Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0528

 

 

 

 

“ДМХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “ДМХ” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Н.Ц

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Н.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 109/2024/0039/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5., Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсгийн 60.1.3., 60.2. дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/184 дүгээр захирамжийн хавсралтыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1, 47.1.3., 47.1.6. дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Н.Цоос Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь маргаан бүхий газрын давхцалыг асуудлыг шийдвэрлэж, нэгж талбар дугаар болон холбогдох мэдээллийг мэдээллийн санд зөв судалж, тогтоох бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор дахин шинэ акт гаргах, энэ хугацаанд захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий А/184 дүгээр захирамжийн хавсралтыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1."ДМХ" ХХК-иас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан "Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх:

2.2.Нэхэмжлэгч "ДМХ" ХХК-ийн эзэмших эрх бүхий газар нь гуравдагч этгээд Н.Цийн эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан газартай 2025 м.кв хэмжээгээр давхцалтай боловч үлдсэн хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, ....хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" шийдвэр гаргахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай давхцаагүй газрыг хүчингүй болгох, уг газар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй, гуравдагч этгээд Н.Цийн эзэмших эрх бүхий газраас нэхэмжлэгч "ДМХ" ХХК-ийн эзэмших эрхтэй давхцаагүй үлдсэн /2948м²/ газарт тус иргэний хууль ёсны итгэл хамгаалагдах боломжтой байна гэж дүгнэсэн атлаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэгт "Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно", 29.10.3-т "хууль тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан", 29.11 дахь хэсэгт "Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана" гэсэн заалтыг үндэслэл болгон шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, тус иргэн, хуулийн этгээдийн эзэмших эрх бүхий газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь хариуцагчид хадгалагдаж байна гэж үзэж маргаан бүхий А/184 дүгээр захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

2.3.Нэгэнт давхацсан хэсгийг хүчингүй болгох эрх нь шүүхэд байсаар байтал захиргааны актыг түдгэлзүүлсэн 4 сарын хугацаанд хариуцагч шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий А/184 дүгээр захирамжийн Н.Цид холбогдох хэсэг хүчингүй болж гуравдагч этгээд Н.Цийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирох эрсдэлтэй юм.

2.4.Нэхэмжлэгч "ДМХ" ХХК нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад шүүх энэ талаар хууль зөрчиж дүгнэлт хийсэн байна.

2.5.Гуравдагч этгээдээс "Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох" бие даасан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлүүдтэй санал нийлэхгүй байна.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “ДМХ” ХХК-иас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах”-аар шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Н.Цоос “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг гаргажээ.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий А/184 дүгээр захирамжийг “...хариуцагчаас гуравдагч этгээд Н.Цид газар эзэмших эрх олгохдоо манай компанийн газартай 2014 м.кв-аар давхцуулан олгосон, Н.Цид газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгогдоогүй, мөн манай газрын орц, гарцыг хааж олгосон, Д.Ггийн А/138 дугаар захирамжаар эзэмшдэг байсан газрын байршлын зураг тодорхой биш, мэдээллийн санд ороогүй, анхны газрын байршлууд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн хувьд 1992 оноос хойш газрыг хууль ёсны дагуу авч, эзэмшиж байгаа” гэж маргажээ.

5.Харин гуравдагч этгээдээс “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад сумын Засаг даргын 2022 оны А/21 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгож газрын давхцал үүсгэсэн нь илт хууль бус, иргэн Д.Ггаас шилжүүлэн авсан, Д.Г нь 2016 оноос эхэлж эзэмшиж эхэлсэн, Д.Г нь энэ газрыг анх 2011 оноос хүнээс шилжүүлэн авсан, газрын байршлууд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн.” гэж маргасан.

6.Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн маргаж буй “газрын давхцал” хэзээнээс үүссэн, газар эзэмших эрх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэнд нь түрүүлж үүссэн, Д.Ггийн А/138 дугаар захирамжаар эзэмшдэг байсан газрын байршлын зураг тодорхой биш, мэдээллийн санд ороогүй, анхны газрын байршлууд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр холбогдох баримтыг цуглуулан бүрэн тогтоож, дүгнэлт өгөөгүй атлаа “шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дахин шинэ акт гаргуулахаар түдгэлзүүлж, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

7.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан Ц.Цнын газар эзэмших эрх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үүссэн эсхүл, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар ээжээсээ 1986 оноос эхэлж ногоон тарьдаг газрыг шилжүүлэн авсан гэх тайлбарын зөрүүг тодорхой болгох, мөн нэхэмжлэгчийн одоогийн эзэмшиж буй газар нь шилжүүлэн авсан Ц.Цнын газрын кадастрын зурагтай ижил байгаа эсэх, одоогийн бодитойгоор эзэмшиж буй газар нь нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан газрын кадастрын зурагтай ижил байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

8.Түүнчлэн нэхэмжлэгч “ДМХ” ХХК-ийн эзэмшил бүхий 1 га газар нь анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/108 дугаар “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” захирамжаар[1] ...тус сумын Ао багийн Хуанд Ц.Цнад хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 000611*** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

9.Улмаар мөн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/71 дүгээр захирамжаар[2]  “...тус сумын Ао багийн Хуанд аялал жуулчлал, үйлчилгээ, хүлэмжийн зориулалттай эзэмшиж буй зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны 5 дахь хүснэгтэд иргэн Ц.Цнын Хуанд байршил бүхий хүлэмжийн зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.

10.Мөн сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар[3] “Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 29.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 60.1.3 дахь заалтыг үндэслэн ...сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн хавсралтын тавь дахь хэсгийг хүчингүй” болгосноор дахин иргэн Н.Цнын газар эзэмших эрхийг сэргээсэн байна.

11.Уг сэргээсэн захирамжтай гуравдагч этгээд маргаж байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллага ямар үндэслэлээр иргэн Ц.Цнын газар эзэмших эрхийг сэргээсэн талаарх нөхцөл байдлыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

12.Харин гуравдагч этгээд Н.Ц нь маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны А/184 дүгээр захирамжаар[4] иргэн Д.Ггаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авчээ. Иргэн Д.Гд уг маргаан бүхий газрыг анх мөн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжаар[5] үйлчилгээний зориулалттай 0,5 га газрыг эзэмшүүлжээ.

13.Уг А/158 дугаар захирамжаар “...Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Гд эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Ао баг Хуанд 0,5 га үйлчилгээний зориулалттай газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн”-ээс үзвэл иргэн Д.Г нь маргаан бүхий газрыг хэн нэгэн этгээдээс шилжүүлэн авсан байгаа боловч хэнээс, хэзээ  шилжүүлэн авсан болох нь тодорхойгүй байна.

14.Иймд гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан газрын өмнөх эзэмшигчийн газар эзэмших эрх хэзээ үүссэн, тухайн газрын байршил нь одоогийн нэхэмжлэгчийн газартай давхцаж буй байршил мөн эсэхийг анхан шатны шүүхээс шалган тогтоож гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хэзээ үүссэн, хэргийн оролцогчдоос “Д.Ггийн А/138 дугаар захирамжаар эзэмшдэг байсан газрын байршлын зураг тодорхой биш, мэдээллийн санд ороогүй, анхны газрын байршлууд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн” гэж маргаж буй нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай.

Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН 

 

   ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН 

 

   ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 183 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 42-43 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтас 44 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 207-208 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 13 дахь тал