Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00621

 

А газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03227 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т ХХК –д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 214 555 625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн агаарын чанарын алба нь “Т" ХХК-тай "Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх" гэрээг 2012 оны 10 сарын 08-ны өдөр байгуулсан.  Нийслэлийн агаарын чанарын алба 200 000 000 төгрөг төлөх, нийлүүлэгч Т" ХХК нь үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг 2012 оны 12 сарын 20-ны өдөр дуусган, 2013 оны 02 сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 1 330 тн үртсэн шахмал түлшийг нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа 30% болох 60 000 000 төгрөгийг 2012 оны 12 сарын 24-ний өдөр, 130 000 000 төгрөгийг 2013 оны 03 сарын12-ны өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч  талаас  гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан ч Т ХХК-ийн захирал Ж.Ц нийт 190 000 000 төгрөгийг хүлээн авсны дараа 1 330 тн үртсэн шахмал түлш нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Талууд 2014 оны 05 сарын 21-ний өдөр Төлбөр гүйцэтгэх гэрээг хийж, 2015 оны 05 сарын 30-ны  дотор төлбөрийг буцаан төлүүлэхээр тохиролцсон ч  биелүүлээгүй. Иймд гэрээгээр  171 644 500 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 7-д заасны дагуу алданги 42 911 125 төгрөг, нийт 214 555 625 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Захиалагч нь  барааг гэрээндээ хоёр багц болгон хуваасан. Эхний үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд 2013 оны 01 сарын 28-ны өдөр хийсэн. Захиалагч  60 000 000 төгрөгийг өгсөн.  Нийлүүлэгч  2013 оны 02 сарын 03-ны өдөр 200 000 000 төгрөгийн гүйцэтгэлтэй гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзээд үлдэгдэл төлбөр болох 140 000 000 төгрөгийн хүсэлтийг төлбөрийн нэхэмжлэх болон гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөлд заасан баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлсэн. Захиалагч  2013 оны 03 сарын 12-ны өдөр 130 000 000 төгрөгийг  дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн санхүүжилт аваагүй. 2013 оны 02 сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлэх 1 330 тн үртсэн шахмал түлшнээс 122.37 тн түлш нийлүүлсэн. 2014 оны 04 сарын 14-ний өдөр түлшний нийлүүлэлтийг дүгнэх хурал дээр захиалагч нь түлшинд татаас өгөхгүй байх, цаашид зах зээлийн зарчмаар борлуулах шийдвэр гаргасныг танилцуулж, үртсэн шахмал түлш авахгүй болсноо мэдэгдсэн. Төлбөр гүйцэтгэх хэлцлийг 2014 оны 05 сарын 20-ны өдөр байгуулсан. Хэдийгээр 2014 оны 07 сард Ж.Ц нь осолд орж хөдөлмөрийн чадвараа 69%-иар алдсан ч графикийн дагуу 3 400 000 төгрөгийг шилжүүлж, төлбөрөө төлж эхэлсэн. 2014 оны намар хямд үртсэн болон нүүрсэн шахмал түлш нийлүүлэгдэж эхэлснээр шударга өрсөлдөөнөөр ажиллах боломжгүй болж, зун үйлдвэрлэсэн түлшээ өртгөөс нь хямд зарсан ба цаашдаа ч 2015, 2016 оны өвөл энэ ажил давтагдсан. Нэхэмжлэгчид 18 355 500 төгрөгийн үнэтэй 122.37 тн үртсэн шахмал түлш, дансаар 3 400 000 төгрөг шилжүүлсэн, ажлын гүйцэтгэлийн 10 000 000 төгрөгийн үлдэгдэл, нийт 31 755 500 төгрөгийн авлагатай. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243.1-д зааснаар Т ХХК-иас нийт 214 555 625 төгрөг гаргуулах тухай, А газар УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тендерийн зорилго нь тоног төхөөрөмж оруулж ирэн суурилуулахад биш нийслэлийн гэр хорооллын утааг бууруулахын тулд үртсэн шахмал түлш үйлдвэрлэж иргэдэд нийлүүлэх зорилготой гэрээ. Т ХХК нь нэхэмжлэгчид 171 644 500 төгрөг нөхөн төлөх  тухай нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Т ХХК-иас тоног төхөөрөмж худалдан аваагүй, уг төхөөрөмжийг угсарч суурилуулан ажиллуулж, үртсэн шахмал түлш нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ юм. Анхан шатны шүүх талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зорилго юу болохыг тодорхойлж чадаагүй хууль хэрэглэлгүй шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг  хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талууд бүрэн мэтгэлцсэн тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн А газар нь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн АЧА/12/02/03 дугаартай бараа бэлтгэн нийлүүлэх гэрээнээс татгалзаж гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргажээ. / хх 1, хх 46-49 /

 

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Үртсэн шахмал түлшний  үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж, ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх” нэртэй гэрээг байгуулсан. Талууд гэрээний тусгай нөхцөлдөө тоног төхөөрөмжийн өмчлөлийн харьяаллыг гэрээгээр зохицуулахаар заасан. /хх 13, хх 34,/

 

Гэрээгээр хариуцагч нь үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулан ажиллуулж, 1330 тн шахмал үртсэн түлшийг 2013 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч тал нийт 200 000 000 төгрөг төлөхөөс 190 000 000 төгрөг төлж үүргээ биелүүлжээ. /хх 28, 33 /

 

Хэдийгээр хариуцагч нь шахмал түлшний үйлдвэрийг Монгол улсад оруулж, өөрийн байранд угсарч суурилуулж, ажиллуулсан боловч 1 330 тн үртсэн шахмал түлшийг бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, гэрээг дүгнэсэн бичмэл баримтаар нотлогджээ. /хх 31, 35-38, 46-49, 114-118 /

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаас гадна гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай  харьцуулах, талуудын нэгдмэл санааг тодруулах, харилцан илгээсэн баримт бичиг, тогтсон практик, заншил зэргийг анхаарах нь зүйтэй юм. Талуудын хооронд ердийн бараа бэлтгэн нийлүүлэх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

 

Бараа буюу үртсэн шахмал түлшийг бэлтгэн нийлүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг суурилуулж бэлдсэн бөгөөд 1 330 тн түлш нийлүүлэгдэж дууссаны дараа өмчлөлийн харьяаллыг талууд гэрээгээр зохицуулахаар тохиролцсон. Гэрээний зүйл нь 1 330 тн үртсэн шахмал түлш бөгөөд 1 тн түлшийг 150 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нь талуудын хооронд үйлдсэн төлбөр барагдуулах гэрээгээр давхар нотлогдож байх тул 199 500 000 төгрөгийн үнэ бүхий түлшийг нийлүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч хариуцагчид нийт 190 000 000 төгрөгийн үнийн дүнтэй мөнгөн хөрөнгийг шилжүүлснээс хариуцагчийн нийлүүлсэн 122.37 тн / 122.37х150 000/ түлшний үнэ 18 388 500 төгрөгийг хасч үлдэх 171 644 500 төгрөгийг хариуцагч төлөхөөр талууд тохиролцсон баримт хэрэгт авагдсан. /хх 37 /

 

Хариуцагч уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түлшийг зохих хэмжээгээр нийлүүлээгүй болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үр дүн гараагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хуульд нийцэх юм. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаварт нийлүүлэгдсэн түлшний үнийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Ийнхүү талууд гэрээний үр дүнг дүгнэж, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 171 644 500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр хэлэлцэн тохиролцож, гэрээг дуусгавар болох үед тоног төхөөрөмжийн өмчлөлийн талаар талууд тухайлан тохиролцоогүй байна.

 

Тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд байгаа бөгөөд 2012 оны 12 сараас хойш хариуцагч өөрөө ашигласан, талууд гэрээг эцэслэн дүгнэхдээ нэхэмжлэгч зөвхөн нийлүүлэгдээгүй түлшний үнийг буцаан авахаар тохиролцсон зэргээс үзэхэд гэрээний гүйцэтгэлд түлшний тоног төхөөрөмжийг оруулан тооцогдох боломжгүй юм.

 

Харин гэрээ биелэгдээгүй үндэслэлээр талууд гэрээний гүйцэтгэлийг буцаахад өгсөн авснаа буцаах үр дагавартай буюу гэрээний үндсэн үүргээс бүрэн татгалзаж байх уг үндсэн үүрэгт хамааралтай алданги 42 911 125 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн заалтыг гүйцэт бичээгүйг зөвтгөх, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 171 644 500 төгрөгөөс сүүлд нэмж төлсөн 3 400 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 168 244 500 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Т ХХК-аас 168 244 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А газар УТҮГ-т олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 42 911 125 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 999 172 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч “А газар” нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

 

                                                                          Ш.ОЮУНХАНД