Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 86

 

Б.М-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1907003310148 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Баяууд овгийн Б.М-, 1974 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

            Б.М- нь 2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмрийн үйлдвэрийн баруун талд Э.Урантуяаг өөрийн нөхөр Г.Гтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-ээс гар утасны хохирол 250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Урантуяад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Урантуяа нь эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний уур хүрч Урантуяаг хэд хэдэн удаа алгадаж, цохиж унагаасан нь үнэн. Урантуяа нь миний нөхөртэй олон жил амрагийн холбоотой байсан бөгөөд би түүнд удаа дараа сануулдаг байсан. Гэтэл миний үгийг үл тоож олон удаа баригдаж, тэгэх тоолондоо нөхрөөр маань намайг зодуулдаг байсан. Би олон жил сэтгэл санааны дарамтад амьдарсан. Урантуяагийн нэхэмжлэлийн шаардлага ямар ч баримтгүй байхад шүүх ийнхүү шийдвэрлэсэнд гайхаж байна. Би улсын яллагчаас гаргасан ялын санал болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би эрхэлсэн тодорхой ажилгүй байсан боловч одоо “Очир” худалдааны төвд 2 охиныхоо хамт ажиллаж байгаа. Мөн нөхөр маань “Хас” банканд хамгаалагчаар ажилд орсон тул би торгох ялыг төлөх чадвартай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг тодорхой хөрөнгө, цалин хөлс, орлогогүй тул тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Мөн “...50 сая төгрөг өгөхгүй бол хадмуудад чинь хэлнэ... би энэний дээр шээмээр байна...” гэх мэтээр дарамталсан, “250.000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг авсан” гэх зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.М- нь 2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмрийн үйлдвэрийн баруун талд Э.Урантуяаг өөрийн нөхөр Г.Гтай хардсаны улмаас үсдэх, нүүр лүү нь алгадах, цохих, түлхэх, өшиглөж унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун зүүн гуяд цус хуралт, зүүн шанаа, нуруу, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Э.Урантуяа нь “...үйлдвэрийн ойролцоо алхаж явтал Г- эхнэр М- охин болон хүргэнийхээ хамт ирээд намайг автомашиндаа хүчээр суулгасан. М- над руу дайрч хэл амаар доромжлон толгой, нүүр хаана таарсан газраа цохиж алгадаад байсан. Тэгээд энгэр шандын нэг гудамжинд М- автомашинаас бууж намайг зодсон. ...” /хх 8-18/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдаж гэмтэл учруулсан этгээдийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч П.Амарбаясгалангийн “...бид нарыг очиход автомашинаас М- гэх хүүхэн хоёр хүүхний хамт бууж ирээд “Танай бэр манай нөхөртэй заваараад жалганд хэвтэж байхад нь авч ирлээ” гэхээр нь хойд хаалгыг нь онгойлгоод Урантуяаг авахад үс нь сэгсийсэн, цамцных нь хоёр ханцуй цус болсон, нүд нь хавдсан, хувцас нь шороо болсон байдалтай бууж ирсэн. ...” /хх 24-25/,

- гэрч Б.Анударийн “...төмрийн үйлдвэрээс баруун тийш Урантуяа овоолсон шорооны хажууд хөлөө жийгээд сууж байсан. Ээж очоод татаж босгоод мөр, бугалга хавиас нь барьж автомашинд түлхэж оруулсан. Тэгээд хөдлөөд явж байхад ээж эргэж хараад нүүрэнд нь гараараа 2-3 удаа ээлжлээд алгадсан. ...” /хх 30-31, 44-46/,

- гэрч Б.Ертөнцийн “...хадамж ээж Урантуяаг автомашинд түлхэж оруулахад “Мөөгий эгчээ би дахиж ингэхгүй ээ, уучлаарай” гээд байсан. Тэгэхэд хадам ээж Урантуяаг нүүр, биед нь хэд хэдэн удаа алгадаад, цохиод авсан. ...” /хх 36-37/,

- шүүгдэгч Б.М-ийн “...өдөр нөхөр лүүгээ залгахад Урантуяа утсыг нь авсан. Урантуяа өмнө нь манай нөхөртэй харилцаатай байсан... явъя гээд гараас нь татахад эсэргүүцээд явахгүй гээд буцаж хойшоо суухаар нь татаж босгоод автомашинд суулгаж хөдөлсөн. Автомашин дотор эргэж хараад нүүрэнд нь хоёр гараараа ээлжилж алгадсан. Энгэр шандад ирээд хадмынхаа гэрийг зааж өгөхгүй гээд зогсож байхад “Мөөгий эгчээ намайг уучил, хоёулхнаа гарч уулзъя” гэхээр нь хоёулаа автомашинаас буухад миний өмнө сөгдөөд “Дүүгээ уучил би дахин ийм асуудал гаргахгүй” гэхээр нь би бие рүү нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөхөд газар унасан. Тэр үед хөл, нуруу нь зулгарсан байх. ...” /хх 73-77, 125/ гэсэн мэдүүлгүүд, 

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №08 шэ/384 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 58/ зэргээр давхар нотлогджээ.

Энэхүү үйл баримтаас өмнө болон дараа нь Э.Урантуяа бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр Б.М-т зодуулах явцдаа 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung J7” загварын гар утсаа /хх 62-63/ алдсан байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийн үндэслэн шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.М- нь хохирогчийн гар утсаар түүний хадам эх рүү нь залгасан гэх бөгөөд хохирогч Э.Урантуяагийн “... гар утсаа авъя гэхэд жалганд хаячихсан гэсэн. ...” /хх 10-11/, гэрч П.Амарбаясгалангийн “... “Гар утас нь хаана байна, авъя” гэхэд М- гэх хүүхэн “Байхгүй, жалганаас очиж ав” гээд өгөхгүй байсан. ...” /хх 24-25/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд уг гар утсыг хохирогчид буцааж өгөөгүй байна.

Иймээс хохирогчийн алдагдсан гар утасны үнийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож дүгнэн шүүгдэгч Б.М-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалттай, мөн хохирогчоос эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул цаашид гарах эмчилгээний зардал, гэм хор учруулсны төлбөр зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх албагүй юм.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Б.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад “...эрхэлсэн тодорхой ажилгүй...” тухайгаа мэдүүлж байсан бөгөөд хавтаст хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогын байдлыг тодорхойлсон баримт нотолгоо авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.М-ийн эдэлбэл зохих ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүний “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнээс гадна, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаартай шүүгчийн захирамжид “...шүүх, шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Чинзоригийг томилсугай.” гэж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...өсвөр насны шүүгдэгч Б.М-ээс...” гэж тусган хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг тэмдэглэж, хойшид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН