Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,

Шүүгдэгч К.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт К-ын Х-т холбогдох эрүүгийн 2313001500160 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 49 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Б- суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б- сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. Х овогт К-ын Х-, регистрийн дугаар БЕ...............

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч К.Х- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус аймгийн Б- сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай "Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалд огт байхгүй хүмүүжлийн эрхлэгчийн орон тоог шинээр бий болгож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ү.К-ыг тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгч гэх албан тушаалд томилж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 8,412,942.8 /найман сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө/ хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол болох 8,412,942.8 төгрөгийг нөхөн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.  

2. Шүүгдэгч К.Х- мэдүүлэхдээ: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлнө” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2313001500160 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,

5. Гэрч Ж.Э-, Д.Б-, Х.Н-, Ж.О- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 15, 25, 27, 32 дахь тал/,

6. Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг даргын 2022.05.25-ны өдрийн А/63 дугаартай "Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай" захирамж, түүний 2 дугаар хавсралт /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

7. Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022.11.01-ний өдрийн Б/23 дугаартай “Ү овогт К-ыг тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгчээр түр томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

8. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай "Орон тооны жишиг норматив батлах тухай" тушаал /2 дахь хавтаст хэргийн 26-30 дахь тал/,

9. Шүүгдэгч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэргийг,

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжилсэн тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч Жанболатын мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

11. Шүүгдэгч К.Х-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

12.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Х-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хэргийн үйл баримт:

14. Шүүгдэгч К.Х- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус аймгийн Б- сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай "Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалд огт байхгүй хүмүүжлийн эрхлэгчийн орон тоог шинээр бий болгож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ү.К-ыг тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгч гэх албан тушаалд томилж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 8,412,942.8 /найман сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө/ хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус сургууль хохирлоо гэхэд аймгийн Төрийн санд төвлөрүүлээд тухайн сургуулийн үндсэн данс руу шилжүүлж болно. Энэ тухайд бол заавал аймгийн Төрийн санд учирсан хохирлыг татахгүйгээр тухайн сургуулийн үндсэн дансанд төвлөрүүлж ч болно. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Харин батлагдсан орон тоонд илүү авч ажиллуулсан бол тухайн илүү орон тоонд ажилласан хүний цалинг буцаан Баян-Өлгий аймгийн Б- сумын ерөнхий боловсролын сургуулийн үндсэн дансанд төлүүлэх хүсэлттэй байна. Манайхаас бол сумдын сургуулийн санхүүжилтэд хяналт тавьдаг болохоор би танд дансыг нь хэлээд өгье. Б- сум бол Төрийн сангийн 100020615160 гэсэн үндсэн данстай байгууллага байгаа юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,

16. Гэрч Ж.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын бүтэц орон тоог Засаг даргын бүрэн эрхэд заасны дагуу Төсвийн тухай хуулийн 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж заасны дагуу сургууль тус бүрээр нь аймгийн, сумдын Засаг дарга орон тоог нь баталдаг. Ер нь бол 2021 оноос хойш сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг сумын Засаг даргын шууд удирдлагад шилжүүлсэн. Өмнө нь сумын сургууль, цэцэрлэгийн удирдлага аймгийн Засаг даргад тайлангаа тавьдаг байсан бол 2021 оноос Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын Засаг даргын шууд удирдлагад хамаарах болсон. Үүнтэй холбоотойгоор сумын Засаг дарга нь сургууль, цэцэрлэгийн бүтэц орон тоог баталдаг болсон. Баян-Өлгий аймгийн Б- сумын ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тоог сумын Засаг дарга нь хэдэн онд хамгийн сүүлд шинэчилсэн талаар мэдэгдээгүй. Ер нь бол 2 сайдын хамтарсан жишиг норматив баталсан тушаалаар бол хүмүүжлийн эрхлэгч гэж байхгүй, мөн статистик хариуцсан мэргэжилтэн ч гэж байхгүй. Ийм орон тоо огт байхгүй. Б- сумын тухайд нийт 422 хүүхэдтэй бөгөөд ийм хүүхэдтэй сургуульд 2 менежер ажиллах ёстой. Сумын хэмжээнд бол хүмүүжлийн эрхлэгч гэдэг албан тушаал бол нэн шаардлага байхгүй. Тухайн сургуульд нийгмийн ажилтан гэж хүн байгаа, мөн сургалтын 2 менежер байгаа. Тэгэхээр тухайн албан тушаалуудын чиг үүрэгтэй давхардана. Тэгээд ч хүмүүжлийн эрхлэгч гэсэн албан тушаал байх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,

17. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүмүүжлийн эрхлэгч гэж хуучин менежерээр ажиллаж байсан Ү.К- ажиллаж байгаа ба түүнийг К.Х- захирал томилсон. Манай сургууль 440 орчим сурагчтай. Х.Н- бид хоёрыг сургалтын менежерээр томилсон гол шалтгаан бол өмнө нь ажиллаж байсан Ү.К-, Б- нар архи уугаад ажил хийхгүй болохоор багш ажилчдын хурлаар тэр хоёр хүнийг сольж Х.Н- бид хоёрыг менежер болгосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

18. Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүмүүжлийн эрхлэгч гэж хуучин менежерээр ажиллаж байсан Ү.К- ажиллаж байгаа. Тэр хүнийг ажлын байргүй болох гэхээр томилсон байх. Бусад сумдын сургуульд байгаа байх гэхдээ том сургууль буюу 2000 сурагчаас дээш сурагчтай сургуульд байгаа байх. Манай сургууль 440 орчим сурагчтай...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

19. Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэтэрсэн орон тоо бол Баян-Өлгий аймгийн Б- сумын ерөнхий боловсролын сургуульд байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүмүүжлийн эрхлэгч гэсэн орон тоо хэтрэлттэй байгаа. Манай сумын сургуульд ийм орон тоо байхгүй байхад урьд нь менежерээр ажиллаж байсан Ү.К- гэж хүнийг захирал томилсон, одоог хүртэл ажиллаж байгаа. Өөр бүтэц орон тоо хэтэрсэн зүйл байхгүй. Сумын сургуулийн бүтэц орон тоог сумын Засаг дарга баталдаг. 2023 онд сургуулийн бүтэц орон тоонд өөрчлөлт ороогүй, хүмүүжлийн эрхлэгч гэсэн орон тоог батлаагүй. Ү.К- нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Ү.К-ын оронд менежерээр Х.Н-ийг томилж, англи хэлний багш байсан Y2ийн оронд аймагт сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Сунхарыг томилсон байгаа. Миний хувьд бол 3 менежертэй гэж үзэж байгаа. Учир нь Ү.К- нь хүмүүжлийн эрхлэгч гэсэн албан тушаалд томилогдсон боловч яг менежер цалингийн шатлалаар цалинжиж байгаа. Үүнээс гадна бага ангийн менежерийн хувьд Б- гэж хүн байсныг солиод бага ангийн багш байсан Баасанжавыг томилж, Б- нь бага ангийн багш болсон. Дунд ангийн менежер Х.Н- гэж хүн байгаа. Ер нь бол 2 менежер яг бүтэц орон тоогоор ажиллаж байгаа. Гэхдээ дээр хэлсэн Ү.К- нь хүмүүжлийн эрхлэгч гэж томилогдсон хэдий ч менежерийн шатлалаар цалинжиж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

20. Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг даргын 2022.05.25-ны өдрийн А/63 дугаартай "Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай" захирамж, түүний 2 дугаар хавсралт /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

21. Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022.11.01-ний өдрийн Б/23 дугаартай “Ү овогт К-ыг тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгчээр түр томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

22. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаал /2 дахь хавтаст хэргийн 26-30 дахь тал/,

23. Шүүгдэгч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна. Миний хувийн байдал, гэр бүл, эхнэрийн минь биеийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүсье” мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хууль зүйн дүгнэлт:

24. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

25. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

26. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

27. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж байх тул Баян-Өлгий аймгийн Б- сумын сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарч байна.

28. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Б- сумын хүүхдийн сургуулийн захирал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч К.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

29. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

30. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

31. Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус аймгийн Б- сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалд огт байхгүй хүмүүжлийн эрхлэгчийн орон тоог шинээр бий болгож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ү.К-ыг тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгч гэх албан тушаалд томилж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 8,412,942.8 /найман сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө/ хохирол учруулсан байна.

32. Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч К.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

33. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

34. Уг гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Б- сумын сургууль хохироогүй, тус газар нь улсын төсвөөс тавьж олгосон мөнгө буюу цалин хөлсийг олгох үүрэг хүлээсэн байх тул шүүгдэгч К.Х-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас улсын төсөвт 8,412,942.8 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг төлөөгүй болох нь иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мэдүүлэг болон бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул  8,412,942.8 төгрөгийг шүүгдэгч К.Х-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

35. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч К.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэйгээс гадна тэрээр сургуулийн захирал, удирдах албан тушаалтан атлаа хууль зөрчиж, авлига албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг нь харгалзан түүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жил хүртэл хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан нэмэгдэл ял болох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг эдэлж дууссаны дараагаар эдлүүлэх, 3 жил 6 сарын хорих ялыг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг,  

36. Шүүгдэгч К.Х-аас: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

37. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-ас  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно.

38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

40. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

41. Шүүгдэгч К.Х- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/-аар тогтоогдож байна.

            42. Иймд шүүгдэгч К.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч К.Х-т шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

43. Шүүгдэгч К.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, улсын яллагч Д.Д-ын “Шүүгдэгч К.Х-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жил хүртэл хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

  • Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

45. Шүүгдэгч К.Х-т оногдуулсан 2 жилийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Б- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

46. Тодруулбал, шүүгдэгч К.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Б- суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

47. Хэрэв шүүгдэгч К.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

            48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч К.Х-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно. 

            50. Шүүгдэгч К.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

51. Шүүгдэгч К.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт К-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Б- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч К.Х-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол болох 8,412,942.8 төгрөгийг  гаргуулан улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч К.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч К.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК