Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2021/0019/З |
Дугаар | 125/ШШ2022/0001 |
Огноо | 2022-01-04 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 125/ШШ2022/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж
Нэхэмжлэгч Л.Л -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын дарга, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комисст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Ховд аймгийн Чандмань сумын Баян-Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,
2. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,
3. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л.Л эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах,
4. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
5. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Л , түүний өмгөөлөгч Н.О , хариуцагч Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х , Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын дарга Д.Т , гуравдагч этгээд Д.Ц , түүний өмгөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Л нь Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х , Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын дарга Д.Т нарт холбогдуулан Ховд аймгийн Чандмань сумын Баян-Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л.Л -н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах...”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.
2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр болсон Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хуралдаанаар Баянхайрхан багийн Засаг даргыг сонгох санал хураалт болж тус багийн Засаг даргад Д.Ц , Л.Л нар нэр дэвшсэн ба санал хураалтанд нийт 240 сонгогч оролцсоноос 2 дахь удаагийн санал хураалтанд Д.Ц 113 хүний, Л.Л 110 сонгогчийн санал авч, хүчингүй 17 саналын хуудас гарсан гэж үзэж тооллогын комиссын 2021 оны 9 сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Д.Ц -ыг багийн Засаг даргаар сонгогдсон тооцож тогтоол гаргаж, Баянхайран багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 9 сарын 20-ны өдрийн А/03 дугаар тогтоолоор Д.Ц- ыг тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлжээ.
2. Нэхэмжлэгч Л.Л нь маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч Л.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Тухайн багийн иргэдийн нийтийн хуралд 240 хүн оролцсон бөгөөд санал хураалт 4 цагийн үед дуусч санал хураалтын дүнг гаргасан. Гэхдээ санал хураалтын дүнг танилцуулаагүй, хүмүүс надад хэлэхдээ намайг 110 хүний, Д.Ц -ыг 113 хүний санал авч, 17 саналын хуудас хүчингүй болсон байна гэсэн. Дараа нь би саналын хуудсыг дахин тоолох хүсэлт гаргаж багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тооллогын комиссын гишүүд, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг байлцуулан дахин тоолоход би 111 хүний, Д.Ц 112 хүний санал авч, 17 саналын хуудас хүчингүй болсон байсан. Д.Ц -т өгсөн саналын хүчинтэй гэх 112 саналын хуудас 4 хүчингүй буюу овгийн эхний үсгийг дугуйлсан саналын хуудас гарч ирсэн. Хэрвээ Д.Ц- ын 112 саналын хуудаснаас овгийн эхний үсгийг дугуйлсан 4 саналын хуудсыг хасвал би 111 хүний, Д.Ц 108 хүний санал авч байгаа юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тооллогын комисс саналын хуудас тоолохдоо буруу тоолсон. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлаар тус өдрийн хуралдааны дэгийг танилцуулахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж зааснаар хуралдааны дэгээ өөрөө тогтоосон байдаг. Ингэхдээ багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгохдоо саналын хуудасны нэр дэвшигчийн нэрний урьд байгаа тоог дугуйлахаар тогтсон. Энэ тухай тооллогын комиссын гишүүд ч гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг.
Хэрэгт байгаа саналын хуудсыг тоолж үзвэл Л.Л 111 хүний, Д.Ц 112 хүний санал авч, хүчингүй болсон 17 саналын хуудас байгаа. Гэхээ Д.Ц -т өгсөн саналын хүчинтэй гэх 112 саналын хуудас 4 саналын хуудас нь хүчингүй буюу овгийн эхний үсгийг дугуйлсан саналын хуудас байгаа. Хэрвээ Д.Ц- ын 112 саналын хуудаснаас овгийн эхний үсгийг дугуйлсан 4 саналын хуудсыг хасвал Л.Л 111 хүний, Д.Ц 108 хүний санал авч байгаа юм.
Тийм учраас тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай Д.Ц -ыг олонхийн санал авсан гэх тогтоол нь хууль бус гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Л.Л нь Д.Ц -оос илүү санал авсан байхад ялагдсан нэр дэвшигч Д .Ц-ыг Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргад өргөн мэдүүлсэн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 9 сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоол нь хууль бус юм.
Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Чандмань суманд очиж баримтанд үзлэг хийж, тооллогын комиссын гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахаар очиход тооллогын комиссын гишүүд дахин хуралдаж, анх гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэлээ гэх тайлбар өгсөн байдаг. Л.Л-г олонхийн санал авчихаад байхад Л.Л-г олонхийн санал авсан тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа учраас Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хүчингүй болсон гэх 17 саналын хуудаснаас аз жаргал хүсье, амжилт хүсье, нэрний ард зөвлөсөн гэх 3 саналын байгаа. Тухайн багийн Иргэдийн нийтийн хуралдаанаар саналын хуудасны нэр дэвшигчийн нэрний өмнөх тоог дугуйлахаар тогтоосон. Хүчингүй болсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л.Л-гийн нэрний өмнөх тоог дугуйлсан ч “аз жаргал хүсье”, “амжилт хүсье”, нэрний ард нь зөвлөсөн гэх 3 саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас юм. Өөрөөр хэлбэл саналын хуудас дээр өөр ямар нэгэн тэмдэглэл хийж болохгүй гэж хуралдааны дэг тогтоогоогүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.
4. Хариуцагч, тооллогын комиссын дарга Д.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 9 сарын 20-ны өдөр Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурал Баянхайрхан багийн Бүрэнгийн арын талд буюу хөдөө хээр болсон. Тус багийн хуралд 240 хүн оролцож багийн Засаг даргыг сонгох сонгуульд саналаа өгсөн. Багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг тоолох тооллогын комисст Б.О , Ц.Т , Б.Ө , Б.А болон миний бие сонгогдсон. Багийн Засаг даргад Л.Л , Д.Ц , Д.Т , С.Б , С.Б нар нэр дэвшүүлсэн.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдээс олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан Л.Л Д.Ц нарт дахин санал хураахаар болсон. Дахин санал хураалтанд 240 хүн оролцсон. Саналын хуудсыг А4 хэмжээтэй 1 цаас дээр 12 саналын хуудас хэвлэгдэж, нийт 20 ширхэг А4 хэмжээтэй саналын хуудас хэвлэж, саналын хуудас бүр дээр тамга дарж иргэдэд саналын хуудас тараасан. Санал өгсөн иргэдийн нэрсийг Б.О бичсэн. Саналыг хуудсыг хэн тараасныг санахгүй байна. Тэр өдөр салхитай байсан тул би саналын хайрцаг барьж байсан. Санал хураалт дуусаж саналын хуудсыг тоолоход Л.Л 120 санал, Д.Ц 120 санал авсан саналын хуудас тоолсон. Санал хураалт тэнцсэн, орой болсон тул дахин санал хураалт явуулахгүйгээр зөвхөн нэрний өмнөх тоог дугуйлсныг хүчинтэй саналын хуудсанд тооцохоор тооллогын комиссын гишүүд зөвшөөрсөн. Ингээд дахин саналын хуудас тоолоход Л.Л 110 санал, Д.Ц 113 санал авч, хүчингүй 17 саналын хуудас гарсан.
Энэ санал тооллогын дүнг багийн ИНХ-ын дарга Ц.Х -т амаар танилцуулаад саналын хуудсыг цаасанд боож скочоор нааж хурлын дарга Ц.Х- т өгөөд миний явах машин явах гэж байсан тул яваад өгсөн. Маргааш нь тооллогын комиссын тогтоолыг компютерээр бичиж гаргасан, тооллогын комиссын гишүүд гарын үсгээ зурсан байсан тул би гарын үсэг зурсан. Багийн Иргэдийн нийтийн хурал болсноос хойш 3-4 хоногийн дараа багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х надруу утсаар яриад сумын төвд хүрээд ир гэсэн. Намайг сумын төвд ирэхэд саналын хуудсын дахин тоолно гээд дахин саналын хуудсыг тоолсон. Дахин тоолоход Д.Ц -ын саналын хуудаснаас хүчингүй 4 саналын хуудас, тамга дараагүй ч Л.Л- д өгсөн 1 саналын хуудас гарч ирсэн. Л.Л- гийн саналын хуудаснаас хүчингүй 1, тамга дараагүй 5 саналын хуудас гарч ирсэн.
Л.Л- гийн нэмэгдүүлсэн шаардлага болох “нэр дэвшигч Л.Л-ийн нэрний өмнөх тоог дугуйлсан ч “аз жаргал хүсье”, “амжилт хүсье”, нэрний ард нь зөвлөсөн гэх 3 саналын хуудас нь хүчинтэйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Хариуцагч, Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаан 2021 оны 9 сарын 20-ны өдөр болсон. Энэ хуралдаанд 149 өрхөөс 111 өрхийн 240 иргэн ирж оролцсон. Багийн иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох санал хураалт болоход тооллогын комиссоор Д.Т , Д.А , Б.О , Ц.Т , Б.Ө нарыг сонгосон. Ингээд багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох санал хураалт дуусаж, багийн Засаг даргыг сонгох санал хураалт болоход өмнөх тооллогын комиссын дахин тооллогын комиссоор ажиллуулахаар болсон.
Багийн засаг даргад 5 хүн нэр дэвшсэн ба хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан Л.Л , Д.Ц нарт дахин санал хураалт явуулахаар болсон ба уг санал хураалтанд 240 хүн оролцсон. Тооллогын комиссоос тогтоолоо уншиж танилцуулаагүй, тэр өдөр маш хүйтэн, шуургатай, цаг орой болж байсан тул иргэд тараад явсан. Маргааш нь Д.Т ирээд тооллогын комиссын тогтоолд гарын үсэг зураад явсан тул миний бие Д.Ц -ыг багийн Засаг даргаар томилуулахаар тогтоол гарган өргөн мэдүүлсэн.
Тооллогын комиссын тогтоол маргаантай, багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулаагүй, батлуулаагүй тул багийн иргэдийн нийтийн хурлын 2021 оны 9 сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэв.
6. Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Л.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 09 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгууль болсон. Тус багийн иргэдийн хүсэлтээр комиссын дарга Д.Т , гишүүд Ц.Т , Д.А , Б.Ө , Б.О гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд багийн Засаг даргад Д.Ц , С.Б , С.Б , Л.Л , Д.Т нар нэр дэвшин өрсөлдөж эхний санал хураалтаар Д.Ц 93, П.Т 22, С.Б 18, Л.Л 73, С.Б 37 тус тус санал авсан.
Энэхүү 5 нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авч чадаагүй тул Д.Ц , Л.Л нарт дахин санал хураалт явуулсан. 2 дахь санал хураалтанд нийт 240 сонгогч оролцсон бөгөөд санал хураалтын саналыг тооллогын комиссын 5 гишүүд багийн иргэдийн нүдэн дээр олон дахин тоолж 240 саналаас Д.Ц -113 санал, Л.Л - 110 санал, хүчингүй -17 санал гарсан гэж тооллогын дүнг ард иргэдэд танилцуулсан. Улмаар Ховд аймаг Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 03 дугаартай комиссын тогтоол гарч Д.Ц намайг багийн Засаг даргаар сонгуулахаар санал болгосон.
Гэтэл 2021 оны 09 сарын 29-ний багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х тооллогын комиссын гишүүдийг дуудаж саналын хуудсанд маргаан гарсан гэсэн Л.Л -ийн хүсэлтээр саналыг дахин тоолно гээд саналыг хуудсыг тоолсон байна. Сонгууль болсноос хойш 9 хоногийн хугацаанд саналын хуудас ямар нэгэн битүүмжлэлгүй Л.Л -ийн авга ах багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х -т байсан бөгөөд дахин тооллого хийхэд намайг оролцуулаагүй, надад мэдэгдэхгүйгээр тоолсон байсан.
Д.Т нь багийн Засаг даргын тамгыг авч саналын хуудас тамгалсан нь саналын хуудаст өөрчлөлт орсон гэж үзэж байна. Л.Лодой нь авга ах нь Ц.Х -тай хуйвалдаж ард иргэдийн саналыг зориудаар будилуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Ховд аймгийн Чандмань сумын Баян-Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл нь тодорхойгүй байна. 2021 оны 9 сарын 20-ны өдөр Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурал болж, тус хуралдаанд багийн засаг даргад Л.Л , Д.Ц нар нэр дэвшиж, санал хураалт явагдаж, саналын хуудас тоолоход Л.Л 110, Д.Ц 113 хүний санал авч 17 хүчингүй саналын хуудас гарч ирсэн. Энэ талаар тооллогын комисс тогтоолдоо дурдаж, гишүүд бүгд гарын үсэг зурсан. Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х нь Л.Л -гийн авга ах нь байгаа юм. Гэтэл Ц.Х нь тогтоолоо хүчингүй болгохоо хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар бичиж өгсөн байна. Энэ нь өөрөө хууль бус. Учир нь багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэр нь хамтын шийдвэр, мөн тооллогын комиссын тогтоол гарч Д.Ц -ыг өргөн мэдүүлсэн байхад багийн иргэдийн нийтийн хурлын дарга нь тогтоолоо хүчингүй болгоно гэж тайлбар гаргах нь хууль бус. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа. Багийн иргэдийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй.
Багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт юм. Энэ хуралдааны тэмдэглэл хүчингүй болоогүй, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Уг хуралдааны тэмдэглэлд Л.Л 110 хүний, Д.Ц 113 хүний санал авсан гэж бичсэн байгаа.
Нэхэмжлэгчийн “...Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л. Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл тооллогын комисс ажлаа хийж тогтоолоо гаргасан. Тооллогын комиссын өмнөөс “...саналын хуудсыг дахин тоолж, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргах...” эрх шүүхэд байхгүй. Учир нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар энэ нь тухайн багийн иргэдийн хуульд заасан эрх байгаа юм.
Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л. Л-н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэ нь тухайн тооллогын комиссын эрх хэмжээний асуудал. Энэ захиргааны акт биш юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Л.Л нь Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комисс, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт холбогдуулан Ховд аймгийн Чандмань сумын Баян-Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комисст холбогдуулан Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л.Л -н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
3.Хариуцагч Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын дарга Д.Т нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн, шүүх хуралдаанд тайлбарласан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан, хариуцагч нарын зөвшөөрөл нь энэхүү хэргийн гуравдагч этгээд Д.Ц -ын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул хариуцагч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.
4.Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л.Л-н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Л.Л Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л.Л -н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-т “шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1- д “захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”:, 11.1.1-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1-т “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
Гэвч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Ховд аймгийн Чандмань сумын Баян-Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурал 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж, тус хурлаар Баянхайрхан багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон байна.
Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хуралд нийтдээ 240 сонгуулийн насны иргэд оролцож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад саналаа өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тэмдэглэл /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, сонгуульд оролцсон иргэдийн бүртгэл /хавтаст хэргийн 46-48 дахь тал/ зэргээр нотлогдож байгаа ба талууд энэ талаар маргахгүй байна.
Баянхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлээс үзэхэд Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаас Баянгол багийн засаг даргыг сонгох тооллогын комиссыг иргэн Д.Т , Д.А , Ц.Т , Б.О , Б.Ө нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Баянхайрхан багийн Засаг даргын сонгуулийг таван нэр дэвшигчийн дунд явуулсан, анхны санал хураалтаар Д.Ц 93 сонгогч буюу 37.9 хувь, Д.Т 22 сонгогч бюую 8.9 хувь, С.Б 18 сонгогч буюу 7.3 хувь, Л.Л 73 сонгогч буюу 29.7 хувь, С.М 37 сонгогч буюу 15.1 хувийг саналыг тус тус авсан, санал хураалтаар нийт сонгогчдын 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигч гарч ирээгүй тул Хурлын дэгд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Д.Ц , Л.Л нарын дунд дахин санал хураалт явуулжээ.
Санал хураалтын саналын хуудсанд маргаан гарсан тул тооллогын комисс дахин хуралдаж нэр дэвшигч нарын саналын хуудсыг дахин тоолоход уг санал хураалтад 240 иргэн оролцож нэр дэвшигч Д.Ц 113 сонгогч буюу 50.6 хувь, Л.Л 110 сонгогч буюу 49.3 хувийн саналыг тус тус авсан, хүчингүй саналын хуудас 17 гэсэн дүн гарч, нэр дэвшигчдийн саналын хувийг гаргахдаа нийт санал өгсөн 240 хүний саналаас хүчингүй 17 саналын хуудсыг хасч 223 хүний саналаас саналын хувийг гаргасан байна.
Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолд нэр дэвшигч Д.Ц-ын төлөө 113 сонгогч буюу 50.6 хувь, нэр дэвшигч Л.Л- н төлөө 110 сонгогч буюу 49.3 хувийн саналыг тус тус өгсөн. Нэр дэвшигчдийн хамгийн олон 113 сонгогч буюу 50.6 хувийн санал авсан Д.Ц -ыг багийн засаг даргаар сонгуулахаар санал болгосугай гэжээ. /хавтаст хэргийн 44 дэх тал/
Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаар тогтоолд Багийн Засаг даргад нэр дэвшиж багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаанд оролцсон гишүүдийн 113 сонгогч буюу 50.6 хувийн санал авсан Дорж овогтой Ц-ыг Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга З.О -т өргөн мэдүүлсүгэй гэжээ. /хавтаст хэргийн 40 дэх тал/
Нэхэмжлэгчээс “...тооллогын комисс буруу тоолсон. Д.Ц-бид хоёрын санал 109, 109 болж тэнцэж байгаа. Тооллогын комисс нэрний эхний тоо дугуйлсан боловч нэрний ард талд тэмдэглэгээ хийсэн 3 саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй. Уг 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцвол миний санал Д.Ц-оос илүү гарч байгаа ба миний нэрийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, маргаж байна.
Хариуцагч Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын дарга Д.Т “...тооллогын комисс нэрний өмнөх тоог дугуйлсан саналын хуудсыг хүчинтэйд тооцож дүнг гаргасан. Тухайн үед цаг агаарын нөхцөл тааруу байсан. Мөн тооллогын комиссын ажиллах нөхцөл байдал хээр гадаа хүнд байсан” гэж,
Хариуцагч Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х нь тооллогын комиссын тогтоолыг багийн Иргэдийн нийтийн хуралд танилцуулаагүй, багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг багийн иргэдэд танилцуулж батлуулаагүй тул хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэж,
Гуравдагч этгээд маргаан бүхий актууд нь үндэслэлтэй гарсан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “... Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “багийн иргэдийн нийтийн Хурал нь хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд Баянхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоохоор байна.
Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хуралдааны тэмдэглэлд “...ИНХ-ын дарга Ц.Х багийн иргэдэд санал хураалтанд идэвхтэй оролцох, саналаа өгөхдөө нэр дэвшигчийн урд талын “1” тоог дугуйлах талаар сануулав...” гэж тэмдэглэгдсэнээс үзвэл Багийн засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшигчийн нэрний өмнөх “1” тоог дугуйлж санал өгөхөөр тогтоосон гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 43 дахь тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхайрхан багийн Багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн нийт 240 иргэний саналын хуудсыг эх хувиар нь хэрэг нотлох баримтаар авсан бөгөөд нэр дэвшигч нэг бүрээр саналын хуудсыг тоолж үзэхэд:
/хүснэгтээр харуулав/
д/д |
| Нэр дэвшигч Л.Л | Нэр дэвшигч Д.Ц |
1 | Нэрний өмнөх тоог дугуйлсан саналын хуудас | 105 | 104 |
2 | Овгийн эхний үсэг болон нэрний эхний үсэг дугуйлсан саналын хуудас | 6 /хавтаст хэргийн 51, 52, 55, 57, 58, 173 дахь тал/ | 5 /хавтаст хэргийн 59,64,65,66,244 дэх тал/
|
3 | Нэрний өмнөх тоог дугуйлсан боловч нэрний ард талд үг бичсэн, тэмдэглэгээ хийсэн саналын хуудас | 3 /хавтаст хэргийн 53, 54, 56 дахь тал/
| - |
4 | Тамгагүй, нэрний өмнөх тоог дугуйлсан саналын хуудас | 4 /хавтаст хэргийн 131,132, 133, 135 дахь тал/
| 8 /хавтаст хэргийн 134, 246-252 дахь тал /
|
5 | Нэрний өмнөх тоог харлуулсан саналын хуудас | 1 /хавтаст хэргийн 67 дахь тал/
| 1 /хавтаст хэргийн 61 дэх тал /
|
6 | Ямар нэг тоо дугуйлаагүй нэрний ард, урд тэмдэглэгээ хийсэн саналын хуудас |
| 3 /хавтаст хэргийн 60, 62, 63 дахь тал/
|
Тооллогын комиссын зүгээс тамгагүй саналын хуудасны тухайд саналын хуудсыг тамгалахдаа алдаа гаргасан А4 цаасан дээр 12 ширхэг саналын хуудас тамгалагдсан, тамгагүй саналын хуудас 12 ширхэг байсан тул тооллогын комиссын саналын хуудсыг тамгалахдаа гаргасан алдаа гэж үзэж иргэдийн саналыг хүндэтгэн тамгагүй саналын хуудсыг тоолсон гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд, тамгагүй саналын хуудсыг оруулаад нийт санал өгсөн 240 хүний санал болж байгаа тул тамгагүй, нэр дэвшигчийн нэрний өмнөх тоог дугуйлсан саналын хуудсыг хүчинтэйд тооцсон бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Дээрх санал өгсөн байдлаас үзвэл нэр дэвшигч нарт өгсөн саналын хуудаснаас нэрний өмнөх тоог дугуйлсан, нэрний өмнөх тоог дугуйлсан боловч нэрний ард талд үг бичсэн мөн тэмдэглэгээ хийсэн саналын хуудас, саналын хуудас нь тамгагүй ба нэрний өмнөх тоог дугуйлсан саналын хуудас зэргийг хүчинтэйд тооцох үндэслэлтэй бөгөөд нийт 240 иргэн санал өгснөөс Л.Л -д /105+3+4/=112/ 112 санал буюу 46.6 хувь, Д.Ц /104+8=112/ 112 буюу 46.6 хувь санал, хүчингүй 16 саналын хуудас байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох ёстой.
Гэтэл Баянхайрхан багийн засаг даргад нэр дэвшсэн Л.Л , Д.Ц нар нь тус тус 46.6 хувийн санал авсан буюу хэн аль нь дээрх хуульд заасан 50-иас дээш хувийн санал аваагүй болох нь хэрэгт авагдсан саналын хуудсуудаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хуралдаанд оролцсон иргэдийн 46.6 хувийн санал авсан Д.Ц -ыг Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комисс Баянхайрхан багийн Засаг даргад сонгуулахаар Багийн Иргэдийн нийтийн хуралд санал болгосон нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.
Тооллогын комисс санал хураалтад оролцсон 240 иргэний саналыг тоолохдоо нэр дэвшигч Д.Ц 113 сонгогч буюу 50.6 хувь, Л.Л 110 сонгогч буюу 49.3 хувийн саналыг тус тус авсан, хүчингүй саналын хуудас 17 гэсэн дүн гаргаж тооллогын комиссын тогтоол гаргасан ба нэр дэвшигч нарын саналын хуудсыг буруу тоолсон мөн нэр дэвшигчдийн саналын хувийг гаргахдаа нийт санал өгсөн 240 хүний саналаас хүчингүй 17 саналын хуудсыг хасч 223 хүний саналаас саналын хувийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн саналын хувийг гаргахдаа хуралд оролцсон нийт иргэд буюу 240 хүний саналын хуудаснаас тооцож гаргах нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэх бөгөөд хүчингүй саналын хуудсыг оруулан тооцолгүйгээр зөвхөн хүчинтэй саналын хуудаснаас саналын хувь гаргасан нь буруу байна.
Иймд Ховд аймгийн Чандмань сумын Баян-Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэснийг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах, 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасныг зөрчиж Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х нь Д.Ц -ыг Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад өргөн мэдүүлсэн байна.
Иймд Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай “Багийн засаг даргад нэр дэвшүүлснийг өргөн мэдүүлэх тухай” тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй саналын дүнд үндэслэсэн байх тул уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
6. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвш игчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох ёстой.
Нэхэмжлэгч Л.Л нь Баянхайрхан багийн Засаг даргын сонгох сонгуульд нийт 240 иргэн санал өгснөөс 112 санал буюу 46.6 хувийн санал авсан ба дээрх хуульд заасан хуралд оролцсон иргэдийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал аваагүй байна.
Иймд Л.Л -г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах үндэслэлгүй байх тул Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л- г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л- г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Л- н Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комисст холбогдуулан гаргасан Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Л.Л -н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Л-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Чандмань сумын Баян-Хайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ