Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

хохирогч Д.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч Т.Б-Ө  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н х овогт Т-ийн Б-Ө-д холбогдох 2316000670081 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, зээ нарын хамт Говь-Алтай аймгийн ***** сумын **** **-** тоотод оршин суух, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж, нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, ******* регистрийн дугаартай, ***** овгийн Т-ийн Б-Ө.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б-Ө гийн 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн **** тоотод байх хохирогч Д.Бгийн эд зүйлээ хадгалдаг монгол гэрээс 10 литрийн баллон, газаар ажилладаг плитка, түүний холбогч хоолой зэргийг авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Т.Б-Ө  нь 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ****** сумын **** багийн *** тоотод байх хохирогч Д.Бгийн эд зүйлээ хадгалдаг монгол гэрт орж түүний өмчлөлийн 10 литрийн баллон, газаар ажилладаг плитка, түүний холбогч хоолой зэргийг авсан болох нь:

1. Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх **** сум ***** **-**тоотод оршин суудаг. 2023 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө манай урд талын илүү гэрээс 10 литрийн газан баллон, холбогч хоолой, плитка алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед манай илүү гэр цоожтой байсан. Би тухайн алдагдсан эд зүйлээ 2022 оны 09 дүгээр сард аймагт байдаг Дашваанжил ХХК-аас бүгдийг нь нийлүүлээд 600,000 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гэрийн цоожийг эвдээгүй байсан. Би түлхүүр тааруулж орсон юм болов уу гэж бодож байна. Буцаагаад түгжсэн байсан. Манайх илүү гэрээ хужаа цоожоор цоожилсон байсан. Тухайн цоож нь гараар татахаар нээгддэг цоож байсан. Би тухайн алдагдсан эд зүйлээ 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үзэхэд байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/

2. Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т.Б-Ө  2023 оны 03 дугаар сарын 02-ний шөнө 00 цагийн үед газан баллон, цэнхэр хайрцагтай плитка манай хашаанд тавьсан байсныг би өглөө нь мэдсэн. Тэгээд дүү Т.Б-Ө гөөс асуухад хүнээс худалдаж авсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

3. “...Б-Ө-с 10 литрийн баллон, цэнхэр өнгийн төмөр хайрцагтай газаар ажилладаг плитка холбогч хоолой...” зэргийг хураан авсан талаар тусгасан мөрдөгчийн тэмдэглэл./хх-ийн 12-р хуудас/

4. Хэргийн газрын үзлэгийн “...Жаргалант багийн 11-13 тоот хашаа нь хаалгагүй, задгай, хашаанд гурван гэр байв. Зүүн талд байрлах ногоон берзентен бүрээстэй цайвар ягаан хаалгатай жижиг гэрт ороход гэрийн эд зүйлс эмх цэгцгүй байх ба Д.Б нь хий болон газан плитка нь алга болсон гэх газрын 1 гэсэн цифрээр тэмдэглэв...” гэх тэмдэглэл. /хх-ийн 06-р хуудас/

5. 2023 оны 03 сарын 09-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-921/4457 дугаартай “...10 литрийн газан баллон 189,000 төгрөг, хайрцагтай холбогч хоолой плитка аяллын ком 257,000 төгрөг нийт 446,000 төгрөг...” гэж үнэлсэн үнэлгээний дүгнэлт/хх-ийн 36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар   авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд үүнийгээ мэдсээр байж зөрчин хулгайлах гэмт хэрэг үйлдвэл дээрх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ. Тодруулбал “агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгодог.

Дээрх ойлголтод хамаарах тусгайлан хамгаалсан байр, агуулахад хохирогч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авснаар уг гэмт хэрэг төгсөх бөгөөд цоожийг нь өөрийн түлхүүрээр онгойлгосон, түлхүүр тааруулсан, хаалга цоож зэргийг нь эвдсэн эсвэл хаалга онгорхой байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймээс эд зүйл хадгалах зориулалттай байр болох хохирогч Д.Бгийн эзэмшлийн монгол гэрт орж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх 69-71/, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 дүгээр сарын 25- ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж, нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх72-76/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх78-86/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх87-94/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх72-76/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх95-98/, “...Тунгалагийн Бат-Өлзийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй...” гэсэн Говь-Алтай аймгийн авто тээврийн төвийн лавлагаа /хх102/, “...Эд хөрөнгө бүртгэлгүй...” гэсэн Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа/хх57/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Б-Ө  нь хохирогчид авсан эд зүйлээ буцаан өгсөн тул үүнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүхээс согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч эд зүйл хадгалах орчин нөхцөлдөө хэт хайхрамжгүй хандсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ шинж чанар, түүний удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хувийн байдал, тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Б-Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  2(хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н х ургийн овогт Т-ийн Б-Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-Ө г 2(хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-Ө д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Т.Б-Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА