Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 266

 

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШШ2017/0003 дугаар шийдвэртэй, Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3.4, 142 дугаар зүйлийн 142.1.10, 142.4, 143 дугаар зүйлийн 143.1.2, 143.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхбаярын “Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 23 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намаас нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0003 дугаар шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь 1. Нэг талыг барьсан буюу хэрэглэх хуулийг хэрэглээгүй, 2. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтыг үнэлээгүй, 3. Хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдлыг гаргаж байгаа ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх гомдлыг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо нь маргаан бүхий актаар Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 143.1.4-т “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль ёсны байх тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлага” гэдэг нь энэхүү маргааны хувьд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага болон 139 дүгээр зүйлийн 139.3.1-139.3.4 дэх хэсэгт заасан тусгай шаардлагыг тус тус ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д нэр дэвшигч нь “сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан”, 139 дүгээр зүйлийн 139.3.4-т “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн шаардлагыг заасан байх бөгөөд хариуцагч Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн хуульд заасан эдгээр шаардлагыг хангаагүй гэж үзэн нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй байна.

Учир нь, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн эрх бүхий этгээдийн гаргасан “ялтай” гэсэн тодорхойлолтын үнэн зөв эсэхийг шалгах, цаашлаад иргэний ял шийтгэлийн талаар тодорхойлох бүрэн эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй болно.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс “Өршөөлийн тухай хуульд хамрагдсан байхад Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хууль зүйн сайдын 2013 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын 38-д “...иргэн ялтай эсэх лавлагааг тодорхойлолтоор гаргаж өгөхдөө ... Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бол “ял шийтгэлгүй” гэсэн лавлагааг гаргаж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн” гэж маргадаг боловч Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын хууль бус үйл ажиллагааны талаар маргаагүй, өөрөөр хэлбэл, тус байгууллагыг хариуцагчаар татаагүй тул шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуульд зааснаар “сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэх шаардлагыг хангасан гэдгээ тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.5 дахь хэсэгт “анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэсний дагуу “гадаадын нэг улсад тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар оршин суугаагүй, харин хэд хэдэн гадаад улсад түр хугацаагаар зорчсон” гэж маргадаг. Гэвч хуулийн зорилго нь нэр дэвшигч нь “...сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд эх орондоо байнга оршин суусан байх”-ыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, “гадаадын нэг улсад тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар оршин суусан бол болохгүй, харин гадаадын хэд хэдэн улсад оршин суусан бол болно” гэсэн утгаар тайлбарлах нь хуулийн зорилгод нийцэхээргүй байна.

Түүнчлэн “гадаад улсад оршин суух гэдэг нь эрүүл мэндийн шалтгаанаар тодорхой нэг улсад зорчин эмчилгээ хийлгэсэн нэхэмжлэгчид хамааралгүй” гэж маргах боловч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэнэ” гэснээс үзвэл ямар шалтгаантай байхаас үл хамааран 180-аас дээш хоногоор оршин суухыг бүрмөсөн буюу байнга оршин суух гэж ойлгохоор байна. Харин уг хуулийн 26 дугаар зүйл нь шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх журмыг зохицуулсан тусдаа зохицуулалт бөгөөд уг журмын дагуу бүртгүүлэх нь иргэний үүрэг юм.

Хуулийн дээрх санааг Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1.10 дахь хэсэгт “сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан”-ыг иргэний бүртгэлийн байгууллага биш, харин “хилийн алба” тодорхойлохоор зааснаас харж болохоор байна.

Мөн Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичигт Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.10-т заасан хилийн албаны тодорхойлолтыг бус харин нэхэмжлэгчийн гадаад паспротын хуулбар болох 32 хуудас баримт ирүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагчаас мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.4-т заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй, иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан буюу хэрэглэх хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ