Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0536

 

 

 

“Эк” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А

 

Гомдол гаргагч: “Эк” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Ш.А

 

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Ш.Агийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах"

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 399 дүгээр шийдвэртэй,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, П.А, хариуцагч Ш.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа,

Хэргийн индекс: 128/2025/0221/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.6, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.18-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Эк” ХХК-ийн Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Агийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал,

2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.4-т “...Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны Мт орон сууцны хотхоны өргөтгөл төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн холбогдох хэсгүүдийг үндэслэн гомдол гаргагчийг "ус ашиглагч" мөн..." гэж дүгнэсэн тухайд;

Гомдол гаргагч компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө нь хэрэгт авагдсан ба шүүхээс тус баримт бичгүүдийн холбогдох хэсэг болох 3.1, 3.3, 3.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн "ус ашиглагч" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Барилгын ажил гүйцэтгэх явцад барилгын суурийн талбайд газрын доор байрлах хөрсний усны төвшин борооны усны нөлөөгөөр дээшлэх нь илэрхий тодорхой бөгөөд усны түвшингээс дээшилсэн усыг шавхан зайлуулснаар барилгын ажил цааш үргэлжлэх боломжтой болно. Энэ зарчмын дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний холбогдох хэсэгт тус хөрсний усыг "зумпфийн аргаар хөдөлгөөнт насос ашиглан шавхан зайлуулна" хэмээн дурдагдсан байх ба энэ нь тухайн хөрсний усыг ямар нэгэн байдлаар ашиглана гэх агуулга бус гагцхүү эрх бүхий байгууллага болох Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ /цаашид "ГУББГ" гэх/-тай Шугам сүлжээ, далан суваг ашиглаж хөрсийн ус шавхах гэрээ байгуулж хөрсний усыг шавхан зайлуулна гэх агуулга юм/дээрх тайлбар гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогддог болно/.

Түүнчлэн, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний 3.6-д заасан "эрх бүхий байгууллагаас ус ашиглах зөвшөөрөл авч зохих журмын дагуу гэрээ байгуулах, ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглахыг хориглодог болохыг анхаарах, Усны тухай хуулийн 30.1.4-т заасны дагуу шугам хоолойг тоолууржуулах" зэрэг нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн байгууллагаас гаргасан зөвлөмж бөгөөд тус зөвлөмжид "...эдгээр зөвлөмжүүд нь усыг технологийн үйл ажиллагаанд ашиглагдах тохиолдолд мөрдөгдөнө.." гэснийг шүүхээс анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх зөвлөмжүүд нь усыг гагцхүү технологийн үйл ажиллагаанд ашиглагдах тохиолдолд л хэрэглэгдэж, мөрдөгдөх зөвлөмж болно.

Харин гомдол гаргагч компанийн тухайд усыг дээрх байдлаар огт ашиглаагүй мөн хөрсний усыг нэг ай саваас шавхаж нөгөө ай савд шилжүүлээгүй, харин Туул голын ай саваас Туул голын ай сав руу шилжүүлж буй нь байгаль орчинд сөрөг нөлөө огт үзүүлээгүй, Туул голын ай савыг нөөцөд хохирол учруулаагүй, тус зөвлөмжид заасан нөхцөл бодитоор бий болсон гэж үзэхгүй, ус ашиглах зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Иймд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний холбогдох хэсэг, түүнд заасан зөвлөмжүүдийг үндэслэн гомдол гаргагчийг хөрсний ус ашиглагч хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

2.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.5-д "Гомдол гаргагч нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ГУББГ ОНӨААТҮГ-тай "Шугам сүлжээ, далан суваг ашиглаж хөрсний ус шавхах гэрээ"-г байгуулж байсан буюу одоо маргаж буй асуудлаар өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь тогтоогдсон" гэж дүгнэсэн тухайд;

Өмнө дурдсанчлан гомдол гаргагч нь барилгын ажлын явцад гарсан хөрсний усыг шилжүүлэхдээ төрийн эрх бүхий байгууллагын инженерийн шугам сүлжээ, даланг ашиглан шилжүүлж байгаа тул тус далан сүлжээг ашиглуулах эрх бүхий этгээд болох ГУББГ-тай холбогдох гэрээг байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулж буй нь хөрсний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан гэх үндэслэл болохгүй ба гагцхүү далан шугам сүлжээг ашиглах, ашиглуулах зорилгоор байгуулагддаг гэрээ болох нь анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн ГУББГ-ын хяналтын байцаагч Ж.Хбын гэрчийн мэдүүлгээр мөн батлагддаг. Түүнчлэн анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ зөрүүтэй, хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн буюу шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.4-т "Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авч, зохих журмын гэрээ байгуулах" гэсэн зөвлөмжийг үндэслэн "Эк" ХХК-ийг ус ашиглагч гэж дүгнэсэн байх боловч мөн хэсгийн 4.5-д ГУББГ-тай "Шугам сүлжээ, далан суваг ашиглаж хөрсний ус шавхах гэрээ"-г байгуулсан тул "ус ашиглагч" гэж тус тус дүгнэсэн нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

2.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.8-д "хариуцагчаас зөрчлийн хэрэгт Усны газрыг буюу эрх бүхий мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилсон байх тул шинжээчийн тамга, гарын үсэг байх шаардлагагүй байхаас гадна ЗШША-ны явцад гомдол гаргагч компани нь ЗШШТХ-ийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд хэрэгжүүлж чадаагүй нь өөрийн хайхрамжгүй байдлаас болжээ" гэж дүгнэсэн тухайд;

Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09-р сарын 27-ны өдөр шинжээч оролцуулах тухай тогтоол үйлдсэн байдаг. /ХХ-76 дахь тал/ Тус эрх бүхий албан тушаалтны тогтоолд "...шинжилгээний байгууллагын шинжээч Б.Аыг оролцуулсугай...дүгнэлтийг 2024 оны 10-р сарын 12-ны дотор гаргахыг шинжээч Б.Ад даалгасугай гэж... Шинжээч Б.Ад Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласугай." Гэж тус тус дурдсан байх ба шинжээч Б.А тус тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс "хариуцагчаас шинжээчээр Усны газрыг буюу эрх бүхий мэргэжлийн байгууллагыг томилсон тул тамга, гарын үсэг байх шаардлагагүй" гэсэн нь нотлох баримтыг болон хуулийг буруу үнэлж тайлбарласан үндэслэлгүй дүгнэлт болно.

Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.4. "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг; 8 дугаар зүйлийн 8.2. Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна: 8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн; мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна гэж тус тус заасан.

Б.А нь Усны газарт Усны нөөцийн үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалтай гэх тул /ХХ-78 дахь тал/ түүнийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн гэсэнд хамааруулан авч үзэхээр байх ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр баталгаажуулахаар байна. Гэтэл хэрэгт авагдсан “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ"-д ямар этгээд дүгнэлт гаргаж баталгаажуулсан нь тодорхойгүй, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй хууль бус, тодорхойгүй дүгнэлтийг анхан шатны шүүхээс дээрх байдлаар үндэслэлгүйгээр зөвтгөн тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.4.Мөн "Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ"-г харвал, мэргэжлийн шинжээч холбогдох журмын дагуу үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна. Тодруулбал, тус үнэлгээнд "... Зөрчлийн хэрэгт гэрчээр мэдүүлэг авсан Ж.Хбын мэдүүлэг дээр үндэслэн насосны хүчин чадлыг тооцсон..." гэжээ. Зүй нь шинжээч нь ЗШШТХ-д заасны дагуу томилогдсон шинжээч болохын хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д заасны дагуу шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах учиртай. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас холбогдох журмын дагуу томилогдоогүй этгээдийн хамт /Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Ц гэх/ шинжилгээ хийсэн гэсэн нь мөн хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтээгүүр, Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын холбогдох зохицуулалт буюу 15 дугаар зүйлийн 15.7, 15.7.2-т заасантай тус тус нийцээгүй буюу усны нөөцөд 91,339,650 төгрөгийн хохирол учирсан гэх тооцоолол ч үндэслэлгүй байна. Дээрх аргачлалын 15 дугаар зүйлийн 15.7-д "...барилгын суурийн ухалгаас шүүрүүлэн зайлуулж буй усны хэмжээ инженер-геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээнээс 10-аас дээш хувиар илүү бол тус тусын тохиолдолд усны нөөцөд учирсан хохирол "их" гэж үзэн хохирлын нөхөн төлбөрийг доорх томъёогоор тодорхойлно." гэж заасан.

Өөрөөр хэлбэл, барилгын суурийн ухалгаас шүүрүүлэн зайлуулж буй усны хэмжээ “инженер- геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээнээс 10-аас дээш хувиар илүү бол" их хохирол учирсан гэж үзэхээр байх боловч Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээгээр инженер- геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээг / Отззу-/130м3/хон гэж, Ох буюу Усны нөөцөд учирсан хохирлын "их" ангилалд орж, барилгын сууринаас шүүрүүлэн зайлуулж байгаа усны хэмжээг 100 м3/хоног гэж тус тус тооцоолсон байгаагаас үзвэл усны нөөцөд их хохирол учирсан гэж үзэхгүй буюу аргачлалын 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу хохирлын нөхөн төлбөр тооцохооргүй байна

Гомдол гаргагчаас анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчаас хуулийн дагуу зохих шаардлага хангасан этгээдээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан эсэх, 91,339,650 төгрөгийг хохирол, шимтгэл, алданги, нөхөн төлбөрийн аль нь болох талаар асуулт хариултын шатанд асуухад хариуцагчаас "... би шалгачихсан... 91 сая бол нөхөн төлбөр... танай компаниас анхнаасаа усны эдийн засгийн үнэлгээг 82 сая төгрөг гээд гаргачихсан байсан... тэр дүнг чинь нөхөн төлүүлж байгаа" зэргээр хариулж тайлбарласан байдаг.

2.5.Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ нь дээрх байдлаар хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчилтэй, үндэслэлгүй шийдвэр атал түүнийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын дээрх хууль бус шийдвэрийг зөвтгөн тайлбарлахдаа холбогдогчийг буруутгаж "ЗШШТХ-ийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд хэрэгжүүлж чадаагүй нь өөрийн хайхрамжгүй байдлаас болжээ" гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болно.

Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын 3.7-д "Эрх бүхий албан тушаалтан нь шинжилгээ хийж, гаргасан магадлагааг зөрчлийн хохирогч, холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулна." Мөн журмын 3.12-т "Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон баримт, шийдвэр, магадлагаа, шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулан гомдол гаргах эрхээр хангана." Гэснийг хариуцагч захиргааны байгууллагаас ноцтой зөрчсөн.

Тодруулбал, Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг Усны газраас 2024 оны 11-р сарын 01-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас тус үнэлгээ ирсэн даруйд тухайн өдөрт нь буюу 2024 оны 11-р сарын 01-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан, шинжээчийн дүгнэлтийг гарсан талаар мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй зэргээс үзвэл дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангасан гэж үзэхээргүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс "холбогдогч нь өөрөө эрхээ эдлээгүй хайхрамжгүй хандсан" зэргээр хариуцагч захиргааны байгууллагын ноцтой зөрчил, буруутай үйл ажиллагааг зөвтгөж тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд зогсохгүй, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг зөвтгөх буруу жишиг тогтоож байна гэж үзэж байна.

Иймд ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч “Эк” ХХК-иас  “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Ш.Агийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагч Ш.Ад холбогдуулан гаргажээ.

2.Анх гомдол гаргагч “Эк” ХХК нь Улаанбаатар хот, ХУ дүүрэг, 17-р хороонд Кт 5, 6-р ээлжийн барилгын ажлыг эхлүүлэх тусгай зөвшөөрлийн 139/2022 дугаар гэрчилгээг[1] 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр авч, барилгын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

3.Улмаар иргэдээс “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөрсний ус ихээр шавхаж, зам талбайд урсаж байна” гэх гомдлын дагуу “Эк” ХХК-д холбогдуулан “...барилгын ажил гүйцэтгэж байхдаа барилгын ухлагаас гарсан усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй шугам хоолойд шавхан зайлуулсан” зөрчилд Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2402000589 дугаартай Зөрчлийн хэрэг нээж[2], ажиллагаа явуулжээ.

4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн зүгээс “Эк” ХХК нь “усыг зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй ашигласан” гэх зөрчилд усны нөөцөд учруулсан хохиролд шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулахаар Усны газрын Усны нөөцийн хэлтсийн Усны үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Аыг томилсон тогтоол[3] үйлджээ.

5.Дээрх эрх бүхий албан тушаалтны тогтоолын дагуу Усны газраас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1111 дугаар албан бичгээр[4] “...240200589 дугаарт зөрчлийн хэрэгт манай газраас шинжээчээр Усны нөөцийн хэлтсийн Усны үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.А томилогдон, тус газрын Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Цын хамт 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төслийн талбайд ажилласан. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэн хүргүүлж, тус албан бичгийн 1 дүгээр хавсралтаар 91,339,650 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлтийг гаргасан байна.

6.Тус шинжээчийн дүгнэлтийн дагуу хариуцагчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0046535 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид “...барилгын суурийн хөрсний усыг зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан зөрчил үйлдсэн”... гэх зөрчилд 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 91,336,650 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, зохих бичиг баримтын бүрдлийг холбогдох газраар батлуулахыг даалгаж, даалгаврыг 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор биелүүлэх даалгасан Эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг[5] тус тус үйлдэж, гомдол гаргагчийн ХУ дүүрэг, 17-р хороо, Кт 5-р блок, ***-р байр гэх хаягаар хүргүүлснийг “Монгол шуудан” ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилтан Ц.Бд гардуулсан[6] үйл баримт тогтоогдож байна.

7.Гомдол гаргагч хуулийн этгээдээс дээрх Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Агийн 43535 дугаар бүхий шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд “...манай компани усны ашигтай, үр шимийг ашиглаж ямар нэгэн байдлаар бүтээн байгуулалт хийж ашиг олж байгаа ус ашиглагч компани биш. Энэ нь барилгын сууринаас гарч байгаа тодорхой хэмжээний илүүдэл усыг соруулан Туул голын ай сав руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ газрын гадаргаар дамжуулж бохирдуулалгүй, хоолойгоор дамжуулан шилжүүлж байгаа бөгөөд гүний усны түвшнийг алдагдуулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй ” гэж маргадаг.

8.Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.24-т “"хаягдал ус" гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг”, 3.1.27-д “"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг”, 3.1.28-т “"ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг”,

26 дугаар зүйлийн 26.1-д “...аж ахуйн нэгж нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна”, 26.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан дараах байдлаар ангилна:”, 26.2.1-т “ус хэрэглэгч”, 26.2.2-т “ус ашиглагч”,

28.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана”, 28.6-д “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ”, 28.11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар... ус ашиглах эрх үүснэ”,

29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна.” гэж тус тус заажээ.

 

9.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын 1.2-д “...хууль тогтоомжийг зөрчсөний улмаас усны нөөцийг зөвшөөрөлгүй ашиглах, зөвшөөрөгдсөн хэмжээ, батлагдсан нөөцөөс хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан тохиолдолд энэхүү аргачлалын дагуу хохирлыг үнэлж, нөхөн төлбөр тооцно”., 1.3-д “Энэхүү аргачлалаар гадаргын болон газрын доорх усны батлагдсан нөөцийг хэтрүүлсэн ашигласан, усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцоолно” 3.1-д “Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцоход усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлэх, уг зөрчлийг хяналт шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилтийн үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтална” гэж заасан.

10.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.”, Мөн хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

11.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гомдол гаргагч “Эк” ХХК нь Туул голын сав газрын захиргаатай ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл болон гэрээ байгуулаагүй болох нь Туул голын сав газрын захиргааны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 04/483 дугаар албан бичиг[7]-ээр, мөн Усны газартай ус шавхан зайлуулах дүгнэлт гаргуулаагүй болох нь мөн газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1006 дугаар албан бичиг[8]-ээр, мөн нэхэмжлэгч нь хөрсний ус шавхалт хийсэн зөрчил гаргаж байсан болох нь “Геодизи, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар бүхий Албан шаардлага[9], “Геодизи, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулаагүй болох нь Хяналт шалгалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/864 дүгээр албан бичиг[10]  зэргээр тогтоогдож байна. 

12.Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 26 дугаар зүйлийн 26.2.2-т ус ашиглагч гэдэгт ашиг олох зорилгоор үйлдвэрлэлдээ усыг ашигладаг иргэн, хуулийн этгээд хамаарахаар заасан, гомдол гаргагч “Эк” ХХК-ийн хувьд барилгын үйл ажиллагаа буюу “ашиг олох”-оор газрын доорхи усыг шавхан зайлуулсан гэж үзэхээр байх бөгөөд барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулснаар түүнийг дахин хэрэглэх боломжгүй “хаягдал ус” бий болсон байх тул гомдол гаргагч компанийг “барилгын үйл ажиллагааны зориулалтаар усыг ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.  

13.Түүнчлэн ус ашиглагч “Эк” ХХК нь ус ашиглах гэрээ байгуулаагүй, ус ашиглуулах дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл авалгүйгээр барилгын хөрсний усыг шавхаж, Туул голын ай сав руу нийлүүлсэн үйлдэл нь Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.6, 28.11, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг зөрчсөн бөгөөд Зөрчлийн тухай хуульд зааснаар усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлтэйгөөр ашиглах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан тул гомдол гаргагч “Эк” ХХК-ийн “усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих зөвшөөрөлгүй ашигласан” зөрчил гэж үзэхээр байна.

14.Иймээс нэхэмжлэгч компанийг “усыг зохих зөвшөөрөл, гэрээ дүгнэлтгүй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан” зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоож, торгууль ногдуулж шийдвэрлэсэн маргаан бүхий шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гомдол гаргагчийн маргаж буй үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

15.Нөгөөтэйгүүр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн А/59 дүгээр тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу усны нөөцөд хохирол учруулсан болох нь Усны газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр[11] тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...Туул голын ай саваас Туул голын ай сав руу шилжүүлж буй нь байгаль орчинд сөрөг нөлөө огт үзүүлээгүй, Туул голын ай савыг нөөцөд хохирол учруулаагүй, тус зөвлөмжид заасан нөхцөл бодитоор бий болсон гэж үзэхгүй, ус ашиглах зөвшөөрөл авах шаардлагагүй юм.” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

16.Иймд анхан шатны шүүхийн “...Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн гэж, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6.”усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах эрхийг хэрэгжүүлнэ” гэснээс үзвэл ямар ч тохиолдолд усыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглахаар байна...” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

17.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно.” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Ш.А нь Усны газрын шинжээч Б.Ааар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тогтоол гаргасан ба Усны газраас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1111 дүгээр “Усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийн тооцоо хүргүүлэх тухай” албан бичигт “...мэргэжилтэн Б.А, мэргэжилтэн Н.Ц нар нь төслийн талбайд ажилласан” талаар дурдаж, Усны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр гарын үсэг тамга тэмдэг зурж ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “...ямар этгээд дүгнэлт гаргаж баталгаажуулсан нь тодорхойгүй, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй хууль бус, тодорхойгүй дүгнэлтийг ирүүлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 79 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 27 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 75 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 76 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 208-209 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 15 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 188 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 190 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 196 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 203 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 76-77 дахь тал