Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/994

 

 

 

 

 

 

 

 

  2023         07           17                                  2023/ШЦТ/994

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... DJ хийдэг, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн,

...... овогт Ц.Э /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” гэх нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогч П.Б-ын нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” гэх нэртэй караокены гадна хохирогч Э.Д-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн хэсэгт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

- Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 6 дахь тал/,

 

- Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед 5 найзтайгаа Сүхбаатарын талбайн тэнд байдаг .... нэртэй бааранд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад, тухайн газраас 3 цаг 30 минутын үед бид нар гараад харих гэж байтал хамт явж байсан нэг охины 2 найз эмэгтэй нь Сансарын тэнд байдаг ...... гэх нэртэй бааранд байна гэхээр нь бид нар бүгд очсон. Бид нарыг гаднаас ороход тухайн газар нь хаах гэж байгаа сүүлчийн 3 дуу явна гэж хэлж байсан. Тэгээд бид нар тэр 2 найзтай нь хамт суугаад байж байтал үл таних залуу ирээд бид нарт томроод янз бүрийн үг хэллэг хэлээд байхаар нь би “чи зүгээр яв” гэж хэлсэн чинь, тэр залуу гараад уулзъя гэж хэлээд яваад өгсөн юм. Улмаар тухайн газар нь хаахаар болж бид нар гарсан чинь түрүүлж гарсан Б гэх найзтай маань нөгөө залуу зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод та нар больцгоо гэж хэлсэн чинь баарны хамгаалагч гэх өндөр нуруутай махлаг биетэй бор царайтай залуу дундуур орж ирээд шууд миний нүүр рүү цохисон чинь хажуугаас нь олон залуучууд орж ирээд намайг хамт зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн: “1.П.Б-ын биед хэл, уруулд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44 дэх тал/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-74 дэх тал/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 112 дахь тал/,

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 120 дахь тал/,

 

- Хохирогч Э.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... нэртэй караоке дотор найзууд болох Н , Г , Б нарын хамт хүн тус бүрийн 3 ширхэг Алтан говь нэртэй 0,5 граммын пиво уучхаад тамхи татчихаад гэртээ харихаар бүгд караокеноос гарч тамхи татаад зогсож байхад урд талаас хоёр залуу ирж байсан ба нэг залуу нь гол хэсгээр нөгөө залуу нь хажуу талаар гарах гэж байсан ба гол хэсгээр гарах гэж байсан хар өнгийн цамцтай 175-178 см орчим өндөртэй, бор өнгийн царайтай, туранхай залуу заавал гол хэсгээр гарах гээд зүтгээд байхаар нь ахын дүү тойроод гарчих гэж хэлсэн чинь би тойрохгүй та нар яагаад явган хүний зам дээр тамхи татдаг юм гэж хэлэхэд ямар нэгэн зодоон хийлгүй ам хэлээр маргалдахад нөгөө залуу та нар байж байгаарай гэж хэлээд явахад нь ямар нэгэн зүйл тоолгүй тамхи татаж байхад уг залуу дөрвөн эрэгтэйн хамт ирсэн ба хоорондоо ярилцаад учир зүйгээ олж байхад эргүүлийн цагдаа ирээд нөгөө залуугийн нэг ахыг нь аваад явчихаар нь буцаж гараад гэр гэр рүүгээ явахаар болж би найз Гаваасүрэнгийн хамт такси барих гээд зогсож байхад бид нарын гол хэсгээр гарах гэж зүтгэж байсан залуу над руу ирж маргаан үүсгэж байгаад яг аль гараар цохисон болохыг мэдэхгүй байхад миний хамар хэсэг рүү 1 удаа цохиод татаж ирээд мөргөчхөөд зугтаад явчихаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Э.Д-ий биед хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 137 дахь тал/  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” гэх нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогч П.Б-ын нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэртэй караокены гадна хохирогч Э.Д-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн хэсэгт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ 2 буюу түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан нь:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.П.Б-ын биед хэл, уруулд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Э.Д-ий биед хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” гэх нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогч П.Б-ын нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэртэй караокены гадна хохирогч Э.Д-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн хэсэгт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ 2 буюу түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ц.Э өөрийн гэм буруугийн талаар маргаангүй хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Э.Д, П.Б нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Э.Д, П.Б нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь “2 буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд ял шийтгэгдсэн боловч засрал хүмүүжил олоогүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба иргэний нэхэмжлэгч П.Б-т 500.000 төгрөг төлсөн, хохирогч Э.Д баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

 

Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Э нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт Ц.Э-ыг “2 буюу түүнээс олон  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.АЮУШЖАВ