Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот ******* дүүрэг, *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,

/РД: /

                                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн нутагт оршин суух гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хоорондоо маргалдаж улмаар зүүн дал хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... өдөр дээд өргөн чөлөөнд 1 шил хараа архи ганцаараа уусан. Тэгээд найз очсон. Тэнд танихгүй залуутай хараа архи ууж байсан. Би тэр архинаас уулцаж байтал тэр танихгүй залуутай маргалдсан. Юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Би нэлээн согтуу бараг тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь миний нуруунаас цус гарч байсан. Цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан согтуу байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Надад өвдөж байгаа зүйл байхгүй эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

            гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би архи уугаагүй бие засахаар 00 ороод гараад ирэхэд **** ахын гэр рүү намхан хар жижигхэн биетэй залуу орж яваа харагдсан. Би араас нь ороход тэр хүний ар нуруу зүүн талын хөлийг дагаад цус гараад байсан. Би гүйж гараад **** эгчийг дуудаад буцаж бид хоёр хамт гэрт ороод тэр хүний цусыг нь тогтоож даавуу тавьж боож цэвэрлэж өгчихөөд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үйл явдал болоход гэрт ****, *****, тэр танихгүй хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

            гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр гэртээ ганцаараа байсан. 17 цагийн үед дүү ***, **** нар манайд 0.75 литртэй, 0.5 литртэй 2 архитай ирсэн. Бид гурав архийг хувааж уусан. Би нилээн согтуу байсан. Нэг мэдэхэд *** гаднаас орж ирсэн. ****, **** хоёр хоорондоо маргалдаж байх шиг байсан. Би тасраад унтсан. Маргааш өглөө нь манай эхнэр *** надад **** гал тогооны тавилгын нүднээс хар иштэй хутга аваад **** зүүн талын дал руу хутгалсан гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

            Шинжээч эмчийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай: “...1.  **** биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боомжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд амь насанд аюулгүй гэмтлүүд байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

            эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 06-09 дүгээр хуудас/

            хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-12 дугаар хуудас/

            хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17 дугаар хуудас/

       гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч **** нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овгийн *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                         Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгчид мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овгийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн ********г 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгчид мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА