| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 00000 |
| Дугаар | 0000 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 0000
“М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаар хариу хууль бус болохыг тогтоолгож, "М и" ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 431 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0739/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М и” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаар хариу хууль бус болохыг тогтоолгож, "М и" ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 431 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 43 дугаар зүйлийн 43.5. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан "М и" ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан "Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/4912 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварын залруулж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг 2019 онд эцэслэн шийдвэрлэгдсэн байхад Татварын тайланг залруулах болон хууль үйлчлэх хугацааг зөв тогтоож чадаагүй.Мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Татварын ерөнхий хууль, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 тушаал 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацаанд хамаарахгүй.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт "...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдал"-ыг ойлгохоор тайлбарласан, Эрүүгийн 21040691 хэргийн гэм буруу 2019 онд эцэслэн шийдвэрлэгдсэн, Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноор Татвар, Нийгмийн даатгалын тайланг залруулж, нөхөж бүртгүүлэх эрх үүссэн, тайланг программын түвшинд шийдвэрлэх талаар дүүргийн Нийгмийн даатгалын газар 2025 оны 03 дугаар сарын 20, мөн оны сарын 31-ний өдөр 227 тоотууд шүүхэд ирүүлсэн байхад шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д "..нэхэмжлэгч хуулийн этгээд нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/-г дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байхад залруулаагүй байх тул хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.", 9-д "...үйл ажиллагаа хэвийн явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэх боловч ... тайланг залруулаагүйгээс эсвэл татварын алба бүртгээгүйгээс ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиr сонирхол байхгүй гэж үзлээ.", 11-д иргэдийн төлөөлөгчийн "нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна." гэх дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй, ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ." гэх анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй.
Мөн Нийгмийн даатгалын газрын программ хангамж доголдож, саатсанаас Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 шийдвэрүүд биелэгдээгүй, үүний улмаас Татварын тайланг хүргүүлэх хугацаа хойшлон хүлээгдэж байхад хариуцагчийн буруу ташаа мэдээллийг үндэслэн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6, 7-т заасан дүгнэлтүүд хийсэн нь үнэнд нийцээгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “М и” ХХК-иас “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаар хариу хууль бус болохыг тогтоолгож, "М и" ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 шийдвэрүүдээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтуудыг баримтлан "М и" ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөж байсан хувь хэмжээгээр тооцон, тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст (хуучнаар) даалгаж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон.
Энэ дагуу Санхүүгийн тайлангийн дээрх хугацааны хүн амын орлогын албан татварт өөрчлөлт орж, залруулах хүсэлт гаргахад татгалзсан хариу өгсөн Татварын албаны эс үйлдэхүй тус компанийн санхүү бүртгэлийн ажилд саад учруулж, бүртгэл үнэн зөв хөтлөх хуулийн заалт зөрчихөд хүргэж байна. Татварын Ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ" гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан...” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Гэтэл анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч хуулийн этгээд нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/-г дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байхад залруулаагүй байх тул хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын тайлан залруулсантай холбогдуулан татварын тайланг залруулж зөв болгон бүртгэснээр үйл ажиллагаа хэвийн явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэх боловч тайлан залруулах хүсэлт гаргахдаа ямар тайлан хэрхэн залруулах гэж байгаа талаарх тайлангаа хавсаргаагүй байх бөгөөд тайланг залруулаагүйгээс эсвэл татварын алба бүртгээгүйгээс ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзлээ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй.
2.3. Хэдийгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан хэдий ч маргаан бүхий энэ тохиолдолд хуулийн энэхүү зохицуулалт хамаарахааргүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр “...М и" ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр “..."М и" ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2011 оны 03 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын тайланг залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж тус тус шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус шийдвэрүүдэд заасан цаг хугацаанд хамаарах хүн амын орлогын албан татварын тайланд өөрчлөлт орохоор байгаа учраас уг тайланд залруулга хийлгэхээр маргаж байх тул дээрх хуульд заасан тайланд залруулга хийх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр залруулга хийхээс татгалзах үндэслэлгүй.
2.4. Нэгэнт нэхэмжлэгч компаниас нийгмийн даатгалын тайланд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хүн амын орлогын албан татварын тайланд залруулга хийлгэх, түүнчлэн компанийн санхүүгийн бүртгэлээ үнэн зөв болгуулахаар маргаж байгаа энэ тохиолдолд “...татварын тайланд залруулга хийснээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргэхгүй бөгөөд төлөх татварын хэмжээ нэмэгдэж эрх зүйн байдал дордохоор байна. Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх дууссан асуудлаар тайланг засаж татвар нөхөн ногдуулах боломжгүй юм...” гэх хариуцагч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч компани нь компанийн санхүүгийн тайлан, бүртгэлээ хууль ёсны дагуу үнэн зөв болгуулахаар маргасан байна. Нөгөөтээгүүр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар татварын тайлангаа үнэн зөв тайлагнах нь татвар төлөгчийн үүрэг бөгөөд үүнд нь хяналт тавих нь татварын албаны үүрэг болно.
Эдгээрээс дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “М и” ХХК-ийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны хүн амын орлогын албан татварын тайланг залруулж бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН