| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Э.*******
Шүүгдэгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2323000000106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Урьд: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан овогт гийн *******, /РД:/
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдсон 2323000000106 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
хохирогч Д., А. нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна хохирогч Д.ыг шалтгаангүйгээр заамдаж хоолойг нь боож, нүүр рүү гараараа цохиод нүүр рүү өшиглөж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Б.*******д зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.ын “... ******* гэх согтуу залуу ирээд намайг заамдаж аваад газарт унагааж байснаа миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод хоолой боогоод дараа нүүр рүү өшиглөж байх үед миний хүү ирээд салгасан тэгтэл ******* гэх залуу цаашаа яваад өгөхөөр нь би дэлгүүрийнхээ гадаа очоод байж байхад манай хүү ******* гэх залууг дуудаад чи яагаад манай аавыг зодож байгаа юм бэ? гэж асуусан. Тэгтэл миний хажууд ирээд намайг заамдаж аваад миний зүүн талын хацраас хазаад тавихгүй байхаар нь арай гэж түүнийг тавиулсан. ...******* гэх залуу нь ямар ч шалтгаангүйгээр миний бие эрх чөлөөнд халдсан. ******* нь хөөш юу гэж хэлээд л шууд намайг заамдаж аваад зодож эхэлсэн. ...бидний дунд ямар нэгэн маргаан хувийн таарамжгүй харьцаа байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч 3.ийн “...шөнө эхнэр гийн хамт өөрийн эзэмшлийн ******* дэлгүүрт сууж байхад манай аав Д. гадаа орилоод, байхаар нь гараад харахад “” дэлгүүрийн орчимд Б.******* нь манай аавыг газарт унгаачихсан байхаар нь очиж салгаад аав бид 2 дэлгүүртээ орсон. Тэгтэл аав манай эхнэрийн утсыг нь аваад, цагдаад дуудлага өгсөн гээд гараад явахаар нь би араас нь гарсан. Тэгтэл Б.******* нь манай аав дээр ирээд манай дэлгүүрийн үүдэнд аавыг заамдаж аваад зүүн хацраас нь хазаж, байснаа газарт тонгорч унгаагаад нүүр рүү нь өшиглөөд байхаар нь би очоод түүнийг салгасан. Б.******* нь манай аавын нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөснөөс болоод хамар нь гэмтсэн мөн зүүн хацраас нь хазаж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Д.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Т.ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаартай "...Д.ын биед баруун, зүүн нүд, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байсан байна. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.ын биед баруун, зүүн нүд, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
Мөн дээрх хугацаанд шүүгдэгч Б. ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт ******* хүнсний дэлгүүрийн 160*180 хэмжээтэй цонхыг хагалж, дэлгүүрийн урд байрлуулсан хохирогч А.ын эзэмшлийн улсын дугаартай Приүс-41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг чулуугаар цохиж, зүүн урд салхины шилийг нь хагалсан хэргийн үйл баримт нь
Энэ талаар мэдүүлсэн хохирогч А.ын “...Миний эзэмшилд улсын дугаартай хар өнгийн Приүс 41 маркийн тээврийн хэрэгсэл байдаг. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт миний тээврийн хэрэгслийг манай хадам дүү 3. унаж явж байгаад, хүнтэй муудалцаад хаалганы шил нь хагарсан бас зарим нэг эд анги нь эвдэрсэн гэж хэлсэн. Миний эзэмшлийн дугаартай тээврийн хэрэгслийг манай хадам дүү түр хэрэглээд Завхан аймагт явж байгаа юм. Миний машины эвдэрсэн эд зүйлсийн болон засварын зардал зэргийг буруутай хүн нь бүрэн барагдуулсан. Нийт 490.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын мөнгөө бүрэн авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Дээрх хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч 3.ийн “...******* газраас чулуу аваад аавыг цохих гээд хөөж байснаа намайг цохих гэж ирснээ дэлгүүрийн үүдэнд байсан улсын дугаартай хар өнгийн Приус 41 маркийн машины зүүн урд салхины шилийг хагалаад, дахин газраас 1 том чулуу аваад дэлгүүрийн вакум цонхны салхивчны цонхыг нь хагалсан. Аав энэ үед гэр рүүгээ орсон байхад Б.******* нь чулуу бариад намайг цохих, гээд хөөгөөд байхаар нь би зугтсан. Энэ үед цагдаа нар ирсэн. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ээжийн төрсөн дүү гэх хүний машин байгаа юм. ...Мөн чулуугаар улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд цонхыг хагалж, зүүн хойд хаалга руу, чулуу шидэж сэвтүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн Д.ын “...******* газраас чулуу аваад, манай дэлгүүрийн гадаа байсан Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалганы цонхны шилийг хагалаад, дараа нь дахиад газраас чулуу аваад дэлгүүрийн 160*180 хэмжээтэй вакум цонхыг хагалсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үйл явдлыг манай хүү л харсан. Өөр хүн хараагүй байхаа, тухайн үед гадаа харанхуй байсан...” гэсэн мэдүүлгээр болон тухайн үед болсон үйл баримтыг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээчний “...цонх хаалганы үнэ 490,000 төгрөгийн үнэтэй...” гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.
Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнийг хүсэж, хохиролд хүргэсэн байдаг.
Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл буюу Б.******* нь хохирогч Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах явцдаа ******* хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, дэлгүүрийн урд байрлуулсан иргэн А.ын эзэмшлийн дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, хаалгыг чулуугаар цохиж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийг давхар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б. *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д., А. нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “ бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б. *******д Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг төрөл хэмжээг тогтооно...” гэж, “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5, 1.6, 1.7,1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгө, устгах гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүд, 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 300.000 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Б.*******д 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д., А. нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ыг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА