Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00248

 


                                            ****гийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01299 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1711 дүгээр магадлалтай,

****гийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 42,820,180 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****нь ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,820,180 төгрөггаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01299 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 2019.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч ****гаас 36,188,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, үлдэх 6,631,620 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2018.04.24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ****гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,051 төгрөг, хариуцагчаас төлсөн 372,051 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гаас 338,893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгожшийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1711 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...2019.1... гэснийг ...219.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,452 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна. **** зээлийн гэрээ байгуулахдаа хууран мэхэлсэн. Тухайлбал, “Азийн эрин” ХХК-ийн захирал М.Ичинхорлоо тухайн зээлийн гэрээг ашиглана гэдгийг хэлээгүй нуусан, гэрээнд гарын үсэг зуруулахдаа ...ямар ч үүрэг хүлээхгүй, зөвхөн Банк бус санхүүгийн байгууллагад үзүүлэх баримт байгаа юм... гэж хэлээд уг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Зээлсэн гэх мөнгийг “Азийн эрин” ХХК төлөх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ****гийн эхнэр С.Солонгоогоос өгсөн нь тогтоогдсон. Тухайн үедээ **** эхнэрээсээ авсныг хэлээгүй, Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авсан гэж ярьж байсан. Миний бие "Азийн эрин" ХХК-нд 79,000,000 төгрөгийн үнэ бүхий усны тоолуур болон усны алдагдал илрүүлэх багажийг банкны өр төлүүлэхээр тус компанийн төлөөлөгч ****д хүлээлгэн өгсөн. Иймд надад ****гээс мөнгө зээлэх бодит шаардлага, хүсэл зориг байгаагүй юм. Үүнийг шууд нотлох баримтууд буюу тухай үеийн бодит нөхцөл байдлыг нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлж дүгнээгүй. Иймд М.Тэмүүжийнгийн эхнэр С.Солонгоогоос авсан 30,210,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн гэрээ байгуулах гол нөхцөлүүдийг тохироогүй, гэрээ байгуулах шаардлагагүй байсан ба намайг хууран мэхэлж, миний хүсэл зоригт үл нийцэх гэрээнд гарын үсэг зуруулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүү, алданги болон эрэн сурвалжлуулах ажиллагааны зардлыг бүхэлд нь буюу 5,976,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх ****гаас 36,188,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, үлдэх 6,631,620 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2018.04.24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ****гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

8. **** 2018.04.24-ний өдөр 47,720,000 төгрөгийг Капитрон банк ХХК дахь ****гийн зээлийн дансанд ****гээс зээл төлөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь тогтоогдсон талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.5-д заасны дагуу зээлийн мөнгийг Капитрон банк ХХК-ийн зээл төлснөөр ****г мөн гэрээний 2.4, 2.5,  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэнд тооцно.

9. Хариуцагч **** “Азийн эрин” ХХК-д гаргасан хүсэлтэд ...Банкны зээл төлөх мөнгөний эх үүсвэргүй байгаа тул “Азийн эрин” ХХК-д 50,000,000 төгрөгийн усны алдагдал илрүүлэх багаж тавьж барьцааг суллаж өгөхөөр хүсэлт гаргаж байна. Үлдэгдэл 37,500,000 төгрөг байгаа өнөөдрийн байдлаар... хэмээн дурдсанаас үзвэл 2017.11.10-ны өдөр нийт 74,500,000 төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн шүүхэд гаргасан зарлагын баримтууд нь хүлээн авсан хүний гарын үсэггүй буюу нэг талын үйлдсэн баримт байхаас гадна хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдсан, түүнчлэн **** ****г хууран мэхэлж, нөхцөл байдлыг нуун дарагдуулж зээлийн гэрээг хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ нь хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.

10. Хоёр шатны шүүх хариуцагч ****гаас зээл 30,212,000 төгрөг, 6 сарын хүү 906,360 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 70,200 төгрөг, нийт 36,188,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасан зохицуулалт, тэдгээрт тусгагдсан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна.

11. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1711 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийнхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,575 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД