Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0597

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Нэхэмжлэгч: “С” СӨХ

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “В” ХХК, С.Б

Нэхэмжлэлийн шаардлага:

“Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 40А байрын зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “В” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-2204,,,,,, дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 520 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, С.Т, гуравдагч этгээд “В” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ч

Хэргийн индекс: 128/2023/0269/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 40А байрын зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “В” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-2204,,,,,, дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 520 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15.1.1 дэх заалт, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 15.3 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Санрайс СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 40А байрын зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “В” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-2204,,,,,,,, дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь анхны зургаар техникийн зориулалт бүхий өрөө гэж зурагдсан бөгөөд барилгын захиалагч буюу гуравдагч этгээд “В” ХХК нь зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлгүйгээр зургийг дур мэдэн өөрчилсөн байдаг. Цаашид энэхүү техникийн өрөөний зориулалтаар ашиглах хэрэгцээ шаардлага үүсэж магадгүй.

3.2. Гэвч цахилгааны төхөөрөмжийг 08 дугаар өрөөнд шилжүүлэн байршуулсан гэх үндэслэлээр 14 дүгээр өрөөг техникийн зориулалтгүй гэж үзэж, өмчлөх эрхийн бүртгэлийг хууль ёсны мэтээр тайлбарласан нь барилгын анхны зураг төслийн баримтад нийцэхгүй байна.

3.3. Сууц өмчлөгчдийн холбооны тухай хууль, Орон сууцны тухай хуульд нийтийн зориулалттай байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчлан өмчлүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой заасан байхад уг өрөөг “В” ХХК-ийн нэр дээр бүртгэж, улмаар иргэн С.Б-д шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна.

3.4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал болон нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны доод хонгил, техникийн өрөө зэрэг нь дундын өмчлөлд хамаардаг. Гэвч анхан шатны шүүх уг хуулийн заалтыг үл харгалзан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 40А байрны зоорийн давхрын 18.15 м.кв талбай бүхий өрөөг техникийн зориулалттай биш гэж үзсэн боловч уг өрөө олон жил сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд ашиглагдаж ирсэн, барилгын зураг төсөлд техникийн өрөө гэж тусгагдсан бөгөөд энэ нь барилгын зураг төсөл, улсын комиссын актаар нотлогддог.

3.5. Хариуцагч нь улсын комисс хүлээн авсан үндэсний төв архивд хадгалагдаж буй барилгын зургийг үндэслэлгүй зураг төсөв зохиогчоос зөвшөөрөл авч өөрчлөлт оруулаагүй зургийг үндэслэн бүртгэл хийж байгаа нь үндэслэлгүй байна.

3.6. Сууц өмчлөгчдийн холбоо үүсгэн байгуулагдсан цагаас сууц өмчлөгчдийн холбоо конторын зориулалтаар оршин суугчдын дундын өмчийн хэлбэрээр ашиглаж тогтмол гардаг урсгал зардлыг төлж ирсэн. Үл хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар тус байрнаас сууц өмчлөгчдийн холбоо нь хөөгдөж гарсан одоо гуравдагч этгээдтэй түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа болно.

3.7. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж тус тус заасан.

3.8. Маргаан бүхий өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөөнд хамаарч байна. Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд хэлбэрийн шаардлага хангасан баримтыг үндэслэн бүртгэл хийх бөгөөд энэ үүргээ зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

3.9. Энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө эсхүл дангаар өмчлөх эд хөрөнгийн алинд нь хамаарах эсэх бөгөөд энэ асуудлаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байдаг.

3.10. Шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барилгын зургаар техникийн зориулалтаар төлөвлөгдсөн гэж дүгнэсэн атлаа гуравдагч этгээдийн тайлбараар аюулгүй байдлын үүднээс барилгыг зургийг өөрчилсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

3.11. Гуравдагч этгээдийн зүгээс барилгын зургийг холбогдох дүрэм журам стандарт зөрчсөн гэж үзэж байгаа бол зураг зохиогчид санал хүсэлт гаргах журмаар өөрчлөх боломжтой байтал өөрөө дур мэдэн өөрчилж байгаа нь холбогдох дүрэм журмыг зөрчиж аюултай байдал бий болгож байхыг үгүйсгэхгүй юм. Иймд дээр заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “С” СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 40А байрын зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “В” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-22,,,,,,,,, дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Улсын бүртгэлийн хэлтсээс тус 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчиж Орон сууцны тухай хууль болон, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль гэх мэт холбогдох хэд хэдэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж холбогдох баримт материалыг шалгалгүйгээр техникийн өрөөний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус барилгыг барьж ашиглалтад оруулсан компанийн нэр дээр гаргасан байна” гэж тайлбарлан маргасан байна.

3. Анхан шатны шүүх “...Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 04 тоот гэж бүртгэгдсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь барилгын ажлын зургаар 014 дугаар техникийн өрөөний зориулалттай төлөвлөгдсөн боловч аюулгүй байдлын үүднээс цахилгааны тоног төхөөрөмжийг 009 дугаар өрөөнд шилжүүлэн 009 дугаар өрөөг техникийн зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь бодит байдалд техникийн өрөө биш тул орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй байна... Нэхэмжлэгч “С” СӨХ-оос 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С.Б-д өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хууль бус гэж маргадаг боловч хариуцагч нь иргэн С.Б-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж, татвар төлсөн баримт, нотариатаар гэрчлүүлсэн худалдах, худалдан авах гэрээ болон бусад нотлох баримтыг үндэслэсэн байх бөгөөд бүртгэлийг түдгэлзүүлсэн, хориг тавьсан баримт байхгүй буюу дээрх хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Б-д шилжүүлэн бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч “С” СӨХ-ны Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцжээ.

3.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна.”, 7.8-д “Хуульд заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 7.9-д “Гэрээ, хэлцлийн талууд нотариатаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, ...”. 7.12-т “Улсын бүртгэгч цахим хэлбэрээр гаргасан мэдүүлэг, баримт бичгийг хүлээн авах, эсхүл хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг мэдүүлэг гаргагчид энэ хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

3.2. Маргаан бүхий үйл баримтын хувьд, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд “В” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 40а орон сууцыг барьж ашиглалтад оруулан, 2022 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хуульд заасан журмын дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх хүсэлт гаргаснаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 40а байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах 18.15 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд Ү-2204129320 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг “В” ХХК-д олгосон болох нь тогтоогдож байна.

3.3. Нэхэмжлэгчээс ... “В” ХХК барилгын зургийг өөрчилсөн, үндэслэлгүй баримт гаргаж өгсөн байхад хариуцагч захиргаа шалгаж нягтлаагүй, ... техникийн өрөө буюу нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөл бүхий талбай байхад түүнд гэрчилгээ олгож,  хуулийн этгээдийн нэр дээр бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж байх боловч энэхүү үндэслэл нь маргаан бүхий улсын бүртгэлийг хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

3.4. Учир нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь анхны зургаар техникийн зориулалт бүхий өрөө гэж төлөвлөгдсөн боловч бодит байдалд цахилгаан болон сантехникийн зориулалт бүхий техникийн өрөөг зэргэлдээ байрлуулах боломжгүйн үүднээс зайг холдуулж цахилгааны өрөөг 08 дугаар өрөөнд төлөвлөсөн нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байх төдийгүй шинжээчийн дүгнэлтээр 014 дүгээр өрөө нь орон сууцны дундын өмчлөлийн буюу техникийн зориулалттай техник, эд зүйлс байхгүй, агуулахын зориулалтаар ашиглах нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй талаар дүгнэсэн байх тул анх төлөвлөгдсөн зургаар техникийн өрөө байсан гэж үзэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох учиргүй.

3.5. Хэдийгээр Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байх боловч гуравдагч этгээд “В” ХХК-ийн гаргаж өгсөн баримт болон мэдүүлэгт үндэслэн хариуцагч захиргааны байгууллага бүртгэл хийснийг буруутгах боломжгүй.

3.6. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан нотлох баримт нь зөрчилгүй, бүрэн, аливаа байдлаар холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй тохиолдолд улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах эрхтэй, харин улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг үнэн зөв гаргаж өгөх үүрэг нь гагцхүү хүсэлт гаргаж буй этгээдэд хадгалагдаж байна.

3.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч сууц өмчлөгчийн холбоо нь орон сууц ашиглалтад орсон 2014 оноос хойш тус үл хөдлөх эд хөрөнгийг оффисын зориулалтаар ашиглаж байсан, талууд энэ талаар маргаагүй бөгөөд Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний 025 дугаар шалгалтын тэмдэглэлээр 014 дугаар өрөөг агуулахыг зориулалтаар ашиглаж байгааг тогтоосон байх энэ тохиолдолд давж заалдах гомдолд дурдсан “...цахилгааны төхөөрөмжийг 08 дугаар өрөөнд шилжүүлсэн боловч 014 дүгээр өрөөг техникийн өрөөний зориулалтаар ашиглах хэрэгцээ, шаардлага үүсэж магадгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэлгүй байна.

3.8. Нэхэмжлэгчээс ... “С” СӨХ-оос барилгын зургийг өөрчилсөн, “В” ХХК үндэслэлгүй баримт гаргаж өгсөн байхад хариуцагч захиргаа шалгаж нягтлаагүй гэж тайлбарлаж байх боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасанчлан мэдүүлэг гаргагч мэдүүлгийг үнэн зөв гаргах үүрэгтэй, энэхүү үүргээ зөрчсөн эсэх талаар эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, энэхүү үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон ямарваа нэг шийдвэр, баримт байхгүй энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг хууль бусад тооцох боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.9. Нэгэнт хариуцагчаас гуравдагч этгээдийн “В” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж дүгнээгүй энэ тохиолдолд  “В” ХХК-иас худалдан борлуулах замаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.Б-д шилжүүлсэн бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ү-220,,,,,,,, дугаар бүхий бүртгэлийг хууль бусад тооцох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.10. Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 8-9 жилийн хугацаанд ашиглахдаа урсгал зардал төлдөг байсан, харин гуравдагч этгээдийн “В” ХХК-ийн зүгээс аливаа зардал төлж байгаагүй атлаа бүртгэл хийлгэсэн гэж тайлбарлах тул иргэний журмаар хохирол барагдуулах эрхийг энэхүү магадлалаар хязгаарлаагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ