Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

  2020             1              7                                          2020/ДШМ/33

 

Л.Д, Д.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Л.Д, Д.Т нарын өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

                                                                                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1058 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д, Д.Т нарын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Л.Д, Д.Т нарт холбогдох 1908 0433 61341 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Л-ийн Д, 1966 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ....... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

2. Т овгийн Д-гийн Т, 1995 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Л.Д, Д.Т нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн гудамж, 2/27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн орчим иргэн И.Учралыг зодож, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, хуйханд зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Д, Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тарвагатай овгийн Лувсангийн Д, Тарвагатай овгийн Дгийн Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Тийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Д, Д.Т нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч И.Учралд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Учрал нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Д, Д.Т нарын өмгөөлөгч Д.Амаржаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж зааснаас үзэхэд Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Тийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хүндэдсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, хохирогч И.Учралын гаргасан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Д.Т нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний “Түмэнвус” ХХК-д засварчингийн дагалдангаар ажилд орсон тул 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь торгох ялаар, Л.Д нь Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгт манаачаар ажиллаж, сарын 435.757 төгрөгийн цалин авдаг тул 1500 нэгжээр торгох ялыг торгох ялын доод хэмжээ болгон тус тус өөрчилж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тусгайлан гаргах саналгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Д нь Д.Ттэй бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн гудамж, 2/27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч И.Учралын толгой болон чих рүү нь гараараа цохиж “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Д.Т нь Л.Дтай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн гудамж, 2/27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч И.Учралын нүүрэнд гараараа цохиж “доод уруулд шарх, хуйханд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч И.Учралын “...Хүү нь над дээр ирээд шууд нүүрэн тус газар гараараа цохиход бид хоёр харилцан заамдалцсан чинь аав нь хажуунаас зүүн талын чих, толгой руу гараараа цохисон, хүүхэд нь урдаас цохиод хоёулаа нийлээд зодсон. ...Миний биед учирсан уруулд шарх гэмтлийг дэлгүүрийн худалдагч Дгийн хүүхэд Т нь цохиж учруулсан. Дагз, зүүн талын чих рүү Д цохиж гэмтэл учруулсан.” /хх 24/,

гэрч С.Пүрэвсүрэнгийн “...би нөхрийгөө хэрүүл хийгээд яахав гээд салгасан чинь хүү Т гараад ирсэн. Учралтай ярилцаж байснаа гэнэт барилцаж аваад харилцан зодолдож байхад манай нөхөр Д салгах гэж очоод гурвуулаа зодолдсон тул би очиж салгасан. Тэгтэл Учралын уруулнаас цус гарсан байсан учраас эмнэлэг яваад үзүүлээд ир гэсний дагуу эмнэлэг явсан. ...манай нөхөр эмнэлэг дагуулж явж үзүүлээд орой нь ирэхдээ хэнгэрэг нь цоорсон байна гэнэ гэж хэлсэн.” /хх 12/,

гэрч С.Энхсайханы “...Тэр залуу “хөгшин хүн байж, гай болов” гэж хэлж байсан. Д чичрээд, уурлаад хэрэлдээд байсан. Тэгтэл эхнэр нь салгаад аваад явсан чинь Дгийн хүү нь гарч ирээд настай хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэж аавыгаа өмгөөлж хохирогч залуутай барилцаад авсан. Тэгээд нэг харсан чинь Д очсон, гурвуулаа зууралдаад ноцолдоход эхнэрүүд нь салгаж байгаа харагдсан.” /хх 18/,

гэрч Д.Айнурын “...цаанаас хүүхэд нь бид хоёр дээр ирчихээд яагаад байгаа юм бэ гэснээ нөхрийг босоод ир гэсэн, би нөхрийгөө хорьсон боловч нөхөр босоод очсон чинь нөгөө залуу өөдөөс нь шууд цохиж уруулнаас нь цус гарч, харилцан барилцаж зодолдсон. Гэтэл цаанаас аав нь орж ирээд хүүхдийнхээ хажуунаас нөхрийн толгой руу цохиж зодолдсон.” /хх 15/,

 

шинжээч эмч О.Болороогийн “...Доод уруулд шарх болон зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дагзны хуйханд учирсан зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна” /хх 30/ гэх мэдүүлгүүд,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “И.Учралын биед доод уруулд шарх, дагзны хуйханд зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн 10072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Д, Д.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Л.Д, Д.Т нарын бүлэглэн И.Учралыг зодож, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, хуйханд зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Д, Д.Т нарын өмгөөлөгч Д.Амаржаргалын “...Д.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар, Л.Дд оногдуулсан 1500 нэгжээр торгох ялыг торгох ялын доод хэмжээ болгон тус тус өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Л.Дд тухайн зүйлд заасан торгох ял, шүүгдэгч Д.Тт нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус ялгамжтай оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10072 дугаартай дүгнэлтүүд зэргээр хохирогч И.Учралын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Л.Д, Д.Т нарын цохилтын улмаас үүссэн, тэдний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, Д.Т нарын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1058 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, Д.Т нарын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ