Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2022/0004

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Бэсүд Т.Г /РА73022811/,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага “Т.Гыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн /Манхан баг/ Засаг даргаар томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Гыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгах, томилох шийдвэр гаргах боломжтой хугацаанаас хойш ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх” хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Т.Г намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5-р баг /Манхан/ -ийн Засаг даргаар томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Г намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн Засаг даргын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгах, томилох шийдвэр гаргах боломжтой хугацаанаас хойш ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх тухай,

2.Хэргийн нөхцөл байдал:

Иргэн Т.Г нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшин өрсөлдөж 50.4 хувийн саналаар ялалт байгуулсан. Энэхүү багийн Засаг даргын сонгуулийн үр дүнг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Багийн Засаг даргыг сонгож батлах тухай” тогтоолоор баталгаажуулж, томилох эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг даргад тогтоолыг хүргүүлсэн. Сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын багийн Засаг дарга нарыг томилох захирамж гаргасан боловч Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргаар Т.Гыг томилохоос татгалзжээ.

            3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар болон бусад:

Нэхэмжлэгч Т.Г нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/28 тоот албан бичгээр “аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал биш тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Улмаар нэхэмжлэгч Т.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“Иргэн Т.Г би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суудаг бөгөөд тус багт зохион байгуулагдсан багийн Засаг даргын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшин өрсөлдөж 50.4 хувийн саналаар ялалт байгуулсан.

5.Энэхүү багийн Засаг даргын сонгуулийн үр дүнг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Багийн Засаг даргыг сонгож батлах тухай” тогтоолоор баталгаажуулж, томилох эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг даргад тогтоолыг хүргүүлсэн байдаг.

6.Сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын багийн Засаг дарга нарыг томилох захирамж шийдвэрээ гаргасан бөгөөд Алаг-Эрдэнэ сумын 5 багаас миний нэр дэвшин ялалт байгуулсан Манхан багийн Засаг даргаас бусдыг нь томилж Т.Гыг Манхан багийн Засаг даргаар томилохоос татгалзсан. Томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээ Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/499 дугаартай өөрийн албан бичгээр тайлбарлан Манхан багийн иргэдийн нийтийн хуралд хүргүүлэхдээ Т.Г намайг “2018-2020 онд хэрэгжсэн Дэлхийн зөн олон улсын байгууллагын малжуулах төслийг журмын бусаар зарцуулсан” гэжээ.

7.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд

Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 2017 оны оноос манай суманд зорилтот бүлгийн нэг өрхөд 3 тугалтай үхэр олгож 33 өрхийг эргэн төлөх нөхцөлтэйгээр малжуулах төсөл хэрэгжсэн бөгөөд тухайн үед Т.Г би сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ төсөлд зорилтот бүлгийн бүх иргэдийг бүрэн хамруулах боломжгүй тул иргэдэд хүртээмжтэйгээр, эргэн төлөх боломж нөхцлийг сайтар судлаж эрсдэл багатай байдлаар төслийг зохион байгуулж, үр өгөөжийг хүртээх үүрэг сумын засаг даргад тулгарсан. Иймд зорилтот бүлгийн  33 өрхөд 3 тугалтай үхэр өгч, түүний эргэн төлөлтөөс 5 зорилтот бүлгийн өрхөд 1.1 тугалтай үхэр өгсөн. Өөрөөр хэлбэл нэг өрхөд 3 тугалтай үхэр биш 1 тугалтай үхэр өгөх нь төслийн эрсдэл, үр өгөөж талаасаа ч төсөлд аль болох олон өрхийг хамруулах талаасаа ч зохимжтой гэж үзэж 2020 онд шийдвэрлэж байсан асуудал юм. Гэтэл дээрх асуудлыг Т.Г намайг Манхан багийн Засаг даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүйтэйгээ холбон тайлбарлаж, намчирхан томилох шийдвэр гаргах боломжтой байсан өдөр болох Алаг-Эрдэнэ сумын бусад багийн Засаг дарга нарыг томилсон 2021 оны 11 сарын 17-ны өдөр томилохоос татгалзаж эс үйлдэхүй гаргасан.

8.Миний бие томилогдох боломжтой өдөр буюу 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс багийн Засаг даргаар томилогдсон бол авбал зохих цалин олговроо шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл бодож тооцон ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн хэлэлцүүлэгт тодруулж нэхэмжлэх хүсэлтэй байна.

9.Иймд Т.Г намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5-р баг /Манхан/ -ийн Засаг даргаар томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Г намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн Засаг даргын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгах, томилох шийдвэр гаргах боломжтой хугацаанаас хойш ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

10.Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие 2016 оноос 2020 онд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Дэлхийн зөн олон улсын байгууллагын малжуулах төслийг сумандаа хэрэгжүүлэх боломжийг бий болгосон. Манай сум Хөвсгөл далайд ойрхон учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх талыг түлхүү барьж ажилладаг. Гэхдээ мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдээ дэмжихийн тулд Дэлхийн зөн олон улсын байгууллагыг сумандаа аваачиж энэ төслийг хэрэгжүүлсэн байгаа. Сонгуулийн үр дүнгээр орон нутгийн сонгуульд цөөнхийн санал авч одоогийн үүрэг гүйцэтгэж байгаа З.Н даргад албан тушаал, үүргээ хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 1 жилийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр багийн Засаг даргын сонгууль болоход манай нам дотроо ярьж байгаад төвийн багт миний нэрийг дэвшүүлье гэдэг саналыг гаргасан. Үүний дагуу төвийн баг буюу Манхан багт нэр дэвшиж олонхийн саналаар ялалт байгуулсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бусад багийн Засаг дарга нарыг батламжилсан боловч намайг үлдээсэн шалтгаанаа надад ирүүлсэн. Энэ нь юу гэхээр Дэлхийн зөн олон улсын байгууллагаас тухайн үед хэрэгжүүлж байсан малаас 5 тугалтай үхрийг айлд өгч малжуулах системийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэдэг утгатай албан тоотыг иргэдийн Нийтийн Хурлаар дамжуулан өгсөн байсан. Дэлхийн зөн олон улсын байгууллагын малжуулах төсөл нь 33 өрхөд 198 үхэр өгөгдсөн байдаг. Үүнээс өрх болгонд үхэр өгөх боломж нөхцөл муу учраас сумын Засаг даргын тодорхой хэмжээний эрх мэдэл, үүрэгтэйгээ уялдуулж 5 тугалтай үхрийг өгсөн байдаг. З.Н дарга тайлбарлахдаа цаашид малжуулах төслөөр малжуулах боломжгүй болсон гэж ярьсан. 198 үхэр байгаа учраас цаашид энэ төслийг үргэлжлүүлээд явах боломжтой. Мөн энэ 5 өрх 3 жилийн дараа тугалтай үхрээ өгөөд явах гэрээ хийсэн байгаа. Мөн 5 дугаар багийн иргэдийн сонголтыг хүндэтгэж гаргасан шийдвэртээ анхаарал тавьж өгөөч гэж сумын Засаг дарга З.Ноос хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм ...” гэв.

11.Хариуцагч  Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг болох Манхан багийн иргэдийн Нийтийн Хурлаас тус багийн Засаг даргад Т.Гын нэрийг нь дэвшүүлсэн. Миний бие 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд татгалзсан болно.

12.Учир нь багийн Засаг даргад нэрийн дэвшүүлсэн Т.Гын тухайн тэрбээр 2016-2020 онд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллахдаа тус суманд хэрэгжсэн Дэлхийн зөн олон улсын байгууллагын малжуулах төслийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдлыг бий болгон тус төслийн эх үүсвэрийг сонгуулийн зорилгоор ашиглан үрэн таран хийж, цаашид тус төслийг үргэлжлүүлэх, дахин хэрэгжих ямар ч эх үүсгэвэргүй, нөөцгүй болгосон явдал юм. Тодруулбал Алаг-Эрдэнэ сумын ихэнх иргэдийн хувьд амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд мал аж ахуй дээр суурилсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын эх үүсвэртэй болгох зорилгоор тус суманд хэрэгжсэн хамгийн үр өгөөжтэй төсөл нь малжуулах төсөл байсан. Гэтэл Т.Г нь сонгуульд гарах хувийн амин бодлоосоо болж, тус төслийн цөм болсон малыг захиран зарцуулах нөхцөлтэйгээр айлд тарааснаас уг төслийг үргэлжлүүлэх, малжуулах журмын дагуу дараагийн өрх хамрагдах ямар ч боломжгүй болгосон. Тиймээс миний хувьд энэхүү алдаа, зөрчлөө арилгасан  тохиолдолд томилгооны асуудал яригдана гэж үзсэн болно.

13.Харин 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн иргэдийн Нийтийн Хурлаас дахин нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлээгүй энэ процесс явагдаагүй бөгөөд нэр дэвшигчээс татгалзах нь сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Томилох эрх бүхий этгээд болох сумын Засаг даргаас багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзсан байтал нэхэмжлэгч Т.Г нт татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох талаар хандсан нь ойлгомжгүй байна.

14.2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулинд эрх бүхий этгээд нь татгалзсан шалтгаанаа тайлбарлах үүрэг хүлээгээгүй. Түүнчлэн ямар үндэслэлээр татгалзах талаар ч хуулинд тусгаагүй. Татгалзах эсэх нь томилох сумын Засаг даргад бус Манхан багийн иргэдийн Нийтийн Хуралд хандах эрх нь бол нээлттэй байна. Багийн Нийтийн хурлаас дахин нэр дэвшүүлэх эсэх нь багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээний  асуудал гэж үзэж байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

15.Хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 2006 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т сумын Засаг дарга багийн Засаг даргыг томилохоос татгалзаж болно гэж заасан. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Т.Гыг Манхан багийн Засаг даргаар томилохоос татгалзсан. Т.Г нь 2016-2020 онд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг хоол тэжээлийн дутагдлаас гаргах, өрхийн амьжиргааг дэмжин малжуулах төслийн хүрээнд 198 тугалтай үнээг 33 айлд тараасан байдаг. Үүнээс тугалтай үнээ 7-г долоон айлд тараахдаа Т.Г өөрийн нэр дэвшдэг баг болох 5 дугаар багийн айлуудад тараасан. Анх уг төсөл хэрэгжиж эхлэх үед мал эмнэлгийн тасгийн дарга ахлагчтай, халамжийн ажилтан зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилсон байдаг. Уг ажлын хэсэг хуралдаад тус сумын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өнчин, хагас өнчин, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие эх, эцэг, бага насны буюу 0-5 насны хүүхэдтэй, хонин толгойд шилжүүлснээр 150-аас доош тооны малтай, мал маллах хүсэл сонирхолтой байх зэрэг 10 шалгуур үзүүлэлтийг төсөлд хамруулахдаа харгалзан үзэхээр тогтсон. Төсөлд хамрагдах өрхүүдийг уг төсөлд хамруулахдаа эдгээр 10 шалгуур үзүүлэлтийн дор хаяж 5 шалгуурыг хангасан байх ёстой гэж шийдвэрлэсэн. Уг төслийн дагуу айл бүрт 3 тугалтай үнээ өгч, 3 жилийн дараа гурван настай нэг тугалтай үнээг эргэн төлөлтөөр буцааж авахаар гэрээ байгуулж байсан. Гэтэл нэхэмжлэгч Т.Г сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хэсгийн тогтоосон шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй, түүнээс дээгүүр амьдралтай, өөрийнхөө хамаатан садан, төрийн албанд ажилладаг зэрэг сумын төвд амьдардаг өрхүүдэд нэг нэг тугалтай үнээ өгч бусдад хууль бусаар давуу байдал олгосон байсан. Мөн би энэ малжуулах төслийг чинь хэрэгжүүлдэг учраас надад саналаа өгвөл малжуулах төсөлд хамруулж өгнө гэсэн зүйл ярьсан байсан. Малжуулах төсөлд эргэн төлөлтөөр орж ирсэн малыг дараа дараагийн төсөлд хамруулах шаардлагатай айлуудад өгөх гэтэл малгүй болгосон байсан. Иймд энэ асуудлаа шийдсний дараа багийн Засаг даргаар томилох асуудлыг шийдвэрлэнэ гэсэн саналыг тавьсан ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

16.Нэхэмжлэгч Т.Гын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Т.Гыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн /Манхан баг/ Засаг даргаар томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Гыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгах, томилох шийдвэр гаргах боломжтой хугацаанаас хойш ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшиж олонх буюу 50,4 хувийн санал авсан Төмөрбаатар овогтой Ганболдыг 5 дугаар багийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлэхийг хурлын даргад даалгаж шийдвэрлэжээ.

18.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/499 тоот албан бичгээр Манхан багийн иргэдийн Нийтийн Хуралд хандан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг үндэслэн тус багийн Засаг даргаар нэр дэвшсэн Төмөрбаатар овогтой Ганболдыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан хариу өгчээ.

19.Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж,

26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд ...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”,

26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж тус тус заасан байна.

20.Тодруулбал багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгож, нэр дэвшүүлсэн багийн Засаг даргыг сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилохоор хуульд заажээ.

21.Харин багийн Засаг даргад нэр дэвшигчийг сумын Засаг дарга томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор дахин хуралдаж олонхийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байхаар хуульчилжээ.

22.Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сумын Засаг дарга Манхан багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Т.Гыг томилохоос татгалзсан хариуг тухайн Хуралд хүргүүлсний дараа тус багийн иргэдийн Нийтийн Хурал 15 хоногийн дотор дахин хуралдаагүй, Т.Гыг дахин нэр дэвшүүлээгүй байна.

23.Багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзаж буй сумын Засаг даргын татгалзал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

24.Харин сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэр дэвшигч Т.Гыг томилохоос татгалзсан хариу өгсний дараа тус багийн иргэдийн Нийтийн Хурал 15 хоногийн дотор дахин хуралдаагүй нь хуульд нийцэхгүй байна.

25.Багийн иргэдийн Нийтийн Хурал хэрэв Т.Гыг дахин багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн бол томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байх юм.

26.Иймд нэхэмжлэгч Т.Гын субьектив эрх зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

27.Субьектив эрх гэдэг нь хууль, хэмжээний актад шууд заасан, эсхүл тэдгээрийн үндсэн дээр үүсэх тодорхой этгээдийн эрх мэдэл буюу боломж юм.

28.Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь хүний субьектив эрхийг буюу хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.

29.Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор,

106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: ... 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

30.Өөрөөр хэлбэл зөвхөн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх хамгаална. Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын зүгээс Т.Гыг тус сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан нь хууль зөрчөөгүй, Т.Гыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас дахин нэр дэвшүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

31.Харин хэргийн оролцогчдын маргаж буй “Т.Г нь Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн малжуулах төслийн малыг тараахдаа холбогдох журам зөрчсөн, бусдад хууль бусаар давуу байдал олгосон” гэх маргаан нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүйг дурдъя.

32.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бэсүд Т.Гын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Т.Гыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн /Манхан баг/ Засаг даргаар томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Гыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгах, томилох шийдвэр гаргах боломжтой хугацаанаас хойш ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ