Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/440

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар.

            Гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

            Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн хохирогч О.*******, Г. нарыг залилсан, мөнгөн ус хууль бусаар хадгалсан, УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан хохирол учруулсан тус тус гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хохирогч О.*******ийн мэдүүлэг, гэрч С.*******ын мэдүүлэг, ийн мэдүүлэг, Хаан банкны лавлагаа, Арвижих эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, АТҮТ-ын 76 дугаартай лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Г.ийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.*******, нарын мэдүүлэг, АТҮТ лавлагаа, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогч О.*******ид үнэлгээгээр 270,000,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Г. гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул төлөх төлбөргүй, мөнгөн ус хадгалсан үйлдэлд нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн. Хохирогч Болор-Эрдэнийн хохирол, иргэний нэхэмжлэгч ын хохирлыг төлсөн байдаг. Хохирогч О.*******ид 100,000,000 төгрөг төлсөн талаар харилцан мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийг тодорхойлсон. Иргэний хариуцагчаар С.******* тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах үндэстэй гэж үзэж шүүгдэгч Ц.*******, иргэний хариуцагч С.******* нараас тус бүрээс  135,000,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч О.*******ид олгох нь зүйтэй гэж үзэж байна. 2021 оны 9 дүгээр сарын 23 өдрийн 156 дугаартай зөвшөөрлөөр дугааргүй, хар хөх өнгийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгуулах саналтай. гэсэн;   

 

            Хохирогчийн өмгөөлөгч Э.Ган-Эрдэнээс: Хохиролд 100,000,000 төгрөг авсанд маргахгүй гэсэн тул иргэний хариуцагчтай холбоотой дүгнэлт хэлье. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хууль ёсоор хариуцах ёстой хүн нь хэн бэ. 1 дүгээр хавтаст хэргийн 31-р талд “Арвижих эстимейт” ХХК-ийн үнэлгээгээр машиныг 270,000,000 төгрөгөөр үнийг тогтоосон.  Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1  дэх хэсэгт Барьцаалагч дараах эрх эдэлнэ: 157.1.1 дэх заалтад “барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах. гэж заасан. Барьцаагаар хангагдах шаардлага нь юу бэ гэхээр өөрийнх нь тайлбарлаж байгаагаар 140,000,000 төгрөгөөр барьцаалсан, энэ хэмжээнд л үр шимийг олж авах эрхтэй байсан. Гэтэл эд хөрөнгө 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээгээр  270,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Үүн дээр дахин шинжилгээ томилуулъя гэдэг агуулгаар иргэний хариуцагч гомдол гаргаагүй, үүнд маргаан гараагүй. Тэгвэл  автомашин хаана байгаа вэ гэдэг асуудал яригдана. Автомашин Монгол Улсад орж ирсэн, гарсан бүртгэл байхгүй, хөдөлгөөнд оролцож байгаа бүртгэл байхгүй, машиныг олоогүй тохиолдолд цаашид бусдыг хохироох, хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарах боломжтой. С.*******ын гэрчээр мөрдөн байцаалтад болон шүүхэд өгсөн мэдүүлэгт машиныг зарсан хугацааны талаар бүгд зөрүүтэй буюу иргэний хариуцагчаас 01 сар, 5 сар, 03, 04 сар гэж мэдүүлж байна. Мөн 2020 оны 8  дугаар сарын 10-ны хуралдаанд машин хууль бус аргаар олдсон гэдгийг цагдаа дээр очоод мэдсэн гэж мэдүүлсэн. Гэтэл Гаалийн газар руу наад машин чинь шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр цагдаа дээр очихоос өмнө мэдэж байсан байна. С.******* Ц.******* нар зохион байгуулалттай  бүлэг болж машиныг авсан, үгүй бол С.******* энэ машиныг зарсан гэж худал мэдүүлэг өгдөг, зарсан нь үнэн бол бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт хамтран оролцсон. Бичиг баримтгүй байсан учраас үнийг нь хямдруулж өгсөн гэдэг тайлбарыг нэгдүгээр хавтаст хэргийн 17-18 талд өгсөн. 180,000,000 төгрөгөөр үнэлсэн атлаа яагаад 120 сая төгрөгөөр өгсөн бэ гэхээр татвар төлөх гээд байсан гэж байна. Энэ бол татвар төлсний дараах баримт юм бол юун татвар хасаж үнийг нь буулгаж байна вэ. Зарсан бол зарах үедээ мэдэж байсан байна. Барьцааны гэрээний 4.5-т барьцаалуулагч нь барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх бол барьцаалагчид мэдэгдэх үүрэгтэй гэж байна. С.Бат-Эрдэнийн мэдүүлгээр вайбераар холбогдож байсан гэж, С.*******аас ...эхний сард холбогдож чадаагүй, 2 дахь сардаа холбогдсон гэж тус тус мэдүүлсэн. Барьцааны зүйлийг борлуулах гэж байгаа бол Иргэний хуулийн 157 дугаар зүйлд зааснаар болон барьцааны гэрээний 4.5-д зааснаар хууль ёсны өмчлөгч гэж үзэж байгаа Ц.*******д мэдэгдэх ёстой байсан. Ц.******* худалдсаныг мэдээгүй гэж хэлсэн. Цагдан хорихоос гарч ирсэн хойноо орон сууц санал болгоод явж байсан. Өөрөөр хэлбэл зарсан гэдгийг нь мэдээгүй. Гэмт хэргийн шинжтэй үйлдлээс учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах хүн нь иргэний хариуцагч С.******* байна. Хэрвээ гэрээ хууль ёсны байсан бол иргэний хариуцагч С.******* иргэний хууль болон барьцааны гэрээг зөрчиж борлуулсан байна.  Иргэний хуульд заасан худалдан борлуулах ажиллагааг зөрчсөн байна. Иймд 140,000,000 төгрөгийг Ц.*******эс, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү. гэсэн;

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгээс: Хэргийг тал бүрээс шинжлэн судалсан. О.*******ийг хохирогч мөн үү, хэдэн төгрөгөөр авсан бэ гэж байх ба хэдэн доллароор авсан эсэх нь хамааралтай гэж үзэхгүй. О.******* худалдаж авч ирсэн нь үнэн, үйлчлүүлэгч түүнийг нь авсан гэж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийн талаар заасан. Автомашины үнэлгээнд маргаж байна, үнэлгээтэй С.******* танилцаж гарын үсэг зурсан, зөвшөөрөхгүй талаар баримт байхгүй тул энэ хүн иргэний хариуцагч мөн. Түүнчлэн Ц.*******эс 140,000,000 төгрөгөө авах ёстой. Илүү гарсан мөнгийг өөртөө завшиж үндэслэлгүй хөрөнгөжсөн. Эсхүл энэ хүнд машин байна, үнэ хүргэх гэдэг үү, өөрөө хадгалаад байна. Хилээр гарсан зүйлгүй, хэн нэгэнд очсон зүйл байхгүй. Тиймээс хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах улсын яллагч санал үндэслэлтэй. Г.ийг залилсан хэргийн тухайд Г., Ц.******* нарын санаа зорилго нэгдсэн байсан. Г. та нөгөө хайгаад байсан бодисоо олсон уу, одоо хэрэгтэй юу гэхэд хэрэгтэй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг байгаа. Альфа гэх Казакстан улсын иргэн Г. рүү ярьснаар Ц.Бат-Эрдэнийн утсыг өгч харилцсан. Залилах санаа байгаагүй, тал талаасаа мөнгөө гаргаж шилжүүлсэн. Г.ийг залилсан үйлдэл эргэлзээтэй байгаа тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү, Г.ийн хохирол төлөгдсөн, гомдол санал байхгүй.

            -Мөнгөн усны асуудлын тухайд өөрийн гэм бурууг ойлгож, одоо хураагдсан, хэн нэгэн этгээд ямар нэгэн гомдол санал байхгүй.

            -Хулгайн хэргийн хувьд автомашины асуудалд эргэлзээтэй. Автомашины эзэн нэг хятад, дунд нь машиныг өгсөн гэсэн нэг хятад хүн байгаа бөгөөд, эдгээр хүмүүсийн хооронд ямар харилцаа байсан бэ, Ц.******* машиныг хулгайлагдсан гэж мэдээгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Миний машин гэж зараагүй. Тиймээс хулгайн машин гэдгийг мэдээгүй. Мөн 103 дугаар талд миний үйлчлүүлэгчээс гэмт хэргийг илрүүлэхээр хүсэлт гаргасан ба хулгай хийсэн бол ийм хүсэлт тавихгүй байсан. Энэ хэргийг илрүүлэх гэж, өөрийн нэрийг цэвэрлэх гэж явсан. Хэргийг эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно гэж заасан. Эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Бусад хэрэгт өөрийн гэм бурууг хүлээж байгаа.гэсэн;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтаас: Өмгөөлөгч С.Дэлгэрцэцэгтэй санал нэг байгаа, дэмжиж оролцож байна. гэсэн,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүнээс: С.******* нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд биш гэж үзэж байна. С.******* нь хариуцах хууль зүйн үндэслэлийг улсын яллагч тодорхойлоогүй. Тухайн тээврийн хэрэгслийг С.******* зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай 9 хувийн хүүтэй зээлсэн, зээлд барьцаалсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хуурамч бичиг баримт үйлдэж гэрээ байгуулсан. Зээлийн төлбөрийг төлөөгүй гэдгээ шүүгдэгч өөрөө мэдүүлсэн. Гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нөхцөл байдал үүссэн. Цагдаа дээр очиж мэдсэн эсхүл өмнө худлаа гэж мэдсэн гэх нөхцөл байдал ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хана. гэж заасан. Үүний дагуу худалдан борлуулсан. Худалдан борлуулах эрхийг Ц.*******эс С.*******д хууль ёсны дагуу олгосон итгэмжлэл өгсөн. Итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн зүйлгүй, нотариатаар гэрчлүүлсэн, энэ талаар талууд хэлж байгаа, мөн нотариатч хэлсэн. Өөрийн мөнгө болох 140,000,000 төгрөгийг гаргуулж авсан байгаа тул иргэний хариуцагч болох үндэслэлгүй. Гэмт хэрийн улмаас учирсан хохирлын хувьд О.******* хохирсон байна, машин нь ямар үнэлгээтэй машин байсан бэ гэдэг нь тогтоогдохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээг тогтоогоогүй. Талуудын гаргаж байгаа мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч О.*******ийн өгч байгаа мэдүүлэг, Арвижих эстимэйт ХХК-ийн албан бичгийг үндэслээд 270,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл байна гэж тодорхойлоод  байна. Хохирогчийн мэдүүлэгт 56,000 ам доллар төлсөн гэж яриад байгаа боловч мэдүүлгээс өөр эх сурвалж баримтаар нотлогдоогүй. Өнөөдөр хохирогч 2 хувааж мөнгийг өгсөн гэж ярьж байна, хэдэн төгрөг өгсөн бэ гэхэд байхгүй, О.*******ийн тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч мөн гэдгийг нотолж байгаа ц баримт нь тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, уг гэрээнд 39,200 ам доллар гэж бичсэн, уг мөнгийг хүлээн авсан гэж ОХУ-ын иргэн гараар бичсэн. Энэ үнийн дүнг тэр үеийн ханшаар тооцвол нэг ам доллар  2702.48 төгрөг гэж үзвэл 105,952,504 төгрөг байна. Үүн дээр мөрдөгч, прокурор дүгнэлт хийгээгүй, хөдөлбөргүй нотолж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч томилж тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоох арга хэмжээ авсан. Шинжээч томилсон тогтоолын асуултад тухайн хөрөнгийг үнэлэх боломжтой эсэх болон тэр үеийн цаг хугацаанд ямар үнэтэй байсан эсэхийг асуусан. Гэтэл Арвижих эстимэйт ХХК-ийн албан тоот нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2, 16.5-д заасан, мөн шүүх Шинжилгээний Тухай хуульд заасан аль ч шаардлагыг хангахгүй, үнэлгээчин болон байгууллага тусгай зөвшөөрөлтэй юу энэ талаар байхгүй. Яллах дүгнэлтийн үндэслэл болж байгаа шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул үүнд үндэслэж хохирлыг хэмжээг тогтоох боломжгүй. Гэрээнд заасан үнэлгээгээр тооцвол 105,9 сая төгрөгийн хохирол гэж үзэж байна. Үүнээс Ц.*******эс 100,000,000 төгрөгийг төлсөн байх ба үүнийг хууль ёсоор иргэний хариуцагч хариуцах ёстой гэж байх ба хууль ёс нь юу вэ, үүнийгээ тодорхойлж гаргахгүй байх  тул С.*******д холбогдох иргэний хариуцагчийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэсэн,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттуяагаас: 170,000,000 төгрөгөөр хохирсон бол нотолсон баримт байх ёстой, энэ тээврийн хэрэгсэл улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Гаалийн тухай хуулийн 229.1-д "Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл" гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын дугаартай хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан. Улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улс, ОХУ гэрээний дагуу Монгол Улсад орж ирээд гарах ёстой байсан тээврийн хэрэгсэл ба, худалдан борлуулах биш юм. Тээврийн хэрэгслийн эзэн О.******* биш, ОХУ иргэн байна. Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлд Зорчигчийн хувийн тээврийн  хэрэгслийг ...түр хугацаагаар нэвтрүүлнэ гэж байгаа. Энэ нь 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгслийг ойлгоно. 6 сарын хугацаанд гарах ёстой байсан тээврийн хэрэгслийг би хохирогч гэж О.******* ярьж байгаа нь үндэслэлгүй. Ц.*******, О.******* нар үгсэн тохиролцож зарж борлуулах гэж байсан боловч нэг нь дундаасаа больсон. Үүнийг Ц.******* мэдүүлж байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгсэл орж ирсэн цагаас гаалийн хяналтад байх ёстой, буцаж нэвтрүүлээгүй холбогдох мэдээллийг Гаалийн байгууллага хийгээгүй гэж үзэж байна. Тиймээс энэ тээврийн хэрэгсэл ингээд явж байгааг үгүйсгэх аргагүй. Иргэний хариуцагчаар татагдсан С.*******аас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулна гэж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын  холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.1 Залилах гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг иргэн Д.ад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн, “*******” арлын дугаартай, Lexus LX 450D маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй хохирогч О.*******ийн эзэмшлийн автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдаж авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.аас автомашиныг авч явах зөвшөөрлийг О.*******оос амаар хэлсний дагуу шилжүүлэн авч, түүнийг залилан 170,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:  

- ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр О.*******оос гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

-Хохирогч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр (1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал),  2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр (1 дэх хавтаст хэргийн 8-9 дэх тал), 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр (6 дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал) тус тус өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд өгсөн түүний мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...******* ирээд “авто машиныг хүнд үзүүлэхээр болсон” гэхээр нь *******оос утасдаж “Бат- Эрдэнэ машиныг чинь авч яваад хүнд үзүүлнэ гээд байна, түлхүүрийг нь өгч болох юм уу” гэж асуухад “болно, түлхүүрийг нь өгчих хүнд үзүүлж зарах гэж байгаа юм” гэхээр нь авто машины түлхүүрийг *******д өгөхөд машин унаад гараад явсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),

- Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 153 дахь тал),

-С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 2 дахь тал) болон иргэний хариуцагчаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр (5 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал), 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал) болон шүүх хуралдаанд түүний өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),,

-Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:... Би тоот дансыг эзэмшдэг боловч найз Ц.******* ...найзынх нь дансыг хаасан, чамд ашиглуулах Хаан банкны данс байна уу” гэхээр нь дээрх тоот дансны картыг, нууц дугаарын хамт хэлж өгсөн. ... дансны картыг авснаас хойш одоог болтол ашиглаад явж байгаа, би ашиглаагүй 1 жил болж байна. ...Ц.*******тэй ярьж байгаад мөнгө шилжүүлж авсан үеийнх нь цаг хугацаагаар дансны хуулгыг гаргуулж авчирсан, үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тоот данснаас *******д зээл олгон машин барьцаалсан гэсэн утгатай 36,500,000 төгрөг шилжин орж ирж гүйлгээ хийгдсэн байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал) болон Баярт овогтой ийн Хаан банканд эзэмшдэг тоот дансны хуулга. (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),

- Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 149 дэх тал),

- Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 151 дэх тал),

- Яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 219-221 дэх тал, 4 дэх хавтас 112-116 дахь тал), 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр (3 дахь хавтаст хэргийн 122 дахь тал), 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр (6 дахь хавтаст хэргийн 154-156 дахь тал) тус тус өгсөн мэдүүлгүүд болон түүний шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

- ОХУ-ын иргэн Курбатов Виталий Петрович, О.******* нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ (6 дахь хавтаст хэргийн 161-164 дэх тал),

- О.*******оос гаргаж өгсөн автомашиныг хилээр оруулж ирсэн талаар  Орос хэл бичигдсэн “Доверенность” гэсэн бичигтэй баримтууд (1 дэх хавтас хэргийн 55-59 дэх тал),

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.*******аас гаргаж өгсөн: №88 дугаартай “Итгэмжлэл”, "Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” гэсэн нэртэй баримтууд, “Гараар бичсэн мөнгө хүлээлцсэн баримтууд (1 дэх хавтас хэргийн 61-68 дахь тал, 5 дахь хавтас 219 дэх тал) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Мөн шүүгдэгч Ц.******* нь хохирогч Г.т Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт’’-д багтсан мөнгөн ус /Hg/-ыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ойн 1-1 тоотоос болон  Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Юнайтед” худалдааны төвд байрлах АТМ-ээс Хаан банк дахь ийн ын эзэмшлийн тоот харилцах дансаар дамжуулан 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөг шилжүүлснийг Хаан банк дахь Ц.ийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч залилан, нийт 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г.ээс гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал),

-Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 90, 115-117 дахь тал) болон 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (7 дахь хавтаст хэргийн 205 дахь тал),

-Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал), Г.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 142-143 дахь тал),

-Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: ... Хаан банкны дугаарын дансаа, картын хамт *******д өгч ашиглуулж байгаад 2020 оны 12 дугаар сард буцааж авсан. *******д байх хугацаанд миний дансаар хэчнээн төгрөг орж гарсан орлого, зарлага бүгд Бат-Эрдэнийнх. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 130-131 дахь тал),  Б.ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 132-137 дахь тал),

-Г.ээс гаргаж Альфатай гэх хүнтэй чатаар харилцсан мессенжерийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 195 дахь тал),

-Яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: ... холбогдоод “наадах чинь найдвартай бол авмаар байна, уулзъя” гээд дахин уулзаад ярилцахдаа “5-10 хоногт оруулж өгч болох юм байна” гээд эхний ээлжид 3,0 сая төгрөг, маргааш нь 7,0 сая төгрөгийг Хаан банкны найз ийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан. Энэ үед ийн Хаан банкны данс болон картыг нь ашиглаж байсан. ...”гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 152-154 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

Түүнчлэн Залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусад өмчлөх эрхийн хэргээс ялгагдах, тухайлбал бусдын өмчийг хулгайлах гэмт хэргээс ялгарах үндсэн шинж нь хохирогчийн хандлага, субьектив шинж чанар байдаг бөгөөд тэрээр хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт этгээдийн үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгч байдаг бол хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээд эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөртөө шилжүүлэн авдаг тул хохирогчид дээр дурдсан хандлага, субьектив шинж чанар үгүйсгэгдэж байдаг. Тодруулбал залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт этгээдтэй бодит байдлаар шууд харилцаж байгаа, оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт этгээдийн зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа хүн байдаг. Гагцхүү энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно. 

Хохирогч О.*******ийг хохироосон хэргийн тухайд: Шүүгдэгч Ц.******* нь хохирогч О.*******ид хохирол учруулсан хэрэгт гэм буруугийн талаар маргаагүй.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.*******, хохирогч О.******* нар иргэн Н.ээр дамжуулан танилцсан ба хохирогчид машины захиалга ирсэн тул уг машиныг олох шаардлагатай байгаа талаар Н.д хэлэхэд Ц.*******д хэлснээр түүгээр дамжуулан улмаар хамт явж Казакстан улсаас “Lexus” 450d маркийн хар хөх өнгийн машиныг О.******* худалдан авч, Монгол Улсад оруулж ирж, автомашиныг худалдан борлуулах зорилготой худалдааны төвд байршуулсан байхад нь шүүгдэгч Ц.*******эс “БНХАУ-ын иргэнд үзүүлье, таны машиныг сонирхоод байна” гэж хуурч хохирогчийн зөвшөөрлийн үндсэн дээр авч явсан, улмаар 2017 онд үйлдвэрлэгдсэн, “*******” арлын дугаартай, Lexus LX 450D маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй автомашиныг өөрийн хувийн хэрэгцээ шаардлагад зээл авахаар иргэн С.*******д зээлийн барьцаанд барьцаалж зээл аван, автомашиныг буцаан авалгүйгээр О.*******ид эд хөрөнгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд:  

-иргэний хариуцагчаар С.*******аас: автомашин барьцаалж Ц.*******д зээл олгохдоо зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, итгэмжлэл хийсэн, нотариатаар зээлийн болон барьцааны гэрээг гэрчлүүлсэн. гэж,

эрч Д.ээс: “...С.*******аас Ц.******* нь мөнгө зээлж байгаа гэсэн. Ингээд зээлийн гэрээг байгуулж, зээлийн барьцаа болгож Lexus 450 Ди маркийн автомашиныг барьцаалсан тул 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 88 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Тухайн барьцаалж буй автомашины бичиг баримт нь 07-2141003-19-i30477R дугаар бүхий гаалийн бичгийн хамт хувийн байдлыг нь тогтоох баримт бичигтэй байсан учраас талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн. гэж (1хх27-28), түүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт: ...Зөвхөн гаалийн мэдүүлэг үзүүлсэн. гэж (4хх196),

эрч Б.ээс: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 88 дугаартай итгэмжлэл хийгдсэн.., өөрсдөө гаалийн мэдүүлгийн хуудастай байсан. Тухайн хуудас нь эх хувиараа байсан учир түүнийг нь үндэслэн итгэмжлэл хийсэн. гэж (1хх29), мөн түүний дахин 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Бат-Эрдэнэ нь тухайн тээврийн хэрэгслийн үнийг төлөөд өөрийн эзэмшилд авсан тухай гаалийн мэдүүлэг нь байсан. ...Одоо болтол гаалийн мэдүүлгээс хийж, уг итгэмжлэлийг авсан этгээд нь бусдад зарж борлуулах, Авто тээврийн үндэсний төв бүртгэлээ хийгээд явж байгаа. Бат-Эрдэнийн итгэмжлэлээр ******* нь төлөөлөх эрх үүссэн юм. ...Надаар итгэмжлэл хийлгэхдээ *******, ******* нар иргэний цахим үнэмлэх болон гаалийн мэдүүлэгтэй орж ирсэн. гэж  (4хх198-199) тус тус мэдүүлжээ.

Харин нөгөө талаас шүүгдэгч Ц.*******эс яллагдагчаар мэдүүлэхдээ “...Автомашиныг *******ийн зүгээс захиран зарцуулах ямар нэгэн эрх болон эрх зүйн баримт бичиг үйлдээгүй, тухайн автомашин нь гаалиар орж ирж албан татвар төлөгдөөгүй, Монгол Улсын автомашины дугаар авагдаагүй байсан учраас С.*******д барьцаанд тавихад болохгүй байсан. Танил дүү Уугий, Амгаа нарт хандаж “гадаад улсын иргэн уг автомашиныг надад худалдан борлуулсан гэсэн итгэмжлэл хэрэгтэй байна” гэдгийг хэлж 400,000 төгрөгийг бэлнээр болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ид анх автомашиныг худалдах гэрээг хийж өгсөн Орос Улсын иргэний гадаад паспортын хуулбар зэргийг өгөөд явуулсан чинь маргааш нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар батлуулсан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг бүхий 2 хуудас материалыг авчирсан. Би уг 2 материалын дагуу С.******* дээр очиж нотариатаар батлуулж 140,000,000 төгрөгийг авч барьцаа болгож *******ийн автомашиныг барьцаанд өгсөн. Ингээд би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Казакстан улс руу онгоцоор нислэг үйлдэж явсан. 140,000,000 төгрөгөөр шашны энергийн бараа авч Казакстан улсын Алмата хотод зарж борлуулахаар очсон. гэж мэдүүлжээ. (1хх42-43).

 

Дээрхээс дүгнэвэл хохирогч О.*******оос шүүгдэгч Ц.*******д өөрийн автомашиныг захиран зарцуулах, худалдах, барьцаалах эрхийг хуульд заасны дагуу  олгоогүй, харин шүүгдэгчээс автомашиныг барьцаалах шаардлагыг хангахад хэрэгтэй бичиг баримтыг хуурамчаар бусдаар үйлдүүлсэн үйл баримт байна гэж үзэх үндэслэл байх тул зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг нь хуулийн шаардлагад нийцэхгүй, хууль бус мөн нотариатчаас баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах ажиллагааны хүрээнд шалгасан эсэх нь эргэлзээтэй гэж үзэхээр байна.

Иймд хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчийг төөрөгдөлд оруулан худал хэлж, хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч буцаан төлөх бодит боломжгүй нөхцөл байдалтай байсан атлаа хөрөнгийг бусдад зээлийн барьцаанд тавьж залилах гэмт хэрэг үйлджээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчдөөс О.*******ийг хохирогч мөн эсэхийг нотлох баримт байхгүй байна гэж мэтгэлцсэн ба, дараах үндэслэлээр шүүх үгүйсгэв. Хохирогч О.*******оос ”...ОХУ-ын иргэнээс 2017 онд үйлдвэрлэгдсэн, “*******” арлын дугаартай, Lexus LX 450D маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй автомашиныг худалдан авч, мөнгийг нь өөрөө бүгдийг төлсөн талаар, мөн Монгол Улсын тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, гаалийн татварыг төлж амжаагүй байсан талаар мэдүүлснийг шүүгдэгч Ц.******* үгүйсгээгүй бөгөөд тодруулбал тэд хамтдаа Казакстан Улс руу явж автомашиныг Монгол Улсад оруулж ирсэн, мөнгийг О.******* төлсөн нь үнэн гэж мэдүүлсэн, эдгээр мэдүүлгийн эх сурвалж нь ОХУ-ын иргэн Курбатов Виталий Петрович, О.******* нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн ******* арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээ (6хх161-164)-р батлагдсан, тэдгээрийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй, хэдийгээр Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг О.*******ийн нэр дээр бүртгэсэн албан ёсны бичиг баримтгүй боловч түүний хөрөнгөөр худалдан авсан талаар талууд маргаагүй юм.

 

Хохирлын хэмжээний тухайд: Прокуророос шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг хохирогч О.*******ийн 270,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг залилан авч, тус хэмжээгээр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн буюу хохирлын хэмжээг 270,000,000 төгрөгөөр тогтоож шүүхэд ирүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/135 дугаартай тайлангаар 2017/8 сард үйлдвэрлэгдсэн, Lexus LX 450 D маркийн машин нь өнгө үзэмж, техникийн байдал, цаашид ашиглагдах боломж зэргээсээ шалтгаалж 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 270,000,000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов. гэсэн байна.  (1хх31)

Дээрх тогтоосон хохирлын хэмжээнд оролцогчдоос зөвшөөрөхгүйг илэрхийлж,  үндэслэлээ хохирогч О.*******оос 170,0 сая, 230,0 сая, 270,0 сая гэж гурван өөр дүн ярьж байна, мөн худалдах худалдан авах гэрээнд 39,200 ам доллар гэж бичсэн, уг мөнгийг хүлээн авсан гэж ОХУ-ын иргэн гараар бичсэн. Энэ үнийн дүнг тэр үеийн ханшаар тооцвол нэг ам доллар  2702.48 төгрөг гэж үзвэл 105,952,504 төгрөг болж байна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орос улсын иргэнээс Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор дамжуулан оруулж ирсэн “Lexus 450” маркийн хар хөх өнгийн машиныг 56,000 ам.доллар буюу 170,000,000 төгрөгөөр худалдан авч, авсан даруйдаа өөрөө жолоодож Улаанбаатар хотод ирсэн. ...Би тухайн автомашиныг 230,000,000 төгрөгөөр зарж борлуулахаар машин худалдааны зах дээр байрлуулсан, ...би 170,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ....230,000,000 төгрөг нэхэмжилнэ. (1хх7) гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... 270,000,000 төгрөг нэхэмжилнэ. 39,200 ам доллар тухайд нотариатад бага мөнгө төлөх зорилгоор зориуд үнийн дүнг багасгаж бичсэн, автомашиныг бодитоор бол 57,000 ам доллароор худалдан авсан, мөн Казакстан улсаас авчрах гурван хүний онгоцны тийзийн төлбөр, хоол хүнс, машиныг газраар авчрах шатахууны зардал зэрэг гарсан зардлыг нэмж нийт 170,000,000 төгрөг болсон юм.” гэж мэдүүлэх бөгөөд уг дүнг шүүгдэгч Ц.******* үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Хохирогч нь “Lexus 450” маркийн хар хөх өнгийн автомашиныг 2019 оны 11 дүгээр сард сард Монгол Улсад авчирсан байх ба, Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт нь 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар Монгол Улсын зах зээлийн дунджаар 270,000,000 төгрөгөөр үнийг тогтоосон, хохирогч нь нэхэмжлэлийн үндэслэлээ автомашиныг худалдан борлуулах байсан, мөн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээр нэхэмжилсэн гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Иймд 2017 онд үйлдвэрлэгдсэн, “*******” арлын дугаартай, Lexus LX 450D маркийн автомашиныг худалдан авахад болон түүнтэй холбоотой гарсан зардлыг нэмж бодитоор хохирогчийн худалдан авсан нийт үнийн дүн 170,000,000 төгрөг болох нь тогтоогдож байх тул уг дүнгээр бодит хохирлыг тооцох хууль зүй үндэстэй гэж шүүх дүгнэв. Шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар заавал баримтлах шаардлагагүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/135 дугаартай тайланг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Тиймээс прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хохирогч О.*******ид учруулсан хохирлыг 270,000,000 төгрөгөөр ирүүлснийг шүүх зөвтгөн 170,000,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцсон, энэхүү байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн.  

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч О.*******оос эд хөрөнгийг худал хэлж хуурч шилжүүлэн авсан атлаа, мөн бусдад барьцаалах эрхгүй гэдгээ мэдсээр байж барьцаанд тавьж, өөрийн хэрэгцээнд зээл авч буй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, амар хялбар аргаар мөнгө олох шунахай сэдэлтээр үйлджээ.

 

Хохирогч Г.ийг хохироосон хэргийн тухайд:

Шүүгдэгч Ц.*******эс хохирогч Г.ийг залилаагүй гэж гэм бурууд  маргаж оролцсон, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Г.т холбогдох хэрэг эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэнийг хүлээн аваагүй болно.

Хэргийн үйл баримтаар хохирогч Г. нь хүнд ус гэж нэрлэх буюу мөнгөн ус авахаар Ц.*******д хандахад надад хүнд ус 5 литр байна урьдчилгаа, 10,000,000 төгрөг өгчих, тэгвэл би бариад очъё” гэж итгүүлж, улмаар түүний өгсөн дансанд дээрх мөнгийг хохирогч шилжүүлсэн, уг мөнгийг шүүгдэгч Ц.******* хүлээн авсан талаар харилцан мэдүүлсэн. Харин шүүгдэгчээс бид хоёулаа харилцан ашиг олох зорилготой байсан гэж мэдүүлэх боловч хохирогчоос шилжүүлсэн мөнгөнд түүний авахаар тохиролцсон эд зүйлийг шилжүүлээгүй болох нь тогтоогджээ.

Иймд хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь хохирогч Г.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь бусдын данс ашиглан шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байх ба уг гэмт хэргийг амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой шунахай сэдэлттэй үйлджээ. Мөн хохирогч Г.т хохирлыг сүүлд нөхөн төлсөн байдал нь түүний үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд  гэм буруугийн санаатай хэлбэрээр тус гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Залилах хэргийн зүйлчлэлийн тухайд: Шүүгдэгч Ц.******* нь хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан хохирогч О.*******ид 170,000,000 төгрөгийн, хохирогч Г.т 10,000,000 төгрөгийн, нийт 180,000,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн “бол дээрх заалтаар хүндрүүлэн зүйлчлэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирол, хор уршиг”-ийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно., 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мян төгрөгтэй тэнцүү байна. гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хохирлын хэмжээг тайлбарлавал 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээ нь их хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 180,000,000 төгрөгийн хохирол нь их хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ц.******* хувийн байдлын хувьд урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял шийтгэгдэж байсан байх боловч дахин хоёр удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байгаа эсэхэд дүгнэлт хийсний эцэст тус хэргийн шинж байгаа эсэхийг тодорхойлох нь зүйтэй байна

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн тухайд урьд залилах гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэгдсэн боловч дахин хоёр удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч О.*******оос 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, хохирогч Г.ээс 2020 оны 08 дугаар сарын 15, 18-ны өдөр тус тус эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх ба цаг хугацааны давтамжийн хувьд байнга үйлдсэн гэх, эсхүл амьжиргааныхаа эх үүсвэр болгохоор байнга эрэлхийлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Нөгөө талаар хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь хохирогч нараас авсан мөнгөнөөс гаднын улс оронд бараа захиалсан боловч алдагдал хүлээсэн зэрэг өөртөө өр үүсгэх байдлаар зарцуулсан гэж үзэхээр байх тул хохирогч нараас авсан мөнгийг амьдралын эх үүсвэр болгосон гэх буюу гэр бүлдээ зарцуулсан, амьжиргааны, эдийн засгийн эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж дүгнэсэн.

Харин прокуророос түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэсгийг журамлаагүй зөрчилтэй байгааг шүүх зөвтгөв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. гэж заасан бөгөөд шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр хоёр хохирогчоос эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн тул түүнд дээрх хуулийг зохицуулалтыг журамлах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.2 Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан хэргийн талаар:

-Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл хугацаанд ******* дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 3 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын  “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 ширхэг бортоготой мөнгөн ус (Нg)-ыг хууль бусаар хадгалсан үйл баримт нь:

-Экологийн цагдаагийн албанаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “******* дүүргийн 2 дугаар хороо 61 дүгээр байрны 34 тоотод химийн бодис хадгалж байна” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал),

-2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороо 61 дүгээр байрны 34 тоот орон сууцанд үзлэг хийж, 5 ширхэг бортоготой улаан мөнгөн ус гэх зүйл, түүнийг хийж хадгалж байсан ногоон төмөр хайрцаг 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 174-178 дахь тал),

-2021 оны 2 дугаар сарын 26-ны Луна-М СГМ бичиглэлтэй ногоон өнгийн савтай зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 179-183 дахь тал),

-2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр: “ногоон өнгийн төмөр саванд хийсэн, гадуураа төмөр хамгаалалтын гэртэй 5 ширхэг шилэн савлагаатай тус бүр нь 1965 грамм ягаан өнгийн бодисыг” Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол. (3 дахь хавтаст хэргийн 187 дахь тал),

- Цөмийн болон цацрагийн хяналтын шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн: “...Мөнгөн ус бүхий шилэн бортогоны хаяг болон дагалдах бичиг баримтыг шалгахад Стронций-84 (056%), Стронций-86 (9.86%), Стронций-87 (7.02%), Стронций-88 (82.56%) гэсэн изотопын тэмдэглэгээтэй байсан. Тус изотопууд нь цацраг идэвхт чанаргүй бөгөөд байгаль дээр оршдог тогтвортой изотоп юм. Энэ нь цацрагийн хэмжилтийн дүнтэй нийцэж байна. гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 203-205 дахь тал),

-Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №1/84 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 210-212 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч, хохирогч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 8 дахь тал),

-Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал) болон 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 10 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.******* нь тус гэмт хэрэгт гэм бурууд маргаагүй.