Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ч.Бд холбогдох эрүүгийн 2234002950056 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Битүү элс” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр 01 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд өмнө Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 202 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулсан, Б Ч.Б.

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Б  нь 2022 оны 04 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “МД” нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байхдаа иргэн Э.Туяацэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан караокены микрофоноор гар болон толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ч.Б:

...Э.Туяацэцэгийг би зодоогүй. 2022 оны 04 сарын 21-ний өдөр би 3 найзын хамт MD бааранд орж хоол идэж жаахан ууж наргисан. Наргиж байх явцдаа караокэд дуулсан. Тэгээд гарч үүдэнд нь тамхи татаад таньдаг хёр хүнтэйгээ жаахан муудсан. Тамхиа татчихаад орж ирээд үүдэнд зааланд нь сууж байгаад зааланд бас жаахан ам муруйгаад Э.Туяацэцэгтэй муудсан. Гэхдээ би Э.Туяацэцэгийг микрофоноор зодож цохисон шалтгаан байхгүй. н.Өдрийн-Од, н.Батбаатар нар нь зодож цохисон гээд байгаа болохоос би зодож цохисон зүйл байхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт

Эрүүгийн 223400295 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ч.Б  нь 2022 оны 04 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “МД” нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байхдаа иргэн Э.Туяацэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан караокены микрофоноор гар болон толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн 250 дугаартай ...Э.Туяацэцэгийн биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын сарвуу, толгойд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 50-51 хуудас/,

  хохирогч Э.Туяацэцэгийн ...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой 20 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос бараагаа ачаад “МД” зоогийн газартаа ирсэн. Хүнээс тооцоо авах гээд байж байсан чинь согтуу манайхаар үйлчлүүлж байсан залуу ирээд намайг пизда, хөгшин авгай, янхан зэрэг үгээр доромжлоод байхаар нь өрөөндөө ор гэж хэлээд өрөө рүү нь явуулсан. Удалгүй дахин өрөөнөөсөө гарч ирээд намайг доромжлоод байхаар нь би өөрөө дагуулж сууж байсан 9 тоот өрөөнд нь оруулж өгсөн чинь миний зүс таних Батбаатар, Мөнхжаргал, авто засвар хийдэг зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу байхаар нь энэ хүнээ аваач ээ намайг элдэв үгээр хэлээд байна гэсэн чинь Батбаатар нь чи болио ч манай эгч шүү дээ гэж хэлээд авсан би өрөөнөөс нь нь гарсан чинь миний араас май янхан минь гэж хэлээд салаавч гаргахаар нь чиний архи чинь гарна шүү гэж  хэлээд цааш явсан. Тэгээд би 7 тоот өрөөнд орсон хүмүүст үйлчилгээ үзүүлж байсан чинь манай зөөгч Өдрийн-Од заалнаас эгчээ болохоо байлаа гэхээр нь би гараад харсан чинь манай үйлчилгээ үзүүлдэг том зааланд намайг доромжлоод байдаг үл таних залуу 8 тоот өрөөнд сууж байсан гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй нийт 4 хүнтэй маргалдаад зодоон болсон байхаар нь салгаад юунаас болоод зодоон хийгээд байгаа талаар нь асуухад тэнд байсан гэр бүлийн хүмүүсийн эхнэрийг нь оролдоод нөхөрт нь цохиулсан гэж хэлсэн. Тэгээд байж байсан нөгөө намайг үгээр доромжлоод байсан залуу дахин нөгөө хүмүүстэй муудах гээд дайраад байсан. Би нөгөө гэр бүлийн 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүсийг 8 тоот өрөөнд нь оруулаад хаалгыг нь хаагаад тек рүү очсон чинь тек дээр нүүрээ дараад тонгойгоод зогсож байхаар нь би хажуугаар нь гарсан чинь цонхны тавцан дээр байсан микрофон миний толгой руу  цохисон дахин цохих гэхээр баганын цаагуур зугтан орсон чинь миний зүүн гар луу цохисон тэгээд мөн дахин цохих гэхээр нь баганын цаагуур зугтан орсон чинь миний зүүн гар тал луу цохисон тэгээд мөн дахин над руу дайрсан чинь хамт явсан найз нь болох Батбаатар барьж аваад болиулсан... /хх-ийн 18 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн: ...Тухайн үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ны  орой 22 цаг орчимд “МД” бааранд үйлчлүүлж байсан Б нь согтуурхаад намайг хэл амаар доромжлоод караокены микээр толгой руу 2 удаа, дахин цохих гэхээр нь би гараараа хаасан гар луу нэг удаа цохиж гэмтэл учруулсан юм тэгтэл хажууд нь байсан Батбаатар нь салгасан юм. Тухайн үед Ч.Б нь тухайн бааранд үйлчлүүлж байсан 2 хоёр эмэгтэйг татаж чангаагаад өдөөд байсан тэгтэл тухайн эмэгтэйг нөхөр нь гэх танихгүй залуу орж ирээд  манай эхнэрийг өдөөд байх юм гээд хардаад толгойгоо мөргөсөн тэгтэл Б нь хамраас нь цус гараад доош суусан тэгээд тухайн хүмүүсийг боль гээд үйлчлүүлж байсан өрөө рүү нь оруулсан юм. Бийг духаараа мөргөж гэмтэл учруулсан хүнийг танихгүй. Манайх дотроо хяналтын камер байгаа тухайн үед хэрэг болсон гэх үеийн бичлэг байсан тэр үед  дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нарт бичлэгийг авахгүй юм уу гэсэн чинь дараа нь авна гээд аваагүй тухайн бичлэг одоо байхгүй устсан байна. Надад гомдолтой байна эмчилгээ хийлгэсэн зардал мөнгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

  Гэрч О.Өдрийн-Одын ...би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би зааланд үйлчилгээ үзүүлээд байж байсан чинь тэр үед 9 дугаартай өрөөнд байсан Б гэх хүн согтуу холхиод хүмүүсийг үгээр өдөөд яваад байсан чинь 8 дугаарын өрөөндөө нэг үл таних ах гарж ирээд Б гэх залууг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би Туяацэцэг эгчээ хүмүүс зодолдоод байна гэж хэлээд дуудсан Туяацэцэг эгч гарж ирээд та нар юу болоод байна гэж хэлээд салгасан чинь Б гэх залуу нь цонхны тавцан дээр байсан утастай микрофон аваад шууд Туяацэцэг эгчийг цохисон тэгээд дахин цохих гээд дайрсан Туяацэцэг эгч бултаад баганын ардуур орсон. Тэгээд Туяацэцэг эгч цагдаа дуудсан. Микрофоноор гар нь хөхрөөд толгой нь өвдөж байна гэсэн. Толгой болгон гар хэсгүүдэд нь ороолгож цохисон. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Миний харснаар нэг удаа лав цохисон.Бтэй хамт яваа гэх нэг залуу байсан Б гэх хүнийг зодон хүнтэй хамт эхнэр нь болон найз гэх нэг эрэгтэй мөн нэг эмэгтэй хамт гарч ирсэн. Тэд нар байсан. Эхлээд нүүр рүү нь нэг удаа цохиж унагаад хамраас нь цус гараад газар унасан байхад нь гэдэс рүү нь хөшиглөсөн. Тэгээд Туяацэцэг эгч гарч ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

  Гэрч П.Алтанчимэгийн ...Тухайн өдөр манай нөхөр Оюунжаргал, бидний найз Төгөлдөр эхнэр Отгонцэцэгийн хамтаар 19-20 цагийн орчимд “MД” бааранд 8 дугаартай өрөөнд орсон юм. Ингээд би найз Отгонцэцэгийн хамтаар үүдний коридорт гарч тамхилах үед Б гэх манай дунд сургуулийн ангийн танил залуу нэг найзтайгаа хамт мөн дотроос гарч ирээд тамхилах үед бид тааралдаж Б Отгонцэнгэлд хандаж хөөе эр Ука чи хэзээ ийм эмэгтэйлэг болчихсон юм бэ чамайг хүүхэд байхад эр Ука гэдэг байсан биз дээ гэхэд манай найз Отгонцэцэг чимээгүй зогсож байгаад гэнэт уурлаад Бд хандаж чи намайг дуугүй байхад давраад байгаарай бацаан минь гэж хэлээд гараараа нүүрэнд нь хоёр удаа алагдаад авсан энэ үед хамт явсан найз нь Бийг аваад үлдсэн би Отгонцэцэгийг аваад дотогшоо орсон  ингээд өрөөндөө ороод хэсэг сууж байгаад Отгонцэцэг бид хоёр бие засах гээд өрөөнөөсөө гартал Б урд талын ширээнд хамт явсан найзтайгаа хамт сууж байсан тэгтэл бид хоёрыг Б салаав ч гаргаад дунд хуруугаа гаргаад бид хоёр руу шүлсээ хаяад шүлс нь шалан дээр буусан байсан тэгээд 00-ын өрөө орохын өмнө миний уур хүрээд Бийг цээж рүү  нэг удаа гараараа цохиод авсан тэгтэл Туяацэцэг уурлаад Бд хандаж чи түрүүнээс хойш манай найзуудыг яагаад байгаа юм бэ гээд биднийг өмөөрөхөд Б Туяацэцэг рүү хандаж хэрэлдээд үлдсэн бид хоёр 00-ын өрөө орчхоод сууж байсан өрөөрүүгээ орсон. Тэгтэл Төгөлдөр юм захиалах гээд гараад тек рүү очоод байж байхад Б ирээд доромжлоод байсан гэсэн энэ үед манай нөхөр Оюунжаргал өрөөнөөс гараад очиход Б хүрч ирээд манай нөхрийг мөргөлөөд нүүр рүү нь гараараа мангасдаад түлхэх үед нь манай нөхөр нэг удаа гараараа цээж рүү нь түлхэх үед Б заамдаж бариад гинжийг нт тасалсан байсан. Энэ үед Төгөлдөр цаанаас нь ирээд найзыгаа өмөөрөөд Бийг нэг удаа нүүр рүү нь алгадах үед цагдаа нар ирчихсэн хажууд нь байж байсан гэсэн ингээд салгаад Бийг аваад явсан байсан. Тийм үйлдэл байхгүй ээ гэхдээ хөндлөнгөөс харсан хүн бол тэгэж ойлгохоор байсан. Би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан муухай царайтай юм явж байсан миний сэжиг хүрээд мэнд мэдээгүй юм аа. Нуруу зүүн даланд зодож цохисон зүйл байхгүй ээ. Мөн нүд, хамар руу нь зодож цохиогүй. Бийг нүүр хамранд гэмтэл учруулахаар алгадсан зүйл байхгүй шүргэх төдий зүйл болоод л өнгөрсөн. Манай нөхөр нэг удаа цээж рүү нь түлхэхэд хойшоо унасан байсан Төгөлдөр нэг удаа алгадсан гэж байсан өөр зүйл болоогүй ээ. Харин тус 21-ний орой Б тэндээс гараад найзындаа очоод архи ууж хоноод тус шөнө хүмүүсийг өдөж байгаад Жуужаа гэх найздаа зодуулсан гэж маргааш өдөр нь Батбаяр манай нөхөр Оюунжаргал руу утсаар ярьж Б амнаасаа болж Жуужаад зодуулсан гэж хэлсэн байсан. Ер нь Б эхнэрээсээ салчхаад байнга архи уугаад хүн өдөж байгаад зодуулчхаад хүнээс мөнгө нэхдэг болчихсон гэж Төв аймаг даяаараа манай үеийн хүн болгон ярьдаг юм билээ. Шалан дээр тасарсан байсныг нь тухайн үед нь олж авсан. Батбаярын утас 88276699 бид Хоброо гэж дууддаг юм. Жуужаа гэх хүнийг Батбаяр өөрөө мэдэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

  Гэрч Ч.Батбаярын ...Б, Жуужаа буюу Энхтүвшин нарыг танина. Эдгээр хүмүүстэй найз нөхдийн холбоотой. Ер нь бол байнга л таардаг юм. Саяхан тааралдсан байгаа Төв аймгийн Зуунмодод хоёулаа явж байсан. Тус өдөр Батбаатар над руу утсаар залгаад МД бааранд байна Б хүнтэй муудалцаад байна ирээд ав гэхээр нь яваад очиход Бийн хувьд бэртэж гэмтсэн зүйл байгаагүй баарны зөөгч эгчтэй муудалцсан гэж баарны эзэн эгч наад хүнээ аваад яв гээд байсан. Мөн тэнд манай найзууд болох Төгөлдөр Оюунжаргал хоёр байсан тэгтэл Батбаатар Бийг тэр хоёртой муудалцсан гэж хэлсэн тэгээд би нөгөө хоёрыг таньдаг найзууд учраас юунаас болж маргаж муудсан юм бэ гэхэд шальтай зүйлээс болоогүй ээ сүртэй юм биш үг сөрснөөс болж маргалдлаа гэсэн ингээд би таньдаг хүмүүс учраас юм хэлээгүй тэндээс явахдаа Батбаатарыг дагуулаад Бийг үлдээгээд яваад өгсөн юм.ингээд тэр шөнөдөө оёдлын үйлдвэрийн байранд манайд очиж Батбаатар бид хоёр архи ууж хоноод өглөө эрт Батбаатар гэртээ харина гээд явчихсан тэгтэл Б өглөө манайд ороод ирсэн Батбаатар мөн гэртээ харьчхаад 11 цагийн орчимд эргэж ирээд Б бид гурав манайд хоол хийж идээд дахиад архи уугаад өдөр Энхтүвшинг би дуудаад хамт дөрвүүлээ архи ууцгаасан. Архи ууж байхдаа Б Энхтүвшинд хандаж бацаан минь архи аягал гэхэд Энхтүвшин архи аягалж байгаад Б ер нь жаахан Энхтүвшинг дарамтлах маягтай харьцаад байхаар нь Энхтүвшин уурлаад тэр хоёр барилцаж аваад дээр дороо оролцоод ойчоод нэгнийгээ ганц нэг цээж орчимдоо цохилцоод өөрсдөө больцгоосон. Ингээд тэр өдөртөө Б 14 цагийн орчимд Улаанбаатар хот явлаа гээд орой 17 цагийн орчимд эргээд манайд ороод ирсэн. Ингээд дахин манайд ууцгааж байгаад шөнө 22 цагийн орчимд бүгд гэр гэр рүүгээ явцгаасан.Бийн биед ямар нэгэн хаван хавдар, хөхрөлт, зулгаралт гэмтэл байгаагүй зүгээр байсан. Энэ талаар яриагүй ээ. Энэ талаар хэлж ярьж байгаагүй намайг Б зүгээр Б зүгээр л байсан шүү дээ. Нэлээн л согтсон байсан. Тийм зүйл байхгүй ээ тухайн үед тий зүйл ерөөсөө яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

  Гэрч Л.Энхтүвшингийн ...Намайг манай найзууд Жуужаа гэж дууддаг юм. Бийг 2022 оны 04 сарын сүүлээр одоо яг хэдний өдөр байсныг санахгүй байна Батбаярынд өглөө 10 цагийн орчимд яваад очиход Батбаяр гэртээ ганцаараа байсан ингээд тэднийд архи уугаад байж байхад Батбаатар гэх залуу орж ирээд бэлэн хоол идээд Б өдөр 12-13 цагийн орчимд орж ирсэн ингээд бөөндөө архи ууцгааж байгаад Б хот явна гээд гараад явсан. Ингээд үдээс хойш бид тэднийд жаахан унтацгаагаад байгаад орой 17 цагийн орчимд Б гаднаас нэг хүүхэнтэй хамт 1 шил архитай орж ирээд нөгөө хүүхэн нь удалгүй гараад явчихсан. Ингээд архийг нь хамт ууцгаагаад суусан энэ зууртаа Б над руу хандаж жаахан чи хэн бэ гэх зэргээр гадуурхаж харьцаад байсан намайг цонхны поорчикоор тамхи татаад зогсож байтал Б гэнэт араас босч ирээд шилэн хүзүүний араас хоолой боогоод татаад миний хүзүүний гинж тасраад би яаж байгаа юм бэ гээд эргэж хараад цээж рүү нэг удаа түлхээд Б газарт шалан дээр унаад бид хоёр зууралдаад харилцан ганц нэг мөр цээж хэсэг рүү гээ цохилцоод болъё гээд салсан. Б анх гаднаас орж ирэхдээ л нүд нь хөхөрчихсөн байсан. Үгүй би зодож цохиогүй. Би гинжээ олж авсан  үнэлгээ хийлгүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм зүйл бол яриагүй. Гэхдээ нүд нь хөхөрчихсөн нүүр нь зүүн талдаа хацар хэсэг нь хавдсан байсан. Үгүй тийм зүйл яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Батбаатарын ...Б бид нар  нэг үеийн залуучууд байгаа юм тийм учраас найзалдаг юм. Тухайн өдөр Б, Шагай, Мөнхжаргал, Царцаа бид хэд МД бааранд орж том өрөөнд сууж 1 шил архи хамт хувааж ууцгаагаад Мөнхжаргал , Шагай хоёр яваад өгсөн. Царцаа өөр өрөө рүү найзууд руугаа орохоор нь Б бид хоёр караоке орооноос гараад тамхилах гээд үүдний өрөө рүү гарч тамхилахад үүдэнд хоёр хүүхэн зогсож байсан тэр хоёрыг Б таниад байх шиг байсан нэг нь мин ий танил Ука буюу Отгонцэцэг гэх хүүхэн байсан Б юм яриад байх шиг байсан би согтуу байсан учир юу ярсныг нь анзаарч мэдээгүй нөгөө хоёр түрүүлээд орсон түүний дараа нь Б манай ангийн охин шүү дээ гэж хэлж байсан. Ингээд буцаад караоке өрөө рүү бууцаад ороод сууж байгаад явахаар гарч ирээд Бтэй муудалцаад Бийг газарт түлхэж унгахад арагшаа шалан дээр нуруугаараа унасан. Ингээд би Бийг салгах гээд очиход нэг залуу нь миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохиод гаднаас Батбаяр орж ирээд биднийг салгаад тэгтэл гаднаас цагдаагаар орж ирээд Батбаяр наадахаа орхи хая гэхээр нь би Батбаярыг дагаад  гэр рүү  нь явсан. Ингээд Батбаярынд хоноод маргааш өглөө нь 10-11 цагийн орчим босож дэлгүүр орж идэх юм аваад эргээд ороод ирэхэд Энхтүвшин ороод ирчихсэн байсан тэгээд байж байтал Б ирээд хамт архи ууцгаагаад байж байгаад Б  гарч яваад хэсэг байж байгаад эргэж орж ирээд архи хамт ууцгаагаад байж байтал би 00-н өрөө ороод гараад ирэхэд Б Энхтүвшинтэй хамт барилцаад авчихсан дээр доороо оролцоод шалан дээр ноцолдоод нь би салгасан тэгээд удалгүй тарцгааж гэр гэр рүүгээ явцгаасан. Нүд нуруу нь зүгээр байсан. Нүд нь хөхөрчихсөн байсан. Нуруу нь өвдөж байгаа талаар бол хэлж яриагүй. Миний эрүүл мэндэд хохирол учраагүй гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг хэн цохисныг танихгүй. Одоо хараад мэдэхгүй.ямар ч байсан Туяацэцэг эгчтэй текен дээр маргалдаад хэрэлдээд байх шиг байсан цохисон эсэхийг нь санахгүй байна. Би санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Н.Отгонцэцэгийн ...Би тухайн өдөр нөхөр Төгөлдөр, гэр бүлийн найзууд болох Алтанчимэг түүний нөхөр Оюунжаргал нарийн хамтаар МД бааранд орсон юм. Ингээд орж байж байгаад Алтанчимэг бид  хоёр гарч ирээд үүдний өрөөнд зогсож байх үед зүс таних нэрийг нь мэдэхгүй манай дунд сургуулийг доод ангийн залуу надад хандаж чи эмэгтэйлэг болчихжээ нөхөр авчихсан юм уу, гээд миний биед хүрэхээр нь би олон нийтийн газарт биеэ зөв өвч яваач гэж хэлээд гараараа хацар руу нь 1-2 удаа алгадсан. Гэтэл хамт явж байсан залуу нь эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэж хэлээд Алтанчимэг бид хоёр өрөө рүүгээ орсон. Ингээд өрөөндөө байж байгаад Алтанчимэг бид хоёр бие засах гээд 00-н өрөө рүү явж байхад нөгөө залуу зааланд ширээнд суучихсан нөгөө найз нь хажууд нь суучихсан байж байснаа бид хоёрыг хараад салаавч гаргасан тэгтэл Алтанчимэг уурлаад нөгөө залуу дээр очоод гараараа нүүр рүү нэг удаа алгадаад авсан. Ингээд бид хоёр 00-н өрөө рүү ороод шууд сууж байсан өрөө рүүгээ орсон. Жаахан сууж байгаад удалгүй бид нар гараад явсан. Тухайн үед хэн нь хэлснийг мэдэхгүй байна гаднаас орж ирэхдээ намайг мангасдлаа би алгадлаа гэж ярьж орж ирж байсан. Миний цамцнаас зулгаагаад байсан юм. Манай нөхрийг мөргөснийг би хараагүй. Нүд нь хөхөрсөн эсэхийг би анзаарч хараагүй зүгээр байсан. Ер нь Б бэртээж гэмтэхээр сүртэй зодоон цохион бидний дунд болоогүй би 2 удаа алгадсан Алтанчимэг 1 удаа алгадсан өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч А.Төгөлдөрийн ...Тэрийг мэдэхгүй байна. Би Бийг цохиж зодоогүй. Ёстой мэдэхгүй байна. Би Бийг хаана  ямар өрөөнд сууж байсныг ч мэдээгүй. Текен дээр нэг удаа таараад надад хандаж чи хэзээ ийм баян болчихсон юм бэ л гэж хэлж байсан өөр зүйл болоогүй. Би бол хэлээгүй санахгүй байна. Үгүй тийм зүйл болоогүй ээ. Үгүй тийм зүйл болоогүй ээ. Тийм зүйл болоогүй. Тус өдөр эхнэр Отгонцэцэг, найз Оюунжаргал, Алтанчимэг нарийн хамтаар МД бааранд орсон. Ингээд өрөөнд нэлээд сууж байгаад бие засах гээд заал руу өрөөнөөс гарч ирээд 00 ороод түрүүлж гарч ирээд текен дээр очоод юм захиалах гээд зогсож байтал нэг залуу ирээд надад хандаж хэзээ яаж баяжчихсан юм бэ гэхээр нь би баяжаагүй ядуу байгаа гэж хэлээд байж байтал Оюунжаргал хүрээд ирсэн тэгээд надад хандаж ийм юмнуудтай муудалцаад хэрэггүй гээд өрөө рүүгээ орсон. Тэндээс дахиж гарч ирээгүй дахиж тэр хүнтэй уулзаагүй. Оюунжаргал түүнээс хойш нэг гараад ороод ирэхэд нь эхнэр гинжээ яасан юм бэ гэж асууж байсан тэгтэл өөрөө яахав гээд байсан тэгэхээр нь би яасан юм бэ гэхэд нөгөө нөхөр намайн боогоод надтай ноцолдоод гэж хэлж байсан тэгээд би гараад  зааланд очиход гинж нь газарт тасарсан хэвтэж байсан тэгээд гинжийг аваад Оюунжаргалд өөрт нь өгсөн. Намайг гинж авах гээд заал руу гарах үед Б хаана байсныг нь одоо сайн санахгүй байна ямар ч байсан цагдаа нар ирсэн байсан шиг санаагдаж байна өмнө нь билүү хойно нь билүү бас сайн санахгүй байна.Б намайг цохиж зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,  

Гэрч Б.Оюунжаргалын ...Тус өдөр эхнэр Алтанчимэг, Төгөлдөр Отгонцэцэг нарын хамтаар караоке ороод нэлээн сууж байгаад Төгөлдөр бид хоёр 00 орох гээд гарсан. Төгөлдөр бие засчхаад түрүүлээд гараад би араас нь бие засчхаад гарсан. Тэгтэл Төгөлдөр текен дээр  хоёр залуутай зогсож байсан хүрээд очиход  Төгөлдөр надад хандаж энэ хоёр залуу энэ хоёр залуу надад архи авч өгье гэнээ гээд зогсож байсан тэгэхээр нь би би яах гээд байгаа юм бэ явъя гэхэд нэг залуу нь Төгөлдөр хандаж чи ясан баян юм бэ гээд Төгөлдрийг мөрлөөд авсан тэгэхээр нь би Төгөлдрийг татаад явъя гэж хэлээд өрөө рүү гээ орсон. Тэгээд байж байгаад бие засах гээд дахиад ганцаараа гарахад нөгөө хоёр залуу зааланд голд  нь зогсож байгаад Б гэж нэрлээд байгаа залуу шууд намайг заамдаж аваад миний нүүр рүү гараараа мангасдаад түлхсэн тэгэхээр нь би гарыг нь тавиулаад буцаагаад түлхэхэд цаашаа шалан дээр хажуу талаараа унасан. Ингээд би хаяаад шууд өрөө рүү гээ орсон. Ингээд ороод сууж байтал манай эхнэр надад хандаж гинж чинь хайчсан юм бэ гэхээр нь харсан чинь миний гинж байхгүй байсан. Ингээд би тэнд нэг хүнтэй маргалдсан юм тэнд тасарсан байх гэж хэлэхэд эхнэр Төгөлдөр хоёр гараад миний гинжийг тасарсан байхыг нь олоод ирсэн. Ингээд жаахан сууж байгаад гэр гэр рүү гээ харьсан.надад өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Надтай зууралдсанаас өөр зодож цохиогүй ээ. Миний хажууд бол зодож цохисон зүйл байхгүй. Тийм зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/, 

Хохирогч Э.Туяацэцэгийн дахин өгсөн ...би 7 тоот өрөөнд орсон хүмүүст үйлчилгээ үзүүлж байсан чинь манай зөөгч Өдрийн-Од заалнаас эгчээ болохоо байлаа гэхээр нь би гараад харсан чинь манай үйлчилгээ үзүүлдэг том зааланд намайг доромжлоод байдаг үл таних залуу 8 тоот өрөөнд сууж байсан гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй нийт 4 хүнтэй маргалдаад зодоон болсон байхаар нь салгаад юунаас болоод зодоон хийгээд байгаа талаар асуухад тэнд байсан гэр бүлийн хүмүүсийн эхнэрийг нь оролдоод нөхөрт нь цохиулсан гэж хэлсэн...гэсэн, ...тухайн үед Ч.Б нь тухайн бааранд үйлчлүүлж байсан хоёр эмэгтэйг татаж чангаагаад өдөөд байсан. Тэгтэл тухайн эмэгтэйгийн нөхөр нь гэх танихгүй залуу орж ирээд манай эхнэрийг өдөөд байх юм гээд хардаад толгойгоороо мөргөсөн. Тэгтэл Ч.Бийн хамраас нь цус гараад доош суусан. Ч.Бийг духаараа мөргөж гэмтэл учруулсан хүнийг танихгүй.... гэсэн, ... нөгөө хүүхэн уурлаад Ч.Бийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан.... нөхөр нь эхнэрээ аваад өрөө рүүгээ эргэтэл Ч.Б араас нь очоод нөхрийг нь татаад заамдаж аваад шууд нүүр рүү мөргөсөн. санаа зорилго байхгүй болсон зүйлийг үнэнээр нь хэлнэ. Тухайн өдөр Б намайг Улаанбаатар хотоос бараагаа татаад 20 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд манай 9 дугаартай өрөөнд орчихсон байсан ингээд авч ирсэн бараагаа янзлаад зөөж байх үед Б текен дээр ирчихсэн зогсож байсан би ямар үйлчилгээ авах талаар асуухад нэлээн согтуу бололтой надад хандаж чам шиг Хөгшин авгайтай харьцахгүй гэхээр нь би өрөө рүү гээ ор гэхэд орохгүй зогсоод байсан тэгэхээр нь би зөөгч Өдрийн-Одоос энэ хүн хэдэн номерын өрөөнд байгаа вэ гаж асуухад 9 дугаартай өрөөнд байгаа гэж хэлсэн. Ингээд өрөө рүүгээ яваад орсон. Удалгүй 5-10 минутын дараа эргэж гарч ирээд хоол авъя гэхээр нь хоол гарахгүй гэж хэлсэн тэгтэл мөн намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би Бийг өрөө рүү нь дагуулж яваад оруулсан. Тэгтэл өрөөнд нь Батбаатар мөн Мөнхжаргал гэх залуу эхнэртэйгээ өөр нэг зүс таних залуу сууж байхаар нь би тус хүмүүст хандаж энэ хүнээ ав хэл амаар доромжлоод байна гэхэд Батбаатар босож ирээд уучлаарай эгчээ гээд Бийг аваад үлдсэн. Ингээд би 7 дугаартай өрөө рүү ороод караокены тоног төхөөрөмжөө угсраад зогсож байтал Өдрийн-Од Туяа эгчээ хүмүүс муудалцаад байна аа гээд хашхирахаар нь гараад очиход Оюунжаргал Алтанчимэг хоёртой хамт явж байсан гэр бүлийн хүмүүсийн нөхөр нь болох Төгөлдөр гэх залуу Б хоёр муудалцсан бололтой Бийн хамраас цус гарчихсан Б Төгөлдөрийг заамдчихсан зогсож байсан. Ингээд би та нар яагаад байгаа юм бэ больцгоогооч гэж хэлэхэд дотроос Оюунжаргал гарч ирээд Төгөлдөрийг салгаж аваад өрөө рүүгээ явах гэтэл Б араас нь очиж Оюунжаргалын хувцаснаас чангаагаад Оюунжаргал эргэж хараад Бийг түлхэхэд эргээд хөл дээрээ дэнчигнээд холдсон. Тэгтэл Оюунжаргал хүзүүний гинж тасалчихлаа гэж хэлж байсан. Тэгээд өрөө рүүгээ орцгоосон. Б текен дээр очоод зогссон би өрөөний хаалга хаачхаад тек рүүгээ яваад очтол Б цонхны тавцан дээр байсан микрофон аваад намайг 2 удаа цохьсон юм. Эхлээд намайг толгой руу цохиод, дахиад цохиход нь би гараараа хамгаалаад баганын араар бултаад ороход Батбаатар босож ирээд болиулаад микрофоныг нь булааж авсан. Ингээд би цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирээд энэ үед мөн Алтанчимэг Отгонцэцэг хоёр бие засах өрөө рүү ороод гараад өрөө рүүгээ явж байтал Б нөгөө хоёрт хандаж мөн хэл амаар доромжилсон тэгтэл Отгонцэцэг цагдаагийн хажуугаар гарч ирээд Бийг алгадаад авч байгаа харагдсан Алтанчимэг өшиглөх гэтэл цагдаа нар хориод боль болохгүй гэж хэлээд болиулсан ингээд тэр хоёр өрөө рүү гээ орсон. Намайг гарч ирэхэд бол Төгөлдөр Б хоёр барилцчихсан хажууд нь Батбаатар Төгөлдөрийн эхнэр Отгонцэцэг нар зогсож байсан. Намайг гарч ирснээс хойш Оюунжаргал гарч ирсэн. Оюунжаргалын хувьд Бийг түлхэж унагаагүй тэгэхээр намайг гарч ирэхийн өмнө Төгөлдөр түлхээж унагаасан байж магалгүй. Тухайн асуудлаас хойш миний толгой, гар өвдөөд эмнэлгээр яваад 7 хоног шахам ажиллаагүй. Ингээд 7 хоногийн дараа онгойгоод байж байтал цагдаагийн Учрахбаяр гэх залуу манайд хоол идэх гэж орж ирээд намайг яасан юм бэ гэж асуухаар нь би ажлаа хийж байгаад хүнд цохиулаад толгой өвдөөд байгаа юм гэж хэлэхэд Учрахбаяр шууд цагдаа Мөнхмандах руу залгаад энэ асуудлыг шалга гэж хэлсэн тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа шиг санаж байна Мөнхмандах, Бийг дагуулж ирээд манай камерыг шүүгээд Б зодооны өмнө яг текен дээр ирж байгаа бичлэг нь харагдсан тэгээд цаашаа ногоороод байна танай бичлэг болохгүй байна гэж хэлж байсан тэгэхээр нь би манай бичлэгийг устгах хүн байхгүй манай камер 14 хоног бичдэг чи мэргэжлийн хүн авч ирж үзүүл гэж хэлсэн. Тэгээд тэд гараад явсан дахиж ирж бичлэг үзээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 203 дугаар хуудас/, 

Гэрч З.Мөнхмандахын ...Тухайн өдөр Туяацэцэг гэх иргэн Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд дуудлага өгөөд дуудлага мэдээллийн дагуу манай хэв журмын тасгийн эргүүлийн 2 цагдаа очиход Б согтуу байсан учир ар гэрт нь хүлээлгэн өгсөн байсан. Ингээд бүртгэлд ороод маргааш өдөр нь шалгах гэтэл Бтэй холбогдох утас байхгүй өөрөө хаана байгаа нь тодорхойгүй 3-4 хоносны дараа шиг санагдаж байна миний бие тус хүнийг эрж сураглаж байгаад завыхаас нь буюу амьдарч байгаа гэрээс нь олж тогтоогоод Цагдаагийн байгууллага дээр дагуулж ирээд мэдүүлэг аваад өөрийг нь дагуулж МД бааранд очиж камерын бичлэгийг үзэхэд Бийн текен дээр ирж байгаагаас хойш бичлэг нь тасраад харанхуй гэрэл унтарсан байх үеийн бичлэг гарч ирээд алдаатай бичигдсэн байсан. Бийг өөр хүнтэй маргалдаж зодолдож байгаа талаар бичигдээгүй учраас бичлэгийг хуулж аваагүй. Энэ талаар нь Туяацэцэгт анхааруулж камераа янзлуулах талаар анхааруулж хэлсэн. Камер шүүх үед Б болон Туяацэцэг нар хоёулаа хамт байсан ба зодооны талаар бичигдээгүй байсан учир хуулбарлаж аваагүй юм... /хх-ийн 205 дугаар хуудас/,

Гэрч О.Өдрийн-Одоос дахин мэдүүлэг өгсөн нь...Тухайн өдөр Туяацэцэг эгч намайг гуйгаад би ганц л өдөр очиж ажилласан юм.Би хүмүүст үйлчилгээ үзүүлээд караоке өрөөнүүдээр орж гараад явж байхад Б гэх залуу намайг текен дээр ирээд байж байхад хүрч ирээд чи үнэтэй архи авсан хүмүүст үйлчлээд надад ерөөсөө үйлчлэхгүй байна гэхээр нь би та яг юу захиалах юм бэ гэхээр захиалах зүйлээ хэлэхгүй байхаар нь би та ямар сонин хүн бэ гэхэд мөн намайг үгээр идээд хэрүүл гуйгаад байсан ингээд би орхичхоод яваад өгтөл өөр өрөөнд байсан Төгөлдөр гэх залуу гарч ирээд Бийг шууд нүүр рүү нэг удаа цохиод хамраас нь цус гараад нуруугаараа газарт арагшаа унаад босож ирээд юу болсон яасан юм бэ гээд нөгөө хүмүүсээс асуухад Төгөлдөр гэх залуу чи яаснаа мэдэхгүй байна уу гэж хэлсэн. Тэгээд би Туяа эгчийг дуудахад Туяа эгч гарч ирээд больцгоо гээд Төгөлдөрийг мөн найз нь гэх хамт явж байсан Оюунжаргал гэх залуу салгаад тэгээд өрөө рүү гээ орох гэтэл Б араас нь Оюунжаргалыг татаад гинжийг нь тасдсан дараа нь тэрүүгээр хайгаад олоод авсан. Ингээд өрөө рүүгээ орцгоосон. Тэр хүмүүсийг орсны дараа Б цонхны тавцан дээр байсан утастай микрофон аваад Туяацэцэг эгчийг 2 удаа толгой, гар руу нь ороолгоод хамт явж байсан Батбаатар гэх залуу нь салгасан. Төгөлдөр Бийг гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод хамраас нь цус гараад арагшаа нуруугаараа газарт унаад өгсөн тэгтэл Төгөлдөр гэдэс орчимд нь 2-3 удаа өшиглөсөн тэгээд би айгаад Туяацэцэг эгчийг дуудсан юм.Ѳер хүн Бийг зодож цохиогүй би эхнээс нь дуустал нь хараад байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 207 дугаар хуудас/, 

Сэжигтэн Ч.Бийн өгсөн мэдүүлэг...Тухайн өдөр МД гэх зоогийн газар найз Батбаатар, Мөнхжаргал нарын хамт хоол идэх гэж ороод хоол идэх зуураа нэг шил 0,75 грамм архи хуваан уусан. Тэгээд хоол идэх зуураа дуулаад сууж байсан. Авто засварын газрын Жагай гэх залуу утас засварладаг Шагай гэх хоёр залуу нэмэгдэж ирсэн. Хоол ундаа идээд байж байсан эхлээд Шагай явсан дараа нь Мөнхжаргалыг эхнэр нь ирээд аваад явсан. Тэгээд сууж байсан чинь гаднаас Батбаяр гэх залуу орж ирээд гараад явсан. Намайг хотоос хүн ирж авна гээд утсаар ярих гэж хэд хэдэн удаа гарч орох гарах үед манай ангийн охин Алтанчимэг таараад ойр зуурын юм яриад байж байгаад салаад өөрийн суух байсан өрөө лүү орсон. Тэгтэл хэн нь мэдэгдэхгүй үл таних залуу өрөөнд орж ирээд над уруу дайраад намайг зодсон. Тухайн үед нүд хөхөрсөн, хамар хавдсан, зүүн хавирга нуруу орчим хөхөрсөн. Тэгээд зодоон боллоо гээд цагдаа нар ирсэн. Хоёр цагдаа ирсэн байсан. Тэгээд тараасан. Маргалдаагүй. Биед нь халдсан зүйл байхгүй. Огт танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Батбаатар бол хамт байсан. Өөр ямар хүн нэг хүн байсан эсэх мэдэхгүй байна. талаар Тухайн үед чинь 5 уулаа 0,75 грамм архи хуваан уусан. Болсон зүйлийн талаар санаж байгаа. Танихгүй өмнө харж байгаагүй. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Алтанчимэг бид хоёр 8 дугаар ангид нэг ангид хамт сурч байсан. Наах маргалдсан юм байхгүй. Гараараа цохисон би буйдан дээр сууж байсан. Миний дээрээс толгой, нуд хамар, шүд, ар нуруу, хавирга хэсгүүдэд зодож цохисон...

Яллагдагч Ч.Бийн өгсөн мэдүүлэг... Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр МД бааранд найзууд болох Батбаатар, Мөнхжаргал түүний эхнэр Оюунцэцэг, Алтаншагай бид нар орж хоол идээд архи пиво захиалж хэрэглэсэн. Ингээд Батбаатар үлдээд бусад нь бүгд явсан байсан. Батбаатар бид хоёр тамхилахаар үүдний өрөө рүү гарахад тэнд дунд сургуулийн ангийн хүүхэд Алтанчимэг, Отгонцэцэг нартай тааралдаж мэнд мэдэлцээд Би Отгонцэцэгийн нэрийг нь мэдэхгүй дунд сургуульд эр Ука хочилдог байсан учир би тус нэрээр нь дуудахад Отгонцэцэг уурлаж намайг 2 удаа нүр рүү алгадаад авсан ингээд Алтанчимэг Отгонцэцэгийг аваад дотогшоо орсон бид хоёр тамхиа татаад үлдсэн. Батбаатар бид хоёр сууж байсан өрөөндөө ороод үлдсэн архи пивоо ууж дуусгаад гарч ирээд том зааланд суусан энэ үед Алтанчимэг, Отгонцэцэг хоёр өрөөнөөсөө гарч ирээд 00 орохоор явах үед нь би Алтанчимэгтэй маргалдаад Алтанчимэг мөн намайг нүү рүү 2 удаа алгадаад авсан. Энэ үед нөхрүүд нь гарч ирээд эхнэрүүдээ өмөөрч маргаан үүсээд Оюунжаргал намайг гараараа нүүр рүү 2-3 удаа цохиод Төгөлдөр намайг заамдаж аваад гүүр рүү нэг удаа мөргөөд миний хамраас цус гарсан. Ингээд бид салаад тэр хэд өрөө рүү гээ орцгоосон би 00 орж цусаа арилгаад текен дээр очоод Туяацэцэгтэй маргалдаж энэ маргаанаасаа болоод гарт тааралдсан микрофоноор нэг удаа толгой руу нь цохисон энэ үед Батбаатар болиулаад бид удалгүй цагдаа ирээд бид бүгд тарцгааж гэр гэр рүүгээ явцгаасан. Би хохирлоо төлөөгүй байгаа. Би яг одоогоор төлөх боломжгүй байна улирлын чанартай ажил хийдэг учраа боломжгүй байгаа Ажил эхэлж цалинтай залгангуутаа эхний ээлжинд яаралтай төлж барагдуулна./хх-ийн 74 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг MD зоогийн газарт үйлчлүүлж байхдаа иргэн Э.Туяацэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан караокены микрофоноор гар болон толгойн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан 455.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Б:

...Би О.Өдрийн-Од, Э.Туяацэцэг 2 хоёрын мэдүүлгийг уншсан. Дандаа өөр мэүүлэг өгсөн байсан. Сүүлд өгсөн мэдүүлэгтэй нь танилцахад хоорондоо ярилцаад тохиролцсон юм шиг мэдүүлэг өгсөн байсан. Аль болох миний буруу болгох гэж дайраад байгаа юм шиг мэдүүлэг өгсөн байсан... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ч.Бийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаг бөгөөд түүний гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Туяацэцэг, гэрч О.Өдрийн од нарын мэдүүлэг болон шинжээчийн 2022 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн 250 дугаартай ...Э.Туяацэцэгийн биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын сарвуу, толгойд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх талаарх дүгнэлт зэргээр няцаагдаж байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 Шүүгдэгч Ч.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Ч.Б хохирогч Э.Туяацэцэгийг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Ч.Бийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Туяацэцэгийн эрүүл мэндэд биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын сарвуу, толгойд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Туяацэцэгийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 455.980 /дөрвөн зуун тавин таван мянга есөн зуун наян/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Б нь хохирогч Э.Туяацэцэгийн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 455.980 /дөрвөн зуун тавин таван мянга есөн зуун наян/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан шилжүүлгийн баримт болон хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байхгүй, хохирогчид 455.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Б:

...Торгуулийн ялыг багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Шүүх шүүгдэгч Ч.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч Ч.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

  шүүхээс тогтоосон хуульд заасан 3 /гурав/ сар буюу 90 /ер/ хоногын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2234002950056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Ч.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234002950056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Ч.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН