| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2020/0013/З |
| Дугаар | 125/ШШ2022/0003 |
| Огноо | 2022-02-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 125/ШШ2022/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, шүүгч С.Еркеш, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г ” ЗБН-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Б.Д нарт холбогдуулан гаргасан
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Б.Д нарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Г ” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагч А.Ц , Б.Д ав, иргэдийн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г ” ЗБН нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Б.Д нарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Г ” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Үндэсний аудитын газарт гомдол гаргасан ба Үндэсний аудитын газрын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/2267 дугаар албан бичгээр хариу авсан байна.
3.Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Б.Д нар Ховд аймгийн Буянт сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд тус сумын Засаг даргын тамгын газар мал эмнэлэгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардалд 2 компанид нийт 3220000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг тарилгын актаар илүү тооцож олгосон зөрчил илэрсэн хэмээн “Б “ ХХК - иар 380000, “Г ” ЗБН-д 2840.0 төгрөгийг төлүүлэхийг Буянт сумын Засаг дарга болон нягтлан бодогчид нарт хариуцуулж 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” акт тогтоожээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Г ” ЗБН нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргатай мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, уг үйлчилгээний хөлсийг төлөх талаар гурвалсан гэрээ байгуулсан. Уг гурвалсан гэрээгээр дуут хавдар, цусан халдвар дотрын халдварт хордлого, колебактериоз зэрэг халдварт өвчнөөс урдьчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлсийг Буянт сумын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан байгаа. Улмаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр албан бичиг, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлсийг нэмэлтээр Ховд аймгийн Буянт сумын төсвөөc олгохоор шийдвэрлэсэн.
“Г ” ЗБН-ийн малд тарилга хийсэн актаар нийт 6 төрлийн халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх тарилгын хөлс 13,485,400 төгрөг авах ёстой байгаа ба малд тарилга хийсэн акт, өрхийн цуваа зэргийг мал эмнэлгийн улсын байцаагч хянаж баталгаажуулан холбогдох материалыг Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс Буянт сумын Засаг даргын Тамгын газар нь 11,930,600 төгрөгийг үйлчилгээний хөлс өгсөн ба үлдэгдэл 1,544,800 төгрөгийг одоо хүртэл шилжүүлээгүй.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хөлсийг дуут хавдар, цусан халдвар дотрын халдварт хордлого, колебактериоз, боом, галзуу зэрэг 6 нэр төрлийн өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлснөөс тооцож олгох ёстой байтал дуут хавдар, цусан халдвар дотрын халдварт хордлого, колебактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тарилгын хөлснөөс тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 73, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаартай тогтоолоор малын вакцинжуулалтын тарилгын ажлын хөлсийг бод малд 400 төгрөг, бог малд 300 төгрөгөөр тооцохоор баталсан. Гэтэл боом галзуу өвчнөөс урьдчилсан сэргийлэх тарилгыг бод 200, бог 150 төгрөгөөр тооцож олгосоныг зөвшөөрөхгүй байна.
Боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлээгүй бол малд тарилга хийсэн актаа аймгийн Мал эмнэлгийн газарт өгч улсын төсвөөс тарилгын хөлсөө авах ёстой байсан. Боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.
Гэтэл Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр актаар “Г ” ЗБН-өөс 2.840.000 төгрөгийг гаргуулахаар төлбөр тогтоосон нь хууль бус. Уг актаар төлбөр тогтоохдоо бидэнд мэдэгдээгүй, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, уг акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...” гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр дурдсан вакцинжуулалтын тарилгын хөлсний тооцоо дээр тайлбар хийе. Уг тооцоонд дурдсан цусан халдвар, дуут хавдар, дотрын халдварт хордлого, колебактериоз зэрэг өвчин бол Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу дотоод худалдаанд саад хориг үүсгэдэг малын гоц халдварт, халдварт өвчин ба уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зардлыг орон нутгийн төсвөөс гаргахаар хуульчилсан байдаг. Бидний зүгээс Ховд аймгийн Буянт сумын төсвийг төвлөрүүлэн захирагчийн нэгдсэн санхүүгийн тайлан буюу Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Харин боом, галзуу өвчин нь олон улсын худалдаанд саад хориг үүсгэдэг, хүний амь нас хохирох эрсдэл үүсгэдэг гоц халдварт өвчин ба Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг.
“Г ” ЗБН-ийн боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилгын хөлсийг тус нөхөрлөлийн малд тарилга хийсэн актыг үндэслэн Ховд аймгийн мал эмнэлгийн газраас олгосон байдаг. Энэ нь хэрэгт баримтаар авагдсан. Бид улсын төсвийн санхүүжилтэнд аудит хийгээгүй, өөрөөр хэлбэл тухайн аудитын хамрах хүрээнд улсын төсвөөс буюу Мал эмнэлгийн газраас олгох тарилгын үйлчилгээний хөлс хамаарахгүй юм. Гол нь нэхэмжлэгчээс хичнээн малд тарилга хийсэн асуудлаар маргаагүй, зөвхөн тарилгын хөлстэй холбоотой акттай маргаж байгааг анхаарч үзнэ үү.
“Г ” ЗБН-ийн малд тарилга хийсэн актаас тооцож үзэхэд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх өвчний дархлаажуулалтын вакцин тарилгын хөлс 9090600 төгрөг авах ёстой байсан. Гэтэл 11930600 төгрөгийн зардлыг ямар ч баримтгүйгээр Буянт сумын Засаг даргын Тамгын газраас “Г ” ЗБН-д шилжүүлсэн байсан. Ийм учраас бид “Г ” ЗБН-д илүү олгосон 2840000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр акт тогтоосон.
“Г ” ЗБН-ийн 50 хувийг тухайн үед Ховд аймгийн Буянт сумын Засаг даргаар ажиллаж байсан М.П эзэмшдэг нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг Засаг дарга М.П -ийн саналыг үндэслэн гаргасан бөгөөд М.П нь албан тушаалын давуу байдлыг бий болгож өөртөө хамаарал бүхий этгээдэд илүү санхүүжүүлэлт олгосон байж болзошгүй юм.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 он болон 2018 онуудад мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоосон хоёр тогтоол гаргасан байдаг. Бид энэхүү актыг тогтоохдоо аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолоор баталсан Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоосон үнэлгээгээр тооцоолол хийж акт тогтоосон. Учир нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолыг 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 10/09 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон ч тус ажлын гэрээ байгуулан гүйцэтгэх хугацаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.
5. Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийх явцдаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас “Г ” ЗБН-д ямар ч баримтгүйгээр 2.840.000 төгрөгийг илүү шилжүүлсэн зөрчлийг илрүүлж, энэ талаар Буянт сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нарт танилцуулж, холбогдох аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхийг хариуцуулж байсан. Үүний дагуу “Г ” ЗБН-тэй холбоотой акт тогтоох болсон талаар мэдэгдсэн тул аудитыг гүйцэтгэж байх хугацаанд төлбөр тогтоосон акт гаргахгүй байх талаар хүмүүсээр утсаар яриулж, бидэнд нөлөөлөхийг оролдож байсан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Г ЗБН-ийн нэхэмжлэлтэй Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор нарт холбогдох захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож дараах дүгнэлт гаргаж байна.
Г ЗБН нь дотрын халдварт хордлого, дуут хавдар, цусан халдвар, колебаткериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 6234 бод, 21990 бог малд тарилга хийсний хөлс 9090600 төгрөг авах ёстойгоос 2840000 төгрөгийн хөлс илүү авсан гэж аудитаас акт тогтоосон нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Г ” ЗБН нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Б.Д нарт холбогдуулан 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Г ” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана...” гэж зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харъяаллын хянан шийдвэрлэх маргаан гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол …шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.” гэж тус тус зааснаар Үндэсний аудитын газарт хандан гомдлоо гаргаж хариуг авснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн байна.
3.Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор боом, галзуу өвчний дархлаажуулалтын тарилгын хөлсийг Буянт сумын төсвөөс олгохоор шийдвэрлэсэн, ...дотрын халдварт хордлого, дуут хавдар, цусан халдвар, колебактериоз, боом, галзуу өвчний дархлаажуулалтын тарилгын хөлс 13485400 төгрөг авах ёстойгоос 11930600 төгрөг авсан, үлдэгдэл 1554800 төгрөгийг аваагүй...” гэж,
5.Хариуцагчаас “...Г ЗБН нь орон нутгийн төсвөөс санхүүжих дотрын халдварт хордлого, дуут хавдар, цусан халдвар, колебактериоз өвчний тарилгын актаар 9090600 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байхад тооцоо баримтгүйгээр 11930600 төгрөгийг санхүүжилт олгосон нөхцөл байдлыг тогтоож, акт тогтоосон...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
6.Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Б.Д нар Ховд аймгийн Буянт сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд тус сумын Засаг даргын тамгын газар мал эмнэлэгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардалд 2 компанид нийт 3220000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг тарилгын актаар илүү тооцож олгосон зөрчил илэрсэн хэмээн “Б “ ХХК - иар 380000, “Г ” ЗБН-д 2840.0 төгрөгийг төлүүлэхийг Буянт сумын Засаг дарга болон нягтлан бодогчид нарт хариуцуулж 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” акт тогтоожээ.
7.Актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
7.1. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 03 сарын 18-ны өдрийн А/41 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар 2019 онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд Буянт суманд 3 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс 17912 бод, 706676 бог, нийт 88588 малыг дархлаажуулалтад хамруулж, үүнээс нэхэмжлэгч “Г ” ЗБН нь 9 төрлийн өвчний вакциныг нийт 7937 бод, 30426 бог нийт 38363 малд хийхээр болжээ.
7.2. Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэйгээ 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03 дугаартай гурвалсан гэрээ байгуулж, гэрээний хавсралтанд зааснаар нэхэмжлэгч “Г ” ЗБН нь дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 10000 бог малд, дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд, цусан халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд, колебактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 1000 бог малд, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 1000 бод малд, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд хийх даалгавартай байсан ба гуравласан гэрээний биелэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 22 ний өдөр тооцжээ.
7.3. Нэхэмжлэгчийн ирүүлсэн малд хийсэн тарилгын актыг үндэслэн тооцож үзэхэд дотрын халдварт хордлого өвчний дархлаажуулалтын тарилгыг 9995 хоньд 2 удаа буюу 19990, дуут хавдар өвчний дархлаажуулалтын тарилгыг 2000 үхэрт, цусан халдвар өвчний дархлаажуулалтын тарилгыг 2117 үхэрт 2 удаа буюу 4234, колибактериоз өвчний дархлаажуулалтын тарилгыг 1000 ямаанд 2 удаа буюу 2000 нийт 6234 бог, галзуу өвчний дархлаажуулалтын тарилгыг 2000 үхэрт, боом өвчний дархлаажуулалтын тарилгыг 998 үхэрт, нэмэлтээр боом өвчний дархлаажуулалтын тарилгыг 4989 үхэр, 1692 хонь, 2308 ямаанд тарилга хийсэн ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс дархлаажуулалтын тарилга хийсэн ба малын тоотой маргаагүй байна.
7.4. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33,34,35 дугаар зүйлүүдэд улсын төсөв, орон нутгийн төсөв, иргэн хуулийн этгээдээс санхүүжүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг тусгайлан хуульчилж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Засгийн газраас баталсан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад үндэслэн санхүүжилтийг олгохоор заажээ.
7.5. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д “...энэ хуулийн 11.1.2-т заасан жагсаалтад орсон халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардал...”-ыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан “...мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин...” гэдэгт Засгийн газрын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 225 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан “...дотрын халдварт хордлого, дуут хавдар, цусан халдвар, колебактериоз...” зэрэг халдварт өвчин багтаж байна.
7.6. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 11.1.1-д заасан жагсаалтад орсон халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардал...”-ыг улсын төсөвөөс санхүүжүүлэхээр, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, хүний амь нас хохирох эрсдэл үүсгэдэг зооноз өвчин” буюу Засгийн газрын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 225 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан “...боом, галзуу...” зэрэг халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардлыг улсын төсөвөөс санхүүжүүлэхээр заасан байна.
7.7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...“анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно...” гэж заасан ба малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний санхүүжилтийн тухайд анхан шатны баримт нь малд тарилга хийсэн акт ба энэ нь санхүүжилт олгох баримт болох юм.
7.8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Г ” ЗБН-ийн малд хийсэн тарилгын актыг тооцож үзэхэд дотрын халдварт хордлого өвчний дархлаажуулалтын тарилгыг 9995 хоньд 2 удаа буюу 19990, дуут хавдар өвчний дархлаажуулалтын тарилгыг 2000 үхэрт, цусан халдвар өвчний дархлаажуулалтын тарилгыг 2117 үхэрт 2 удаа буюу 4234, колибактериоз өвчний дархлаажуулалтын тарилгыг 1000 ямаанд 2 удаа буюу 2000 нийт 6234 бог, 21990 бод малд тарилга хийсэн байх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолоор баталсан “Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф”-д заасан төлбөрийн хэмжээгээр тооцож үзэхэд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д зааснаар орон нутгийн төсвөөс “Г ” ЗБН-д нийт 9090600 төгрөгийн үйлчилгээний хөлс олгохоор байна.
Тодруулбал:
|
№ |
Өвчний нэр | Малын тоо | Ажлын хөлс /ИТХ-ын 2018 оны 8/10 дугаар тогтоол/ |
Олговол зохих ажлын хөлс | ||
| Бод | Бог | Бод | Бог | |||
| 1 | Дотрын халдварт хордлого |
| 19990 |
| 300 | 5997000 |
| 2 | Дуут хавдар | 2000 |
| 400 |
| 800000 |
| 3 | Цусан халдвар | 4234 |
| 400 |
| 1693600 |
| 4 | Колебактериоз |
| 2000 |
| 300 | 600000 |
| 5 | Нийт дүн | 6234 | 21990 |
|
| 9090600 |
7.9. Гэтэл нэхэмжлэгч “Г ” ЗБН-д Буянт сумын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас 2019 оны 03 сарын 25-ны өдөр 4000000 төгрөг, 2019 оны 11 сарын 22-ны өдөр 5000000 төгрөг, 2019 оны 12 сарын 09-ны өдөр 2930600 төгрөг, нийт 11930600 төгрөгийн санхүүжилт олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “...сумын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас “Г ” ЗБН-д 2840000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг илүү олгосон...” гэж үзэж, нөхөн төлүүлэхээр Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудтын менежер А.Ц , Б.Д нар 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д заасан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцины тарилгын хөлс 9090600 төгрөгийг “Г ” ЗБН-д олгох ёстой боловч Буянт сумын Засаг даргын Тамгын газраас “Г ” ЗБН-өөс ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн 11930600 төгрөгийн санхүүжилт олгосон нь Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д -ын гэрчээр өгсөн мэдүүлэг, Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны санхүүгийн баримтанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
7.10. Түүнчлэн “Г ” нөхөрлөл нь галзуу өвчний дархлаажуулалтын тарилгыг 2000 үхэрт, боом өвчний дархлаажуулалтын тарилгыг 998 үхэр, нэмэлтээр 4989 үхэр, 1692 хонь, 2308 ямаанд тарилга хийсэн нь хэрэгт авагдсан “Г ” ЗБН-ийн малд тарилга хийсэн акт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулсан өрхийн цуваа зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа ба 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хөлс 400000 төгрөг, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хөлс 1797400 төгрөгийн санхүүжилтийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна
8. Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифын тухайд:
8.1. Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03 дугаартай гурвалсан гэрээний биелэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцсон ба энэ хугацаанд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 02-ны өдрийн 8/10 дугаар “Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан тул хариуцагч нар маргаан бүхий актыг гаргахдаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02 -ны өдрийн 8/10 тогтоолд заасан үнэ тарифаар тооцож илүү олгосон санхүүжилтийг нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
9. Нэхэмжлэгчээс Мал эмнэлгийн газраас өгсөн чиглэл, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоолын дагуу илүү олгосон гэх 2840,0 /хоёр сая найман зуун дөчин мянган/ төгрөгөөр боом, галзуу өвчний дархлаажуулалтын тарилгыг нэмэлтээр хийсэн гэж, маргажээ.
9.1. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч “Г ” ЗБН нөхөрлөл 4982 малд боом, 2000 малд галзуу өвчний нэмэлт дархлаажуулалт хийх үйлчилгээний хөлсийг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан орон нутгийн хөгжлийн сангийн зардалд тусган санхүүжүүлэхээр хүргүүлсэн ба уг санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Буянт сумын Засаг даргаас 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 1/150 дугаар албан бичгээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандсанаар хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 24 дүгээр “Нэмэлт вакцинжуулалтын үйлчилгээний хөлс гаргуулах тухай” тогтоолоор малын боом, галзуу өвчний нэмэлт дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийг орон нутгийн хөгжлийн сангийн Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас гаргуулах саналыг дэмжсэн боловч уг тогтоолыг хэрэгжүүлж боом галзуу өвчний нэмэлт дархлаажуулалтын вакцины үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр сумын Засаг даргын шийдвэр гараагүй болох нь гэрч сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д -ын мэдүүлэг, Буянт сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2/27 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц аудит Б.Д нарын гаргасан 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцсэн, Төрийн аудитын тухай хууль /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.2-д зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэн уг актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцох боломжоор хангах үүрэгтэй.
Гэхдээ энэ тохиолдолд хариуцагч нараас дээрх үүргээ биелүүлсэн болохыг нотлож чадахгүй байх боловч Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх” хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан акт байх бөгөөд гэрч Ш.Д -ын өгсөн мэдүүлэгт “...бид Г ЗБН-ийн холбогдох хүмүүст акт тогтоож байгаа талаар мэдэгдсэн...” гэх тайлбараас үзвэл холбогдох этгээдэд мэдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
11. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн аудитын тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1,15 дугаар зүйлийн 15.1.12, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалтыг тус тус баримтлан “Гурвалжинтан” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Б.Д нарт холбогдох, 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Г ” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР
ШҮҮГ С.ЕРКЕШ