| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2023-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
2023/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Агийн Мт холбогдох эрүүгийн 2312................ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .......... сумын ............. баг, ......... гэх газар тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Агийн М /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Лавгүн гэх газар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн М.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.М нь Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Лавгүн гэх газар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч М.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Бын “...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Алтаад Жалгын ам гэх газар эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Тариат сумын Аптаад багийн Битүүт гэх газар мотоциклтой явж байгаад сумын төвд байдаг Агийн О гэх залуутай таарсан. О намайг хамт Мөрөн багийн төв орчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд бид 2 О мотоциклоор Мөрөн багийн төв рүү явсан. Мөрөн дээр очоод дэлгүүрээс 3 шил Хараа нэртэй архи худалдан авч түүний танидаг айл О гэх айл руу явсан. Оийн хажууд бууж ирсэн айлын хоёр эгч орж ирээд бид хэд хоёр шил архи уусан. О, нөгөө 2 эгч нар их архи уугаагүй. О бид 2 ихэнхийг нь хувааж уусан. О цуг байсан 2 эмэгтэйг архиар шахаад байсан учир би үлдсэн 1 шилтэй архийг нуусан юм. Тэгсэн чинь О үлдсэн 1 шилтэй архийг нэхээд байсан. Тэгэхээр нь би мал идээтэй улсуудыг уруу татаж архи ууж яах гээд байгаа юм гэсэн чинь би тэгвэл дахиад Мөрөн багийн төв рүү яваад архи аваад ирье гээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Оийнд буцаж ирээд миний нуруу дал хэсэг рүү гэрийн хаалганы банзаар цохиод авсан. Тэгээд би ухаан алдаж унаад нэг сэрсэн чинь Оийн гэрт орон дээр хэвтэж байсан багийн эмч ирчихсэн тариа хийж байсан. Тэгээд өглөө үүрээр 02 цагийн үед сумын төв орж ирээд эмнэлэгт үзүүлсэн. Эмч үзээд аймгийн төв явж үзүүл гэсэн. Тэгээд аймгийн төв өдөр 15 цагийн орчимд ирж үзүүлтэл эмч Тариат сумандаа юм уу энд хэвтэж эмчлүүл гэж хэлсэн...Би А.Мтой учир зүйгээ олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 06-12 дугаар тал/, гэрч Б.Гын ”...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цаг 45 минутад М.Б гэх хүн зүрх нь өвдөөд байна гэх дуудлага ирсэн бөгөөд эргээд залгая гээд утсаа салгачихсан. Тэгээд би гэрээсээ гараад О гэх айлд байна гэх мэдээллийн дагуу гэрт нь очиход Б гэх хүн орон дээр таталтын байдалтай байсан. Булчин тариа, анилгин домдрол зэрэг эм өгсөн, судсаар ренгэр хийсэн. Анхан шатны шаардлагатай эмчилгээг бүгдийг нь хийж, сумын төв рүү дуудлага өгсөн. Тэгээд сумын төвөөс дуудлагын эмч нар ирээд тайвшруулах тариа хийгээд өглөө сум руу авч явсан. Намайг анх очих үед бие нь таталтын байдалтай, ухаан санаа нь орж гараад байсан. Амин үзүүлэлт даралт хэвийн байсан. Яагаад ийм болсон талаар асуухад мотоциклиос унасан гээд нэг бол зодуулсан гэж яриа нь орж гараад байсан. Биеийн аль хэсгээр их зовиуртай байгаа талаар асуухад миний толгой их өвдөж байна, шилэн хүзүүгээр өвдөж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, гэрч Ю.Оийн “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орой 19 цагийн орчимд би гэртээ Эгийн хамт сууж байтал гэрийн гадаа мотоцикль дуугарсан. Манай нутгийн залуу М орж ирсэн. Удаа ч үгүй араас нь Б гэх залуу орж ирсэн. Тэр 2 Хараа гэх нэг шилтэй архи өврөөсөө гаргаж ирсэн. Яг хэн нь гаргаж ирсэн талаар санахгүй байна. Бид хоёрт архинаасаа хундагалж өгөхөөр нь уухгүй гээд буцаагаад өгсөн. Удалгүй тэр хоёр гараад явсан. Тэр хоёр гэрийн гадаа юм яриад зодолдоод байсан. Би Туултай хамт гэртээ сууж байсан. Хэсэг хугацааны дараа Б миний зүрх хаагдах гээд байна. Манай эгчийг дуудаад өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би гэр рүү оруулж ирээд цээжин дээр нь массаж хийж өгөөд эгчийг нь дуудаж өгсөн. Тухайн үед ил харагдах шарх сорви, цус нөж гарсан хавдаж хөхөрсөн зүйл юу ч мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч Б.Бы “...манай гэрт ирээд 1 шил архи тэр 2 хувааж уучихаад О гараад би явлаа гээд мотоцикль дээр морьдтол Б явж очоод мотоцикль нь дээрээс нь жийгээд түлхээд унагаачихсан. Тэгээд босч ирэнгүүт нь хэд хэд цохиод авсан... би гэр рүүгээ орчихоод буцаад гараад ирсэн чинь М, Б руу банзаар нуруу руу нь нэг билүү 2 удаа цохиод авсан. Тэгээд эмч дуудаж сум руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, А.Мын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Бтой уулзаад уучлалт гуйсан Учир зүйгээ ололцсон. Хэрвээ манайд ирж намайг дуудаагүй байсан бол ийм асуудал болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаартай “...М.Бын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч А.М нь хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон байх бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч А.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч А.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Мт прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Агийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР