| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0170/3 |
| Дугаар | 221/МА2025/0551 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0551
М.Ггийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Н.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Г
Хариуцагч: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний 411 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.АЭ, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0170/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний 411 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ггээс Биеийн тамир, спортын улсын хорооны даргад холбогдуулан гаргасан “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгч М.Ггээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "...Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 2 болон 6 дугаар цогцолборт "Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийн 39.1.7-д “ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах" гэх заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Уг цогцолборт дурдсан бусад заалт нь "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах" зэрэг ерөнхий заалтууд байгаа юм.
Өөрөөр хэлбэл ажилтныг ажлаас халах хэмжээний буюу хамгийн хүнд хэлбэрийг сонгох болсон үндэслэл нь нарийвчилсан тодорхой хориглолт бүхий заалт буюу "Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийн 39.1.7-д “ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах" гэх заалтыг зөрчсөн гэж дүгнэснээс шалтгаалсан.
Гэвч хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гол баримт болох 2024 оны 12 сарын 11-ний өдрийн "Дотоод, хяналт шалгалтын тайлан”-ийн дүгнэлт хэсэгт “Төрийн албан хаагч М.Г нь БТСХ-Төрийн албаны хуйвалдаан ...! Бичлэгийг Ч.Т, З.М нартай хамтран зохион байгуулж, төлөвлөсөн гэх үндэслэл цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх бөгөөд оролцсон нь бичлэгээр тогтоогдож байна" гэж захиргааны байгууллага өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “нөхцөл байдлыг тогтоох" үүргээ биелүүлэх хүрээнд тогтоосон байхад түүнийг анзаарахгүйгээр уг зөрчил нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн.
Үүнээс үзвэл анхан шатны шүүх нотлох баримтыг нягтлахгүйгээр бодит байдлаас зөрүүтэй, буруу үнэлсэн болох нь тодорхой байна.
2.2. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд
Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэдэг. Гэвч энэ боломж нь үзэмжээр бус гагцхүү захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэх учиртай.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийг зохицуулсан. Энэ нь ноцтой зөрчлийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг тоочих байдлаар хуульчлагджээ. Харин тус хуулийн 48 дугаар зүйлд "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах" тухай харилцааг зохицуулсан бөгөөд нээлттэй, хаалттай сануулах, цалингийн хэмжээг бууруулах төрийн албанаас халах гэсэн хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн хариуцлагын сонголтуудыг тусгасан байна.
Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчдад дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг оногдуулна" гэж заасан.
Дээрхээс үзвэл зөрчлийн шинж, байдал, анх болон давтан үйлдсэнийг нь харгалзах буюу захиргааны байгууллага сонгох боломжоо зөв хэрэглэхийг хуулиар эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон байна. Нэхэмжлэгчийн хувьд "Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийг зөрчөөгүй нь 2024 оны 12 сарын 11-ний өдрийн "Дотоод, хяналт шалгалтын тайлан"-ийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний үйлдэлд “төрийн албанаас халах" хэмжээний ноцтой зөрчил байхгүй юм.
Иймд маргаан бүхий захиргааны акт болон анхан шатны шүүхийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан сонгох боломжийг зөв хэрэглэх, мөн хуулийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн болно.
Дээрх үндэслэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0411 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч М.Ггээс “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Биеийн тамир, спортын хорооны даргад холбогдуулан гаргажээ.
2.Нэхэмжлэгч Мын Гг анх Биеийн тамир, спортын хорооны даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар[1] Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаатай томилж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/52 дугаар тушаалаар[2] туршилтын хугацааг 6 сараар сунгасан байна.
3.Иргэн Д.Мэ-ийн лайв бичлэгт оролцсон төрийн албан хаагч Ч.Т, З.М, М.Г нарын үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, оролцох гэсэн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалт, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэхийг, шалган тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/711 дүгээр тушаалаар[3] байгуулжээ.
5.Улмаар тус дотоод хяналт шалгалтын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаар[4] “...Төрийн албан хаагч М.Г нь БТСХ-Төрийн албаны хуйвалдаан...! бичлэгийг Ч.Т, З.М нартай хамтран зохион байгуулж, төлөвлөсөн гэх үндэслэл цугларсан нотлох баримт хүрээнд тогтоогдохгүй байх бөгөөд оролцсон нь бичлэгээр тогтоогдож байна. Харин төрийн албан хаагч Ч.Т, З.М, М.Г нар нь зөрчигдсөн гэх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар хууль хяналтын байгууллагад хандах боломжтой боловч нийгмийн сүлжээний хэрэгслээр дамжуулан байгууллага, нэр бүхий албан хаагчдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, хувь хүний эрхэд халдсан үйлдэл нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, ...албан хаагчдын ажиллах нөхцөлийг алдагдуулж төрийн байгууллагын үйл ажиллагаа 1 цагаар тасалдуулсан, албан хаагчдын хувьд албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн...” гэж дүгнээд, “...зөрчил гаргасан этгээд төрийн албан хаагч Ч.Т, З.М, М.Г нар нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн 37 дугаар зүйд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна” гэх саналыг хүргүүлжээ.
6.Дээрх хяналт шалгалтын тайланд үндэслэн нэхэмжлэгч М.Гд сонсох ажиллагаа явуулж, улмаар маргаан бүхий Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн Б/84 дүгээр тушаалаар[5] “...Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Мын Г нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн тул 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл” оногдуулжээ.
7.Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажиллаж байх хугацаанд илүү цагаар ажилласан хугацаанд нөхөн амруулаагүй, илүү цагийн нэмэгдэл хөлс олгохгүй, ээлжийн амралтын хугацааг дутуу тооцож олгосон... зэрэг гомдлыг дээд шатны албан тушаалтандаа гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй. Улмаар дээд шатны албан тушаалтны хууль бус шаардлагыг эсэргүүцэж лайв бичлэгт оролцсон нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зүйл байхгүй” гэж маргажээ.
8.Хариуцагчаас “...М.Г нь туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа иргэн Д.Мэ-ийн лайв бичлэгт оролцсон үйлдлийг шалган тогтоохоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулсан. Тус дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн тайлангаар М.Гг Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглолтыг зөрчсөн болохыг тогтоогоод сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна гэх саналыг ирүүлсэн тул сахилгын шийтгэл оногдуулсан” гэж маргасан байна.
9.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 37.1.18-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг”,
...39 дүгээр зүйлийн 39.1-т “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.7-д “ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”
...48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, мөн зүйлийн 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж,
10.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна:”, 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 3.4-т “Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна:”, 3.4.3-т “зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн”, 6.1-т “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэж тус тус заасан.
11.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч М.Г нь албан бус иргэний лайв нэвтрүүлэгт оролцож, төрийн байгууллагын албан тушаалтнуудын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох мэдээллийн талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж, тухайн мэдээлэл нь олон нийтэд тараагдсан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, хууль, хөдөлмөрийн дотоод журмыг сахин мөрдөх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
12.Иймээс хариуцагчаас “зөрчигдсөн гэх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар хууль хяналтын байгууллагад хандах боломжтой боловч нийгмийн сүлжээний хэрэгслээр дамжуулан байгууллага, нэр бүхий албан хаагчдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, хувь хүний эрхэд халдсан үйлдэл нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж үзэн нэхэмжлэгчийг “төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, “төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээнд оролцох”, “байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн” зэрэг зөрчлийг гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан үйлдлийг шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
13.Мөн нэхэмжлэгчийн тухайн үйлдлийн талаар байгууллагын дотоод хяналт шалгалтаар зөрчил үйлдсэн болохыг тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн “...2024 оны 12 сарын 11-ний өдрийн "Дотоод, хяналт шалгалтын тайлан”-ийн дүгнэлт хэсэгт “Төрийн албан хаагч М.Г нь БТСХ-Төрийн албаны хуйвалдаан ...! Бичлэгийг Ч.Т, З.М нартай хамтран зохион байгуулж, төлөвлөсөн гэх үндэслэл цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх бөгөөд оролцсон нь бичлэгээр тогтоогдож байна" гэж захиргааны байгууллага өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “нөхцөл байдлыг тогтоох" үүргээ биелүүлэх хүрээнд тогтоосон байхад түүнийг анзаарахгүйгээр уг зөрчил нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
14.Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай байгууллага улсын хэмжээнд шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалт, гадаад дотоод тэмцээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гадаад дотоодод зохион байгуулагдах тэмцээнд Монгол Улсын тамирчдыг оролцуулдаг. Уг үйл явдлаас болж манай байгууллага он дуустал хаалгаа түгжсэн байдалтай байсан. Яамнаас шалгалт орж агентлагийн дарга солигдсон, төрийн албан хаагч нарыг өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэж байхад Авлигатай тэмцэх газар, Соёлын яамнаас шалгалт хийж төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад саад болж байна” зэрэг тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч М.Ггийн үйлдэлд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-т заасныг баримтлан цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй тогтоогдсонгүй.
15.Анхан шатны шүүхээс “...Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар ...нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4. “төрийн албанаас халах” гэж заасанд нийцсэн байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
16.Иймээс нэхэмжлэгчийн “маргаан бүхий захиргааны акт болон анхан шатны шүүхийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан сонгох боломжийг зөв хэрэглэх, мөн хуулийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн болно” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ