Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

 

 

                                 2023/ШЦТ/140

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Нын Э /РД:/-д холбогдох эрүүгийн 2312................. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........сумын ........... дугаар баг, ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Нын Э /РД:/   

 

                                        Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.Э нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1 метр 50 см-ийн урттай 75 ширхэг шинэс төрлийн  хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 329.280 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.       

 

                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

                                                                                                                                                                     Шүүгдэгч Н.Э нь Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас 2023  оны 04

дүгээр сарын 25-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1 метр 50 см-ийн урттай 75 ширхэг шинэс төрлийн  хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 329.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн өгсөн :“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Н.Э  гэх хүн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас мод бэлтгэж тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учруулсан 329.280 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчих юм бол ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар тал/, гэрч Б.Ч өгсөн:...2023 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа цагаан давааны замд мод тээвэрлэж явсан ..... АРН улсын дугаартай цагаан өнгийн Мазда маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Эрдэнэмандал сумын иргэн Н.Э гэх хүн Ихтамир сумын Ар зуу гэх газраас эрхийн бичгийн нөхцлийг зөрчиж галын түлээний мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэж байсныг түр саатуулсан юм. Н.Э гэх ганцаараа явж байсан. Мазда маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр хөндлөн ачиж дүүргэсэн мод байсан. Э гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Би хаанаас бэлтгэсэн талаар асуухад Ар зуу гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар тал/, гэрч П.Э өгсөн:.. Би эрхийн бичиг бичиж өгөхдөө заасан газраас мод бэлтгэж тээвэрлэн шүү гэж хэлээд эрхийн бичиг бичиж өгдөг юм. Хос мухар гэх газраас мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, талбай тусгаарлалт хийсэн газраас, эрхийн бичигт заасан газраас, заасан цаг хугацаанд, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, уналга модноос бэлтгэнэ. 2022 онд Ихтамир сумын Борт багийн Хос газар, Ар зуу гэх газар талбай тусгаарлалт хийсэн. 2023 онд Борт багийн нутагт талбай тусгаарлалт хийгээгүй байгаа. Борт багийн Хос газар, Ар зуу гэх газруудыг 2022 оны тусгаарласан талбайгаа хүлээж аваагүй, нөхөн сэргээлт хийж хаагаагүй байгаа болохоор тэр газраас мод бэлтгэх эрхийн бичиг бичиж болно. Н.Э гэх хүн надаас олон удаа мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авч байсан болохоор би мэддэг гэж бодож байна. Бид нар тэр болгон явж хяналт тавьж чаддаггүй юм. Хааяа нэг эргүүл хяналт шалгалт хийж ажилладаг юм. Манай сумын хэмжээнд 3 байгаль хамгаалагч ажилладаг. Би сумын төв дээр байдаг болохоор бусад багийн байгаль хамгаалагч нарыг өөр ажилтай баг дээрээ байхгүй байх үед би орлож бичдэг....гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/, гэрч Д.М өгсөн:...Би тухайн модыг бэлтгэсэн үед нь мэдээгүй харин сүүлд хэргийн газрын үзлэг хийхээр явах үед нь мэдэж хамт явж Хос мухар гэх газар мөн гэж зааж өгсөн юм. Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, талбай тусгаарлалт хийсэн газраас, эрхийн бичигт заасан газраас, заасан цаг хугацаанд, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, уналга модноос бэлтгэнэ. 2022 онд Ихтамир сумын Борт багийн Хос газар, Ар зуу гэх газар талбай тусгаарлалт хийсэн. 2023 онд Борт багийн нутагт талбай тусгаарлалт хийгээгүй байгаа. Борт багийн Хос газар, Ар зуу гэх газруудыг 2022 оны тусгаарласан талбайгаа хүлээж аваагүй, нөхөн сэргээлт хийж хаагаагүй байгаа болохоор тэр газраас мод бэлтгэх эрхийн бичиг бичиж болно. Н.Э гэх хүн надаас олон удаа мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авч байсан болохоор би мэддэг гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр тал/, Н.Эын яллагдагчаар өгсөн: “...миний үйлдэл тохирч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр тал/, Архангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Т.М 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай”...Иргэн Н.Э нь зохих зөвшөөрөлтэй, мод бэлтгэх эрхийн бичиг зөрчиж, бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн унанги хуурай мод байна. Уг мод нь 1 метр 50 см-ийн урттай 75 ширхэг хуурай шинэс төрлийн мод байна. Мод бэлтгэхдээ эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй. Галын түлээний модыг ойн түймэр, хөнөөлт, шавж, өвчинд нэрвэгдсэн хүчтэй салхи их цасанд өртөж амьдрах чадваргүй, болж үхжиж унасан модноос бэлтгэнэ. Нийт тоо ширхэг 75, нийт шоометр нь 3.0 мшоометр модыг бэлтгэжээ. 3.0 мшоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 329.280 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн АЦ 23-66 дугаартай: “...1990 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол улсад орж ирсэн ..... АРН улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 1.903.500 /нэг сая есөн зуун гурван мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эыг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Н.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Н.Эыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 329.280 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна. 

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /329.280*3=987.840 /есөн зуун наян долоо мянга найман зуун дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 987.840 /есөн зуун наян долоо мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.  

   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож,   шүүгдэгч Н.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан -шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Эыг  хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

 

Иймд шүүгдэгч Н.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.903.500 /нэг сая есөн зуун гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий ........... АРН улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 987.840 /есөн зуун наян долоо мянга найман зуун дөч/ төгрөгийг төлүүлэн, 915.660  /есөн зуун арван таван мянга зургаан зуун жар/  төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 75 ширхэг шинэс төрлийн  хуурай мод,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.      

  

Шүүгдэгч Н.Эад прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь  Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч О овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Н.Эаас 987.840 /есөн зуун наян долоо мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.903.500 /нэг сая есөн зуун гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий ..... АРН улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг хураан, уг тээврийн хэрэгслийн үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 987.840 /есөн зуун наян долоо мянга найман зуун дөч/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 915.660  /есөн зуун арван таван мянга зургаан зуун жар/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 75 ширхэг хуурай мод,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 /нэг зуун мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.   

 

7. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР