Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0522

 

 

 

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч Г.Мөнхтулга,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжийн Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаар шийдвэр

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0684/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан иргэн Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжийн Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ:

2.1. Маргаан бүхий газар нь анх нь дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 60 дэс дугаарт иргэн Н Лэд дүүргийн 20 дугаар хороонд Амины орон сууцны зориулалтаар 585 м.кв газрын 15 жилийн хугацаатай олгож, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хариуцсан газар зохион байгуулагч Ю.О 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдрөө газар эзэмших эрхийн 0005**** дугаар гэрчилгээ олгосон байна.

2.2.Газар эзэмшигч Н.Лээс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн өмч газрын харилцааны албанд хандан өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 585 м.кв газрыг Дын Гт шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөн Д.Г нь Н.Лэ-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 585 м.кв газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан байна.

2.3.Дээрх хүсэлт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу дагуу холбогдох материалыг бүрдүүлэн дүүргийн газрын албанд гаргасан тул дүүргийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/465 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Д.Гт шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 00059**** дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай, амины орон сууц зориулалтаар олгож, мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

2.4.Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/472 дугаар захирамж гарч, Д.Гт тус дүүргийн 20 дугаар хороо 582 м.кв газрыг Аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, 000010*** дугаар гэрчилгээг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгож, мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

-Дүүргийн Газар зохион байгуулалтын нэг дүгээр албанаас нэхэмжлэгч Д.Гт 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 20/1045 албан тоотоор мэдэгдэл,

-Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 02-01/4126 “Арга хэмжээ авах тухай” албан тоот,

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 01-08/4794 “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан тоот,

-Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас иргэн Д.Ут 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2011724 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот,

-Хотын стандарт, хяналтын газар Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр “Шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлын тухай” Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, Авлигатай тэмцэх газар  хүргүүлсэн албан тоот,

-Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/19766 дугаар албан тоотоор мөрдөгчийн 150 дугаар мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад ирүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/1725 тоотоор иргэн Д.Гт хүргүүлсэн,

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд шугам сүлжээний газрын чөлөөлөх тухай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01-07/1599 албан тоот,

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03/1685 дугаар албан тоотоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад “Арга хэмжээ авах тухай” чиглэлийн дагуу “Бг” ХХК-ийн хариуцан ажилладаг уурын шугамын сүлжээний ашиглалтын төлөв байдалд Хотын стандарт, хяналтын газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд иргэн Д.Ут амины орон сууцны зориулалтаар олгосон 582 м.кв газрын уур, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээнүүд дээр дүрмийг зөрчсөнийг Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11-13-0210521180 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэн удаа дараа иргэн Д.Гт Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа явуулж газар эзэмших эрхийг 2024 оны 5 дугаар дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжаар Газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, шийдвэрлэсэн.

2.5.Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, нотлох баримтын хоорондын уялдаа холбоог сайн судлан үзээгүй дугнэлт гаргасан, мөн шүүхийн шийдвэр нь утга агуулгын хувьд алдаатай, ойлгомжгүй шийдвэр гарсан байна.

Үүнд: Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудсанд 2024 оны 05 дугаар сарын 15-ны 14-ний өдөр хүчингүй болгосон захирамж нь гарсан байтал 045 дугаар сарын 15-ны өдөр гэж, хэдэн сарыг дурдсан нь тодорхой бус, мөн шүүхийн шийдвэрийн 5 дахь хуудасны өгүүлбэрийн эхлэл... 1 нь 2015 онд Д.Лээс газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу гэрээ гэрчилгээ олгосон…, мөн шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд... Үүнийг судлаад үзэхээр иргэн Д.Г гэдэг 1 ширхэг ч нэр байхгүй гэсэн өгүүлбэр, мөн шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд... Шат шатад бичсэн албан бичиг гомдол гэж нэрлээд байгаа зүйлүүдэд ерөөсөө Д.Г болон Д.Лэ-ийн тухай нэг ширхэг ч гомдол гаргаж байгаагүй... гэсэн утга агуулгын хувьд ойлгомжгүй.

2.6.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 9 дүгээрт. Дээрх үйл баримтаас үзвэл Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11-1302/052/180 дугаар дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар мэдэгдэлд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай аливаа шугам сүлжээ давхардсан талаар дурдаагүй байх ба нэхэмжлэгчид хамааралгүй баримтыг үндэслэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар маргаан бүхий захирамжаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/472 дугаар захирамжийн Д.Гт холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон нь хуульд нийцээгүй байна.

10 дугаарт: Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана” гэж зааснаар дээрх мэдэгдэл нь ямар гэмт хэрэг гарахад нөлөөлсөн ямар шалтгаан, нөхцөлийг арилгуулах гэж байгаа нь тодорхой, хуульд заасан зохицуулалт, агуулгад нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

11 дүгээрт: Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн болон өөр бусад эзэмших эрх бүхий газарт “Бг” ХХК-ийн харилцан ажилладаг уурын шугам байгаа гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тус шугам өөрийнх нь эзэмшиж байсан газраар явахгүй хажуугаар гарч байгаа гэж тайлбарлаж байх ба хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газарт шугам сүлжээ байгааг тогтоосон баримтгүй буюу өөр иргэний эзэмших эрхтэй газар шугам сүлжээтэй давхацсан гэх баримтыг буюу өөр иргэний эзэмших эрхтэй газар шугам сүлжээ байгааг тогтоосон баримтгүй буюу өөр иргэний эзэмших эрхтэй газар шугам сүлжээтэй давхацсан гэх баримтыг үндэслэн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байна гэжээ.

2.7.Татгалзал: Үндэслэх хэсгийн 9 дэх хэсгийн татгалзал нь Захиргааны нэхэмжлэгч Д.Гийг тус бичигт дурдаагүй боловч Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар Мөрдөгчийн мэдэгдлийн 1 дэх хэсэгт Н.Лэ гэж дурджээ. Н.Лэ нь иргэн Д.Гт газраа худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр газрын эзэмших эрхээ шилжүүлсэн нь хамаарал холбоо бүхий баримт байна.

Үндэслэх хэсгийн 10 дахь хэсгийн татгалзал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана” гэж үндэслэх хэсэгт оруулсан байна... Харин Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар Мөрдөгчийн мэдэгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мэдэгдлийн хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна гэсэн байна... энэ нь хуулийн өөр зүйл заалтыг хэрэглэн шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ тусгасан алдаа гарчээ.

Үндэслэх хэсгийн 11 дэх хэсгийн татгалзал нь Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд: Дүүргийн засаг даргын 2015 оны А/472 дугаартай захирамжийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хавсралт хэсгийн 9 дүгээрт өмнөх эзэмшигч Н.Лэ, шилжүүлж авсан Д.Г тодорхой байгаа бөгөөд холбоотой баримт болохыг харуулж байна.

Мөн хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд. Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн "Бг" ХХК-нд хүргүүлсэн "Мэдэгдэлд" Уурын шугамын эргэн тойронд хог хаягдал, машин механизм, айлын хашаа гэх мэт байгаа нь Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2 дахь заалт зөрчсөн тухай тус тус нотлох баримтуудыг сайтар шинжлэн судлаагүй, мән утга агуулгын хувьд алдаатай шүүхийн шийдвэр гарчээ.

2.8.Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно”, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй... гэж заасныг үндэслэн иргэд болон иргэн Д.Гийн Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үүднээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” хуульд нийцсэн, иргэний эрх ашгийг хөндөөгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг хангасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0402 дугаартай шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох,” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Д.Гоос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/307 дугаар захирамжийн Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч талаас “хэрэгт авагдсан баримтуудаас манай эзэмшлийн газартай уурын болон дулааны шугам, түүний тоноглол, шугам давхцаагүй, маргаан бүхий актад дурдсан Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2023 оны 11-13-02/052/180 тоот дүгнэлтэд иргэн Д.Ут хамааралтай Д.Гт хамааралгүй, мөн Авилагтай тэмцэх газрын мэдэгдэл нь мөн нэхэмжлэгчид хамааралгүй” гэж, харин хариуцагчаас “хуулиар хориглосон газарт газар эзэмшүүлсэн шийдвэрээр өөрчилж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тус тус маргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

3.Анхан шатны шүүхээс маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны А/307 дугаар захирамжийн[1] үндэслэл болсон уурын шугам, өндөр хүчдэл, шилэн кабель, цэвэр усны шугам болон түүний хамгаалалтын зурвастай нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь ямар хэмжээгээр, хэрхэн давхцаж байгаа эсэх, хэрэв давхцаж байгаа бол уг давхцал нь маргаан бүхий акт гарахаас өмнө бий болсон эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

4.Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18/3127 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Д.Гийн эзэмшиж буй маргаан бүхий газартай давхцаж буй хориглолт хамгаалалтын бүсийн зураг[2],

-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/1190 дугаар албан бичгээр[3] “...Д.Гийн эзэмшлийн ...газар нь 10 кВ-ын Тээвэр фидерийн тулгуур 66-67 хоорондох ... цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон...” гэх лавлагаа,

-“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/1156 тоот албан бичгээр[4] “...уг газраар манай болон хэрэглэгчийн эзэмшлийн дулааны шугам тоноглол дайран өнгөрөөгүй байна” гэх лавлагаа,

-“Бг” ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25/26 дугаар албан бичгээр[5] ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон уурын шугам, өндөр хүчдэл, шилэн кабель, цэвэр усны шугам болон түүний хамгаалалтын зурвастай хэрхэн, хэдэн м.кв хэмжээгээр давхцаж буй болох нь тогтоогдохгүй байна.

5.Түүнчлэн нэхэмжлэгч Д.Гт газар эзэмшүүлсэн шийдвэр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/465, А/472 дугаар захирамжийн аль нь болох, маргаан бүхий актын үндэслэл болсон Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11-13-02/052/180 дугаар дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 150 дугаар мэдэгдэлд дурдсан нэгж талбарын дугаартай газар нь нэхэмжлэгчийн маргаж буй газарт хамаарч буй эсэх, мөн Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд заасны дагуу хамгаалалтын зурвас, уур, дулаан, цахилгаан инженерийн шугамд хамаарч буй эсэх, цэвэр усны шугам (цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газар)-тай давхцаж буй эсэхийг буюу хэргийн оролцогчдын маргаж буй бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

6.Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгинохайрхан дүүргийн 2014 оны газар Зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 6/5 дугаар тогтоолоор маргаан бүхий газар нь иргэний гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар газар зохион байгуулалтын тухайн үеийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, цаашлаад 6/5 дугаар тогтоол нь маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр байсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг мөн цуглуулж, дүгнэлт өгөх нь нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тогтооход ач холбогдолтой юм.

Эдгээр үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 153 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 240 дэх тал

[4] Хэргийн 2-р хавтас 2 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 7-8 дахь тал