Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00418

 

 ХХК-ийн

                                      нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00706 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1235 дугаар магадлалтай, 

 **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 94,895,518 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийнгаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** **** ХХК нь ****, **** нартхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94,895,518 төгрөг гаргуулахбарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00706 дугаар шийдвэрээрИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч  **** **** **** ХХК нь ****, **** нараас нэмэгдүүлсэн хүү 742,932 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар ****, **** нараас 94,152,586 төгрөгийг гаргуулж,  **** **** **** ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204043757 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 103 дугаар байр, 8 тоотод байрлах, 32.85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204066062 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 12 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 94,152,586 төгрөг гаргуулж,  **** **** **** ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйл болох ННIHQ810\/С0000075 арлын дугаартай, 18-64 УБ улсын дугаартай, Нyundai r300lс-9s эксковатор маркийн автомашины үнээс шаардлага хангуулах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 21,22 дугаар талд авагдсан Авто тээврийн үндэсний төвийн баримт, техникийн тодорхойлолтыг нотлох баримтаас хасаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,428 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ****, **** нараас 610,048 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгожшийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 632,428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжшийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д “шийдвэрмагадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ **** **** **** ХХК хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 742,932 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж, ****, **** нараас 94,152,586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8.Хариуцагч ****, **** нар  **** **** **** ХХК-тай 2018.10.16-ны өдөр DF50104 дугаартай  зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 22,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2018.10.17-ны өдөр DF50105 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 67,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээл авсан нь тогтоогджээ. 

Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

9. Зээлдэгч нар 2018.10.16-ны өдрийн DF50104 дугаартай гэрээний үндсэн зээл болон зээлийн хүүд 17,131,416 төгрөг, 2018.10.17-ны өдрийн DF50105 дугаартай гэрээний үндсэн зээл болон зээлийн хүүд 22,104,865 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний төлөлт, тооцоолол, зээлийн төлбөрийн хэмжээнд хариуцагч ****, **** нар маргаагүй болно. 

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг үндэслэж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 94,152,586 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчөөгүй.  

11. Хоёршатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 153, 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

12. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн “...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардан гаргасан ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн...” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны танхимыг зөвлөлдөх тасалгаа хэлбэрээр ашигласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй. 

Учир нь, хэн нэгэн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжтой байдлаар шүүх шийдвэр гаргасан гэх нөхцөл тогтоогдоогүй буюу шүүгч шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч талаас гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 94 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. 

13. Давж заалдах шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гаргахыг шаардаж гаргасан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх боломжгүйгэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00706 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1235 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,428 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД