| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0082/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагвын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Д, М.Х нарт холбогдох эрүүгийн 2216002090066 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй, ************* их эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ******* регистрийн дугаартай, О овогт Ш-н Д.
Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ************* мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ******* регистрийн дугаартай, Ц овогт М-н Х.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Д, М.Х нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Д Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** бөгөөд Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч М.Х-тай хамтран орон тооны бус зөвлөлийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болсон мэтээр тэмдэглэл үйлдэн И.Ж-д үхрийн аж ахуй эрхлэх зориулалтаар 15,000,000 төгрөгийн, А.Д-д хүлэмжийн ногооны аж ахуй эрхлэх зориулалтаар 8,000,000 төгрөгийн, М.Д-т үхрийн аж ахуй эрхлэх зориулалтаар 15,000,000 төгрөгийн, Н.Б-д өндөгний үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 22,000,000 төгрөгийн, Д.Т-д Алтайн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 22,000,000 төгрөгийн, М.Д-д үхрийн аж ахуй эрхлэх зориулалтаар 20,000,000 төгрөгийн нийт 102,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/87 дугаартай сумын засаг даргын захирамжаар зээлийг олгосон болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/87 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар нэр бүхий иргэдэд зээл олгосон зээлийн хурлын талаар цахим баримт тэмдэглэл /дуу, дүрсний бичлэг/ гэж байдаггүй... Захирамжаар нэр бүхий иргэдэд олгосон зээлд хяналт тавьсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавьсан баримт намайг ажил авахад ирээгүй... Нэр бүхий иргээд зээл олгосноос өнөөдрийн байдлаар зээлээ бүрэн төлсөн. Одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.Т, М.Б нар нь 2018 онд сүү, цагаан идээ боловсруулах төсөл бичиж сангаас 22 сая төгрөгийн зээл авсан. Намайг 2021 оны 01 дүгээр сард ажилд ороход дээрх хоёр иргэн нь зээл авснаас хойш төлөлтөө огт хийгээгүй байсан. Хүү, алдангитай нийлээд 24 сая төгрөг болсон байсан. Ингээд би зээлийг нь төлүүлэх зорилгоор Б.Т-тэй утсаар ярьсан, нэг удаа гэрт нь очиж зээлээ төлөх талаар хэлж шаардахад “удахгүй төлнө” гэдэг зүйл тайлбарладаг байсан. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахаар нь миний санаж байгаагаар 2021 онд эвлэрүүлэн зуучлагчид нэхэмжлэл гаргаж өгсөн. Эвлэрүүлэн зуучлагчаас хариуцагч тал болох Б.Т, М.Б хоёрыг дуудаж эрх үүрэг танилцуулсан чинь хоёулаа “бид хоёр зээл аваагүй, тэр 22 сая төгрөгөөс ямар ч мөнгө төгрөг аваагүй, зээлийн мөнгө дансанд ороход Засаг даргын орлогч А бэлнээр гаргуулж авсан, машин дотор нь оруулж өгсөн гэж эвлэрүүлэн зуучлагчид хэлсэн. Ингээд эвлэрүүлэн зуучлагчаар эвлэрэх ямар ч боломжгүй шал өөр нөхцөл байдал үүсэхээр нь сумын засаг дарга А.А-т хэлж тайлбарлаад аймгийн прокурорын газарт албан бичгээр хандсан юм... Би дотоод аудитын Б, Б хоёртой хамт Т-н гэрт нь очиж төслийн үйл ажиллагааг шалгах гэхэд төсөл хэрэгжүүлээгүй гэдэг нь илтэд байсан. Өөрөө ч гэсэн ямар нэгэн төсөл хэрэгжүүлээгүй, мөнгө төгрөг аваагүй, А сум хөгжүүлэх сангаас авсан 22 сая төгрөгийг авсан гэж тайлбарладаг... Уг нь хүү, алдангитай нийлээд 24,223,402 төгрөг байсан юм. Тэрнээс төлөөд үлдэгдэл нь яг 5 сая төгрөг төлөгдөөгүй байна ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/
3. Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг нэг өдөр гэртээ байж байсан чинь Есөнбулаг сумын Засаг даргын ***** А над руу утсаар яриад “чи надад сум хөгжүүлэх сангаас зээл аваад өгөөч, би авсан зээлээ сар, сардаа хугацаандаа төлөөд дуусгана тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь би нэгдүгээрт хүнд тусалъя, хоёрт би өөрөө ямар тэр мөнгийг төлөх биш гээд “...за, за тэгье...” гээд зөвшөөрчихсөн юм. Тэгээд маргааш өдөр нь А дарга намайг захиргааны доор байдаг нэг цонхны үйлчилгээний төв дээр бичиг баримтаа аваад хүрээд ир гээд дуудахаар нь яваад очсон чинь манай нөхөртэй хамт аймгийн захиргаанд цуг ажилладаг байсан Б гээд эгч цуг байж байсан. Тэгээд нэг цонхны хажуу талын нотариатаар орж зээлийн гэрээ болон баахан бичиг цаасан дээр Б эгч бид хоёроор гарын үсэг зуруулж авсан. Тэгээд маргааш өдөр нь миний Хаан банкны 5********** тоот данс руу 22,000,000 төгрөг шилжигдэн орсон. Мөнгө шилжигдэн орсны дараа А дарга над руу утсаар яриад “ чиний дансанд мөнгө орсон байх ёстой, данснаасаа наад мөнгөө аваад надад өгөөч” гэсэн. Тэгээд би Хаан банк дээр очиж бичиг баримтаараа теллерээс бэлнээр 22,000,000 төгрөгийг гаргаж аваад А руу утсаар яриад мөнгөө авчихлаа гэсэн чинь би банкны гадаа машиндаа байна гэсэн. Тэгээд машиныг нь заалгуулж очоод торонд хийсэн тэр 22 сая төгрөгийг бүгдийг нь өгсөн... Би ямар ч төсөл бичээгүй. А миний өмнөөс л наад төслийг чинь бичсэн байх, нэг цонхны үйлчилгээ дотор Б эгч бид хоёроор баахан бичиг цаасан дээр гарын үсэг зуруулаад байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/
4. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Иргэний үнэмлэхтэй явж байхад Т таараад зээл авахад батлан даагчаар гарын үсэг зуруулсан. Би энэ талаар огт мэдээгүй байж байгаад өмнө онд эвлэрүүлэн зуучлалаас дуудахад мэдсэн бөгөөд Т-с яасан талаар асуухад “...А даргад бэлэн өгсөн...” гэж хэлсэн ... Т-н сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгийг яг хэн авсан талаар мэдээгүй байж байгаад 2022 онд эвлэрүүлэн жуучлалд дээр очоод Т зээлийн мөнгийг А даргад өгсөн гэж хэлж байгаа юм. Түүнд өсөн гэсэн ямар нэгэн баримт байхгүй бэлнээр өгсөн гэсэн. Эвлэрүүлэн зуучлал дээр А-н ээж нь гэж нэг настай хүн ирээд мөнгийг би авсан гэсэн боловч Т зээлийн мөнгийг А даргад өгсөн ээжид нь өгөөгүй гэж байгаа юм. Энэ асуудлыг би 4-5 жилийн дараа мэдэж байгаа бөгөөд тухайн үед ийм их мөнгө авсан гэдгийг мэдсэн бол зурахгүй байсан. Би Т-с энэ их мөнгийг яах гэж авсан талаар асуухад Т нь өөрөө аваагүй А даргад авч өгсөн гэдэг юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/
5. Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Комиссын гишүүн гэдгээ бол мэдэж байсан. Есөнбулаг сумаас надад таны нэрийг оруулсан байгаа шүү гэж хэлж байсан ... Х над руу хэд хэдэн удаа утсаар яриад төсөл сонгон шалгаруулах зөвлөл хуралдах гэж байна шүү гэж хэлж ярьж байсан. Гэхдээ би тухайн үед Улаанбаатар хот эсвэл хөдөө ажлаар явж байсан болохоор хуралд нь очиж суугаагүй. Миний хувьд төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралд нь өөрийн биеэр сууж оролцоогүй болохоор хурал болсон үгүйг хэлж мэдэхгүй ... Орон тооны бус зөвлөлийн олонхын саналаар тухайн төслийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн байдлаар саналаа нэгтгэдэг. Тэгээд аль олон санал авсан төсөл хэрэгжүүлэгч иргэнд сум хөгжүүлэх сангаас зээл олгогдох ёстой. Гэвч би ямар нэгэн хуралд суугаагүй болохоор хурдын үйл явцын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/
6. Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Намайг сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүнээр оруулсан байгаа шүү гэж Есөнбулаг сумаас хэн нэгэн хүн утсаар хэлж мэдэгдэж байсан. Чухам тэр үед хэн тэгж хэлснийг бол санахгүй байна. Миний нэрийг яагаад оруулсныг бол мэдэхгүй байна. Би ямар нэгэн хуралд огт суугаагүй. Тэрийгээ бол сайн мэдэж байна. Хэрэв ямар нэгэн хуралд суусан бол би тэр талаараа тодорхой санана шүү дээ... Би ямар нэгэн хуралд суугаагүй болохоор Т гэж хүний төслийн тадаар тодорхой мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/
7. Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2017, 2018 оны үеэр санагдаж байна. Тухайн үеийн он, сар, өдрийг санахгүй байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ************** ажиллаж байсан Ш.Д тухайн үед миний ажил болох Хаан банкин дээр ирж надтай уулзсан. Уулзаад төслийн сонгон шалгаруулалтад гишүүнээр орооч, банк санхүүгийн мэдлэгтэй хүн байвал хэрэгтэй байна гэж хэлээд намайг гишүүнээр орооч гэсэн санал тавьсан. Тухайн үед би дахин ярилцаж байгаад болъё гэх хариу хэлсэн. Надад тухайн үед болон дараа нь гишүүн болсон эсэх талаарх хариу мэдээлэл, албан ёсны бичиг тоот өгөөгүй. Дараагаар нь Есөнбулаг сумын тамгын газраас 1 удаа хүн залгаж яриад сум хөгжүүлэх сангийн сонгон шалгаруулалт болох гэж байна та хуралдаа ирж сууна уу гэж хэлсэн. Тэгээд би ажилтай байна, албан ёсны гишүүн болсон эсэхээ баталгаажуулж байж хуралдаа сууна гэж хэлсэн. Тэгээд надтай дахин энэ талаар хүн холбогдож байгаагүй. Би тухайн зөвлөлд гишүүнээр байдаг эсэхээ одоо ч мэдэхгүй байгаа ... Би нэг ч хуралд сууж байгаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 107 дугаар хуудас/
8. Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... өнгөрсөн оны 5, 6 сарын үед байх Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А над руу чат бичсэн. Ямар утгатай чат байсан бэ гэхээр “...миний таньдаг хүн сум хөгжүүлэх сангаас зээл аваад мөнгөө төлж дуусгаагүй, гэрээнийх нь хугацаа дуусаж байгаа юм байна, чи Ц-д хэлээд шүүх, прокурор руу шилжүүлэхгүйгээр 08 дугаар сар хүртэл хугацааг нь сунгаад өгөөч, 08 дугаар сард бүгдийг нь төлөөд дуусгана” гэхээр нь би тасгийнхаа мэргэжилтэн Ц-д А-н гуйсан зүйлийг дамжуулж хэлээд наад хүн чинь 8 дугаар сард төлөөд дуусгах юм байна, түр хойшлуулаад өгөх боломж байна уу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/
9. Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны хавар манай эхнэр /Т/ надад “А сум хөгжүүлэх сангаас зээл аваад өгөөч, гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч, зээлийн мөнгийг сар, сард нь цаг хугацаанд төлж дуусгана гээд гуйгаад байна яах уу” гэхээр нь би “тэгээд тэр хүн чинь цаг хугацаандаа төлөх юм уу чи өөрөө мэдэхгүй юу даа” гэж хэлсэн. Тэгсэн нэг мэдсэн зээлийг нь аваад өгчихлөө гэж хэлсэн. Өнгөрсөн намраас эхлүүлээд Есөнбулаг сумаас манай эхнэрийг авсан зээлээ төлөхгүй байна гээд шаардаад эхэлсэн. Тэрний дараа эхнэр маань шүүх дээр дуудагдаж очсон байсан. Тэр зээлийг авахуулсан хүн нь А байгаа юм. Т бид хоёр сум хөгжүүлэх сангаас ямар ч зээлийн мөнгийг ахуй амьдралдаа хэрэглээгүй ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/
10. Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М-н Х гэж хүнийг танина. Миний төрсөн эгч ... Би Төгрөг сумд мах, сүүний чиглэлээр үхрийн ферм ажиллуулах зорилгоор төсөл бичээд Есөнбулаг сумын засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт өгч байсан. Тэгээд зээл олгогдохоор боллоо гээд Тамгын газрын бичиг хэргийн ажилтан гэх эмэгтэй утсаар хэлж мэдэгдсэн. Тэгээд миний Хаан банкны 5*********** тоот данс руу 15 сая төгрөг шилжигдэн орж байсан... Тухайн үед манай эгч Х машин авах гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь сум хөгжүүлэх сангийн мөнгөнөөс эгчийн данс руу 7 сая төгрөгийг шилжүүлсэн. Эгч надаас авсан 7 сая төгрөгийг 7 дугаар сард буцааж бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас/
11. Гэрч А.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2018 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сум хөгжүүлэх сангаас хүлэмж барьж ногоо тарихаар төсөл бичиж 8,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн мөнгийг хүлэмж авахад зарцуулж одоо болтол ногоо тарьж байгаа ... Авсан зээлийг бол бүрэн төлөөд дууссан... Сум хөгжүүлэх сангаас зээл авахад ямар нэгэн хуралд оролцоогүй. Төсөл болон холбогдох материалаа өгсний дараа миний төсөл тэнцсэн гээд зээлээ авсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас/
12. Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2018 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сум хөгжүүлэх сангаас тахиа үржүүлж, өндөг худалдан борлуулахаар 22,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд үйл ажиллагаа явуулж эхлээд амжилт олоогүй дууссан. 2018 оны 05 дугаар сард Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 152-154 дүгээр тал/
13. Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сум хөгжүүлэх сангаас үхрийн ферм байгуулна гэж 20,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 8 тооны үхэр авсан... Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас/
14. Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2016-2020 онд төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд ганц, хоёр удаа суусан. Чухам ямар ямар төсөл хэлэлцэх хуралд сууж байсныг одоо 4, 5 жил өнгөрсөн болохоор сайн санахгүй байна. Гэхдээ олон удаагийн хуралд бол суугаагүй. Учир нь сум хөгжүүлэх сан нь хөрөнгө, мөнгө нь бүрдэхгүй байгаа гээд нээх олон удаа болоогүй... Яг энэ төслийн /Б.Т/ тухайд бол санахгүй байна. Хэрвээ хэлэлцэгдсэн бол хурлын тэмдэглэлд байх ёстой. Дүрэм, журамдаа төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хурлын тэмдэглэлийг бичих ёстой байдаг юм... 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Есөнбулаг сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн зээл олгох хэсгийн хурлын тэмдэглэлийг уншиж танилцлаа. Би энэ хуралд суугаагүй учир ийм зүйл яриагүй. Намайг хуралд оролцож санал хэлсэн гэж худлаа бичсэн байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 97-98, 100-101 дүгээр хуудас/
15. Гэрч Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2015-2021 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажиллах хугацаанд миний ажлын үндсэн чиг үүрэгт Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах талаар ямар нэгэн чиг үүрэг байдаггүй байсан. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах ажлыг тухайн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ****** ажиллаж байсан Х хариуцан ажиллаж байсан... Хөрөнгө зарцуулж байгаа бүх захирамж дээр Төрийн сангийн мэргэжилтэнд даалгасан байдаг тул миний нэр дээр бүгд байгаа. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №А/87 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” Засаг даргын захирамжийг би хэрхэн хэрэгжүүлсэн гэхээр нэг дүгээр гарын үсэг буюу Засаг дарга Ш.Д, хоёр дугаар гарын үсэг буюу ********** М.Х нар гарын үсэг зурсан төлбөрийн хүсэлт ирүүлснийг үндэслэн тухайн данс руу төрийн сангаар дамжуулан мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 166-169 дүгээр тал/
16. Гэрч Б.Т-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/
17. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаартай, 247 уулзалтуудын тэмдэглэлийн хуулбар /1-р хавтаст хэргийн 236-242 дугаар хуудас/
18. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн сум хөгжүүлэх сангийн баримтад 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүний хавсралтууд /1-р хавтаст хэргийн 246-250, 2-р хавтаст хэргийн 1-58 дугаар хуудас/
19. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/515 дугаартай “...Б-н Т нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэлгүй болсон нь үнэн болно...” гэх агуулга бүхий албан бичиг, дансны хуулганы хуулбар. /2-р хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/
20. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/84 дугаартай “...Сум хөгжүүлэх сангаас 2018 онд зээл авсан И.Ж нь 2021.06.29-нд, А.Д нь 2021.06.03-нд, М.Д нь 2021.06.30-нд, Н.Б нь 2022.07.01-нд, Б.Т нь 2022.10.24-нд, М.Д нь 2021.06.30-нд тус тус зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан...” гэх агуулга бүхий албан бичиг. /2-р хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/
21. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаартай “М.Х-г ******** ажилд томилох тухай” агуулга бүхий тушаалын хуулбар. /2-р хавтаст хэргийн 107 дугаар хуудас/
22. Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/103 дугаартай “Ш-н Д-г 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс Есөнбулаг сумын Засаг даргаар томилох тухай” агуулга бүхий захирамжийн хуулбар. /3-р хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/
23. Шүүгдэгч М.Х-н Хаан банк дахь 5********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хавтаст хэргийн 223-231 дүгээр хуудас/
24. Б.Т-н Хаан банк дахь 5********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /3-р хавтаст хэргийн 38 дугаар хуудас/
25. М.Д-н Хаан банк дахь 5********** дугаартай дансны дэлгэргүй хуулга. /3-р хавтаст хэргийн 122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал шүүгдэгч нар нь хамтран огт болоогүй сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийн хурлыг болсон мэтээр тэмдэглэл үйлдэн тухайн тэмдэглэлдээ дээрх нэр бүхий иргэдэд зээл олгохоор шийдвэрлэсэн мэтээр агуулга оруулан, уг тэмдэглэлээ үндэслэн сумын засаг даргын захирамж гаргаж зээлүүдийг олгон санд 102,000,000 (нэг зуун хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан нь уг гэмт хэргийн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах шинжийг хангана гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл “урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Шүүгдэгч нарын үйлдэл нь тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын дагуу орон тооны бус зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн төсөлд зээл олгох шийдвэрийг гаргах ёстой атлаа энэ үүргээ биелүүлэлгүй огт болоогүй хурлыг болсон мэтээр тэмдэглэл үйлдэн, зээл олгох шийдвэрийг гаргасан нь урвуулан ашиглах шинжийг хангана.
Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж өөрчлөн найруулсан. Гэтэл шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 05 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....нийтийн албанд томилогдох эрхийг 2-оос 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжээс 27,000 нэгжээр торгох, эсвэл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан байжээ. Өөрчлөн найруулсан хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдээгүй, хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдээгүй байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Д, М.Х нар өөрсдөд нь холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 102,000,000 (нэг зуун хоёр сая) төгрөгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ш.Д-н хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 7,000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000(долоон сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Х-н хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.Д-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Х-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Ш.Д-д оногдуулсан 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12(арван хоёр) сарын хугацаанд, шүүгдэгч М.Х-д оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 18(арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч О овогт Ш-н Д, Ц овогт М-н Х нарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Х-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан 6,000(зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12(арван хоёр) сарын хугацаанд, шүүгдэгч М.Х-д оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 18(арван найм) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Д, М.Х нарт сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д, М.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА