| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/1147/Э |
| Дугаар | 2020/ДШМ/68 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., 10.1, |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2020/ДШМ/68
2020 1 14 2020/ДШМ/68
П.Цод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сүхчулуун,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд,
шүүгдэгч П.Цын өмгөөлөгч С.Галцацрах,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Цын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908036561126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Пийн Ц, 1956 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон Лаагийн 15-5а тоотод оршин суух бүртгэлтэй,;
Булган аймгийн ардын хэсгийн 2 дугаар шүүхийн 1977 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн А дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өршөөл үзүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэх комиссын хурлын 1977 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 206 дугаартай зарлигийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Булган аймгийн шүүхийн 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1980 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Булган аймгийн шүүхийн 1982 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Булган аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
П.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 15 дугаар гудамжны 5 тоотод байх гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бын биед “бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралтууд” зэрэг олон тооны гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алсан, мөн 2019 оны 2 дугаар сард, 2019 оны 6 дугаар сард, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Быг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Цод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Чой овгийн Пүрэвийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Цод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цод оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цын цагдан хоригдсон 120 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цоос 8.157.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бт олгож, хууль ёсны төлөөлөгч Б.Б нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт нэрлэн заасан эд зүйлсийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Цын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн бодлогогүй зангаас болж залуу насандаа гэмт хэрэгт холбогдож тухай бүр хуулийн хариуцлага хүлээж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хорих ял шийтгэлийг эдэлсэн байдаг. Энэ байдлуудад дүгнэлт хийж, 2006 оноос 2019 оныг хүртэл 13 жил гэмт хэрэгт холбогдохгүй, зөв, шударга зарчмаар иргэний эрх, үүргээ биелүүлж, ажил хөдөлмөрийг өөрийн хэр хэмжээнд хийж явах үедээ гэм буруутай үйлдэл хийж, улмаар хүний амь хохирсон асуудалд маш их харамсаж, бодит байдалд дүгнэлт хийж, хохирогчийн ар гэрээс хүлцэл өчиж, гүнээ харуусаж байна. Миний бие хохирлыг төлж барагдуулан, талийгаачийн 2 хүүхдэд үлдсэн амьдралынхаа хэсэгхэн ч гэсэн хугацаанд тус дэмжлэг бүрийг чин сэтгэлээсээ үзүүлж, өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан нөхцөл байдлыг маш их ухамсарлан дүгнэлт хийж, гэмшиж тээж яваа билээ. Миний бие нь эрүүл мэндийн хувьд даралт үе үе хэлбэлзэж, байнгын эмчийн хяналтад байж, үзлэг оношлогоог тогтмол хийлгүүлэн, эмнэлгийн хяналтад тогтмол эмчилгээ хийлгүүлж байна. Нөгөөтэйгүүр, хорих ял сонсон, сэтгэл санааны байдал зовиур шаналгаатай, маш их харамсаж байна. Миний бие хүний амь хохироосон гэмт хэрэгт 20 жилийн ял авсан боловч одоо 64 нас хүрч байгаа, би энэхүү хорих ялыг эдэлж дуусгахад миний эрүүл мэнд, сэтгэлийн тэнхээ дутаж байгаа тул өөрийн хувийн байдлыг илэрхийлэн өргөдөл гаргаж байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгт хорих ял оногдуулсан нөхцөл байдал, өндөр настай, цаашид тухайн хорих ялыг эдэлж барагдуулахад эргэлзээтэй зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялд уян хатан байдлаар хандаж, хорих ялаас бага ч болов хасаж өгөхийг эрхэм шүүгч та бүхнээс хүсэж байна. Тухайн болсон хэрэгтэй холбоотойгоор маргах асуудал байхгүй, гагцхүү хувийн байдал болон хэргээ хүлээж, мөрдөн байцаах ажиллагаанд огт хүндрэл учруулаагүй. Мөн хохирогчид төлөгдөх хохирлын мөнгийг төлж барагдуулан, 2 хүүхдэд тус болох туйлын зорилго, хүсэл эрмэлзэл өвөрлөж байна. Миний хүсэлтийг хүлээн авч, холбогдох хуулийн хэр хэмжээнд шийдэж, тэнсэж өгнө үү. Хохирогчийн ар гэрээс насан туршдаа уучлалт гуйж, өөрийн хэр хэмжээнд тэтгэврийн мөнгийг гаргуулан өгч, ар гэрийн төрөл төрөгсдөд тусламж, дэмжлэг үзүүлэх болно. ...” гэжээ.
Шүүгдэгч П.Цын өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч П.Ц нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлнө гэдэг. П.Ц нь хэрэг гарсан өдрөөс хойш батлан даалтад гараагүй, хоригдож байгаа. Түүний хувьд бэлэн мөнгө гаргаад өгөх боломжгүй, хөрөнгөгүй тул тэтгэврийн зээл авч хохирлыг барагдуулах тухай ярьдаг. Анхан шатны шүүх хуралдааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, уучлал хүсэж байсан. Иймд шүүгдэгч П.Цын биечлэн эдлэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, хохирогчийн эрх ашгийг хамгаалсан болно. Урьд шүүгдэгч нь удаа дараа ял шийтгэгдэж байсан ба хэрэг бүртээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан ч чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шинж харагдахгүй байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэгтэй байгаа. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн ар гэртэй холбоо барьсан зүйлгүй тул гомдолтой байгаа. ...” гэв.
Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Цод оногдуулсан ял шийтгэл тохирсон, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээгээр буюу бүх насаар нь хорих ял шийтгэл оногдуулаагүй, хугацаатай хорих ял оногдуулсан. Уг оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
П.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 15 дугаар гудамжны 5 тоотод байх гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бын биед “бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралтууд” зэрэг олон тооны гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч А.Дашдоржийн “...Ц ахын гэрийн баруун талд газар түүний хамтран амьдрагч Бүрэнбаяр “Бүрнээ” хөнжил дээгүүрээ нөмөрчихсөн унтаж байх шиг л байсан. ...Тэгтэл 20-30 минутын дараа Ц ах “Дашдоржоо энэ хүн үхчихсэн байсан” гэхээр нь би гэр рүү нь ортол Ц ах “энэ хүн үхчихлээ” гэж хэлээд Бүрнээ рүү заахаар нь би дөхөж очоод хартал цээж нь ил гарчихсан байхаар нь зүрхний хэсэгт нь дарж үзтэл амьсгалахгүй, мөн хамраас нь амьсгалж байгаа эсэхийг шалгатал мөн амьсгалахгүй байсан. ...” /1хх 108-110/,
гэрч Б.Аюушийн “...Ц ах гэрийн гаднаас дуудаад Дашдорж гараад хартал Ц ах гэртээ дагуулж ороод “нөгөө эмэгтэй үхчихлээ” гээд орилоод сандарсан байдалтай харагдаж байсан. ...” /1хх 112-113/,
гэрч С.Гантулгын “...Ц ахын гэрт ороход гэрийнхээ хаяаг сөхсөн, гэрийн баруун талд сервант руу толгойгоо тулгаад баруун ор дагасан байдалтай газраар ор зассан байсан. Уг орон дээр Бүрнээ унтаж байсан. Бүрнээ дэр дэрлэсэн, нүүр, бие хэсэг нь цаашаа харсан байдалтай, дээгүүрээ саарал алаг байсан байх судалтай хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. ...Бүрнээ цаашаа хараад унтаж байсан. Зүүн гар нь наашаа, цаашаа хөнжил дотроо хөдлөөд байгаа харагдсан. ...” /1хх 119-120/,
гэрч А.Оюунгэрэлийн “...Талийгаачийг хүргэж өгөхөд урд хэсэгтээ зурагтай цагаан өнгийн футболк, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн гуталтай, ягаан өнгийн хөхөвчтэй байсан. Намайг хүргэж өгөхөд хувцас нь цэвэрхэн, ямар нэгэн бохирдсон зүйл байгаагүй. ...Тухайн үед манайд ирээд "манай нөхөр намайг хардаад хувцас хунар шатаагаад гэрээс гаргахгүй зодоод байдаг" гэж надад хэлж байсан. ...Тэрнээс хойш Б 2019 оны 6 дугаар сарын дундуур зодуулчихлаа гээд нүүр нүд нь хавдчихсан гэрт ирсэн. Би тухайн үед зургийг нь өөрийн утсан дээрээ аваад цагдаад өгнө гэхэд Б гуйгаад хэлүүлээгүй. ...Манай гэрт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ирэхдээ өмнө нь нөхөртөө зодуулсан хавдар нь буухгүй байна гэж хэлж байсан. ...” /1хх 123, 125/,
гэрч Х.Батхуягийн “...Ц гэх хүн манай эхнэр Оюунгэрэл рүү залгаж "Быг алгадаад унагаачихсан чинь сэрэхгүй байна. Би түргэний эмч, шар хадны эмч дуудсан. Энэ хүн чинь 2 удаа бүртгэлтэй хүн байна" гээд утсаа салгасан. ...Миний мэдэхийн Б манай гэрт одоогоос 1 сар гарангийн өмнө Цод зодуулчихсан гээд аймаар болчихсон ирж байсан. ...” /1хх 127-128/,
гэрч Д.Энхбаатарын “...Б тэр өдөр уулзахад нүүр нь битүү хавдартай, хоёр нүдний доод зовхи нь хөхөрсөн байдалтай байсан ба би харчихаад нөгөө Ц гэх хүн нь зодож дээ гэж бодоод юм асуулгүй өнгөрсөн. Өмнө нь Бтай уулзаж байхад Б хэлэхдээ "Ц гэх хүнтэй 2018 оны 8 сард танилцсан, тэрнээс хойш уг хүн нь архи авч өгөөд байлгаад байдаг, хамтран амьдрагч байгаа, намайг гараад явахаар хардаад зодоод, хувцас хунар урж хаяад байдаг" гэж хэлдэг байсан. ...” /1хх 130-131/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн “...Амь хохирогч Быг хүүхдийн баяраар манай гэрт байхад нь гар утас руу нь хүн залгаад "карттай мөнгө төгрөг аваад явчихлаа, алнаа" гэж орилоод байсан гэж манай эхнэр надад хэлсэн. Тэр хамт амьдарч байсан өвгөн нь их зодож барьдаг байсан талаар мэдсэн. ...Манай эхнэр над руу залгаад Б эгч нас барчихсан байна гэж хэлсэн. ...” /1хх 102, 105/,
шинжээч Ц.Ганболдын “...Амь хохирогчийн биед учирсан бэлгийн их уруул дахь хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд нь хөнгөн, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Хүнд зэргийн согтолттой амь хохирогчийн хувьд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, ухаангүй байсан. Ямар нэгэн дуу чимээ гаргаж чадахгүй. Согтолтгүй байсан бол маш их өвдөнө. Бэлгийн их уруулын хоёр шарх нь доороос дээш чиглэлд хүч үйлчлэхэд үүснэ. Хэвлий хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг булчингийн хальс хоорондын хөндийрөл шарх нь доороос дээш, гуяны чиглэлд хүч үйлчлэхэд үүснэ. 1-2 голчтой өргөнтэй 20 орчим см урттай, нимгэвтэр хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлдэл хөдөлгөөнөөр үүснэ. ...” /1хх 154-155/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1598 дугаартай “...Талийгаачид бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, хэвлийн гялтангийн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ. Хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрэлт, цус хуралт нь хатуу, шулуун мохоо зүйлээр бэлгийн их уруулын шархаар оруулж хэвлий, хоёр гуяны урд гадаргуугаас өөхлөгийг салгаж гэмтээхэд үүснэ. Дээрх гэмтлүүд нь амьд байхад нь үүссэн байна. Хэрэв эмнэлгийн тусламжийг эрт авсан бол амь нас аврагдана. ... Амны хөндий, үтрээ, шулуун гэдэснээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. Талийгаач нь бэлгийн их уруулын хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг, булчингийн хальс хоорондын хөндийрэлтөөс цус алдаж нас баржээ. ...” /1хх 149-156/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4084 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн толботой, бор шаргал өнгийн хулдаасны хэсэг 3 ширхэг, хусаж авсан цус мэт зүйл гэж хаягласан нунтаг толбонд цус илэрсэн. Улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн хулдаасны хэсэг 3 ширхэг, хусаж авсан цус мэт зүйл гэж хаягласан нунтаг толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Улаан хүрэн өнгийн толботой, бор шаргал өнгийн хулдаасны хэсэг 3 ширхэг, хусаж авсан цус мэт зүйл гэж хаягласан нунтаг толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо “биологийн 4703 дугаартай Б.Б” гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 210/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4085 дугаартай “...Шинжилгээнд “... “...93 дугаартай цэнхэр өнгийн гудаснаас авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой цэнхэр өнгийн даавууны хэсэг, “гэр доторх 92 дугаартай бор шаргал өнгийн хөнжлөөс бэхжүүлж авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна.”...93 дугаартай цэнхэр өнгийн гудаснаас авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой цэнхэр өнгийн даавууны хэсэг, “гэр доторх 92 дугаартай бор шаргал өнгийн хөнжлөөс бэхжүүлж авсан цус мэт зүйл” гэж хаягласан улаан хүрэн өнгийн толботой бор шаргал өнгийн даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо “биологийн 4703 дугаартай Б.Б” гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 213/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4083 дугаартай “...Шинжилгээнд “...Шинжилгээнд ирүүлсэн “хашаан дотор хувин доторх цус мэт зүйл” гэж хаягласан марльд шингээсэн толбо, “хашаан дотор байсан цагаан хувингаас авсан цус мэт зүйл” гэж хаягласан марльд толбо, “№96 гэрийн үүдэнд байсан цус мэт зүйл гэж хаягласан толбо”, “гэр дотор байсан шар өнгийн шүүгээнээс авсан дээж” гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбо, “гэр дотор байсан угаалгын машинаас авсан дээж” гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбонд цус илэрсэн. “Гэр дотор байсан угаалгын машинаас авсан дээж” гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. “Гэр дотор байсан угаалгын машинаас авсан дээж” гэж хаягласан хөвөн бамбарт шингээсэн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо “биологийн 4703 дугаартай Б.Б” гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 224-225/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4095 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал эрээн том хивсний хэсэг, жижиг улаан өнгийн хивсний хэсэг, цэнхэр даавууны хэсэг, эрээн өнгийн даавуу, эрээн өнгийн хөнжлийн даавуунд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Шаргал эрээн том хивсний хэсэг, жижиг улаан өнгийн хивсний хэсэг, цэнхэр даавууны хэсэг, эрээн өнгийн даавуу, эрээн өнгийн хөнжлийн даавуунд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь “биологийн 4703 дугаартай Б. Б” гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 240-241/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4074 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх улаан хүрэн өнгийн зүйлийн эд байна. Эд нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний эд байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх улаан хүрэн өнгийн эдийн ДНХ-ийн тогтцоороо “биологийн 4703 дугаартай Б.Б” гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 249/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4241 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар болон цагаан эрээн судалтай оруулгатай хар өнгийн цүнхэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Хар болон цагаан эрээн судалтай оруулгатай хар өнгийн цүнхэн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцоороо “биологийн 4703 дугаартай Б.Б” гэж хаягласан задлан шинжилгээний цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /2хх 10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3650 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд уранхай гарсан байна. Шинжилгээнд дотоожинд гарсан 3.7x1 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. ...” /2хх 15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3649 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын цагаан футболканд гарсан 2.5 см, хар өмдөнд гарсан 32 см, 11 см, З см хэмжээтэй уранхай татаж чангаах зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Цагаан футболканд гарсан 6х5мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн гогодох, татах хүчний үйлчлэлээр гарсан байна. ...” /2хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4099 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн DNC 2017 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн футболк, цагаан өнгийн энгэртэй, ар хэсэг саарал өнгийн, нүүр хэсэгтээ зурагтай футболк, урд хэсэг цагаан улаан өнгийн оруулгатай хар өнгийн шоорт, хар өнгийн эмэгтэй хүний өмд, хар өнгийн хос гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. DNC 2017 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн футболк, цагаан өнгийн энгэртэй ар хэсэг саарал өнгийн нүүр хэсэгтэй, зурагтай футболк, урд хэсэг цагаан улаан өнгийн оруулгатай, хар өнгийн шоорт, хар өнгийн эмэгтэй хүний өмд, хар өнгийн хос гутал дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.Бын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /2хх 27-28/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 986 дугаартай комиссын “...П.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. П.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна. П.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах шинж тэмдэг илрэх боломж багатай байна. ...” /2хх 44-46/ гэх дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-24, 44-67/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-39/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 40-43/, цогцосны гадна үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/, гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 72-76/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хохирогч Б.Б нь нас барах үедээ хэвлийн гялтангийн шарх, хэвлийн цус хуралт гэмтэлтэй, хүнд зэргийн согтолттой байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1598 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг биеэ хамгаалах чадваргүйд тооцох үндэслэлтэй бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүгдэгч мэдээгүй байх боломжгүй. Түүнчлэн хохирогчид бэлгийн их уруул дахь хоёр шарх, хэвлий, хоёр гуяны урд дээд хэсгийн өөхлөг булчингийн хальс хоорондын хөндийрөлт, цус хуралт, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд болон биеийн бусад хэсэгт олон тооны гэмтэл учирсан ба гэмтлийн шинж байдлаас харахад шүүгдэгчийн үйлдэл онц харгис шинжтэй, мөн шүүгдэгч П.Ц нь амь хохирогч Б.Бтай хамтран амьдарч байсан бөгөөд түүнийг өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан байдал тогтоогдсон нь энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Цыг “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч П.Цын “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийллийн нэг үйлдлийг хоёр өөр гэмт хэргийн шинж болгон зүйлчлэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэж зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Шүүгдэгч П.Цын “...Миний хувийн байдал болон хэргээ хүлээж, мөрдөн байцаах ажиллагаанд огт хүндрэл учруулаагүй. Мөн хохирогчид төлөгдөх хохирлын мөнгийг төлж барагдуулан, 2 хүүхдэд тус болох туйлын зорилго, хүсэл эрмэлзэлтэй тул холбогдох хуулийн хэр хэмжээнд шийдэж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүгдэгч П.Цын “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ.
Шүүгдэгч П.Цын “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн, шүүгдэгч П.Ц нь урьд 6 удаа ял шийтгүүлсэн ба өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Цын гаргасан давж заалдах гомдлыг тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ