| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 187/2019/0453/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 85
Д.Э-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
цагаатгагдсан этгээд Д.Э-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 690 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Хурцын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр Д.Э-т холбогдох эрүүгийн 1910010030438 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Жамц овгийн Д.Э-, 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Д.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл Экспо” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт тус төвийн ажилтан Ч.Урантуяатай маргалдан нүүрэн тус газар нь тортой зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Э-ийг цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Прокурор Б.Хурц тус шүүхэд бичсэн эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруу нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн харьцаа байдаг. Шүүгдэгч Д.Э- нь маргааны улмаас Ч.Урантуяаг цохисон, түлхсэн аль нь боловч өөрийн үйлдэлдээ санаатай хандаж байгаа сэтгэхүйн харьцаа юм. Үүнийг шүүх “...харилцан түлхэлцэж байхдаа гэмтэл учруулсан нь тогтоогдсон.” гэсэн атлаа “...санаатай хэлбэрээр учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх ба дээрх үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа буюу болгоомжгүй гэж үзэж байгаа үндэслэлээ заагаагүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч Ч.Урантуяа, гэрч Б.Хандсүрэн, Б.Эрдэнэбат, яллагдагч Д.Э- нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4231, 1217/А дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байхад гэрч Б.Хандсүрэнгийн эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж дүгнэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Э-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хандсүрэнгээс “...аягаар нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлгийг өгдөг. Гэтэл тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...аягаар цохисон эсэхийг хараагүй...” гэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн аяга нь цаасан торон дотор байсан бөгөөд аяга нь дээшээ өргөгдөх боломжгүйгээр унаж хагарсан нөхцөл байдал байдаг. Мөн хохирогч Ч.Урантуяагийн өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа. Шүүгдэгч Д.Э- тухайн үед хохирогчийн уруул хагарсан байсан талаар мэдүүлдэг бөгөөд өрөөний камерын бичлэгийг авах хүсэлт гаргасан боловч аваагүй. Иймээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл бүрэн бий. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Д.Э-ийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл Экспо” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт тус төвийн ажилтан Ч.Урантуяатай маргалдан нүүрэн тус газар нь тортой зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Д.Э-ийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хохирогч Ч.Урантуяагийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг зориуд хүсч, учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдлээр тогтоох боломжтой.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор гэрч Б.Хандсүрэнгийн мэдүүлгүүдийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, түүний өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байдал нь цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Д.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 690 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН