Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 125/ШШ2022/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Л ,

Хариуцагч:  Увс аймгийн Засаг дарга,

Хариуцагч:  Дотоод аудитын хороо,

Хариуцагч: Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Л.Ч  нарын хоорондын санхүүгийн хяналт шалгалтын дүн, акттай холбоотой болон түүнийг үндэслэн ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л , түүний өмгөөлөгч Б.Б , хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Л.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дотоод аудитын хорооны нарийн бичгийн дарга Н.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Э.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л  нь санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдуулан 2021 оны 3 сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаартай актыг хүчингүй болгуулах, Дотоод аудитын хороонд холбогдуулан 2021 оны 4 сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг тус тус гаргасан.  

2. Увс аймгийн Засаг дарга, дотоод аудитын хорооны даргын  2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “О ” хөгжимт жүжгийн театр дотоод аудит, санхүүгийн шалгалт хийх удирдамжийн дагуу Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Ч  “О ” хөгжимт жүжгийн театрын 2019-2020 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж “...тус театрын 2019-2020 онд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтанд цалин хөлс олгосон, батлагдаагүй бүтэц орон тоонд ажилтан авч ажиллуулсан...” гэх зөрчил илрүүлж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 тоот актаар 827947 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон.

3. Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “...санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 тоот актыг баталж, О хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л  нь техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй автобус худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг нь шилжүүлсэн, 19 сая төгрөгийн засварын ажлыг тендер шалгаруулахгүйгээр гэрээ байгуулсан, 2013 онд авсан 35019900 төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн студийн өмчид хяналт тавиагүйгээс тоногдож ашиглах боломжгүй болсон, шинэ орон тоо гаргаж орон тоо хэтрүүлсэн...” гэх зөрчил илрүүлж, уг зөрчлийг үндэслэн Б.Л -д хариуцлага тооцох, гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулахыг төсвийн ерөнхийлөн захирагчид үүрэг болгожээ.

4. Иймд хариуцагчаас Дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Б.Л -г О  хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

5. Нэхэмжлэгч Б.Л  нь Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Л.Ч -гийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаар дугаар актыг эс зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гарган, Санхүүгийн хяналт шалгалтын улсын Ерөнхий байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13-2/4664 тоот албан бичгээр актыг хүчингүй болгосон талаар хариуг авсан байна.

2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, улмаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор намайг Увс аймгийн О  Хөгжим жүжгийн театрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны Б/143 дугаар захирамжаар уг албан тушаалд томилсон. Энэхүү албан тушаалыг хашиж байх хугацаанд ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дэлхийн 11 улсад баруун Монголын соёлын өвийг түгээн сурталчилж байсан. Төрийн албан хаагч яаж ажиллах ёстой талаар ажилласан ирсэн.

Ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль бус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл захирамж гарахаас өмнө удаа дараа манай “О ” хөгжимт жүжгийн театр дээр 4-өөс 5 удаа томоохон шалгалт ирж надад тухайн албан тушаалд ажиллахад шахалт дарамт үзүүлсэн. Уг захирамжаар намайг ажлаас чөлөөлөхдөө Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Шалгалтын явцад 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаартай улсын байцаагчийн акт тогтоосон. Би энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир тухайн ажилтан шүүхийн шийдвэрийн дагуу ажлын байраар хангагдсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс одоог хүртэл манай байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлаагүй. Би дээрх акт болон дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу улсын Ерөнхий байцаагчид гомдол гаргасан ба Сангийн сайдын 2021 оны 8 сарын 17-ны өдрийн 13-2/4664/ тоот албан бичгээр “...холбогдох баримтыг тулгуурлан хянаж үзэхэд Б.Л -г хууль зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон асуудлыг өргөдөлд хавсаргасан баримт болон холбогдох байгууллага, хувь хүмүүсээс ирүүлсэн тайлбар, тодруулга, шалгалт хийсэн байгууллагын дүгнэлт зэрэгт тулгуурлан хянаж үзэхэд хууль зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн хариу өгсөн.

Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолд “чанарын шаардлага хангаагүй автобус авсан, О  хөгжимт жүжгийн театрын барилгын засварын ажлыг тендер зарлахгүйгээр шалгаруулсан...” гэсэн байсан. Тухайн үед автобус нийлүүлэх тендерийн үнэлгээний хороог тушаалаар байгуулсан, үнэлгээний хорооны ажиллагаанд би ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй, үнэлгээний хорооны гишүүд нь өөрсдөө шийдвэр гаргаад уг автобусыг авах болсон талаар надад тухайн үед танилцуулж байсан. Энэ автобустай холбоотой асуудлаар намайг Авлигатай тэмцэх газраас шалгасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн театрын засварын 19.000.000 төгрөгийн зардалтай холбоотой асуудлыг ярьж байна. Театрын засварын ажлын зураг гаргуулъя гээд Барилга хот байгуулалтын газарт хандахад, анх танилцуулсан төсвөөс 15.000.000 төгрөгөөр зураг гаргана гэж хэлсэн. Бид нар 19,000,000 төгрөг шийдүүлэн авчхаад ихэнх мөнгөөр ажлын зураг гаргуулчихаар үлдсэн мөнгөөр юу хийх билээ гэдэг асуудал тулгарсан. Ингээд бид гарц гаргалгаа хайж, улмаар Увс аймгийн Засаг даргад хандсан. Засаг дарга нь Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст үүрэг чиглэл өгсөн. Бид үүрэг чиглэлийн дагуу ажилласан гэв.

Дотоод аудитын хорооны тогтоол нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн хяналт шалгалтын үнэлгээг үндэслэн гарсан гэж үзэж байгаа.  Гэтэл хэвийн гэсэн дүгнэлтийг өөрчилж зөрчилтэй гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 4 сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоол, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 3 сарын 22-ны өдрийн 31/01/43 тоот актууд нь миний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан, миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Увс аймгийн Засаг даргын зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1/543 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдлийг хүргүүлсэн. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасан “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл хүргүүлсэн гэж үзэхгүй байна.

Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Л.Ч  нь 2021 оны 3 сарын 09-ний өдрөөс 3 сарын 19-ний өдрүүдэд “О ” хөгжимт жүжгийн театрын 2019-2020 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн байсан. Хяналт шалгалт дуусаад “Төсөвт байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аас тус байгууллагын эрсдэлийн үнэлгээг бага эрсдэлтэй буюу 20 хувийн эрсдэлтэй гэсэн үнэлгээ өгсөн байсан. Үүнээс харахад тус байгууллагын санхүүгийн ямар нэгэн доголдолтой зүйл тогтоогдоогүй. Мөн Увс аймаг дахь Төрийн аудитын дүгнэлтээр 2017-2019 онуудад  зөрчилгүй гэж дүгнэгдсэн.

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоол гарах үндэслэл болсон тус хорооны 2021 оны 4 сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актыг хуулаад биччихсэн байгаа. Тус хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Гэтэл дотоод аудитын хорооны тогтоолд Б.Л -д арга хэмжээ авах тухай дурдсан байсан ба ямар ч шийдвэр гаргаагүй хэрнээ хариуцлага тооцохоор заасан нь хууль бус юм.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримталсан байсан. Соёлын тухай хуулийн уг заалт нь соёлын байгууллагын даргыг томилж чөлөөлөхдөө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцнө гэж заасан. Энэ асуудлаар аймгийн Засаг даргаас Соёлын сайдтай зөвшилцсөн ба Соёлын сайдын 2021 оны 4 сарын 26-ны өдрийн 1/1032 дугаар албан бичгээр Б.Л -г чөлөөлөх асуудлыг зөвшилцөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор заасан.  Б.Л  нь ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, давтан зөрчил гаргасан нь нотлогдож тогтоогдоогүй, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байж ажлаас чөлөөлж байгаа нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

8. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга, дотоод аудитын хорооны дарга хариу тайлбартаа: Б.Л  нь нэхэмжлэлдээ энэ байгууллагыг удирдан ажиллах хугацаанд тухайн албыг нэр төртэйгээр хашиж байсан гэж дурдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан хязгаарлал, давуу байдлыг бий болгож зарим ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчдөг, хүйсээр ялгаварладаг болох нь нэр бүхий ажилтнуудын гаргасан өргөдөл, гомдлын дагуу томилон ажиллуулсан ажлын хэсгийн дүгнэлт, Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийгмийн хэм журмыг хамгаалах тасгийн байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 124 дугаартай мэдэгдэх хуудас, Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтны тухайн байгууллагад хийсэн хяналт шалгалтын ажлын илтгэх хуудас зэргээс үзэхэд нэр төртэйгээр алба хаших бус хавчин гадуурхдаг, ялгаварлал бий болгож байсан, албан хаагчдаа айлган сүрдүүлдэг байсан нь харагддаг.

Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтанд хандаж ажилтнуудаас нь гаргасан гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнгээс үзэхэд хэрхэн ажилладаг тухай тодорхой дурдсан байдаг. Мөн байгууллагын удирдлага хууль ёсны дагуу шаардлагаа тавьж албан хаагчидтайгаа ялгаварлал гаргахгүй, талцуулахгүйгээр ажлыг удирдан зохион байгуулж байсан бол Хүний эрхийн үндэсний комиссоос О хөгжимт жүжгийн театрын даргад хариуцлага тооцох тухай шаардлага ирүүлэхгүй байх байсан. Өмнө нь Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн шаардлагын дагуу тухайн үеийн аймгийн Засаг дарга хариуцлага тооцож байгаагүй.

Аймгийн Засаг даргын зүгээс одоог хүртэл манай байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлаагүй гэжээ. О  хөгжимт жүжгийн театраас бүтэц батлуулах талаар ямар нэгэн хүсэлт шаардлага ирүүлээгүй. Бүтэц батлаагүй нь цалин хөлс хэтрүүлэх үндэслэл болохгүй бөгөөд ажлаас халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх хийж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэснийг зөрчиж хэлбэрийн төдий биелүүлж өөр ажилд томилсон байдаг.

Дотоод аудитын хорооны даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн удирдамжийн хүрээнд 2021 оны 3 сарын 09-ний өдрөөс 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийсэн атлаа 2 өөр шалгалтын тэмдэглэл танилцуулсан гэжээ. Эхний тэмдэглэл нь хяналт шалгалтын явуулсан тухай тэмдэглэлийн төслийг урьдчилсан хүргүүлж санал хүсэлт авах зорилгоор хүргүүлсэн байсан бол сүүлийн тэмдэглэл нь удирдлагын зөвлөгөөнөөр хэлэлцээд эцэслэн тогтоосон тэмдэглэл юм. Энэ хоёр тэмдэглэлд хоёуланд нь Б.Л  нь гарын үсэг зурахаас татгалзсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийсэн сонсох ажиллагаанд Б.Л -гийн бичгээр ирүүлсэн хариу тайлбараар аймгийн Засаг даргын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж доромжилсон тайлбар ирүүлсэн гэжээ.

 

9.Хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Л.Ч  хариу тайлбар болон шүүх уралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Б.Л  нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалт, аймгийн Засаг даргын 2017 oны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр "Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийг зөрчиж 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс “Хувцас хэрэглэлийн эрхлэгчийн туслах гэсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээгүй ажилтан ажиллуулж олгосон цалин болох 827947 төгрөгийг О  хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л -гээр нөхөн төлүүлж, орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоож, уг актыг танилцуулж сонсох ажиллагаа явуулсан. Үнэхээр тухайн албан хаагч тухайн байгууллагын бүтцэд нь байдаг бол тэр асуудлыг Нийгмийн бодлогын хэлтсээр дамжуулан саналаа өгч, шаардлагатай бол түүнийгээ аймгийн Засаг даргын захирамжаар бүтэц орон тоондоо багтаан батлуулах ёстой байсан. Увс аймгийн “О ” Хөгжимт драмын театр нь 65 орон тоотой ба тухайн орон тоонд хувцас хэрэглэлийн эрхлэгч гэх орон тоо байхгүй байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, 2020 онд худалдаж авсан 45 хүний суудалтай автобус нь байгууллагын гаргасан техникийн тодорхойлолтоос үйлдвэрлэсэн он, гуйлт зөрүүтэй, ашиглах хугацаа дууссан, үнэ өндөртэй байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах  тухайн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах” гэснийг зөрчсөн.

Тус байгууллагад 2018 онд хийгдсэн урсгал засварын ажлыг төсөвт өртөг болох 19 сая төгрөгөөр зарлаагүй, тендер шалгаруулалтын үнийн дүнг 2 хувааж 10 сая, 9 саяар нь шууд гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг зөрчсөн гэв.

 

 10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 Б.Л  нь нэхэмжлэлдээ энэ байгууллагыг удирдан ажиллах хугацаанд тухайн албыг нэр төртэйгээр хашиж байсан гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хязгаарлал, давуу байдлыг бий болгож зарим ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчдөг, хүйсээр ялгаварладаг болох нь нотлогддог. Мөн дотоод аудитын хорооны даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хяналт шалгалт хийж, үүний дагуу тогтоол гарсан. Энэ тогтоолд дурдагдсан зөрчлийн дагуу шийдвэр гаргаж хариуцлага тооцсон байна.

Ер нь байгууллагын дарга нийт албан хаагчдаа нэгдсэн удирдлагаар хангаж, зөв зохион байгуулах ёстой. Ажиллаж байгаа байгууллагынхаа нийт албан хаагчид ажиллах нийгмийн баталгааг хангаж хамтран ажиллах ёстой гэсэн ерөнхий удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэх байтал Б.Л  нь хуулийн дагуу, шударга ажиллаж байсан нь дээрх нөхцөлүүдээс үзхэд тогтоогдохгүй байна. Мөн ажлын хэсгийн дүгнэлтийг товч танилцуулахад Аймгийн засаг дарга театр дээр очоод нэр бүхий албан хаагч дээр ажиллаад нэг мэдээлэл аваад дүгнэлт гаргаад танилцуул  гэсэн чиглэл өгсөн. Энэ шалгалт нь нэр бүхий албан хаагчдын гомдолд үндэслэл бүхий хариу өгөх ёстой зорилготой хийгдсэн ажил.

Дотоод аудитын хорооны тогтоолын зөрчилтэй холбоотой маргаан байгаа. Энэ нь 19,000,000 төгрөгийн маргаантай холбоотой залруулга хийхэд, албан тушаалтны зөвлөмжийг үндэслэн тус ажлыг хийсэн гэж ярьж байна. Байгууллагын удирдах албан тушаал хашиж буй албан хаагч хуулиа уншиж судлан хуулийн дагуу ажлаа хийх ёстой. Гэтэл өнөөдөр хэн нэгний зөвлөмж дагасан талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, мөн театрын засвар дээр 00”-ын асуудал ярьж байна. Энэ асуудал улсын хэмжээнд яригдаад хийгдээд явж байсан асуудал. Дээрх нөхцөл байдлаас хамааран Дотоод аудитын хорооны тогтоолд үндэслэн шийдвэр гаргасан байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1.2-д орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг”-ийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасны дагуу алдаа гаргасан бол хариуцлага тооцогдох нь хууль ёсны шаардлага. Үүнээс харахад Б.Л  нь тухайн албыг нэр төртэйгээр хашиж байсан, төрийн албыг шударгаар биелүүлсэн, хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан тухай ойлголт яригдах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

           

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Б.Л  нь Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан байна. Дотоод аудитын хорооны 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг холбогдох дүрэм журмын дагуу гаргасан.

Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэмд “Төсвийн ерөнхийлөн захирагч дэргэдээ Дотоод аудитын хороотой байж болох бөгөөд хороог тухайн төсвийн ерөнхийлөн захирагч даргална” гэж  заасны дагуу аймгийн Засаг даргын дэргэд дотоод аудитын хороо байгуулагдсан. Тус хороо нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй.  Дотоод аудитын хороо нь 2021 оны 4 сарын 05-ны өдөр хуралдсан ба уг хуралдаанаар Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтын улсын байцаагч Л.Ч -гийн Увс аймгийн О  хөгжимт жүжгийн театрын 2019-2020 оны санхүүгийн тайланд 2021 оны 3 сарын 09-ны өдрөөс 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж, 16 зөрчил илрүүлсэн талаарх дүнг танилцуулсныг хэлэлцэж Б.Л -д хариуцлага тооцож, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах санал дээр гишүүд санал нэгдсэн.

Үүнийг үндэслэн Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай тогтоол гарсан. Дотоод аудитын хороо нь холбогдох дүрэмд зааснаар аудитад хамрагдсан аж ахуйн нэгж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал гаргах эрхтэй юм.

Иймд дотоод аудитын хорооны тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 1 шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр авч үзвэл:

2.1. Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр биелүүлж нэр бүхий ажилтанд цалин олгосныг хууль бус гэж акт тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Аймгийн Засаг дарга, Дотоод аудитын хорооны даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баталсан “О  хөгжимт жүжгийн театрт дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх удирдамж”-аар Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Ч  ахалж, дотоод аудитор, хяналт шалгалтын улсын байцаагч Д.З  нар 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрүүдэд тус байгууллагын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.  

Хяналт шалгалтын явцад батлагдаагүй орон тоонд хөдөлмөрийн гэрээгүйгээр хүн ажиллуулж цалин олгосон гэх зөрчлийг тогтоож, ажилтанд олгосон цалинг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна. Нэхэмжлэгчээс актыг эс зөвшөөрч Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаснаар 2021 оны 8 дугаар сарын 17-нй өдрийн 13-2/4664 дүгээр албан бичгээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар хариуг авчээ.

Хариуцагчаас акт үндэслэлтэй бүхий болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа, байгууллагын бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд ажилтан ажиллуулсан талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй, түүнчлэн санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч актыг хүчингүй болгосон талаар албан бичиг гаргасан нь үндэслэлгүй  гэж тайлбарлан маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр хэсэг буюу 92-оос 99 дүгээр зүйлүүдэд захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмын хуульчилсан.

 Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.”, 93 дугаар зүйлийн Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 11-ийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана.” гэж тус тус  зааснаар нэхэмжлэгч нь актыг хянуулахаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй байна.

Гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага албан тушаалтан нь гомдлыг хүлээн аваад холбогдох ажиллагааг явуулснаар Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан шийдвэрийг аль нэгийг гаргах эрхтэй ба дээрх тохиолдолд 98.1.2-д “гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж зааснаар санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөрчөөгүй байна.

Дээд шатны захиргааны байгууллага нь доод шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хянах эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянах үндэслэлгүй бөгөөд нэгэнт хүчингүй болсон буюу үйлчлэл нь зогссон актын талаар шүүхэд маргах боломжгүй.

Иймд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “Шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”,109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж тус тус заасныг баримтлан “Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

2.2. Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 05-ний өдрийн хурлаар О  хөгжимт жүжгийн театрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолыг баталжээ.

Тогтоолын нэгд хяналт шалгалтаар илэрсэн 5 зөрчлийг дурдаж, зөрчлийг үндэслэн театрын дарга Б.Л -д хуулийн хүрээнд хариуцлага тооцох, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болох зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулахыг төсвийн ерөнхийлөн захирагчид үүрэг болгож, хоёрт байгууллагын дарга, нягтлан бодогч нарт хэрэгжүүлж ажиллах 11 үүргийг өгч, гуравт санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 34/01/43 дугаар актыг хавсралтаар баталж, дөрөвт тогтоолоор өгөгдсөн үүргийг хэрэгжүүлж улирал тутам тайлагнаж ажиллахыг театрын дарга, нягтлан бодогчид даалгаж, тавд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс энэ тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан гэж үзэж маргаж байна.

Засгийн газрын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 2.1-т зааснаас үзвэл дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилготой байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж заасан тул дээрх шинжийг агуулсан захиргааны актад холбогдуулан захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.

Гэтэл Дотоод аудитын хорооны 5 дугаар тогтоолоор О хөгжимт жүжгийн театрт хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тогтоож, зөрчлийг арилгуулах, нэхэмжлэгчид хариуцлага тооцох талаар эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон, хавсралтаар санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн тогтоосон актыг баталж шийдвэрлэсэн байх тул аливаа захирамжилсан шинж агуулагдаагүй байна гэж үзлээ.

Харин санхүүгийн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох эсэх нь нь хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн эрх хэмжээний асуудалд хамаарна. 

Мөн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн акт нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт тул зөвхөн тус актыг баталгаажуулсан гэх үндэслэлээр хорооны тогтоол нь бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүй бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Иймд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “Шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж тус тус заасныг баримтлан “Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзах зүйтэй байна.

2.3. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1. Хариуцагчаас дотоод аудитын хорооны тогтоолоор тогтоосон зөрчил болон удаа дараа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэж, нэхэмжлэгчээс сахилгын зөрчил гаргасан талаар шийдвэр гарч байгаагүй, хорооны тогтоолд дурдсан зөрчлүүд холбогдох журмаар шалгагдаж хэрэгсэхгүй болсон тул ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/53 дугаар захирамжаар О  хөгжимт жүжгийн театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын нөөцөд бүртгэгдсэнээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/143 дугаар захирамжаар тус албан тушаалд томилогдсон.

3. Аймгийн Засаг дарга, Дотоод аудитын хорооны даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баталсан удирдамжаар О хөгжимт жүжгийн театрын  санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 05-ний өдрийн хурлаар хэлэлцэж баталгаажуулсан тогтоол гарснаар хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж үзэж ажлаас чөлөөлжээ. 

4. Хариуцагчаас ажлаас чөлөөлөх захирамж гаргахаас өмнө нэхэмжлэгчид 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/543 дугаар албан бичгээр ажлаас чөлөөлөх 5 үндэслэлийг дурдсан мэдэгдлийг хүргүүлж, нэхэмжлэгчээс 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 43 дугаар албан бичгээр хариуг,тус байгууллагын ажилчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/610 дугаар албан бичгээр чиглэл хүргүүлснийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар албан бичгээр тус тус хариу хүргүүлж байсан байна.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн талаар Соёлын сайдтай зөвшилцөхөөр 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/544 дугаар албан бичгийг хүргүүлснийг Соёлын сайдаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийг дэмжихгүй талаар хариуг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн  1/1032 дугаар албан бичгийг ирүүлжээ.

6. Хариуцагчаас нэхэмжлэгч удаа дараа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байсан гэж тайлбарлаж, тогтоогдсон зөрчил гэдэгт санхүүгийн хяналт шалгалтаар илрүүлж дотоод аудитын хороогоор баталгаажуулсан 5 зөрчил, нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлын дагуу томилж ажиллуулсан ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт /2021-02-22/, аймгийн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмын тасгийн хэсгийн байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 124 дугаар мэдэгдэх хуудас /хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зөрчилд 50,0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар/, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний шаардлага /2018-02-12 дугаар 2/04, 2021-03-04 дугаар 1/16/ зэрэг үйл баримтаар нотлогдсон гэж үзжээ.

7. Санхүүгийн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдийн тухайд хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтууд болон тус театрын нягтлан бодогчийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэж үзвэл, шаардлага хангаагүй хангаагүй автобус худалдан авсан гэх зөрчил нь 2020 онд, засварын ажил гүйцэтгүүлэхдээ тендер шалгаруулалтын журмыг зөрчсөн гэх зөрчил нь 2018 онд хамаарч байх ба дуу бичлэгийн студийн ашиглалт хангалтгүй гэх зөрчлийн тухайд Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 562 дугаар тогтоолоор О  хөгжимт жүжгийн театрын дарга Б.Л -гээс гаргасан гомдлын дагуу шалгаад дуу дүрс бичлэгийн студийн эд хөрөнгийг хариуцсан этгээдүүд завшиж үрэгдүүлсэн эсхүл хулгайд алдагдсан аль болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, шинэ орон тоо гаргаж, орон тоог хэтрүүлсэн гэх зөрчлийн тухайд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021-01-13-ны өдрийн 37 дугаар захирамжаар “нэхэмжлэгч О.Н -ийг Увс аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулсан тус театрын 2020 оны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан цалингийн шатлал, сүлжээг нь бууруулахгүйгээр ажлын байрыг нь зохих хэмжээнд өөрчлөхөөр харилцан тохиролцож, зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба батлагдсан орон тоонд багтаан ажлын байрны өөрчлөлтийг хийсэн, мөн цалингийн санг хэтрүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.  

Мөн санхүүгийн хяналт шалгалт хийсэн бүрэлдэхүүнээс театрын санхүүгийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудаст /2 дахь хавтаст хэргийн 50 дахь тал/ 20 хувь буюу “бага эрсдэлтэй” гэж тогтоосон байна.   

8. Маргаан бүхий актад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно. гэж заасныг эрх зүйн үндэслэл болгожээ. “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давсан гаргасан“ гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр нь тогтоогдсон, сахилгын шийтгэл ногдуулсан байхыг ойлгоно.  Харин “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг унагаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүйг байхыг ойлгох ба эрхэлж буй ажил албан тушаалаас хамаарч ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх учиртай.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон гэх зөрчлүүд болон Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний ирүүлсэн шаардлагаар тогтоогдсон гэх зөрчлүүдээс хөдөлмөрийн сахилгын зөрчил, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хамаарах зөрчлийг тухай бүр тодорхойлж сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй атлаа удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж  хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй.

 9. Учир нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна., 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. гэж заасан тул  нь хэрэв хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдохоор байсан бол сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээсэн нь сахилгын зөрчилд тооцох бус тухайн гаргасан зөрчилдөө хариуцлагаа хүлээсэн гэж үзнэ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасныг санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон гэж тайлбарласан. Хуулийн зохицуулалтаас харахад хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан аль нэг тохиолдолд хэрэглэхээр байх бөгөөд ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцох талаар талууд тохиролцож баталгаажуулсан баримт байхгүй атлаа ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 Шүүхээс талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээг гаргуулахаар хандсан ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, зөвхөн гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж ажиллаж байсан талаар хариуг ирүүлсэн болно.  

11. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаар маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлээгүй бөгөөд энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л -гийн гаргасан “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 34/01/43 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л -гийн гаргасан ” Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсугай.

3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Б.Л -г Увс аймгийн “О ” хөгжимт жүжгийн театрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ