна. Ямаагаа самнаад мөнгөөрөө архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар тал/  

 

Хохирогч Ж.Цийн дахин өгсөн: “...Би нөхөр С.Сид маш их гомдолтой байна. Сүүлийн үед байнга архи ууж, хамт амьдрахад хэцүү байна. Эцэг хүний үүрэг хариуцлага байхгүй, өөрийн бурууг бусдад тохдог, архи уухаараа догшин ширүүн хүнд торгуулийн арга авах биш баривчлах арга хэмжээ авахуулахыг хүсэж байна. Хэдэн малаа хаячихсан, амралтын өдөр хүнд захиж таван малаа үлдээсэн. Ч.Сид айж ичих, имээх ямар ч зүйлгүй болсон. Баривчлах арга хэмжээг нь авч хууль дүрэм байдаг гэдгийг харуулж өгнө үү. Өмнө олон удаа архи дарс ууж байхад тэсч, тэвчиж өдийг хүрсэн, одоо надад өрөвдөх зүйл байхгүй байна. Баривчлах арга хэмжээг түргэн хугацаанд авч өгнө үү. Цаашдаа намайг улам бэртээж, гэмтээхийг үгүйсгэхгүй. Хэсэг хугацаанд нь ч гэсэн амар, амгалан байхыг хүсэж байна. /хэсэг хугацаанд уйлав/. Энэ хүнд хуулиас өөр айж ичих зүйлгүй болсон. Баривчлах арга хэмжээг авч өгөхийг дахин дахин хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/

 

*Гэрч Б.Бгийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг гэртээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Хануй Инжийн байранд байх гэртээ ганцаараа байхад Ж.Ц болон Ч.Д нар нь манайд ирсэн. Тухайн үед Д нь архи уучихсан согтуу байсан. Цагаан сараас хойш манайд орж ирээгүй байсан учир золгох гэж орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд би цай хийж өгч, архи задалж өгөөд 2-3 хундага архи уусан. Тэгсэн Дгийн эхнэр нь одоо болно, нөхрийгөө согтчихно гэхээр нь би болиод задалсан архиа хураасан. Тэгээд тэр хоёр манайхаас гараад явсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Манайд Ж.Ц болон Ч.Д нар нь хэвийн орж ирсэн. Нөхөр нь өнөөдөр хөдөөнөөс орж ирсэн. Маргааш хөдөө буцна гэж байсан. Би тэр талаар мэдэхгүй байна. Цагдаагийн үүдэн дээр таараад яасан бэ гэхэд эхнэрээ зодсон, баларсан гэж л хэлсэн. Өөр зүйл яриагүй. Хэрхэн яаж зодсон талаар асуугаагүй. Ж.Ц болон Ч.Д ханиалаад 20 гаруй жил болж байгаа. Том хүүхэд нь хорин гаран настай, эхнэр хүүхэдтэй. Д архи жаахан уудаг, эхнэр нь аймгийн төв дээр хүүхдээ сургуульд нь зөөдөг, нөхөр нь хөдөө мал дээрээ байдаг хүмүүс байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруухан хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Гэрч Х.Сгийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр санагдаж байна, цагийг нь хараагүй, намайг гэртээ байхад Ц манай нөхөр Д хөдөөнөөс согтуу ирчихсэн байна, намайг зодох гээд байхаар нь би зугтаагаад ирчихлээ гэж хэлсэн. Хоёр хүүхдээ орхичихсон гэж хэлсэн. Тэгээд 2 хүүхэддээ санаа зовоод байна гээд буцаад гэр рүүгээ явсан. Тэгсэн цаг гарангийн дараа Цийн хүүхэд манайд гүйж орж ирээд аав, ээжийг зодоод байна гэсээр уйлчихсан орж ирсэн. Тэгээд би хоёр хүүхэдтэй хамт гэр рүү ороход Д нь байшингийн өрөөний буланд эхнэр Цийг газарт унагаад шахчихсан, цээж дээр нь хоёр хөлөөрөө өвдөглөчихсөн байж байсан. Тэгэхээр нь би Дд чи яаж байна аа, яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ гэж орилоход Д эхнэрийнхээ дээрээс боссон. Тэгээд чамайг цагдаа дуудлаа шүү гэж хэлээд өөрийнхөө гар утсыг гаргаж ирэхэд миний гар утсыг авах гэж дайраад байсан. Тухайн үед Д нь нэлээн согтуу байсан. Тэгээд намайг цагдаа дуудах сургаар гараад зугтаасан. Тэгээд би Цийг харахад уйлчихсан, нүүр нь чинэрсэн улаан юм болчихсон харагдсан. Даралт нь нэлээн ихэссэн байсан. Хоёр гарын булчин хэсэг нь нэл хөхөрсөн байдалтай, гарын сарвуунуудыг майзсан гэмээр ул мөр байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тэр хавиар Дг хайгаад олоогүй. Цагдаа эмч дуудаж Цийг эмч эмнэлэг рүү аваад явсан. Би хоёр хүүхдийг нь гэр рүүгээ авч явсан. Ж.Ц болон Ч.Д нарын хүүхэд нь 1 дүгээр анги. 6 настай, нөгөөх нь том хүүгийнх нь хүүхэд буюу ач нь байгаа юм. Бас 6 настай. Хоёулаа нэг ангид сурдаг юм. Тухайн үед Дгийнд эхнэр Ц тэр хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Намайг Дгийн ороход Д нь эхнэрээ газарт унагааж дээр нь гараад суучихсан байсан. Цээж хэсэг рүү өвдөглөчихсөн, Ц орилж, уйлсан байдалтай байсан. Ц надад хэлэхдээ утасны цэнэглэгчээр ороолгосон гэсэн. Тэрийг нь бол би хараагүй. Хоёр гарын булчин хэсэг нь нэл хөхөрсөн байдалтай, гарын сарвуунуудыг майзсан гэмээр ул мөр байсан. Цээжээр өвдөөд байна гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар тал/  

 

 *Яллагдагч Ч.Сийн өгсөн: “..Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлзийт тээл гэх газарт хэдэн цөөхөн ямаа самнаж, мөнгөөр нь нутгийн хүн болох Бтой архи уусан юм. Улмаар согтуудаа эхнэртэйгээ үл ойлголцох асуудал үүсэж, хөдөөнөөс Бын мотоциклийг унаж аймгийн төвд ирээд эхнэрээ зодсон юм. Согтуу үедээ эхнэрээ зодсон нь миний буруу юм. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж архи, дарс уухгүй гэж бодож байна. Согтуудаа болчимгүй зүйл хийжээ. Би эхнэр Ж.Цийг татаж газарт унагааж цээж дээр нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Цээж, булчин хэсэг нь хөх эрээн юм болчихсон байна лээ. Тухайн үед эхнэр бид хоёр байсан. Манай хүүхэд гадаа тоглож байсан бөгөөд саахалт айлын С гэх хүнийг дуудсан байсан. Сг орж ирж намайг болиулсан юм. Би нэлээн согтуу байсан юм. Гэртээ би нэг шил архи уугаад нэлээд согтсон байсан юм. Бид хоёр хамт амьдраад 20 гаран жил болж байгаа бөгөөд 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо эхнэр том хүүхдийнхээ хүүхэд буюу ач, өөрийнх бага хүүхдүүдээ аймгийн төвд хороололж байгаа, хоёулаа нэгдүгээр ангид сурч байгаа юм. Би эхнэртэйгээ учир зүйгээ ололцсон. Уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 141 дугаартай“...Ж.Цийн биед зүүн талын 5-р хавирганы зөрөөгүй хугарал, өвчүү орчим, зүүн хөхний хажуу хэсэг, зүүн суганы доод хэсэг, зүүн дал, нуруу, баруун бугалга, шуу, зүүн шуу, эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтлүүд нь нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 08-04 тоотод иргэн Ж.Ц нь өөрийн нөхөр Ч.Сид зодуулж, эрүүл мэндэд нь зүүн талын 5-р хавирганы зөрөөгүй хугарал, өвчүү орчим, зүүн хөхний хажуу хэсэг, зүүн суганы доод хэсэг, зүүн дал, нуруу, баруун бугалга, шуу, зүүн шуу, эрүүний доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ч.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Цийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Цийн өгсөн: “...би усаа аваад гэр рүүгээ орсон чинь янхан минь хаагуур яваад ирж байгаа, хүн ганц ирж байхад ямар юмтайгаа алцагнаад ирж байгаа гээд нэлээн согтуу миний хоёр гарнаас хүчтэй татаад шилдэж дарж унагааж, цээж хэсэгт хүчтэй өвдөглөсөн. Тэгээд миний хоёр гарын булчингаас хүчтэй чанга базсан. Тэгээд би орилж уйлахад дээрээс боссон. Би хүүхдээ дуудаж, хажуу айлын С эгчийг дуудаарай аав нь намайг алах гээд байна гэж хэлсэн. Тэгээд миний хүү саахалт айлын Сг дуудсан байсан. Нөхөр Д нь намайг буланд шахчихсан байхад С орж ирээд нөхрийг загнаж, намайг булангаас гаргасан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирэх хооронд гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар тал/, гэрч Б.Бгийн өгсөн: “...цагдаагийн үүдэн дээр таараад яасан бэ гэхэд эхнэрээ зодсон, баларсан гэж л хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, гэрч Х.Сгийн өгсөн: “...намайг Дгийн ороход Д нь эхнэрээ газарт унагааж дээр нь гараад суучихсан байсан. Цээж хэсэг рүү өвдөглөчихсөн, Ц орилж, уйлсан байдалтай байсан. Ц надад хэлэхдээ утасны цэнэглэгчээр ороолгосон гэсэн. Тэрийг нь бол би хараагүй. Хоёр гарын булчин хэсэг нь нэл хөхөрсөн байдалтай, гарын сарвуунуудыг майзсан гэмээр ул мөр байсан. Цээжээр өвдөөд байна гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар тал/ , хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 141 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Цийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн талын 5-р хавирганы зөрөөгүй хугарал, өвчүү орчим, зүүн хөхний хажуу хэсэг, зүүн суганы доод хэсэг, зүүн дал, нуруу, баруун бугалга, шуу, зүүн шуу, эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Ч.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Ж.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.   

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Сийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Ж.Цийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Иймд шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирол, хор уршигийг талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ж.Цийн биед биед зүүн талын 5-р хавирганы зөрөөгүй хугарал, өвчүү орчим, зүүн хөхний хажуу хэсэг, зүүн суганы доод хэсэг, зүүн дал, нуруу, баруун бугалга, шуу, зүүн шуу, эрүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч  Ч.Сийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.     

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүгдэгч Б.С нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд

шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Чгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сид шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Сид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР