Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

 

                                                                                     2023/ШЦТ/137

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Пийн Бд холбогдох эрүүгийн 2212......................  тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ......... сумын .......... баг ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Пийн Б /РД: /    

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.Б нь Архангай аймгийн Ө сумын 0?ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж жирэмсэн амаржсаны чөлөөтэй байсан тус сургуулийн багш Л.Цийн оронд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилогдсон М.Мын цалингаас 341.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Л.Цийн Хаан банкны 0? тоот дансанд, мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М.Мын цалингаас 364.800 төгрөг буюу цалингийн 60 хувийг Л.Цийн Төрийн банкны 0? тоот дансанд тус тус шилжүүлүүлж, түүнд давуу байдал бий болгосон,

мөн Н.Сийг багшийн ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  Шүүгдэгч П.Б нь Архангай аймгийн Ө сумын 0?ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад түүнд давуу байдал бий болгосон, мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд  1.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний хариуцагч Л.Цийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай  аймгийн төвд төрөх эмнэлэг төрсөн. Тэгээд 4 хоноод 12 дугаар сарын 28-ны өдөр Ө сум руу гэр рүүгээ очсон юм. Тухайн үеэр хичээл сургуулийн амралт таарсан байсан санагдаж байна. Тэгээд амралт дуусаад буюу 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр багш нар баг тойрч ажиллана гээд түүний бэлтгэл ажлыг хангах болсон бөгөөд би үүнд тодорхой хэмжээгээр гэрээс ажилласан. Тухайн үед Ковидтой байсан болохоор багш нар гэрээр цахимаар ажиллаж байсан. Би 2021 оны 1, 2 сард яг хэдэн өдөр ажилласан эсэхээ мэдэхгүй байна, санахгүй байна. Одоо эргээд санахад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хичээл танхимаар орсон бөгөөд энэ хугацаанд М өөрөө манай ангид яг ажилласан. Үүнээс өмнөх сарын хугацаанд М нь надаас асуух зүйлээ асуугаад дагалдах маягаар гэрээрээ ажиллаж байсан. Харин Мыг нэг сард хэд хоног хэрхэн ажилласан эсэхийг мэдэхгүй байна. Мтай хэзээ уулзсан эсэхээ ч тодорхой мэдэхгүй байна. Тухайн үедээ М өөрөө хэлсэн үү би хэлсэн үү тодорхой санахгүй байна, ямар ч байсан би тодорхой хэмжээний хүүхдүүдийн мэдээг өгч, эцэг эхчүүдтэй холбогдож ажилласан учраас энэ талаараа Мд хэлсэн. Тэгээд М надад цалингийн тодорхой хувийг өгөхөөр болоод шилжүүлсэн. Миний хувьд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр теле хичээлийн мэдээг менежер Т руу явуулж байсан тэгэхээр тухайн өдөр бол ажилласан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 07-08 хуу/, хохирогч М.Мын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш Архангай аймгийн Ө сумын 0?ьд бага ангийн багшаар ажилласан. Өөрөөр хэлбэл би 2021 оны 01 дүгээр сард тал буюу 14-ний өдрөөс хойш, 2 дугаар сард бүтэн Архангай аймгийн Ө сумын 0?ьд ажилласан. Ингэж ажилласан учраас үүний цалин орсон юм. Харин тухайн үед сургуулийн захирал Б 1-р сарын цалин болон 2 дугаар сарын цалингийн 60 хувийг Л.Ц багшдаа өгөөрэй, учир нь Л.Ц багш чинь тодорхой хэмжээний даалгавар, юмаа хүүхдүүддээ өгчихсөн, хүүхдүүдтэйгээ харьцаад явна гэж хэлсэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа орсон Л.Ц багшийн гэрт нь шууд очоод ангийнх нь хүүхдүүдийн дэлгэрэнгүй судалгааг авч, хэрхэн ажиллах талаар зөвлөгөө авсан. Тэгээд энэ өдрөөс хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш би ажиллаж тухайн сардаа дааж авсан 2а ангийн төвд байдаг хэд хэдэн хоцрогдолтой сурагчдад гэрээрээ хичээг орж байсан, мөн цахимаар ангийн группэд даалгавар өгч ажиллуулж байсан. Мөн оны 2 дугаар сард бас л ийм байдлаар ажиллаж байсан. Миний 2021 оны 1 сарын цалин 2 сарын эхээр орсон бөгөөд энэ цалин нь миний ажилласан хоногийн цалин байгаа юм. Харин 2 дугаар сарын цалин бүтэн орсон бөгөөд үүний 60 хувийг нь Л.Ц багш руу шилжүүлсэн. Ийм байдлаар шилжүүл гэж захирлаар ажиллаж байсан Б хэлсэн учраас шилжүүлсэн. Би эргээд бодоод байхад энэ цалингаа өөрөө авах ёстой байсан учраас үйлдвэрчний эвлэлдээ өргөдөг бичиж өгсөн юм. Сургуулиас ч гэсэн миний цалинг зөв бодож олгосон байна.  Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь дээрх хугацааны цалин болох 705.800 төгрөгийг Л.Ц надад өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний Хаан банкны 5135.......... дугаарын дансанд шилжүүлсэн. Энэ нь миний ажилласан хугацааны цалин бөгөөд би авах ёстой нь үнэн. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 10-11 хуу/, гэрч Б.Агийн “...М.М багш 2021 оны 1 сард жирэмсний амралтаа авсан Л.Ц багшийн орон орж 2021 оны 04 сар хүртэл ажилласан. Тэгтэл сургуулийн захирал П.Б 1-р сарын цалингийнх нь 60 хувийг буюу гурван зуун мянга гаруй төгрөгийг Д.Цийн данс руу шилжүүл гээд шилжүүлүүлсэн байсан. Уг нь бол дээрх тохиолдолд шууд анхнаасаа Д.Цд өгөхийг нь өгөөд Мд өгөхийг нь өгөөд явах ёстой байсан. 2021 оны намар М.М нь өөр дикриттэй багшийн оронд ороход дээрх байдлаар мөнгө аваагүй гэсэн. Мөн 2020 онд манай сургуулийн бага ангийн багш Б жирэмсний амралт авсан бөгөөд оронд Н гэх багшийг оруулж цалин олгосон боловч тэр мөнгөө БатЦ багшийн данс руу хийлгэсэн байсан. Н багш нь ажилласан юм уу ажиллаагүй юм уу гэдгийг мэдэхгүй байна. Эдгээр хэл ам гараад явж байх явцад захирал П.Б хүмүүсийг ажилд авахдаа авлига авдаг гэсэн ам дамжсан яриа гарсан, үүний мөрөөр тодруулахад түүх нийгмийн багш Сийг ажилд орох үед нь 1.000.000 төгрөг нэхсэн гэж түүний хадам эгч Н.Март хэлсэн, Март нь С захирал П.Бтай утсаар ярьж байхыг сонссон байсан. Март нь дүүгээсээ наад юу хүн чинь юу гэж яриад байгаа юм бэ гэхэд надаас ажилд оруулж өгсөн гээд 1.000.000 төгрөг нэхээд байгаа юм, ер нь ханш нь тийм байдаг гэж хэлсэн байсан. Ханш ийм гэж ярьж байхыг бодоход өмнө ажилд орсон хүмүүсээс мөнгө авсан байж болзошгүй гэж бодож байгаа юм. Л.Ц нь бага ангийн багш бөгөөд одоо ажиллаж байгаа. Л.Ц нь сургуулийн захирал П.Бы нагац дүүгийнх нь эхнэр буюу бэр нь байгаа юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 12-13 хуу/, гэрч М.Мын мэдүүлсэн “...2021 оны 01 сарын дунд үеэр Ө сумын 0?ийн захирал П.Б намайг жирэмсний амралттай багшийн оронд түр ажиллуулахаар ажилд авахаар өрөөндөө дуудсан...тэгээд П.Б захирал надад хандан Ц багш чинь амралтын даалгавраа хүүхдүүддээ өгчихсөн, утсаар зөвлөгөө өгч Х тогтоож байсан учраас чи энэ сарынхаа цалинг Ц багш руугаа шилжүүлээрэй, дараа сарын цалингийнхаа 60 хувийг Ц багшдаа бас өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед би дургүйцэж байсан боловч намайг ажилд авч байгаа учраас хэлэх зориг хүрээгүй өнгөрсөн юм. Тухайн үед Бы хэлснийг Ц багш надтай хамт сонсоод зогсож байсан учраас 2021 оны 02 сарын 05-ны өдөр цалин оронгуут над руу ярьж мөнгө өгөхийг шаардсан. 2021 оны 02 сарын 05-ны өдөр 346.437 төгрөгийн цалин миний Төрийн банкны дансанд орсон бөгөөд тухайн өдөр миний Хаан банкны 5135471812 тоот дансанд хувийн хэрэгцээний мөнгө байсан учраас тус данснаасаа 341.000 төгрөгийг Цийн мессежээр явуулсан өөрийнх нь данс руу нь шилжүүлсэн юм. Утгыг нь цалин гэж бичсэн. Би эхлээд мэдүүлэг өгөхдөө хаан банкны дансны хуулгаа хараагүй байсан учраас хүнийг худлаа гүтгэчихвий гэж бодоод энэ талаараа бүрэн хэлээгүй юм. Харин дансны хуулгаа хараад дээрх нөхцөл байдлаа бүрэн санаж байна. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 608.411 төгрөгийн цалин надад орсон бөгөөд би үүнээс цалингийн 60 хувь гэж бодоод мөн өдөр Л.Цийн Төрийн банкны данс руу нь 364.800 төгрөгийг шилжүүлсэн юм..” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 15-16 хуу/, гэрч Л.Тгийн мэдүүлсэн “...Би Архангай аймгийн Ө сумын сургуулийн захирал П.Б, багш Л.Ц нарыг хамт ажилладаг учраас танина. П.Б нь багш Л.Цтэй садан төрөл гэдэг. Л.Цийн нөхөр нь манай сумынх бөгөөд Бтай хамаатан байгаа юм. Ө сумын сургуулийн 0?ийн багш Л.Ц нь 2020 оны сүүл 2021 оны эхээр жирэмсний чөлөө аваад 2021 оны хавар ажилдаа орсон. Нарийн он сар өдөр нь тушаал дээр байгаа. М.М нь 2021 оны 1, 2, 3 дугаар сард Ө сумын сургуульд Л.Ц багшийн оронд ажилласан. М.Мын ажилласан цагийн тооцоог би гаргасан. 2021 оны 1 сарын 2-ны өдөр тушаал гарсан ч гэсэн ажил хүлээлцсэн өдрөөсөө цалин нь бодогддог юм. М.Мын хувьд 2021 оны 1 сарын 10-аас хойш ажилдаа орсон бөгөөд тэр үедээ надаас ажил үүргийн чиглэл авч байсан. Иймээс М.Мд тал цалин бодогдсон байх. Харин бусад багш нар бол цалингаа бүтэн авсан. М.М нь 2021 оны 1 сард ажилд ороод багшийнхаа хийх ёстой цахим журналаа хөтөлсөн, бие даах ажлын дэвтрээ хийж байсан бөгөөд үүнд нь би хяналт тавьж байсан. Тийм ч учраас түүнд цалинг нь өөрт нь олгосон. М.М бол 2021 оны 01,02 сард лав ажиллаж байсан. 2021 оны 1, 2 дугаар сард Л.Ц нь ажиллаагүй. Л.Ц нь Мын цалинг авах ёсгүй, өөрсдөө хоорондоо яасан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 54-55 хуу/, гэрч Н.Мартын “....Би Архангай аймгийн Ө сумын 0?ийн захирал П.Быг танина. П.Б нь манай ээжийн ээжийн хамаатан бөгөөд би яг ямар хамаатан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Эхлээд манай дүү С нь 3-4 жил байх жирэмсэн хүний оронд ажилласан. Тэгээд 2020 оны 9 сард орон тоо гарсан. Тухайн үед манай дүү төрийн албаны шалгалт өгч тэнцээд Ө сумын сургуульд багшаар ажилд орсон. Яг тэр 2020 оны 9 сард манай дүү аймгийн төвд очиж төрийн албаны шалгалт өгөхөөр болсон энэ үеэр сургуулийн захирал П.Б нь манай дүү С рүү залгаж “чи мэдэж байгаа биз дээ ажилд ороход 1 сая төгрөгийн ханш байдаг шүү дээ” гэж утсаар хэлсэн би тэр үед нь Сийн хажууд байсан юм харин С дуугүй сонсоод байсан. Утсаа тасалсных нь дараа бид хоёр хоорондоо ярьсан би Ст юу яриад байгаа юм бэ, өгч болохгүй, ийм юм муу үр дагавартай байдаг, битгий өгөөрэй гэж хэлсэн. Энэ асуудал сумын төв дэх Сийн гэрт болсон. Ингээд дахиад ойролцоогоор 2-3 хоногийн дараа би Сийн хамт цахилгаан худгаас ус аваад явж байхад П.Б залгаад “Сээ мөнгөө бэлдсэн үү, яасан юу болсон, 10 сарын 1, 2-оос өмнө бэлдээрэй” гэж хэлсэн. Би мөн л хажууд нь байсан учраас сонссон бөгөөд С надад яг тэр үедээ би хаанаас мөнгө олж өгөх вэ, би Монгол улсын их сургуулийг өчнөөн жил зарцуулж төгсчхөөд одоо мөнгө өгч ажилд орох юм уу гэж уйлаад хүртэл хэлж байсан. Би бол өөрөө санаа зовоод Б руу яриагүй. Үүний дараахан Н.С хагас бүтэн сайнд хөдөө явсан хойгуур Б над руу залгаад Сийн дугаарыг асууж байсан, утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэр үед нь би ерөөсөө ээжид хэлэхгүй бол болохгүй юм байна гээд ээж Дд “Б багш Сийг сая төгрөг өг” гээд шахаад байна, та хамаатан садан хүн юм чинь хэлээд болиулаадах гэж хэлсэн. Улмаар манай ээж Д миний дэргэд Б руу залгаад би охиноосоо сонслоо чи битгий мөнгө нэхээд бай, охины цалингаар би биеэ эмчлүүлдэг мөнгө, төгрөг байхгүй гэж хэлэхэд Б захирал за одоо тийм юм байхгүй, Д эгчээ тухайн үед мөнгө хэрэгтэй байсан юмаа одоо бол тийм шаардлага байхгүй гэж хариулж байсан. Үүнээс хойш П.Б мөнгө нэхээгүй. Би энэ талаар тус сургуулийн багш А гэдэг хүнд 2022 оны 1 сард тэдний дэлгүүрт нь байж байгаад санамсаргүй хэлчихсэн юм. Энэ асуудлын талаар манай ээж, дүү бид гурваас өөр хүн мэдэхгүй бөгөөд С болохоор яршиг яршиг хүнд хэлээд яахав гэж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 60-61 хуу/, гэрч Н.Сийн  мэдүүлсэн “..Би 2020 оны 8 сарын 25-ны өдрөөс хойш 8 сарын 31-ний өдрийн хооронд Архангай аймгийн төвд очиж түүх иргэний ёс зүйн боловсролын багшийн сонгон шалгаруулалтад орсон юм. Ингээд аймгийн төвд шалгалт өгсөн өдрийнхөө өмнөх өдөр би Б захиралтай утсаар ярихад “1 сая төгрөг хэрэгтэй шүү” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл намайг ажилд томилохдоо 1 сая төгрөг өгөхийг шаардсан. Би тухайн үед утсаар ярихдаа өөдөөс нь өгөхгүй гэж шууд хэлээгүй тасалсан. За за ойлголоо гэж хэлсэн санагдаж байна нарийн сайн санахгүй байна. Би 2020 оны 08 сарын 31-ний өдөр шалгалт өгсөн санагдаж байна тэгэхээр 2020 оны 08 сарын 30-ны өдөр надаас П.Б захирал 1 сая төгрөг өгөхийг шаардаж утсаар ярьсан. Яг энэ үед миний эгч Март миний хажууд байсан бөгөөд ярьсан яриаг сонссон. Тэгээд эгч энэ талаар мэдсэн юм. Үүний дараа би ажилдаа орчихсон байхад 2020 оны 09 сард би үнэхээр өдрийг нь санахгүй байна эгч Мартын хамт Ө суманд цахилгаан худгаас ус аваад явж байхад мөн Б захирал над руу залгаж нөгөө 1 сая төгрөгийг 10 сарын 1, 2-ны өдрөөс өмнө өгөөрэй гэж утсаар хэлсэн үүнийг эгч бас л сонссон. Ингээд манай ээж Д П.Быг сайн мэддэг учраас би “ээжээ Б надаас мөнгө нэхээд байна надад хүнд өгөх сая төгрөг байхгүй, манай нөхөр ч зөвшөөрөхгүй” гэдэг утгатай зүйл хэлж ээж Д Бтай ярьсан байх үүнээс хойш Б надаас мөнгө шаардаж яриагүй. Надад П.Бд мөнгө өгч ажилд орох шаардлага байхгүй. Би сонгон шалгаруулалтаа өгөөд хууль журмын дагуу томилогдсон. Өөр багш ч байгаагүй би ганцаараа шалгаруулалтад орсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 81-83 хуу/, гэрч Г.Дгийн мэдүүлсэн “..Б захирал мөнгө нэхээд байна гэхээр нь ээж нь нэг яриад үзье гээд 2020 оны 9, 10 сарын үед байх сургууль цугласнаас хойш би Б руу залгаад мөнгө байхгүй талаар хэлэхэд одоо мөнгө өгөх шаардлагагүй гэж хэлж байсан. Би тухайн үед ухаан санаа орж гараад бие муу байсан. Тэгээд санахгүй байгаа талаараа хэлсэн юм. Тэгээд эргээд бодоход дээрх асуудал болж байсныг би одоо санаж байна. Миний одоо мэдүүлж байгаа зүйл үнэн зөв. Би Б захиралд хэлж мөнгө авахыг нь зогсоосон, тийм учраас Б надад баярлах хэрэгтэй гэж бодож байна, цаашлаад мөнгө авсан бол энэнээс том юманд дахиад явна улам шунах аюултай эрсдэлтэй байгаа юм. П.Бы ээж нь миний аавын холын ах дүүгийн хамааралтай юм байна лээ, би яг нарийн хэлж мэдэхгүй байна нэлээд холын хамаатан юм. Миний охин Н.С нь хүнд мөнгө өгч ажилд орох шаардлага мэдлэг чадвартай сургуулиа сайн төгссөн хүүхэд учраас би нүүр бардам Б руу залгаж мөнгө өгөхгүй талаар хэлсэн юм. Надад дээрх байдлаар мэдүүлэг өг гэж хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Би яг үнэн зөв болсон асуудлыг хэлж байна. Харин яг хэдний өдөр хэлснээ тодорхой санахгүй байна ямар ч байсан 2020 оны 9, 10 сарын үеэр сургууль орчихсон байхад би утсаар гэртээ байхдаа Бтай ярьсан юм. Энэ асуудал нь өр төлбөрийн асуудал биш. Хэрэв өр төлбөр байсан бол одоо хүртэл нэхэж байгаа байх, өр бол бид ч гэсэн өгнө, би яриад байх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 86-87 хуу/, гэрч Э.Оын мэдүүлсэн “...М.М бол дикриттэй хүний оронд түр ажилладаг хүн байгаа юм. Би М.Мыг Л.Цд цалингаа шилжүүл гэж хэлж байгаагүй. Ямар учраас шилжүүлээд байгаа талаар би мэдэхгүй байна. Тушаалын асуудлыг бол захирал өөрөө мэднэ. Би бол цагийн бүртгэл захирлын тушаалыг үндэслээд цалинг олгож гүйлгээг хийж байсан. 2021 оны 03 сард бол М багш ажиллаж байсан бөгөөд цахимаар хүүхдүүдэд даалгавар өгч байсан байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 89-90 хуу/, гэрч О.ЦТгийн мэдүүлсэн “...Би Ө сумын 0?ийн нягтлан бодогч Э.От тэтгэвэрт гарах талаараа ярьсан байсан юм. Улмаар 2020 оны зун хичээл амарчихсан байхад 7 сарын сүүлээр нягтлан бодогч Э.О над руу яриад тэтгэвэрт гарах өргөдөл материалаа өг гэсэн бөгөөд би өргөдөл материалаа бэлдээд 2020 оны 7 сард Э.Оын гэрт нь аваачиж өгч байсан. Ингээд 2021 онд тэтгэвэр гарах гэтэл миний тэтгэврийн төсөв суугаагүй байна гэсэн. Тэгээд би сураглаад үзсэн чинь миний материал аймгийн төв рүү яваагүй байсан. Ийм учраас Э.О нь хариуцлага алдсан талаар би өргөдөл бичсэн юм. Би тэтгэвэрт гарах өргөдлөө 2020 онд өгчихсөн юм чинь гэж бодоод 2021 онд дахин өгөөгүй юм. Би 2022 оны хавар 5 сарын сүүлээр дахин тэтгэвэрт гарах өргөдөл материалаа өгсөн бөгөөд 2023 онд тэтгэвэрт гарах байх. Ө сумын 0?ьд НЦ гэх багш ажиллаж байгаагүй байх, би НЦ гэх багш гэж сонсож байгаагүй. Харин БатЦ, Ц гэх багш ажилладаг, ерөнхийдөө багш нараа би бүгдийг нь танина...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 105-109 хуу/, Архангай аймгийн Ө сумын 0?ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал /1-ийн хх-ийн 07 хуу/, Л.Ц, М.М, П.Б нарын болон бусад иргэн, аж ахуй нэгжүүдийн арилжааны банкнуудын дансны хуулга /1-ийн хх-ийн 65-230 хуу/, Ө сумын 0?ийн захирал П.Б, багш М.М, Н.С нарын ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, захирамжууд /1-ийн хх-н 237-250 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Быг Архангай аймгийн Ө сумын 0?ийн захирал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж жирэмсэн амаржсаны чөлөөтэй байсан тус сургуулийн багш Л.Цийн оронд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилогдсон М.Мын цалингаас 341.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Л.Цийн Хаан банкны 51............... тоот дансанд, мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М.Мын цалингаас 364.800 төгрөг буюу цалингийн 60 хувийг Л.Цийн Төрийн банкны 0? тоот дансанд тус тус шилжүүлүүлж түүнд хууль бус давуу байдал бий болгосон, мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин Н.Сийг багшийн ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн өөрчилсөн ба шүүгдэгч П.Б нь дээрх өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн байна.  Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан тул түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон байх бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч П.Быг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Хохирол хор уршигийн талаар:

Шүүгдэгч П.Бы үйлдлийн улмаас 705.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч М.М нь мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь дээрх хугацааны цалин болох 705.800 төгрөгийг иргэний хариуцагч Л.Ц надад өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний Хаан банкны 51.............. дугаарын дансанд шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.    

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч П.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч П.Б нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 3,4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 10.800.000 /арван сая найман зуу мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Пийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг нийтийн албанд томилогдох эрхийг  2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг  7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

7. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР