Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 52

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Баярсайханд холбогдох 201601070144 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                Нарийн бичгийн дарга:                        Т.Түмэнжаргал

                Улсын яллагч:                                      Ж.Бүрэнжаргал

                Хохирогч:                                              Б.Гансүх

     Шүүгдэгч:                                                    Г.Баярсайхан нар оролцов.

          

Монгол улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 21 тоотод түр оршин суух, / иргэний үнэмлэхний хаягаар: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 50 тоот/ ял шийтгэлгүй, ЧК75050196 регистрийн дугаартай, Боржигон овгийн Готовын Баярсайхан.

 

Г.Баярсайхан нь 2016 оны 6 дугаар сарын 4-ний шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Барс” хүнсний дэлгүүрийн урд талын асфальтан зам дээр 66-75 УНЧ улсын дугаартай “Bluebird” маркийн автомашин жолоодож явж байхдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.7 дахь хэсэгт заасан “...жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж уг замаар унадаг дугуй унаж явж байсан Б.Гансүхийг мөргөж биед дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгарал бүхий хөнгөн гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 6 сарын 4-ний шөнө 01 цагийн үед таксинд 3 зорчигч суулгаад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Барс” хүнсний дэлгүүрийн урд талын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 66-75 УНЧ улсын дугаартай “Bluebird” маркийн автомашин жолоодож явж байхдаа Нарийн руу ордог гарц дээр баруун гар тийшээ эргэх гэж байтал баруун талаас дугуйтай хүн гарч ирээд шүргээд тэр хүнийг унагасан. Надтай хамт нэг зорчигч машинаас буусан. Би хохирогчийг “бос” гэж хэлтэл замын цаанаас 7-8 согтуу хүмүүс гарч ирээд “хүн мөргөчихлөө” гээд орилоод машинаас надтай хамт буусан халамцуу зорчигчтой зодолдох гээд байхаар нь салгаж аваад хэргийн газрыг орхиж яваад эргэж ирээгүй. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Б.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн шөнө найзынхаа гэрээс гараад Их гүн рүү гэртээ харих гээд дугуй унаад “Барс” дэлгүүр өнгөрөөд баруун гар тийшээ эргэдэг уулзвар дээр гарцаар гарах гээд явж байтал гэнэт уг машин туслах зам руу эргээд намайг мөргөсөн. Тухайн үед замын цаанаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй гарч ирсэн, машинаас нэг согтуу залуу гарч ирээд над руу дайраад байсан. Эдгээр хүмүүс нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байх үед Баярсайхан нь “эхнэр хүүхдээ буулгаад ирье” гэж хэлээд буцаж ирээгүй. Надад 20.000 төгрөг өгсөн. Би шүүхэд эмчилгээтэй холбоотой баримт өгөөгүй. Баярсайханаас 300.000 төгрөг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... Би 2016 оны 6 дугаар сарын 4-ний шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд таксинд суух гээд байж байхад саарал өнгийн машин зогсоод би суухад дотор нь согтуу бололтой эрэгтэй хүн арын суудал дээр сууж байсан. Тэгээд хойшоо хөдлөөд “Амтлаг” хүнсний дэлгүүрээр баруун гар тийшээ эргээд явж байхад нэг хүүхэн гар өргөөд зогсож байсан. Тэр хүнийг аваад урд талын суудал дээр суулгасан тэгээд 4 дүгээр хорооны урдуур чигээрээ явж байгаад “Барс” дэлгүүрийн урд Нарийны 10 дугаар гудамжны урагш дохио өгөөд эргэтэл тас хийгээд юм мөргөх шиг болсон. Буугаад хартал унадаг дугуйтай хүн бололтой унадаг дугуй нь хажуу талаараа хараад хэвтсэн нөгөө залуу нь газар сууж байсан. Миний сууж явсан машины жолооч гэх намхан хар залуу нөгөө дугуйтай явсан залууг машины толь хугалчихлаа гээд уурлаад байсан. Машинд сууж байсан согтуу залуу цаанаас ирсэн хүүхэнтэй маргалдаад байсан. Бид нар машинд суугаад Нарийны 10 дугаар гудамж руу чигээрээ яваад харанхуй гудамжинд зогсоод урд суусан хүүхэн, бид хоёрыг буулгасан. Яагаад явсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 35 хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунчимэгийн өгсөн “...Би 2016 оны 6 дугаар сарын 4-ний шөнө 00 цаг 53 минутад Багануур дүүргийн 4 дүгээр хорооны урд байрлах асфальтан зам дээр явж байхад төвөөс нэг цайвар өнгийн суудлын тэрэг ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаад гэнэт баруун гар тийшээ эргээд унадаг дугуйтай хүнийг мөргөөд унагасан. Тэгээд уг машинаас өндөр шар залуу, намхан бор залуу намхан хүүхэн цуг буусан. Тэгээд нөгөө 2 залуу мөргүүлсэн залууг “хүнд гай боллоо” гээд зодох гээд дайраад байхаар нь би нөхөртэйгөө очоод салгасан. Тэгтэл намхан бор залуу гар утсаараа ярьж байгаад буцаж ирээд “хүнтэй ярьчихаад байхад наадахтайгаа яагаад зууралдаад байгаа юм бэ” гээд өндөр залуугаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 37 хуудас/

 

Зам тээврийн осол дээр тогтоосон “2016 оны 6 дугаар сарын 4-ний шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 10 дугаар гудамжны шороон зам дээр 66-75 улсын дугаартай тодорхойгүй өнгийн тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5б, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг замаар явж байсан унадаг дугуйтай зорчигч Б.Гансүхийг шүргэж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй” гэсэн акт /хх-ийн 9-11 хуудас/

Техникийн шинжээчийн 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 11 дугаартай актын: “Nissan bluiberd” маркийн 66-75 УНЧ улсын дугаартай авто машины жолооч Г.Баярсайхан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.7 дахь заалтыг зөрчсөн байна. Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна. “Nissan bluiberd” маркийн 66-75 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Г.Баярсайхан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.7 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 09/250 дугаартай актын: “Б.Гансүхийн биед дээд доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-ийн 39 хуудас/

Зураг таньж олуулсан, тээврийн хэрэгсэлд үзлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8, 16-23, 24-25/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Барс дэлгүүрийн өмнөх засмал зам дээр 66-75 УНЧ улсын дугаартай машин хүн мөргөөд зугтаачихлаа” гэсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Г.Баярсайхан нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/ /болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/250 болон техникийн шинжээчийн 11 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Г.Баярсайхан нь 2016 оны 6 дугаар сарын 4-ний шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Барс” хүнсний дэлгүүрийн урд талын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 66-75 УНЧ улсын дугаартай “Bluebird” маркийн автомашин жолоодож явж байхдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.7 дахь хэсэгт заасан “...жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, уг замаар унадаг дугуй унаж явж байсан Б.Гансүхийг мөргөж биед дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгарал бүхий хөнгөн гэмтэл учруулан, зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “тэнд байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж зодолдох гээд байхаар нь надтай хамт явж байсан халамцуу залууг аваад хэргийн газрыг орхиж яваад эргэж очоогүй” гэсэн мэдүүлэг болон хохирогч Б.Гансүхийн өгсөн “Баярсайхан нь эхнэр хүүхдээ буулгаад ирье гэж явчихаад эргэж ирээгүй” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 09 шэ/250 тоот актын “Б.Гансүхийн биед дээд доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 39/, Г.Баярсайханы буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсныг тогтоосон техникийн шинжээчийн 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 11 дугаартай актын “ Nissan bluiberd маркийн 66-75 УНЧ улсын дугаартай авто машины жолооч Г.Баярсайхан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.7 дахь заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 43/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пүрэвсүрэн, Д.Оюунчимэг нарын өгсөн мэдүүлгүүд /хх-н 35, 37/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 9-11/, зураг таньж олуулсан, тээврийн хэрэгсэлд үзлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8, 16-23, 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Г.Баярсайханыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Г.Баярсайхан нь зам тээврийн ослын газрыг орхиж явахгүй байх үүрэгтэйг мэдсээр байж хариуцлагаас зайлсхийх зорилгоор үйлдэлдээ санаатай хандсан нь шүүгдэгчийн “тэнд байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж зодолдох гээд байхаар нь би хэргийн газрыг орхиж яваад эргэж очоогүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд шүүх хуралдаанд хохирогч Б.Гансүх нь шүүгдэгчээс 20.000 төгрөг авсан гэж мэдүүлэх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлээгүй байх тул баримтыг бүрдүүлж иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 55 хуудас/ тогтоогдсон болно.    

Иймд шүүгдэгч Г.Баярсайханд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

    Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Готовын Баярсайханыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Готовын Баярсайхан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Баярсайханд оногдуулсан 1 / нэг / жил  5/ таван/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Г.Баярсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 5/таван/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Баярсайхан нь хохирогч Б.Гансүхэд гэм хор учруулсантай холбогдон гарсан 20.000 төгрөгийн зардал төлснийг дурдсугай.
  6. Хохирогч Б.Гансүх нь  300.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шүүгдэгч Г.Баярсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Баярсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА