| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0130/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Д.Д,
шүүгдэгч Х.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б ургийн овгийн Хгийн Ад холбогдох 2209000002295 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б ургийн овгийн Хийн А, Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, тус аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч багш ажилтай, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 35 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ...,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2010 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг "математикийн багш" мэргэжлээр төгсөөгүй атлаа тус сургуулийн D201004258 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохын мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллахдаа ашиглаж, 37.387.089 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Би тухайн дипломыг огт ашиглаж байгаагүй. Зүгээр мэргэжлийн дагуу ажиллая гэж өгсөн болохоос биш тухайн дипломын дагуу ажиллаж байгаагүй. Намайг дотуур байрын хүмүүжүүлэгчээр томилсон байсан. Жижүүрээр ажилд орохдоо дипломын хуулбарыг гаргаж өгөөгүй. Дараа нь мэргэжлээрээ ажиллах гэж дипломын хуулбарыг гаргаж өгч байсан.” гэв.
2. 2209000002295 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, танилцуулгын хавсралт (1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал),
2.2. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан. Түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг pdf файлаар татаж авах архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, Боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал),
2.3. Гэрч Я.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, Үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу РDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-44 дэх тал),
2.4. Гэрч А.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм... ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.
Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.... ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг ( 1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал),
2.5. Гэрч Б.Дйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.... Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй... ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... ....Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал),
2.6. Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг, үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.
...ЕSIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн мэдүүлэг ( 1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал),
2.7. Гэрч Д.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн НЕМIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-63 дахь тал),
2.8. Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна..., ...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа..." гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал),
2.9. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1211 дугаартай “Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан ...Хуандаг овогтой А /БЗ88041701/ 2010 онд математикийн багш мэргэжлээр ... МУБИС-д суралцаж төгссөн тухай холбогдох мэдээлэл олдоогүй болно.” гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал),
2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.А нь манай байгууллагын ажилтан. Миний бие Х.Атэй төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Миний бие сургуулийн захирлаар томилогдохоос өмнө буюу 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х.А нь тухайн үед захирлаар ажиллаж байсан С.Ашимханы 62 тоот тушаалаар дотуур байрны жижүүрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Дараа нь миний 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай тушаалаар дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилогдож байсан. Одоо сүүлд томилогдсон албан тушаалдаа буюу дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн албан тушаалд ажиллаж байгаа. Миний бие захирлын албан тушаалыг хүлээж аваад ажилчдынхаа хувийн хэрэгтэй танилцахад Х.А нь бакалаврын зэргийн дипломтой болохыг нь хувийн хэргээс нь олж мэдсэн. Х.А нь ажилдаа их идэвхтэй, сайн ажиллаж байсан, мөн дээд боловсролын дипломтой боловч дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан учраас миний бие түүнийг дэмжиж дотуур байрны хүмүүжүүлэгчээр томилж байсан. Х.А нь анх ажилд томилогдохдоо болон одоо хэдэн төгрөгийн цалин авч байгаа болохыг нь мэдэхгүй байна. Миний бие манай сургуулийн ажилчдын 2018 оноос 2022 оны 11 дүгээр сар хүртэлх цалингийн цэсийг гарган авч ирсэн байгаа. Тухайн цалингийн цэсээс авч байсан цалин нь тодорхой харагдах байх. Х.А нь бусад ажилчдын адилаар урамшууллын цалин авч байсан. Гэхдээ энэ урамшуулал нь цалингаас тусдаа биш цалинтайгаа хамт авдаг урамшуулал юм. Өөр ямар нэгэн шагнал урамшуулал буцалтгүй тэтгэмж авч байгаагүй.
Тухайн үед миний бие Х.Аийг дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилохдоо түүний дотуур байранд ажилласан туршлага болон хүүхдүүдтэй харьцдаг харилцаа, ажилдаа ханддаг хандлага зэрэг байдлыг нь болон түүний Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай боловсролын бакалаврын зэргийн дипломыг нь үндэслэн дотуур байрны жижүүрээс хүмүүжүүлэгч багшаар дэвшүүлэн томилсон юм. Тухайн үед дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан хүмүүсээс дээд боловсролтой цөөхөн хүн байсны нэг нь Х.А байсан бөгөөд түүний хувийн хэрэгт нь D201004258 дугаартай боловсролын бакалаврын зэргийн дипломын хуулбар нь байсныг би олж харсан тул би судлаад ажилдаа хариуцлагатай гээд хүмүүжүүлэгч багшаар Х.Аийг томилж байсан юм. Дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн хувьд заавал бакалавраас дээш боловсролтой байх ёстой байдаг юм. Харин жижүүр, үйлчлэгч, манаач нарын хувьд үйлчилгээний ажилтан учраас заавал дээд боловсролтой байхыг шаарддаггүй. Х.Аээс нэхэмжлэх зүйл гэвэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллахдаа авсан цалинг нь цагдаагийн байгууллагаас тогтоосон хэмжээгээр нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн санал гомдол байхгүй..” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал),
2.11. Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2018 оны 03 дугаар сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Өмнө нь Ногооннуур сумын бага сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. ...Миний бие Ногооннуур сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2018 онд анх орох үед Х.А нь тус сургуулийн дотуур байрны жижүүр байсан. Улмаар 2019 оны 09 дүгээр сараас эхлэн тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхлээд одоог хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаа. Х.А нь миний бие тус сургуульд ажилд орохоос өмнө 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дотуур байрны жижүүрээр ажилд томилогдож байсан байна. Тухайн үед хэдэн төгрөгийн цалин авч байсан болохыг нь мэдэхгүй байна. 2014 оноос 2017 оны санхүүгийн баримтуудыг аймгийн архивын тасагт хүлээлгэж өгсөн учраас тухайн үеийн баримтууд нь надад байхгүй болно. 2018 оноос өнөөдрийг хүртэлх санхүүгийн баримтууд буюу Аийн цалингийн цэсийг нь хуулбарлан авч ирсэн байгаа. Тус баримт бичгүүдийг танд гаргаж өгөх болно. Х.А нь одоогийн байдлаар цалингаас өөр ямар нэгэн шагнал урамшуулал аваагүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал),
2.12. Гэрч С.Аны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Х.Аийн нэг байгууллагад ажилладаг гэдгээр нь танина. Тэрнээс биш төрөл, садан болон ах, дүүгийн холбоо байхгүй. Миний бие 2014 оны 04 сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Ногооннуур сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд захирлаар ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа Х.Аийг 2014 оны 08 дугаар сард сургуулийн дотуур байрны жижүүрээр ажилд авсан. Тухайн үед Х.А нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн гэж дипломыг үзүүлсэн. Тухайн үед математикийн багшийн орон тоо байхгүй учраас дотуур байрны жижүүр Т.Сабила өндөр насны тэтгэвэр гарахад Х.Аийг дотуур байрны жижүүрээр ажилд авсан. Жижүүрээр ажиллах хүн бүрэн дунд боловсролтой хүн байж болдог учраас Х.Аийг авч ажиллуулсан. Дотуур байрны жижүүрээр ажиллахад дээд боловсрол шаарддаггүй учраас түүний дипломыг үндэслэхгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан. Х.Аийг дотуур байрны жижүүрээр ажиллаж байх үед хүмүүжүүлэгч багш Т.Айгүл нь жирэмсний амралт авсан тул Х.Аийг түр ажиллуулж байгаад жирэмсний амралт дууссаны дараагаар буцаад жижүүрээр ажиллуулсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал),
2.13. Мөрдөгчөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Х.Аийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргээс хуулбарлаж явсан Х.Аийн төрийн албан хаагчийн анкет, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн болон 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг 2006 оноос 2010 онд математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай дипломын хуулбар, 3 үеийн намтар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хүмүүжүүлэгч багш, жижүүр зохицуулан ажиллуулах тухай” 101 дугаартай, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай “Жижүүр авч ажиллуулах тухай”, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай “Х.Аийг дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд томилон ажиллуулах тухай” тушаалуудын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 115-136 дахь тал),
2.14. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018 оны 1 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэлх цалингийн цэсийн хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 139-194, 2 дахь хавтаст хэргийн 110-114 дэх тал),
2.15. Шүүгдэгч Х.Аийн 2014 оноос 2022 оны 11 дүгээр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 204-208 дахь тал),
2.16. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/693 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус сургуулийн захирлын 2006 оны 363 дугаартай элсэлтийн тушаал, тушаалын хавсралт болон 2010 оны 178 дугаартай төгсөлтийн тушаалын хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 61-68 дахь тал),
2.17. Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 69-72 дахь тал),
2.18. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ш.Агаас гаргаж өгсөн сургуулийн захирлын тушаалууд, Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дотуур байрны үйлчилгээг шалгах хяналтын хуудас, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны орчин үйлчилгээний стандарт /МNS 6781:2019/ зэрэг баримтуудыг хүлээн авсан тухай мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 73-92 дахь тал),
2.19. Гэрч З.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2014 онд ТҮБД-2-оор ажилладаг байсан ба сургуулийн жижүүрийн болон дотуур байрны багш нарт дээд боловсролын дипломтой байхыг шаарддаггүй байсан. Харин ажилд орохдоо дээд боловсролын дипломтой бол тэр нь давуу байдал болж байсан. Харин одоо бол Монгол Улсын МNS 6781:2019 стандартад дотуур байрны багш нь багш эсвэл нийгмийн ажилтан мэргэжилтэй байна гэж тусгаж өгсөн нь заавал дээд боловсролын диплом шаардаж байгаа гэсэн үг юм.” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал),
2.20. Яллагдагч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие Ногооннуур сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байранд жижүүрийн багшаар 2014 онд ажилд орж байсан. Ажилд орох үедээ дээд боловсролтой байсан. Бүрдүүлсэн материал гэвэл өөрийн ажил хүссэн өргөдлийн хамт дипломынхоо хуулбарыг л сургуулийн захиргаанд өгч байсан. Би үнэнээ хэлэхэд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд 3 дугаар курст сурч байхдаа нэг хүнээр дамжуулаад диплом гаргуулж авсан. Уг нь бол 2011 онд 4 дүгээр курсийг төгсөж байж диплом авах ёстой байсан. Гэтэл би 2010 онд 3 дугаар курст сурч байхдаа дипломтой болсон. Би 2010 онд Улаанбаатар хотод байхдаа нэг найзаараа дамжуулаад Е гэх хүнтэй танилцаж байсан. Тухай үед Е гэх хүн хэлэхдээ би улсын бүртгэлд бүртгүүлээд дипломыг чинь урьдчилаад гаргуулаад өгч болно гэж ярьсан тул тэр хүнд итгээд 1,500,000 төгрөг бэлнээр өгөөд диплом гаргуулж авч байсан. Е одоо хаана юу хийдэг талаар огт мэдэхгүй. Тухайн үед ч хаана ямар ажил эрхэлдэг, гэр орон нь хаана байдгийг ч асууж байгаагүй. Ямар ч байсан Баян-Өлгий аймагт төрж өссөн, гэхдээ одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Боловсролын яаманд ажилладаг хүнээр дамжуулаад диплом гаргуулж байгаа гэж ярьж байсан. Би сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж, анги төгсгөж байгаагүй. Би зөвхөн дотуур байрны жижүүрээр 4 жил ажиллаж байгаад дараа нь тус дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 3 жил ажилласан, нийт 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа улсаас ямар нэгэн шагнал урамшуулал аваагүй. Би одоо Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-86 дахь хавтаст хэргийн 46 дахь тал),
2.21. Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай”, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” тогтоолууд (1 дэх хавтаст хэргийн 104, 107 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.22. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал),
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 201 дэх тал),
-Иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлаагаа (1 дэх хавтаст хэргийн 202-203 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал),
-Зээлийн гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 213-217 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.23. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Улсын яллагчаас “шүүгдэгч Х.А нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон учраас түүнийг гэм буруутайд тооцох саналтай” гэсэн агуулгатай, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлын байрны тодорхойлолтод дээд боловсролтой байх гэсэн шаардлага тавигдаагүй, мөрдөгч хуульд заасан журмын зөрчиж нотлох баримтуудыг цуглуулсан, хуулбар нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй, шүүгдэгчийг залилан мэхэлж, түүнд хуурамч диплом өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй тул түүнийг цагаатгах үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
-Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт (хавтаст хэргийн 11-35 дахь тал),
-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1211 дугаартай “Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан ...Хуандаг овогтой А /БЗ88041701/ 2010 онд математикийн багш мэргэжлээр ... МУБИС-д суралцаж төгссөн тухай холбогдох мэдээлэл олдоогүй болно.” гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед миний бие Х.Аийг дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилохдоо түүний дотуур байранд ажилласан туршлага болон хүүхдүүдтэй харьцдаг харилцаа, ажилдаа ханддаг хандлага зэрэг байдлыг нь болон түүний Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай боловсролын бакалаврын зэргийн дипломыг нь үндэслэн дотуур байрны жижүүрээс хүмүүжүүлэгч багшаар дэвшүүлэн томилсон юм. Тухайн үед дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан хүмүүсээс дээд боловсролтой цөөхөн хүн байсны нэг нь Х.А байсан бөгөөд түүний хувийн хэрэгт нь D201004258 дугаартай боловсролын бакалаврын зэргийн дипломын хуулбар нь тухайн үед байсныг би олж харсан тул би судлаад ажилдаа хариуцлагатай гээд хүмүүжүүлэгч багшаар Х.Аийг томилж байсан юм. Дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн хувьд заавал бакалавраас дээш боловсролтой байх ёстой байдаг юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал),
-Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Ногооннуур сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2018 онд анх орох үед Х.А нь тус сургуулийн дотуур байрны жижүүр байсан. Улмаар 2019 оны 09 дүгээр сараас эхлэн тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхлээд одоог хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал),
-Гэрч С.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед Х.А нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн гэж дипломыг үзүүлсэн. Тухайн үед математикийн багшийн орон тоо байхгүй учраас дотуур байрны жижүүрээс Т.Сабила өндөр насны тэтгэвэр гарахад Х.Аийг дотуур байрны жижүүрээр ажилд авсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал),
-Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Х.Аийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргээс хуулбарлаж явсан гэх 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг 2010 онд математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай дипломын хуулбар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай “Х.Аийг дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар, (1 дэх хавтаст хэргийн 115-136 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018 оны 1 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэлх цалингийн цэсийн хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 139-194, 2 дахь хавтаст хэргийн 110-114 дэх тал),
-Шүүгдэгч Х.Аийн 2014 оноос 2022 оны 11 дүгээр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 204-208 дахь тал),
-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/693 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус сургуулийн захирлын 2006 оны 363 дугаартай элсэлтийн тушаал, тушаалын хавсралт болон 2010 оны 178 дугаартай төгсөлтийн тушаалын хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 61-68 дахь тал),
- Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дотуур байрны үйлчилгээг шалгах хяналтын хуудас, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны орчин үйлчилгээний стандартын /МNS 6781:2019/ хуулбар (2 дахь хавтаст хэргийн 73-92 дахь тал),
- Гэрч З.Нйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Харин одоо бол Монгол Улсын МNS6781:2019 стандартад дотуур байрны багш нь багш эсвэл нийгмийн ажилтан мэргэжилтэй байна гэж тусгаж өгсөн ба заавал дээд боловсролын диплом шаардаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал),
-Яллагдагч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ажилд орох үедээ дээд боловсролтой байсан. Бүрдүүлсэн материал гэвэл өөрийн ажил хүссэн өргөдлийн хамт дипломынхоо хуулбарыг л сургуулийн захиргаанд өгч байсан. Би үнэнээ хэлэхэд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд 3 дугаар курст сурч байхдаа нэг хүнээр дамжуулаад диплом гаргуулж авсан. Уг нь бол 2011 онд 4 дүгээр курсийг төгсөж байж диплом авах ёстой байсан. Гэтэл би 2010 онд 3 дугаар курст сурч байхдаа дипломтой болсон. ...Би зөвхөн дотуур байрны жижүүрээр 4 жил ажиллаж байгаад дараа нь тус дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 3 жил, нийт 8 дахь жилдээ ажиллаж байгаа. ...Би одоо Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-86 дахь хавтаст хэргийн 46 дахь тал),
-Гэрч Я.Номинцэцэг, Б.Доржхуяг, Ч.Энх-Амгалан, А.Танан-Эрдэнэ, Д.Анхзаяа, Н.Батбилэг, Д.Цэдэвсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 38-40, 42-44, 46-48, 50-52, 55-57, 60-63, 102-103 дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч Х.А нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг “математикийн багш” мэргэжлээр 2010 онд суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг ашиглан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар тус сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаартай “Х.Аийг дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд томилон ажиллуулах тухай” тушаал томилогдож, тухайн орон тоонд одоог хүртэл хүртэл ажилласан, ажилласан хугацаандаа 37.387.089 төгрөгийн /2019 оноос 2023 оны 4 сар хүртэл/ цалин хөлс авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Харин, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн Х.Аээс гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
3.4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хэргийг тусгаарлахдаа гэрч нарын мэдүүлгийг хуулбарлан авсан, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.
3.5. Учир нь прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор 2209000002295 дугаартай эрүүгийн хэргээс яллагдагч Х.Ад холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан байх бөгөөд мөрдөгч нь нотлох баримтуудыг эх хувиар нь авах боломжгүй гэх үндэслэлээр 2209000002295 дугаартай эрүүгийн хэргээс гэрч Я.Номинцэцэг, Б.Доржхуяг, Ч.Э, А.Т, Д.А, Н.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шалгалтын тайлан, Х.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэл үйлдэн хуулбарлан авсан нь бичиг баримтыг хуулбарлан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. ( 1 дэх хавтаст хэргийн 92, 250 дахь тал),
3.6. Иймээс дээрх нотлох баримтуудыг хууль заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж дүгнэлээ.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
4.2. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны С/40 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 6781:2019 стандарт”-ын 7 дугаар зүйлийн 7.4-т “байрны багш нь багш эсвэл нийгмийн ажилтан мэргэжилтэй, 5-аас доошгүй жил хүүхэдтэй ажилласан туршлагатай байна” гэж зааж, дотуур байрны багшийн ажлын байранд ажиллах ажилтан нь багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй байх шаардлага тавигджээ.
4.3. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар, давуу байдал үсгүүлэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаардаг.
4.4. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нь шүүгдэгч Х.Аийн дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан туршлага, дээд боловсролтой, багш мэргэжилтэй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр томилж, ажил олгогчоос ажилтантай мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд шүүгдэгч нь одоог хүртэл тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажилладаг, тэрээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг “математикийн багш” мэргэжлээр 2010 онд суралцаж төгсөөгүй, түүнд тус сургуулиас D201004258 дугаартай диплом олгож байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир шүүгдэгчийг дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн орон тоонд томилогдохдоо боловсролын бакалаврын зэрэг олгосон диплом нь хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж үзнэ.
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилжээ.
4.6. Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхээс гадна гэмт санаа нь тасралтгүй хэрэгжиж дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг, удаан хугацаанд үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Х.А нь боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ажилд орохдоо ашиглаж, 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны багшийн орон тоонд ажиллаж, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж, цалин хөлс авах зэргээр эдийн засгийн үр ашгийг тогтмол хүртэж байгаа тул түүнийг удааширсан шинжтэй үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.7. Шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.8. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа ажилд орохын тулд хуурамч дипломыг ашиглаж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллаж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
4.9. Иймд шүүгдэгч Х.Аийг хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.10. Боловсролын байгууллагуудын хяналт, шалгалт сул, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.
5.2. Шүүгдэгчийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны багшаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүний ажилласан хугацаанд авсан цалин хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон гаргуулж хохирогч байгууллагад олгох нь үндэслэлтэй.
5.3. Хэрэгт цугларсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, сургуулийн цалингийн цэс зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны багшаар томилогдон ажиллахдаа 37.387.089 төгрөгийн цалин хөлс авсан нь нотлогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 139-194, 2 дахь хавтаст хэргийн 110-114, 204-208 дахь тал),
5.4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Аээс 37.387.089 төгрөгийг гаргуулан тус аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Аийг шүүхээс “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний ажилласан хугацаанд авсан цалин 37.387.089 төгрөгийг гаргуулан хохирогч байгууллагад олгуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сарын цалинг тооцож, хохирлоос хасах нь нь үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь хувийн байдлын хувьд ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тус аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 200-203, 210, 231-217 дахь тал),
2.4. Шүүгдэгч хуурамч дипломыг санаатайгаар ашиглан ажилд орсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.Аийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
3.4. Шүүгдэгч Х.Аийн хуурамч дипломыг ашиглаж ажилд томилогдож ажилласан хугацаанд 37.387.089 төгрөгийн цалин хөлс авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон тул энэхүү цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
3.3. Шүүгдэгч Х.Аээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, түүний өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ҮО208000473 дугаарт бүртгэлтэй, 99 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн эзэмшлийн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг “математикийн багш” мэргэжлээр суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай дипломыг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Хйн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуандагийн Аийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Ад сануулсугай.
4. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Аээс 37.387.089 (гучин долоон сая гурван зуун наян долоон мянга наян ес) төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Х.Аийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 37.387.089 (гучин долоон сая гурван зуун наян долоон мянга наян ес) төгрөгийг албадан гаргуулж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
7. Шүүгдэгч Х.Аээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ҮО208000473 дугаарт бүртгэлтэй, 99 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч Х.Аийн эзэмшлийн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик статистикийн сургуулийг суралцаж төгссөн гэх D201004258 дугаартай бакалаврын дипломыг хэргийн хамт хадгалсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б