Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

2023       07          04                                        2023/ШЦТ/133

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Бд холбогдох эрүүгийн 2335000000136 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны 12 дугаар сарын 19-нд Увс аймгийн .... суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багийн 08-08 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Тын Б /РД:................/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын ..... дүгээр багийн нутагт Хустын хөл нэртэй газарт 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ....... УБМ улсын дугаартай тоёота акуа загварын автомашиныг Улсын чанартай А-18 кодтой замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 23.8-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч бага насны иргэн Г.Агийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Т.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Т.Бнь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт Хустын хөл нэртэй газарт 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ...... УБМ улсын дугаартай тоёота акуа загварын автомашиныг Улсын чанартай А-18 кодтой замд жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, зорчигч бага насны иргэн Г.Агийн амь нас хохирсон болох нь:

Гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6, 7-13 дахь тал),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 7, 14-16 дахь тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-22 дахь тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-33 дахь тал),

Хүний биеэс биологийн дээж авсан тэмлэглэл (хавтаст хэргийн 34 дэх тал),

Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 51-61 дэх тал),

Эмнэлгийн магадлагаа (хавтаст хэргийн 242 дахь тал),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ээж Т.Б, дүү С.Б, охин Г.А нар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг Улаангом сумын чиглэлд буюу гэр лүүгээ миний эзэмшлийн Тоуоа aqua маркийн ....... УБМ улсын дугаартай автомашиныг ээж Т.Б жолоодож явж байгаад Увс аймгийн Наранбулаг сумын нутагт зам тээврийн осолд орж охин Г.А нас барж, ээж Т.Б гэмтсэн. Тухайн зам тээврийн осол ямар шалтгааны улмаас гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Золгүй тохиолдлоор зам тээврийн осол гарч миний охин нас барсан нь надад харамсалтай, хэцүү байгаа боловч би өөрийн ээжээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. Тэр тусмаа автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар ч нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй, Би автомашины зээлээ өөрөө төлөөд дуусгана. Мөн миний талийгаач охинд ээж Т.Б нь их сайн ханддаг, үргэлж эрхлүүлж, хамт тоглодог байсан. Уг зам тээврийн ослын улмаас охин минь нас барсан нь ээж Т.Бд их хүнд тусаж, аливаа зүйлийн талаар ярилцах бүрдээ надаас боллоо гэж өөрийгөө буруутгаж, сэтгэлийн хямралтай байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн машин нь манай танил С.Бд ахын ээжийн машин юм билээ наашаа Увс аймаг руу явах замдаа С.Бд ах, түүний ээж Б хоёр машинаа ээлжилж барьж явсан. Улаанбаатар хотоос уг машиныг анх С.Бд барьж гараад Завхан аймгийн Нөмрөг сум дөхүүлээд шөнийн 03 цагийн үед ээж Бд жолоогоо шилжүүлээд үргэлжлүүлэн наашаа явсан ба би явах замдаа унтаад явсан ба өглөөний 06 цагийн үед түр зогсоод амны цангаагаа гаргаад дахин Б гэх эгч машинаа бариал хөдөлсөн. Би хар тэрмис хүртэл унталгүй явж байгаад дахин унтаад явж байтал их дуу чимээ гарсан ба машин яасан нь мэдэгдэхгүй замын хажуунаас гараад осолдсон байсан. Бид хэд нэг нэгнийгээ зүгээр эсэх талаар асууж байхад машин доторхамь явсан Б гэх хүний зээ охин нь ухаангүй хамар амнаас нь цус гарчихсан байсан бид хэд замын машин зогсоогоод Наранбулаг сумын эмнэлэг рүү Б эгчийг ухаангүй байсан зээ охины хамтаар явуулсан юм. Би 06 цагийн үед хөнгөнөөр бие засаад цааш хөдөлснөөс хойш унтчихсан байсан бөгөөд автомашин шороон зам дээр гарах чимээ гарах үед би сэрж харахад Т.Бэгч автомашинаа замын эсрэг талын урсгалын шороон дээр гаргачихсан бөгөөд буцаагаад баруун тал руугаа жолоогоо дарж авто замаас гарч автомашин 1 удаа бүтэн өнхөрч дөрвөн дугуй дээрээ зогссон. Осол болсны дараа би жолооч руу харахад жолооны ард Т.Бэгч байсан бөгөөд 03 цагаас хойш жолоо бариад ядарсан учир зүүрмэглэж автомашинаа замаас гаргаж осол болсон гэж бодож байна. Т.Б нь согтууруулах ундааны төрлийн зүйл болон сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглээгүй. Зөвхөн хар цай л уусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87, 89 дэх тал),

Гэрч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед Г болон нагац дүү А нар унтаж байсан бөгөөд би жоохон нойр авья гэж бодоод унтсан. Нэг мэдэхэд машин өнхөрөх шиг болсон гэнэт сэрээд харахад бид замаас гараад онхолдсон байсан. Танил дүү Г машинаас буучихсан зогсож байсан бөгөөд яасан бэ, чи зүгээр үү гэхэд зүгээр, зүгээр халуун цай асгарахаар машинаас буусан юм гэж хэлсэн. Дүү А руу харахад цааш цонхон тал руу налчихсан байдалтай байсан тул татахад толгойноос нь их хэмжээний цус гарч байсан. Ээж Б машинаас бууж ирээд нагац дүү Аийг машинаас гаргаж цусыг нь арчиж байсан. Би яаралтай тусламж дуудах гээд зам руу гүйж байсан. Тэрнээс цааш яасан, юу болсон талаар санахгүй байна Би айгаад шоконд орчихсон байсан. Тухайн тээврийн хэрэгслийг би жолоодож яваад Тосонцэнгэл зөрөөд ээж Т.Бд жолоо шилжүүлж өгсөн. Зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг манай ээж Б жолоодож явсан юм. Ээж Б ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй эрүүл байсан. Тухайн зам тээврийн ослоос миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал),

Гэрч Б.Гний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өөрийн охин Г.Аийг нагац эмээ болох Т.Бын хамт Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын руу явж байгаад Увс аймгийн Наранбулаг сумын нутагт зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдсэн. Миний охин зам тээврийн осолд орж нас барсан нь надад үгээр хэлхийн аргагүй харамсалтай байгаа боловч өөрийн нагац эмээгийн хамт явж байгаад зам тээврийн осолд орсон тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),

Монгол Улсын Зөвлөх инженер З.Жын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/02 дугаартай “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ жолооч Т.Бнь тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам тээврийн осол гаргасан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 153-158 дахь тал),

Шинжээч Я.Нгийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай “2023 оны 04 дүгээр сарын байдлаар “Toyota aqua маркийн автомашины хохирлын хэмжээ нийт 9.750.000 /Есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 170 дахь тал),

Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Зам тээврийн осол гарах үед би автомашин жолоодож явсан бөгөөд жолоочийн хажуу талын урд суудал дээр Б.Г, арын суудал дээр хүү С.Б, зээ охин Б.А нар зорчиж явсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс надаас нэхэмжилсэн хохирол байхгүй. Зам тээврийн ослын улмаас зээ охин Б.А амь хохирсон нь үгээр хэлхийн аргагүй хүндээр манай гэр бүлийн гишүүдэд тусаж байгаа бөгөөд бид нар хамтдаа энэ хүнд цаг үеийг даван туулах гэж хичээж байна. Зам тээврийн осол гарах үед би жолоодож явсан автомашинаа зогсоож чадалгүй осол гаргаж, хайрлаж өсгөсөн зээ охин минь амь хохирсон нь надад үнэхээр хэцүү байна. Миний буруугаас болж зээ охин минь амь насаараа хохирсон. Би маш их харамсаж байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183-186 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Т.Бнь ........ УБМ улсын дугаартай “Toyota aqua загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиолдол хамаарч байна.

Жолооч Т.Бнь шөнийн цагаар удаан хугацаагаар авто машин жолоодож явсны улмаас ядарч анхаарал суларсны улмаас энэ осол гарахад хүргэсэн байна нь  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Хэргийн газарт хийсэн үзлэгээр авто машиныг зогсоох арга хэмжээ авч, тормосны системийг ажиллуулаагүй болох нь тогтоогдож байгаа тул жолооч Т.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг, бага насны буюу 7 настай зорчигч Г.Агийг зориулалтын суудал суулгаж тээвэрлээгүй нь мөн дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Бнь (хавтаст хэргийн 78 дахь тал)-аар “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай “Амь хохирогч Г.Агийн биед баруун зулай, чамархайн хуйханд том хэмжээний язарч хууларсан шарх, хуйхны доор цус хуралт, гавлын суурь хэсгийг хамарсан хөндлөн хугарал, баруун, зүүн чамархай, дух, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, суурь хэсгээр хатуу хальсны урагдалт, тархины суурь, баруун чамархай, бага тархины баруун тал бөмбөлгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, суурь хэсэгт тархины эдийн няцрал, духны дунд хэсэгт, зүүн нүдний дээд зовхинд, зүүн чамархайн хөхлөг сэртэнд язарсан шарх, зүүн хацар, шанаа, баруун мөрний үений урд дээд хэсэгт, баруун бугалганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Г.Ариунтунгалагийн биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Г.А нь нас бараад 5-8 орчим цагийн хугацаа өнгөрсөн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахын өмнөхөн үүссэн байна. Амь хохирогч Г.А нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч Г.А гавал, тархины гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны төвийн хурц дутагдлаар нас барсан” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 135-138 дахь тал)-ээр бага насны амь хохирогч Г.А нь энэ ослын улмаас гэмтэл авч нас барсан болох нь тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дугаартай “Үзүүлэгч С.Бийн биед үзлэг, шинжилгээ хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118-119 дэх тал)-ээр зорчиж явсан С.Бийн биед гэмтэл учраагүй болох нь, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 190 дугаартай “Үзүүлэгч Б.Гын биед үзлэг, шинжилгээ хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 127-128 дахь тал)-зорчиж явсан Б.Гын биед гэмтэл учраагүй болох нь тус тус тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаартай “Үзүүлэгч Т.Бын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээжний зүүн талын 4, 5 дугаар хавирга суганы арын шугамаар хугарал, баруун зулайн ар хэсгийн хуйхан доор цус хуралт, баруун, зүүн бугалга, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний 17 цаг 00 минутад үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №5345 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байна. Бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээжний зүүн талын 4, 5 дугаар хавирга суганы арын шугамаар хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 144-146 дахь тал)-ээр шүүгдэгч Т.Бын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б .......... УБМ улсын дугаартай “Toyota aqua загварын автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь бага насны зорчигч Г.Агийн амь нас хохирсон явдалтай шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 23,8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Золгүй тохиолдлоор зам тээврийн осол гарч миний охин нас барсан нь надад харамсалтай, хэцүү байгаа боловч би өөрийн ээжээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. Тэр тусмаа автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар ч нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

Бага насны амь хохирогчийн төрсөн эцэг Б.Гний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Миний охин зам тээврийн осолд орж нас барсан нь надад үгээр хэлхийн аргагүй харамсалтай байгаа боловч өөрийн нагац эмээгийн хамт явж байгаад зам тээврийн осолд орсон тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгч Т.Баас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Т.Б нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай “Т.Баас авсан гэх C06933848 дугаартай хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. Т.Баас авсан гэх C06933848 дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. Т.Буянжаргалаас цусны дээж авах үед эрүүл байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 110-111 дэх тал)-ээр шүүгдэгч Т.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан болох нь тогтоогдож байна.  

Шүүгдэгч Т.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 204 дэх тал)–аар нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Д.Тийн өгсөн: “Т.Бнь нийгмийн идэвх сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал), Гэрч Д.Цийн өгсөн: “Т.Бнь нийгмийн идэвх сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Бага насны амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Миний ээжийн ялыг нь өөрийн биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Т.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, өөрийн эрүүл мэндэд нь хохирол учирсан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Т.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Бд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Бын ............ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.Бгийн өмчлөлийн .......... УБМ улсын дугаартай тоёота акуа маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт Тын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Бд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Т.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.Бгийн өмчлөлийн .......... УБМ улсын дугаартай тоёота акуа маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Бын .......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /П.Я/-д даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ