| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/1090/Э |
| Дугаар | 2020/ДШМ/69 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2020/ДШМ/69
2020 1 14 2020/ДШМ/69
Д.У, П.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч, хохирогч Д.У,
шүүгдэгч, хохирогч П.Д,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1616 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч П.Дын өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Д.У, П.Д нарт холбогдох 1906016450717 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн П.Д, 1977 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Аварга Хадбаатар” сангийн тэргүүн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44-6 дугаар байрны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,;
2. Б овгийн Д.У, 1964 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Төв аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Яруу сум” орон сууц, аж ахуйн конторт инженер ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
П.Д нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гаражид иргэн Д.Уийг заамдан боож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Д.У нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гаражид иргэн П.Дыг заазуураар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.У, П.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Пийн Д, Б овгийн Дийн У нарыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Д, Д.У нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Д, Д.У нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Д, Д.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 26 см урттай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.Д, Д.У нар нь бусдад төлөх төлбөргүй, хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, хохирогч П.Дын өмгөөлөгч Б.Батсүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргасан бөгөөд шийтгэх тогтоолд гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд: Шүүгдэгч П.Д нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гаражид иргэн Д.Уийг заамдан боож, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.Уийн биед хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2948 дугаартай дүгнэлтээр “...Шилэн хүзүү, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, зүүн тохойд зулгаралт, дээд үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болох ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэжээ. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь бүх нийтээрээ амардаг амралтын өдөр гарсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасанчлан бямба, ням гарагт нийтээр амрах амралтын өдөр энэхүү дүгнэлтийг гаргажээ. Улсын яллагчийн зүгээс амралтын өдөр шинжээч дүгнэлт гаргах боломжтой, шинжээч эмч Б.Ариунзулыг байцаасан тэмдэглэлд “...Шүүхийн шинжилгээний байгууллага нь 24 цагаар ажилладаг тул дүгнэлт гаргаж болно. ...” гэсэн дүгнэлтийг хийсэн боловч энэхүү шүүхийн шинэчилсэн байцаалтад дурдагдсан үйл баримтыг шийтгэх тогтоолд дурдаагүй. Гэвч хуулиар зохицуулаагүй харилцааг журмаар зохицуулах ёстой. 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д шинжээч тогтоол хүлээн авснаас хойш хүний биед үзлэг хийсэн бол ажлын 3 хүртэл хоногийн дотор дүгнэлт гаргах чиглэл баримтлах ёстой. Үйлдэл 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ням гарагт болсон ба шинжээч дүгнэлтээ мөн өдрөө гаргасан нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн, шинжилгээний байгууллага нь хэдийгээр 24 цагаар ажилладаг, хүний биед 24 цагаар үзлэг хийдэг ч гэсэн хүний биед хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээ дээрх журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын өдөр гаргах байжээ. Мөн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2 дахь заалтад шинэ, хуучин гэмтлийн аль болох талаар дурдаагүйн дээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байж болох гэмтэл гэж ерөнхий дүгнэлт хийсэн. Харин шинжээчээр байцаасан байцаалтдаа шинэ гэмтэл гэж тодорхойлсон боловч дүгнэлт гаргаснаас хойш нилээдгүй цаг хугацааны дараа байцаалтыг авсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч П.Дыг хохирогч Д.У, гэрч Ц.Эрдэнэбат, Д.Зоригт нарын мэдүүлэг, шинжээчийн 2948 дугаар дүгнэлтээр гэм буруутай гэж үзсэн. Гэрч Д.Зоригтын “...Ус авах гээд ороход байрны харуул Эрдэнэбат нь оршин суугч П.Д, Д.У хоёр бие биенээ заамдаад хоорондоо маргалдаж байхаар нь салгаж байсан. ...”, гэрч Ц.Эрдэнэбатын “...Оршин суугч залуу барьж явсан зүйлээ газар тавиад инженер залууг хананд шахаад боосон, тэгтэл инженер залуугийн хамраас цус гараад бараг унасан. ...” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинэчилсэн байцаалтад шүүгдэгч, хохирогч Д.Уийн “...Тухайн үед харуулаар 70 настай хөгшин Энхбаатар ажиллаж байсан бөгөөд Энхбаатар намайг боолтод орж байхад салгаж, цэвэрлэгч эмэгтэй ирж турбанаас барьж авсан. ...” гэх мэдүүлгээс үзэхэд тухайн үед харуулаар ажиллаж байсан Энхбаатар, мөн нэгэн цэвэрлэгч эмэгтэй ажиллаж байсан нь тогтоогддог. Эдгээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй, шүүгдэгч, хохирогч П.Д тухайн цаг хугацаанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба Ц.Эрдэнэбат нь байгаагүй, энэхүү үйлдэл болсны дараагаар харуул Энхбаатар, цэвэрлэгч нарыг ажлаас халсан гэж шүүхийн шинэчилсэн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/1477 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа Д.Уийн биед учирсан гэмтлийн дүгнэлтийг дахин хийлгэх, ач холбогдол бүхий нотлох баримт /тухайн үйлдлийн бичлэг/-ыг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн авах үндэслэлээр буцаасан боловч энэхүү захирамжид заагдсан ажиллагаа явагдаагүй. Гагцхүү шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл үйлдээд шүүх рүү хэргийг шилжүүлсэн нь прокуророос хянавал зохих асуудлыг хянаагүй, Д.Уийн биед дахин дүгнэлт гаргуулаагүй. Хууль бус өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр итгэлтэйгээр хэрэг нотлогдсон гэж үзсэн нь ташаа ойлголт юм. Шүүгдэгч П.Д нь хохирогч Д.Уийн биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Хэргийг 2 удаа прокурорт буцаасан боловч дээрх нөхцөл байдал үгүйсгэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, хохирогч, шүүгдэгч Д.Уийн хохирогчоор, яллагдагчаар, шүүхийн шинэчилсэн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг аваагүй, Д.Уийн биед гэмтэл учруулсан гэдгийг шууд нотлох баримтаар хангалттай нотлоогүй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар П.Дын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч, хохирогч П.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Уд гар хүрээгүй байхад гар хүрсэн болсон. Би өөрөө хохирогч байж торгууль төлж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болсон. Өвлийн улиралд гаражид автомашин хийх үеэр хүмүүс далимдуулж орж, гардаг. Зуны улиралд гараж нээлттэй байдаг учраас оршин суугчид гаражаар явдаг. Би ажлаа хийж яваад харуулын байрнаас түлхүүр авах гэж орох үед П.Д нь 70 настай харуулыг цонхоороо “хөгшин төгцөг минь онгойлго, онгойлгохгүй бол би чамайг ална шүү” гээд хашхирч байсан. Би хараад “чиний аав шиг хүн байна, та орцоороо ор” гэж хэлэхэд П.Д “гөлөг минь чамд хамаагүй, хаалга онгойлго” гэсэн. Үүнээс шалтгаалж энэ хэрэг гарсан. ...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1616 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч, хохирогч П.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
П.Д нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гаражид иргэн Д.Уийг заамдан боосноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Д.У нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гаражид иргэн П.Дын хэвлийн тус газар заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
П.Дын хохирогчоор өгсөн “...Бид 2 зууралдаад, үл таних залуу намайг боохоор нь би зүүн гараа түүний эрүүнд наагаад цаашаа өөрөөсөө холдуулаад түлхсэн. ...1.2 см урттай төмөр турбагаар миний толгойн дагз хэсэг рүү нэг удаа цохихоор нь би эргэж хараад түүний турбанаас нь бариад автал тэнд байсан хүмүүс салгасан. ...Нөгөө хүн баруун гартаа заазуур барьчихсан “чи намайг хүн алдгийг харах уу” гээд заазуураа далайхаар зүүн гараараа хаах гэтэл миний гараас бултаад гарны доогуур оруулаад хэвлий орчим зүссэн. ...” /хх 5-6/,
Д.Уийн хохирогчоор өгсөн “...П.Д ... хаалга онгойнгуут миний шүд рүү тохойгоороо цохиход би хойшоо болоод түүнтэй заамдалцсан. Тэгтэл тэр залуу намайг бооход би боолтод ороод хажууд байсан харуулуудыг салгаач гэж хэлсэн. ...Турбаг аваад Дын нуруу хэсэг рүү нэг удаа цохиод манай байрны цэвэрлэгч эмэгтэй ирээд турбанаас барьж аваад болиулж байсан. Тухайн үед миний амнаас цус их гарч байсан болохоор ... ариун цэврийн өрөөнд орж цусаа угаачихаад ариун цэврийн өрөөний хажуу талын ажилчдын өрөө рүү орж заазуур аваад П.Дыг ... араас нь дуудахад П.Д эргэж хараад ... хүрээд ирэхээр нь түүний гэдсийг зүсэхэд манай харуул Зоригоо ирж салгасан. ...” /хх 11-13/,
Д.Уийн яллагдагчаар өгсөн “...П.Д нь миний үүдэн шүд рүү тохойгоороо цохихоор нь ... уурлаад ... хэвлий орчим нь заазуураар зүссэн байсан. ...Би хохирогч П.Дын биед гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 53-55/,
гэрч Д.Зоригтын “...Харуул Эрдэнэбат нь байрны оршин суугч П.Д, Д.У хоёр бие биенээ заамдаад хоорондоо маргалдаж байхыг салгаж байсан. ...Нөгөө хоёр дахиад маргалдаад эхлэхээр нь харсан чинь Д.У гартаа заазуур барьчихсан П.Дтай маргалдаж байсан. Тэгэхээр би гүйж очоод Д.Уийн баруун мөрнөөс татаад П.Дыг чи гэртээ ор гэхэд тэр 1 дүгээр орц руу орсон. ...” /хх 16-18/,
гэрч Ц.Эрдэнэбатын “...Байрны оршин суугч залуу, барьж явсан зүйлээ газар тавиад инженер залууг хананд шахаад боосон. Тэгтэл инженер залуугийн хамраас нь цус гараад бараг унасан. Тэгэхээр нь би гүйж очоод бүдүүн залуугийн гар, чигчий хуруунаас нь бариад татахад дийлээгүй. Би бүдүүн залууд “хүн аллаа шүү дээ чи” гэж хэлтэл тавьсан. ...” /хх 14-15/,
шинжээч эмч Б.Ариунзулын “...Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна. ...Шүүх шинжилгээний байгууллага нь 24 цагаар ажилладаг тул дүгнэлт гаргаж болно. Уг өдөр би томилгоот жижүүрээр гарч байсан. ...” /хх 153/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2948 дугаартай “...Д.Уийн биед шилэн хүзүү, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, зүүн тохойд зулгарал, дээд үүдэн 2 шүд баг зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3000 дугаартай “…П.Дын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” /хх 27/ гэх дүгнэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 109/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.У, П.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.У, П.Д нар нь харилцан хүч хэрэглэсний улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч П.Дын өмгөөлөгч Б.Батсүх “...Шүүгдэгч П.Д нь хохирогч Д.Уийн биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. ...Шүүх эмнэлэг шинжилгээний дүгнэлтээ Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын өдөр гаргах байжээ. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар П.Дын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч Д.Зоригт, Ц.Эрдэнэбат нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.
Хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын шатанд Д.У хохирогчоор “...П.Д ... хаалга онгойнгуут миний шүд рүү тохойгоороо цохиход би хойшоо болоод түүнтэй заамдалцсан. Тэгтэл тэр залуу намайг бооход би боолтод ороод хажууд байсан харуулуудыг салгаач гэж хэлсэн. ...Тухайн үед миний амнаас цус их гарч байсан. ...” гэж мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг нь Д.Зоригт, Ц.Эрдэнэбат нарын мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.
Шүүгдэгч Д.У, П.Д нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журамд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар 24 цагаар ажилладаг төрийн тусгай албан хаагч бөгөөд дүгнэлтээ шинжилгээний хариу шаардахгүй тохиолдолд тухай бүрт нь гаргах ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын өдөр гаргах талаар тусгайлсан зохицуулалтгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч П.Дын өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1616 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч П.Дын өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ