| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 123/2025/0048/З |
| Дугаар | 221/МА2025/0548 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0548
| Дугаар 221/МА2025/0548 | Улаанбаатар хот |
Ө.М**ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн хороо байгуулах” тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.М**,
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0046 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ө.М**,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч***
Хэргийн индекс: 123/2025/0048/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-д заасан журмыг зөрчсөн, хуралдааны тэмдэглэлээс үзэхэд сонгуулийн хороо байгуулах асуудлыг гэнэт оруулж ирсэн зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, цаашид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд хууль зөрчиж, гэнэт асуудал оруулж батлуулах үйл явцыг зөвтгөсөн маш буруу жишиг тогтох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан.
Нэхэмжлэгч талаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 155 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэсэн ба дээрх нөхцөл байдалд уг хуулийг хэрэглэж шүүх шийдвэр гаргах боломжгүй талаар тайлбарласаар байхад шүүхээс “нэхэмжлэгчийг өөрөө Цэцэд өргөдөл гаргаж хандаагүй” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль бус.
Анхан шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдлыг гуйвуулан шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан хуульд заасан гүйцэтгэх хуудас олгоогүй. Шүүхийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй, эцэслэн шийдвэрлэгдсэн” гэсэн хариу бичгийг далимдуулж түүнийг үндэслэн Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэхүү шийдвэрийг эцсийн шийдвэр гэж иргэдэд тайлбарлан сонгууль зохион байгуулсан.
Анхан шатны шүүх болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх хууль бус үйлдлүүдийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант суманд засаглалын хямрал үүсч, ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож чадалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,
3.1 Нэхэмжлэгч Ө.М** нь 2024 онд зохион байгуулагдсан орон нутгийн сонгуульд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус нэр дэвшиж, улмаар сумын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.
3.2 Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан “... сумын ИТХ-ын төлөөлөгчөөсөө татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ө.М**ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-д заасныг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч (Буянтын 17-27-3 дугаар тойргоос сонгогдсон)-өөс чөлөөлж, нэхэмжлэгч нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
3.3 Улмаар, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн “...нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хороог...” байгуулсан.
3.4 Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...намайг Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлсөн хууль зүйн үндэслэл болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт эцэслэн гарч, хуулийг нэр мөр ойлголтоор хэрэглэх хүртэл Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх ... (эрхтэй)” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад тавигдах урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шүүх тухайн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хамгаалах агуулгатай.
5. Тухайн тохиолдол, нэхэмжлэгч нь Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээс 2024 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Хүчингүй болгохоор маргаж буй Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь “Сумын сонгуулийн хороо байгуулах тухай” буюу нэхэмжлэгчид чиглээгүй. Түүнд эрх зүйн сөрөг үр дагаврыг шууд үүсгээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцээгүй байна.
6. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ө.М**аас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Сонгуулийн хороо байгуулах” тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА