Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн өмгөөлөгч: Ш.Энхмаа,

Шүүгдэгч Б.Баатархүүгийн өмгөөлөгч: Н.Сундуй,

Шүүгдэгч: У.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овогт Батпунцагийн Баатархүү, Анчин овогт Уранчимэгийн Бат-Эрдэнэ нарт холбогдох 201616000274 тоот эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Ханхонгор сумын Хондот багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн тухайд:

            2011.09.22-ны өдөр Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих,

            2012.09.27-ны өдөр Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах,

            2013.02.04-ний өдөр Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих,

            2013.12.04-ний өдөр Өмнөговь аймгийн шүүхийн 17а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, Анчин овгийн Уранчимэгийн Бат-Эрдэнэ, регистрийн дугаар: КК88081217,

            2. Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг, Жаал-Уулын 3-30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн тухайд:

            2004.07.09-ны өдрийн сум дундын шүүхийн 59 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

            2012.01.06-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Өмнөговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтггэгдсэн, Бор овгийн Батпунцагийн Баатархүү, регистрийн дугаар:КК78092218, 

            У.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан ховор амьтан болох эр аргалыг зохих зөвшөөрөлгүй агнаж 11.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                  

                                          

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг мэдүүлсэн тул одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баатархүү мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд ярих зүйлээ ярьсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Пунсанцогвоогийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Би Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар мэргэжилтэн хийдэг. Газрын даргын тушаалаар энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Засгийн газрын 23 дугаар тогтоолоор ховор ан, амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж төлөхөөр заасан байдаг. Аргал хонь агнасан этгээдээс нөхөн төлбөр болох 22 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол барагдвал гомдол байхгүй гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Будмаагийн мэдүүлсэн мэдүүлэгт:

У.Бат-Эрдэнэ миний нөхөр бид хоёр гэр бүл болоод 10-аад жил болж байна. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байгаа. Би мэдүүлэг өгөхгүй гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд У.Бат-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 11 дүгээр сар байсан өдрийг нь санахгүй байна. Баатархүү ирээд намайг адуунд яваад ирье гээд гуйхаар нь бид хоёр адуунд явахаар болсон. 15 цаг өнгөрч байхад бид хоёр мотоцикльтой баруун хойшоо явсан. Хавиргын энгэр гэдэг газраар явж байхад хоёр амьтан таарсан чинь Баатархүү “тэр юу вэ, ямар амьтан бэ? Дөхөж үзье” гэхээр нь би мотоцикльтойгоо нөгөө хоёр амьтны араас нь очиход хоёр аргал давхиж байсан. Тэгээд би “яах юм” гэхэд Баатархүү намайг “хурдан араас нь тулаад оч” гэж хэлсэн. Би хоёр аргалын араас нь хөөж байгаад нэгийг нь салгаад хөөсөн. Хавиргын ар дээр цуцсан аргал явж чадахаа байхад Баатархүү намайг “чи мотоцикльтойгоо цаагуур нь эргүүлээ, би чулуугаар цохиж муужруулъя” гэж хэлээд мотоцикпоос буусан. Би мотоциклоор нөгөө амьтны цаагуур эргүүлсэн. Баатархүү аргал амьтан руу дөхөж байгаад чулуугаар цохиж, муужруулж унагаад түрийнээсээ эвхдэг хутга гаргаад зүрх рүү нь дүрж цусалж алсан. Баатархүү аргалыг төхөөрч, арьсыг нь хуулаад, гэдэс дотрыг нь тэр газартаа үлдээгээд, махыг нь ганзаганд байсан уутанд хийсэн...Аргал амьтны арьс толгойг нь аваад баруун талд байсан ууланд хаях гээд явсан...амьтны арьс толгойг жалганд хаясан. Бид хоёр овоон дээр гарч адуугаа хараад маргааш болъё гээд бид хоёр буцаж махаа аваад манай гэрт ирцгээсэн. ....Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад одоо нэмж хэлээд байх зүйл байхгүй байна. Би өөрийнхөө эзэмшлийн мотоциклийг жолоодож явсан. Баатархүү жижиг эвхүүрэг хутга гаргаж ирээд аргаль хонийг цусалсан.  Би сар өдрөө санахгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын дундуур байсан байх гэж бодож байна гэжээ. /хх-ийн 41, 44 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Баатархүүгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт:

 2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр намайг гэрт байхад ээж хөдөөнөөс утсаар яриад адуу алаад зураатахаач гэж хэлсэн. Тэгэхээр би аймгийн төвөөс гараад хөдөө гэртээ ирэхэд аав дүү хоёр байсан. Тэгээд би тэнд хоночихоод маргааш үдээс өмнө хүргэн дүү Бат-Эрдэнийнд очоод адуунд хамт яваад ирье гэж хэлээд хамт явцгаасан. Адуунд хамт явж байхад Хавиргын энгэр дээр хоёр амьтантай таарсан. Ямар амьтан болохыг нь үзэх гээд хөөсөн. Нэгийг нь салгаж хөөж байгаад цуцаагаад би мотоциклоосоо буугаад Бат-Эрдэнэ нөгөө амьтныг босоод зугтаахаар нь эргүүлж байгаад би тэр амьтныг чулуугаар цохиж муужруулаад халаасанд байсан эвхдэг тонгорог хутгаар зүрх рүү нь дүрж цусалж алж янзлаад гэдэсийг нь тэр газар хаяад махыг нь уутанд хийгээд жаахан холдуулж тавиад толгойг нь арьсанд боогоод баруун тийшээгээ яваад Тэмээн хүзүү гэдэг газарт нөгөө амьтныхаа толгой, арьсийг хаясан. Тэгээд адуугаа харчихаад буцаад мах тавьсан газар дээр нь ирээд махаа аваад Бат-Эрдэнийн гэрт ирж нэг хааг нь чанаж идэж хоноод маргааш нь адуундаа явсан. Эхлээд тэр амьтныг ямар амьтан гэдгийг мэдээгүй. Тэгээд алж байхдаа аргал хонь гэдэг амьтан гэдгийг нь мэдсэн. Тэр амьтан хонь шиг эвэртэй байсан. Аргаль хонийг 4, 5 км мотоциклоор хөөж байгаад цуцаасан мотоциклийг Бат-Эрдэнэ жолоодож явсан. Махыг нь авах гэж тэр амьтныг хөөж байгаад цуцаагаад алсан. Аргалийг цусалсан хутга надад байсан. Бат-Эрдэнэ бид хоёроос өөр хүн аргаль алсаныг мэдэхгүй гэжээ. /хх-ийн 44 дүгээр хуудас/,

           

            Мал эмнэлэг ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнд:

            -Шинжилгээнд ирүулсэн эвэртэй толгойтой арьс нь хүрэн бор өнгөтэй, хэвлийн орчмын хэсэг нь цайвар цагаан өнгөтэй, эрүүтэй толгой, 4 шийр нь арьсны хамт амьтны арьс.

            -Аргал эр хонь. Эвэр нь 40 см орчим доод эрүүний үүдэн шүд голын 2 шүд нь байнгын шүдээр солигдсон учир 3 настай шүдлэн угалз.

            -Уг амьтны арьс нь галт зэвсгийн нөлөөллөөр гэмтэж цоороогүй. Арьсны бүрэн бүтэн байдал ширийг нугалсан хэсэг нь мал нядлах уламжлалт аргаар төхөөрсөн, арьс цэвэрхэн цусгүй учир зурхний үйл ажиллагаа зогсохоос өмнө зүрхэлж цусыг гадагшлуулсан байх талтай.

            Хэрэв үхэж шувуу, амьтан идсэн бол арьсан дээр хальс шөрмөс байх, арьс цоорч урагдах, аман хүзүүний яс толгойны ястай үргэлж байх, ширний шөрмөслөг хэсгүүд огтлогдсон биш салбарсан байна. Амьдын жин аргал эр бол 180-200 кг, аргал эм бол 120-140 кг жинтэй байна. Нас гүйцсэн эр аргал эвэрний урт 125 см, эм аргал 30 см байдаг. /хх-ийн 26 дугаар хуудас/

            -Ашид билгүүн ХХК-ний автомашин, техникийн үнэлгээ /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ Даюун маркийн мотоциклийн үнийг 900.000 төгрөгөөр үнэлсэн.

Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт явуулах тогтоол/хх-1 дүгээр хуудас/,

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15, 28 дугаар хуудас/

Хураан авах тогтоол /хх-ийн 6, 16, 18 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/

Б.Баатархүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ У.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-74 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс зэрэг болно.

 

Шүүгдэгч У.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан ховор амьтан болох эр аргалыг зохих зөвшөөрөлгүй агнаж байгаль орчинд 11.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Пунсанцогвоогийн “...Засгийн газрын 23 дугаар тогтоолоор ховор ан, амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж төлөхөөр заасан байдаг. Аргал хонь агнасан этгээдээс нөхөн төлбөр болох 22 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол барагдвал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 23 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд У.Бат-Эрдэнийн яллагдагчаар “...2016 оны 11 дүгээр сар байсан өдрийг нь санахгүй байна. Баатархүү ирээд намайг адуунд яваад ирье гээд гуйхаар нь бид хоёр адуунд явахаар болсон. 15 цаг өнгөрч байхад бид хоёр мотоцикльтой баруун хойшоо явсан. Хавиргын энгэр гэдэг газраар явж байхад хоёр амьтан таарсан чинь Баатархүү “тэр юу вэ, ямар амьтан бэ? Дөхөж үзье” гэхээр нь би мотоцикльтойгоо нөгөө хоёр амьтны араас нь очиход хоёр аргал давхиж байсан. Тэгээд би “яах юм” гэхэд Баатархүү намайг “хурдан араас нь тулаад оч” гэж хэлсэн. Би хоёр аргалын араас нь хөөж байгаад нэгийг нь салгаад хөөсөн. Хавиргын ар дээр цуцсан аргал явж чадахаа байхад Баатархүү намайг “чи мотоцикльтойгоо цаагуур нь эргүүлээ, би чулуугаар цохиж муужруулъя” гэж хэлээд мотоцикпоос буусан. Би мотоциклоор нөгөө амьтны цаагуур эргүүлсэн. Баатархүү аргал амьтан руу дөхөж байгаад чулуугаар цохиж, муужруулж унагаад түрийнээсээ эвхдэг хутга гаргаад зүрх рүү нь дүрж цусалж алсан. Баатархүү аргалыг төхөөрч, арьсыг нь хуулаад, гэдэс дотрыг нь тэр газартаа үлдээгээд, махыг нь ганзаганд байсан уутанд хийсэн...Аргал амьтны арьс толгойг нь аваад баруун талд байсан ууланд хаях гээд явсан...амьтны арьс толгойг жалганд хаясан. Бид хоёр овоон дээр гарч адуугаа хараад маргааш болъё гээд бид хоёр буцаж махаа аваад манай гэрт ирцгээсэн...Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад одоо нэмж хэлээд байх зүйл байхгүй байна. Би өөрийнхөө эзэмшлийн мотоциклийг жолоодож явсан. Баатархүү жижиг эвхүүрэг хутга гаргаж ирээд аргаль хонийг цусалсан.  Би сар өдрөө санахгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын дундуур байсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 41, 44 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд Б.Баатархүүгийн яллагдагчаар “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр намайг гэрт байхад ээж хөдөөнөөс утсаар яриад адуу алаад зураатахаач гэж хэлсэн. Тэгэхээр би аймгийн төвөөс гараад хөдөө гэртээ ирэхэд аав дүү хоёр байсан. Тэгээд би тэнд хоночихоод маргааш үдээс өмнө хүргэн дүү Бат-Эрдэнийнд очоод адуунд хамт яваад ирье гэж хэлээд хамт явцгаасан. Адуунд хамт явж байхад Хавиргын энгэр дээр хоёр амьтантай таарсан. Ямар амьтан болохыг нь үзэх гээд хөөсөн. Нэгийг нь салгаж хөөж байгаад цуцаагаад би мотоциклоосоо буугаад Бат-Эрдэнэ нөгөө амьтныг босоод зугтаахаар нь эргүүлж байгаад би тэр амьтныг чулуугаар цохиж муужруулаад халаасанд байсан эвхдэг тонгорог хутгаар зүрх рүү нь дүрж цусалж алж янзлаад гэдэсийг нь тэр газар хаяад махыг нь уутанд хийгээд жаахан холдуулж тавиад толгойг нь арьсанд боогоод баруун тийшээгээ яваад Тэмээн хүзүү гэдэг газарт нөгөө амьтныхаа толгой, арьсийг хаясан. Тэгээд адуугаа харчихаад буцаад мах тавьсан газар дээр нь ирээд махаа аваад Бат-Эрдэнийн гэрт ирж нэг хааг нь чанаж идэж хоноод маргааш нь адуундаа явсан. Эхлээд тэр амьтныг ямар амьтан гэдгийг мэдээгүй. Тэгээд алж байхдаа аргал хонь гэдэг амьтан гэдгийг нь мэдсэн. Тэр амьтан хонь шиг эвэртэй байсан. Аргаль хонийг 4, 5 км мотоциклоор хөөж байгаад цуцаасан мотоциклийг Бат-Эрдэнэ жолоодож явсан. Махыг нь авах гэж тэр амьтныг хөөж байгаад цуцаагаад алсан. Аргалийг цусалсан хутга надад байсан. Бат-Эрдэнэ бид хоёроос өөр хүн аргаль алсаныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15, 28 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/, Монгол Улсын Засгийн газрын ховор амьтны жагсаалт баталсан тогтоол /хх-94/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэх гэдэг ойлголт нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгодог ба шүүгдэгч У.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү нар нь гэмт хэрэг үйлдэх талаараа урьдчилан тохиролцоогүй боловч аргаль хонийг агнахад санаа зорилгоороо нэгдэж хамтран оролцсон нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч нарын агнасан амьтан нь аргаль эр хонь байсан болох нь мал эмнэлэг ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын “Шинжилгээнд ирүулсэн эвэртэй толгойтой арьс нь хүрэн бор өнгөтэй, хэвлийн орчмын хэсэг нь цайвар цагаан өнгөтэй, эрүүтэй толгой, 4 шийр нь арьсны хамт амьтны арьс. Аргал эр хонь. Эвэр нь 40 см орчим доод эрүүний үүдэн шүд голын 2 шүд нь байнгын шүдээр солигдсон учир 3 настай шүдлэн угалз. Уг амьтны арьс нь галт зэвсгийн нөлөөллөөр гэмтэж цоороогүй. Арьсны бүрэн бүтэн байдал ширийг нугалсан хэсэг нь мал нядлах уламжлалт аргаар төхөөрсөн, арьс цэвэрхэн цусгүй учир зурхний үйл ажиллагаа зогсохоос өмнө зүрхэлж цусыг гадагшлуулсан байх талтай. Хэрэв үхэж шувуу, амьтан идсэн бол арьсан дээр хальс шөрмөс байх, арьс цоорч урагдах, аман хүзүүний яс толгойны ястай үргэлж байх, ширний шөрмөслөг хэсгүүд огтлогдсон биш салбарсан байна. Амьдын жин аргал эр бол 180-200 кг, аргал эм бол 120-140 кг жинтэй байна. Нас гүйцсэн эр аргал эвэрний урт 125 см, эм аргал 30 см байдаг. “ гэсэн дүн, эд мөрийн баримт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

            Аргаль эр хонь нь ховор амьтан болох нь Амьтны тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтаар /хх-94/ тогтоогдож байна.

           Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан.

Засгийн газрын тогтоолоор баталсан Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Аргаль хонь эр нь 11.000.000 төгрөг байхаар үнэлэгдсэн байх тул шүүгдэгч нараас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 22.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчныг хамгаалах санд оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

           Шүүгдэгч нар нь хэн аль урьд ял шийтгүүлж байсан хэдий ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар ялтай байдал нь өршөөгдсөн тул хэн алиныг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

          Шүүгдэгч У.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү нар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү нарыг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан ховор амьтан болох Аргаль эр хонийг зохих зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл хэсгээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, хэн аль нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан баривчлах ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

           Битүүмжилсэн эд хөрөнгийн талаар:

          Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн эзэмшлийн 6042822 хөдөлгүүрийн дугаартай, арлын L7GPCKLYXF4043560 дугаартай DY-150 / улсын дугаар 26-10 ӨМЗ / маркийн мотоциклыг мөрдөн байцаагчийн тогтоолоор /хх-17/ битүүмжилсэн байх ба шүүгдэгч нар нь уг мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар уг мотоциклийг / мотоциклийн түлхүүр, гэрчилгээний хамт/ хурааж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн болно.

           Эд мөрийн баримтын талаар:

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг болох хар өнгийн ууттай тонгорог хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар Аргаль хонины эвэртой толгой, 4 шийр, бор саарал үстэй арьс нь цаашид ашиглаж болохгүй эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахаар тус тус шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч У.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.