Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

  Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

  Улсын яллагч Э.*******

  Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 2323000000094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин  суух хаягтай, урьд ******* аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын      *******, /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* сумын              ******* багийн  нутаг "" гэх газраас хохирогч Б.н алдсан  2 тооны зөв талын хаа, чагтан тамгатай, бор хээр зүсмийн адууг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас түүнд 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд   

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Б. нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

1.1 Хохирогч Б.н 1 тооны гүү, 1 тооны даага 2022 оны 12 дугаар сарын 10-наас 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд хэн нэг этгээдийн оролцоогүйгээр өөрийн ижил сүргээсээ тасарч М.*******ын адуунд нийлсэн байсан нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх газар байсан болох нь хохирогч Б.н... 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт цас их орж өвөлжилт хүндэрсэн тэгээд өөрийн эзэмшлийн бор азаргатай 40 тооны адуугаа сумын багийн нутаг дэвсгэр гэх газар луу оруулсан юм. Тэгээд тэр адуунаас гаднаа тэжээх зорилгоор Соёолон насны зөв талын хаа, гуян дээрээ чагтан тамгатай бор хээр гүү 1, бор хээр зүсмийн хээр даага 1 зэрэг нийт хоёр тооны адуу гаднаа авч хоцорсон юм. Тэгээд бүл зав муутай болоод авч хоцорсон 2 тооны адуугаа сар гаран хараагүй байж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 06-наас 07-ны хооронд ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр болон гэх газраар хайгаад олоогүй юм...” гэсэн  мэдүүлгээр,     

тухайн 2 адуу нь ямар нэгэн хариулгагүй хэн нэгний маллагаанд байгаагүй талаар мэдүүлсэн гэрч Б.гийн "...Б. ах цас орж, бэлчээр муудлаа гээд 2022 оны 12 дугаар сарын эхээр адуунуудаа, ******* голын элс рүү, оруулж цөөхөн хэдэн адуу авч хоцорсон байсан гэсэн. Тэгээд тэр авч хоцорсон адуунуудаа бүл завгүй, хариулж чадаагүй, сар орчмын дараа буюу 2023 оны 01 сарын 07-ны үед тэр 2 адуугаа хайгаад олохгүй байна ... гээд ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.

шүүгдэгч М.******* дээрх эзэнгүй байсан 2 адуу өөрийнх нь адуунд нийлснийг мэдсээр байж, өмчлөх эрхдээ шилжүүлэн авч завшсан нь гэрч Н.ийн "...М.******* гэдэг хүн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны үед цас их орж бэлчээр муудсан гээд өөрийн эзэмшлийн адуугаа сумын багийн ******* голын элс рүү оруулсан юм. Адуугаа элсэнд оруулахдаа, М.******* болон манай өвөлжөөний тэр хавиар, эзэнгүй бололтой яваад байсан буруу зүстэй, хээр гүү, дааганы хамт байсныг адуутайгаа нийлүүлэн туугаад явсан юм. М.******* гэдэг хүний адуундаа нийлүүлэн тууж явсан 2 тооны адуу бор хээр зүсмийн зөв талын хаа, гуя дээрээ чагтан тамгатай хээр гүү, хээр даага байсан. Тухайн үед хэн гэдэг хүний адуу байсныг сайн мэдээгүй, 2023 оны 05 сарын эхээр манай багийн иргэн Б. гэдэг хүн тэр 2 адууг сураглаж байсан.... Тэр 2 адуу манай багийн нутгаар бараг сар орчим хугацаанд эзэнгүй, М.******* гэдэг хүний адуунд нийлж, салаад яваад байсан юм...Эзэнгүй олон хоног адуунд нь нийлж салаад, яваад байсан болохоор нь М.******* адуундаа нийлүүлэн явсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Л.ын "...М.******* гэдэг айлтай манайх 20 орчим км зайд өвөлждөг...М.******* гэдэг хүн адуу, малаа сумын багийн нутаг ******* голын элс рүү оруулахдаа, манай багийн нутгаар эзэнгүй бололтой яваад байсан 2 тооны хээр зүсмийн адууг өөрийнхөө адуунд нийлүүлэн элс руу, тууж явсан. Тэр 2 адууг хүнээс худалдан авсан аваагүйг сайн мэдэхгүй байна. ...М.Бат- Оргил гэдэг хүний авч явсан тэр 2 тооны адуу хээр зүсмийн зөв талын хаа, гуя дээрээ чагтан тамгатай гүү, даага 2 байсан. Тухайн үед хэн гэдэг хүний адуу байсныг мэдээгүй, сая хэд хоногийн өмнө ******* багийн иргэн Б. ах тэр 2 адууг алдсан гээд асууж байна гэсэн....Тэр 2 тооны адуу хариулгагүй, эзэнгүй бололтой олон хоног М.******* гэдэг хүний адуутай нийлж, салаад байгаа бололтой байсан. Тэгээд М.******* гэдэг хүн адуундаа нийлүүлэн элс руу оруулсан байх...гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тухайн үед буюу 2022 оны 12 дугаар сарын эхэн үеэр манай адуун дунд сарваатай гүү буюу хоёр тооны адуу нийлчихсэн яваад байсан. Би тухайн үед ******* аймгийн ******* сум ******* баг гэх газарт манай адуу байсан.  Тэгээд хүйтрээд цас ороод адуу мал муудаад байхаар нь ******* голын элс рүү адуугаа оруулах үедээ тухайн сарвай гүү хоёрын хамт оруулчихсан юм. Тэгээд тухайн гүү элсэнд байх үед үхчихсэн харин сарвайг нь тэжээж онд оруулсан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

М.*******ын үйлдлийн улмаас Б.д 1,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээчин Н.ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай “ ... Нийт 2 тооны адуунууд зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний  байдлаар 1,400,000 төгрөг гэж тогтоов...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба Монгол Улсын Иргэний хуулийн  117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Алдуул мал завших гэдэг нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан шууд санаатай үйлдлээр илэрнэ.

М.******* 2 тооны адууг бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрийн эзэмшил ашиглалтад авах эрхгүй гэдгээ мэдсээр байж Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн өмчлөлд авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч М.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.н мэдүүлэг, хохирогч Б.н хүсэлтээр тогтоогдож байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

2.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.           

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд  торгох ялыг  биелүүлээгүй  бол биелэгдээгүй  торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.         

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг  тус тус дурдсугай           

                          

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.НАНДИНЦЭЦЭГ