| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2019/00320/И |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-12-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 05
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржигон овогт Н.Л
Хариуцагч: Тайж овогт Д.У
Хариуцагч: “Д...” ХХК,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 20 620 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л, хариуцагч “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч Т.Х, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Л шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал зам дээр “Д...” ХХК-ийн тавьсан замын хаалт шороо мөргөж зам тээврийн осол гаргаж Н.Л миний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Д.У-д 2 жилийн хорих ял, харин “Д...” ХХК-д 10 000 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн. Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд миний бие хиймэл шүд хийлгэх зардал болон эмчилгээнд гарсан зардал, унааны зардал, цалин хөлс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирлын мөнгийг шүүгдэгч Д.У, “Д...” ХХК-аас тэнцүү гаргуулж надад олгосон. Харин хиймэл шүд хийлгэх зардлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн юм. Уг гэмт хэргийн улмаас миний бие эрүүний мэс засалд орсон бөгөөд мэс заслын дараа миний шүднүүд суларч үрэвссэнээс болж 6 шүдээ авхуулсан. Одоо олон тооны шүд байхгүйн улмаас миний нүүр царайнд өөрчлөлт орж эхэлсэн. Хиймэл шүд хийхдээ эхлээд түр авагддаг хуванцар шүдэлбэл хийгээд дараа нь хиймэл яс нөхөх эмчилгээ хийлгэсэн дараа имплант шүд хийхээр мэргэжлийн эмч зөвлөсөн. Шууд имплант шүд хийх боломжгүй юм. Хиймэл шүд хийх эмнэлгийн зах зээлийн ханшийг судлахад Улаанбаатар хотод байрлах “Титан” шүдний эмнэлэгт 15 000 000 “Ган тэргэл багана” ХХК-ийн шүдний эмнэлэг 15 000 000 төгрөг, “Басхүү имплант клиник” шүдний эмнэлэгт 17 300 000 төгрөг байна. Миний бие “Саусгоби сэндс” ХХК-д үйлчлэгчийн ажилтай байсан бөгөөд сарын 830 000 төгрөгийн цалинтай байсан. Гэмт хэргийн улмаас гэнэт унадаг өвчтэй болсон, мөн эрүүнд хийсэн мэс заслын дараа эрүүний баруун талд буглаа үүсч, үүссэн буглааг хусуулахаар дахин мэс засалд орохоор болоод байна. Өвчнөөс болж эрхэлж байсан ажлаа хийх боломжгүй болж урт хугацааны чөлөө авсан. Анхан шатны шүүхээс надад буруутай этгээдүүдээс миний өвчтэй байх хугацааны цалинг тэнцүү гаргуулж олгосон. Одоо миний бие ажилгүй байх хугацааны цалин 830 000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Иймд Д.У, “Д...” ХХК нараас хиймэл шүд хийлгэх эмчилгээний зардалд 17 300 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 830 000 төгрөг, нийт 18 130 000 гаргуулж өгнө үү.
Жич: цаашид гаргах эмчилгээний зардлаа нэмж нэхэмжлэх болно. Н.Л миний эрүүл мэндийн байдал нь одоогоор хүнд байгаа бөгөөд гэнэт унадаг болсон, байнга ядардаг, байнгын эмчилгээтэй байгаа зэрэг шалтгаанаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд миний дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хиймэл шүд хийлгэх гээд ийм мөнгөнүүд гарсан байгаа. Дээр нь цалингаа гаргуулж авах хүсэлтэй байна. Нэхэмжлэл дээр 2019 оны 09 дүгээр сарын байдлаар гаргасан байгаа. 2019 оны 10, 11, 12 дугаар сарын цалингаа нэмж нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Би нас барсан ээжийнхээ зээлийг төлдөг. Өөрөө цалингийн зээл төлдөг. Энэ зээлүүдээ төлж чадахгүй байгаа. Банкнаас намайг шүүхэд өгнө гээд байгаа. Дээрээс нь 2 хүүхдээ наана цаана гэж чадахгүй, эмчилгээгээ хийлгэж чадахгүй өнөөдрийг хүрсэн байгаа. Би удаан явж суухаар нуруу мэдээгүй болоод хөл рүүгээ ороод хөл мэдээгүй болоод явж чадахаа больсон байгаа. Нуруу гэмтсэн байна гэсэн. Тэр талаар би аваарт орсон дараагаа мэдээгүй байж байгаад дараа нь мэдсэн. Тухайн үед эрүү, толгой дээр эмч нар анхаарлаа хандуулсан байсан учраас нуруу өвдсөнийг мэдээгүй. Одоо би удаан сууж хэвтэхээрээ явж чадахаа больсон. Миний 10, 11, 12 дугаар сарын цалин 2 490 000 төгрөг болж байгаа. 1 сарын 830 000 төгрөг байдаг. Шүдний эмчилгээнд 17 300 000 төгрөг, 4 сарын цалин 3 320 000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар нэмэгдүүлж нийт 20 620 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тайж овогт Д.У миний бие Н.Л.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Д.У нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2 жилийн хорих ял авч хоригдож байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Д...” ХХК нь Н.Л.ийн нэхэмжлэлийн шаардлагыг Д.У-тай хамт төлбөрийг хувааж гаргах боломжтой. Шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэний шүүх рүү нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхэд цалинг дурдаагүй санагдаж байна. Зөвхөн шүдний төлбөрүүдийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээе шийдвэр гарсан гэж санаад байна. 2019 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн хувьд өгөх боломжгүй байх. Үндсэн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хоёр тал хоёулаа буруутай юм чинь манайхаас тавь тавин хувиар төлнө гэсэн бодолтой байгаа гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, “Саус гоби сэндс” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/403 дугаартай тодорхойлолт, “Саус гоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/323 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаал, “Бобабо инвест” ХХК Титан шүдний эмнэлгийн имплант шүд хийх үнийн санал, “Ган тэргэл багана” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 04/19 дугаартай тодорхойлолт, “Басхүү” имплант клиник шүдний эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 134 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоол, хариуцагч Д.У-ийн хариу тайлбар, өмгөөлөгч Н.Нармандахын Н.Л-тэй хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн хариу тайлбар, “Д...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Д...” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаал, Д.У-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, Н.Л-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан өмгөөлөгчөөс татгалзсан тухай тайлбар, өмгөөлөгч Н.Нармандахын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсан тухай албан бичиг, “Д...” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/182 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаал, Д.У-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Д...” ХХК нь Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын 74-75 дахь километрт зам засварын ажил гүйцэтгэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.4, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчин замын тэмдэг тэмдэглэлийг стандартад заасны дагуу хэрэглээгүй, авто зам засварын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр жолооч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.2а, 12.2 дахь заалтуудыг зөрчиж “Д...” ХХК-аас тавьсан замын хаалт шороог мөргөж зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Л-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэм буруутай болох нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Уг ослын үеэр Н.Л-ийн биед эрүүний яс зүүн талд зөрүүгүй, урд хэсэгт зөрсөн, баруун 2, 5-р хавирганы хугарал, тархи доргилт, нүүр зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, цээжний урд хэсгээр, баруун бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл учирч улмаар эрүүний мэс засалд орж, мэс заслын дараа шүднүүд суларч үрэвссэнээс болж 6 шүд /31, 32, 36, 41, 42, 43/ авхуулсан үйл явдал болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь “Миний 10, 11, 12 дугаар сарын цалин 2 490 000 төгрөг болж байгаа. 1 сарын 830 000 төгрөг байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 4 сарын цалин нийт 3 320 000 төгрөг, шүдний эмчилгээнд зарцуулагдах 17 300 000 төгрөг, нийт 20 620 000 төгрөг” гэж нэхэмжилжээ.
Хариуцагч Д.У нь хорих ял эдэлж байгаа шалтгаанаар хохирол төлөхгүй гэж, “Д...” ХХК нь Д.У-тай хувааж төлнө гэсэн шалтгаанаар төлбөрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй тайлбарыг тус тус гаргадаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэжээ.
“Д...” ХХК болон Д.У нар нь Н.Л-ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасныг үндэслэн, мөн талууд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.У гэдэг дээр маргахгүй байх тул ослын улмаас Н.Лхагвасүрэнд учруулсан эрүүл мэндийн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Д.У-д хариуцуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Л нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлаа урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Н.Л нь 31, 32, 41, 42, 43 дугаар шүдний оромд эрүүний ясанд шүд суулгах буюу имплант суулгах хэлбэрээр нөхөн сэргээх, түүнтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд нийт эмчилгээний зардалд 17 300 000 төгрөг зайлшгүй шаардлагатай болох нь зайлшгүй зардлыг тооцсон “Басхүү” имплант клиник шүдний эмнэлгийн эмчлэгч эмчийн эмчилгээний төлөвлөгөө, тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Н.Л-ийн ажлаасаа чөлөө авсан шалтгаанаар цалин орлогогүй байгаа, түүнчлэн хариуцагч “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Үндсэн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хоёр тал хоёулаа буруутай юм чинь манайхаас тавь тавин хувиар төлнө...” гэсэн тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн “Басхүү” имплант клиник шүдний эмнэлэгт хийлгэх эмчилгээний урьдчилан тооцоологдсон 17 300 000 төгрөгийн зайлшгүй зардлыг гэм хор учруулсан “Д...” ХХК болон Д.У нараас тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн Н.Л нь “Саус гоби сэндс” ХХК-д 830 000 /1 сарын/ төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг болох нь “Саус гоби сэндс” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/403 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. Тэрээр эрүүл мэндэд нь гэм хор учирсаны улмаас ажлаа хийх боломжгүй болж, ажлаасаа 11 сарын хугацаатай чөлөө авсан болох нь “Саус гоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/323 дугаартай тушаалаар тогтоогдож байна. Иймд түүний чөлөөтэй байх хугацааны буюу 2019 оны 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын цалин болох 3 320 000 төгрөгийн цалин хөлсөөр хохирсон хохирлыг төлүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д.У-аас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийн бусад оролцогчийн саналыг үндэслэн хариуцагч Д.У-ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.У-аас 10 310 000 төгрөг, хариуцагч “Д...” ХХК-аас 10 310 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Л улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Д...” ХХК, Д.У нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 130 525 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Б.ОТГОНСҮРЭН