Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч  Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч Ц.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 2323000710104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, ******* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, , эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар:*******/ 

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Ц. *******ын холбогдсон  2323000710104 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

    1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Завхан аймгийн ******* сумын Загастай багийн нутаг дэвсгэрт байрлах Н.ын хашаан дотор С.тэй маргалдаж түүн рүү хүрзний төмөр иш шидэхэд тэдний маргааныг зогсоох зорилгоор ирсэн Ж.ын духны хэсэгт цохисон хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар нотлогджээ. Тухайлбал:

Ж. рүү хүрзний иш шидэхэд дух хэсэгтээ цохиулсан талаар хохирогч Ж.ын  “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү ын хамт нутгийн дүү болох ын гэрт очихоор яваад тэдний хашаанд очиход Ц.******* нь нэг танихгүй залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би *******ыг миний дүү болохгүй шүү гэж хэлээд салгачхаад нөгөө танихгүй залуугийн хажууд зогсож байхад үед Ц.******* хаанаас юм мэдэхгүй төмөр аваад тэр танихгүй залуу руу шидэх үед би урдуур нь орж таараад миний дух хэсэгт оночихсон...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж  энэ талаараа мэдүүлсэн гэрч С.ийн “...Би модонд Завхан аймаг идэр сумын "Тун" гэх нэртэй газар явахаар ******* сум ороод Ж. ахтай уулзахаар хаана байгаа талаар асуухад Ж. ах би гэж айлын хашаанд машинаа орхисон байгаа чи тэдний гадна хүрээд ир гэж хэлсэн. Би гэж айлын хашааг хүнээр заалгаад очсон. ...очиход хашааны хаалга нь онгорхой дотор нь Ж. ахын машин байсан. Тэгээд би хашаанд нь ороод зогсож байхад гаднаас приус-30 маркийн машинтай 2 залуу ирсэн. ...******* гэх залуу нь нэлээн согтуу бололтой намайг чи хаанаас ирсэн хэн бэ? гээд том том дугараад байсан. Би чи залуу хүн байж яаж харьцаад байгаа юм гээд  Ц.******* бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргаж байх үед *******тай хамт явсан залуу болон Ж. ах гаднаас орж ирээд бид хоёрыг маргахаа боль гээд салгаад зогсож байх үед над руу хүрзний иш шиг зүйл шидэхэд миний ойролцоо зогсож байсан Ж. ахын толгой тус газар нь оночихсон. Тухайн үед ******* гэх залуу надад уурласан уурандаа над руу шидсэн зүйл нь Ж. ахын толгойд оночихсон...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Х.ын “...Ц.******* бид 2 голын зах дээр 2 том пиво уусан. Пиво оо ууж дуусаад бид хоёр гэж залуутай уулзахаар тэдний гэрийн гадна очиход танихгүй нэг ах бас архи уучихсан бололтой ын хашаанд зогсож байсан. Тэгсэн тэр хүнтэй Ц.******* очиж муудалцаж зодолдох гэж байхад гэх хүн хашааны гаднаас орж ирээд та нар боль гээд тэр салгаад би Ц.*******ыг аваад явах гэж байх үед Ц.******* нь ын хашаанд байсан Портер машин дээрээс хүрзний төмөр иш шүүрч аваад муудалцсан танихгүй ах руу шидэх үед гэх хүний духанд нь санамсаргүйгээр оночихсон...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Ж.ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн  6451 дугаартай “... "...1.Ж.ын биед дух ясны баруун тал, баруун нүдний ухархайн дээд хана, суурь ясны бага далавч, баруун нүдний ухархайн хажуу хана, баруун хоншоор ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, духны арьсны эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Дээрх гэмтлүүд нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр  тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан  дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч  Ц.******* нь С.тэй маргалдаж түүнийг хүрзний төмөр ишээр цохихоор шидэхэд тэдний маргааныг зогсоох зорилгоор ирсэн хохирогч Ж.ын духны хэсэгт оносон үйлдэлд хохирогчид гэмтэл учруулах санаа зорилго агуулагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол учирч болохыг мэдэх бололцоотой атлаа үүнийг тооцолгүй мэдэлгүйгээр  үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх шинжийг агуулжээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ж. нь “шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэсэн хүсэлтээ бичгээр  илэрхийлсэн байх тул шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                       2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч  Ц.******* нь  гэм буруугийн талаар  маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  Ц.*******т Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.*******ыг төрийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнийг  2700  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000  төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.*******т  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 см урттай, ар хэсэгтэй бариултай урд хэсэг нь хугарсан хугарсан хэсгийн диамер нь 33 мм хэмжээтэй төмөр хүрзний  иш 1 ширхгийг цаашид  ашиглах  боломжгүй  тул  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комиссд даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг төрийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 450.000 төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6.Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан 60 см урттай, ар хэсэгтэй бариултай, урьд хэсэг нь хугарсан, хугарсан хэсгийн диаметр 33 мм төмөр хүрзний иш 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комиссд даалгасугай.

8.Шүүгдэгч Ц.*******ын хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

11.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ДЭЛГЭРМАА