| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0642/3 |
| Дугаар | 221/МА2025/0541 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0541
“Эхт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Эхт” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эхт” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, “Эхт” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 323 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0642/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан Эхт ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1 Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 11 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэсэн.
Захиргааны байгууллагаас тушаал гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох тодорхой ажиллагаануудыг хийсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс тодорхой хариу тайлбарыг ирүүлсэн.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны (хуучин нэршлээр) Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас (хуучин нэршлээр) Эхт ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой дотоод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тус хяналт шалгалтаар газар ашиглах эрхийг цуцлах саналыг дээрх зөвлөлийн хурлаар "цуцлах санал"- тайгаар оруулахыг "сунгах" болгож оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байсан талаар дэлгэрэнгүй тайлбарыг хэрэг анхан шатны шүүхийн шатанд хариуцагч тайлбарлаж байсан боловч шүүх түүнийг үнэлж үзээгүй.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч “Эхт” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, “Эхт” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.
2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар “Эхт” ХХК-д Баянзүрх дүүрэг, Хын ам нэртэй Богдхан уулын Дархан цаазат газарт газарт 1.0 га газрыг “Аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах эрхийн 2016/341 тоот гэрчилгээг[1] 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар олгож, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын захиргаатай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2017/065 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”[2]-г байгуулжээ.
3.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалаар[3] “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Эхт” ХХК-г (хугацаа сунгах хүсэлтийг хугацаандаа гаргаагүй) гэх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан XI дүгээр хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 10247.8 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэжээ.
3.1.Дээрх маргаан бүхий акт гарахад үндэслэл болгосон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичиг[4] түүний хавсралтын 26-д “...Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 (-эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, -хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 7 жил дараалан ашиглаагүй) -2023/06/09-нд газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон” гэжээ.
3.2.Мөн “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан XI дүгээр хурлаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг нийт гишүүдийн 90 хувийн саналаар дэмжсэн” үйл баримт тогтоогдож байна.
4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гэж,
5.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан.
6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах тухай гуравласан гэрээний хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дүгээр сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгасан[5] бол, мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/368 дугаар тушаалаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан “Газар ашиглах гуравласан 2021/249 дугаар гэрээ”[6]-г байгуулжээ.
6.1.Ийнхүү Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн газар ашиглах гэрээ дүгнэх хуудсаар[7] “...Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар хуулийн хугацаанд сунгах хүсэлт гаргасан эсэх үзүүлэлтэд “2023.05.24-ны өдөр хүсэлт гаргасан” гэж тэмдэглээд цаашид авах арга хэмжээний талаар "...холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллах, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны албан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлж, байгаль орчныг хамгаалах талаар арга хэмжээ зохион байгуулах” гэж дүгнэсэн үйл баримт тогтоогдож байна.
6.2.Улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа хүргүүлсэн, мөн гэрээний хугацаа дуусахаас өмнө хүргүүлсэн болох нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/18 дугаар албан бичиг[8], мөн оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25/87 дугаар албан бичиг[9], мөн оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/26 дугаар албан бичиг[10], Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02/1199 дугаар албан бичиг[11], түүний хавсралтаар ирүүлсэн ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6.3.Дээрх нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах хүсэлтийг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 663 дугаар санал хүргүүлсэн албан бичиг[12], 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/35 дугаар албан бичиг[13] , мөн оны 02 дугаар сарын 14ний өдрийн 01/243 дугаар албан бичиг[14] зэрэг баримтуудаар тогтоогдож байх хэдий ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдож байна.
6.4.Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалаар дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасантай нийцэхгүй байна.
6.5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө өгсөн байтал хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, улмаар хариуцагчаас “газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ өгөөгүй” гэх үндэслэлээр эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
7.Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зорилгоор дор дурдсан үйл ажиллагаа хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
7.1.Үүнд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр геологийн судалгаа, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврын загвар зураг, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худаг гаргах зөвшөөрөл, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-иар цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөл, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг[15] тус тус гаргуулжээ.
7.2.Дээрх баримтуудаас үзвэл маргаан бүхий актын үндэслэл болгосон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичигт нэхэмжлэгч хуулийн этгээдийг “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн нь хуульд нийцээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас “Эхт” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлттэй холбоотой асуудлаар дотоод хяналт шалгалтыг хийж дүгнэлт, саналыг 2024 оны 04 дүгээр 29-ний өдрийн 24/07 дугаар “Материал шилжүүлэх тухай” тухай албан бичгээр[16] хүргүүлжээ.
8.1.Тус хяналт шалгалтын дүгнэлтэд “...Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Н нь ажлын хариуцлага алдсан талаар дүгнээд, Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас “Эхт” ХХК-ийн газар ашиглах зөвшөөрлийг цуцлах санал ирүүлэх, сонсох ажиллагаа явуулахдаа цугларсан албан баримт бичгийг нягтлан шалгаагүй нь хяналт шалгалт болон тус газраас ирүүлсэн тайлбараар тус тус тогтоогдож байна” гэжээ.
8.2.Уг дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг маргаан бүхий актад үндэслээгүй энэ тохиолдолд “...мэргэжилтэн Х.Нийн буруутай үйлдлийг дурддаг ч түүнд хариуцлага хүлээлгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй тул тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 11 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 13-16 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 236 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 79-80 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 17-19 дэх тал
[6] Хэргийн 1-р хавтас 20-22 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 23-25 дахь тал
[8] Хэргийн 2-р хавтас 48 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 222 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 99-100 дэх тал
[11] Хэргийн 1-р хавтас 149-150 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 78 дахь тал
[13] Хэргийн 2-р хавтас 68 дахь тал
[14] Хэргийн 1-р хавтас 85 дахь тал
[15] Хэргийн 1-р хавтаст хэргийн 27-66, 144, 2-р хавтас 69 дэх тал
[16] Хэргийн 1-р хавтас 139-145 дэх тал