Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

хохирогч Р.Ш /цахимаар/

хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч О.Хийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т,

шүүгдэгч С.Сы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,

шүүгдэгч О.Х, С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Оы Х, У овогт Сы С нарт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, Т овогт Оы Х, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б аймгийн С суманд төрсөн, 33 настай эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, араб, турк хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, РД:0000000000.

1.2. Монгол Улсын иргэн, У овогт Сы С, 1995 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 28 настай эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Х, С.С нар нь бүлэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй автозасварын арын өрөөнд хамт архи уусан иргэн Р.Шыг “архи авч өгсөнгүй” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ: “...Би болсон явдлын талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн учраас одоо мэдүүлэг өгөхгүй.

...С.Стай бүлэглэж Р.Шыг зодоогүй, ганцаараа энэ хэргийг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2. Шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “...тухайн зодоон болсон гэх газарт би очоогүй, тэр яриад байгаа арын өрөөнд нь орж архи уугаагүй. Би иргэн Р.Шыг зодоогүй, надад гэм буруу байхгүй тул цагаатгаж өгнө үү” гэв.

1.3. Хохирогч Р.Ш мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр найзын хамт 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Түүний дараа тухайн зодоон болсон автозасварын газрын урд замаар дээшээ гэртээ явж байхад зогсоол дээр энэ шүүгдэгч нар нь хүмүүстэй хамт тамхи татаад зогсож байсан. Тэгээд шүүгдэгч нартай мэндлээд гадаа тамхи татаад байж байхад тэд нар намайг засварын газрын дотор орохыг хүссэн. Уг хүсэлтийнхээ дагуу тэд нартай хамт тухай засварын газрын арын өрөөнд орсон. Арын өрөөнд ороход нэг том шилтэй архи байсан. Тухайн архийг задлаад хэдүүлээ ууж дуусгасны дараа Х надаас архи нэхсэн. Тэгж байхад О.Хийн найз нар юм шиг байна, хэдэн залуучууд ороод ирсэн. Тэд нарын нэг нь толгойгоо цагаан маарлаар боосон байсан. Уг залуучууд нэг шил архи гаргаж ирсэн. Түүнийг хэдүүлээ хувааж уугаад дуусгасан.

Тэгээд би О.Хэд хандаж “22 цаг өнгөрсөн учраас надад зээлээр архи авах бүх дэлгүүр хаасан, надад одоо бэлэн мөнгө байхгүй, би архи авч өгөх боломжгүй” гэж хэлсэн. Бид нар арын өрөөнд сууж байхад энэ С.С миний хажууд зогсож байсан. Тэгээд би архи авч өгөх боломжгүй гэж хэлсэн учраас шүүгдэгч О.Х нь миний толгой тус газар түлхүүр мэт төмөр зүйлээр цохисон. Түүний дараа би газарт унахад С.С миний нүд хэсэгт өшиглөсөн. Тэгээд юу болсныг би санахгүй, яагаад гэвэл ухаан алдаад унасан байна.

 Надад ухаан ороод сэрэхэд 23 цагийн үе байсан, би тухайн засварын газрын хашааны буланд хэвтэж байсан. Би сэрээд шууд халаасаа ухахад гар утас маань байсан учраас шууд болсон явдлын талаар цагдаад мэдэгдсэн. Тэгэхэд цагдаагийн байгууллагын жижүүр цагдаа надад хандаж “эргүүлийн цагдаа нар бүгд дуудлагад явсан учраас яг одоо таны дуудлагад очих боломжгүй, та өөрөө цагдаагийн байгууллагад хүрээд ирнэ үү” гэсэн. Миний гэр ойрхон байсан учраас цагдаагийн газарт очихгүйгээр өөрийн гэртээ очсон. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас залгаад “та хаана байгаа вэ, та одоо хүрээд ирээрэй” гэхээр нь би “одоо очих боломжгүй, өглөө 08 цагийн үед очьё” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 08 цагийн цагдаагийн газарт очсон.

Би энэ шүүгдэгч нарт зодуулахаар хэмжээний хүн биш. Би гэмт хэргийн улмаас гэмтэл авсан. Миний хамар муруйсан учраас одоо хүртэл харшилтай буюу гамриттай байгаа. Шүүгдэгч С.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэд нарыг заавал ял шийтгүүлэхийг хүсэхгүй, зөвхөн өөртөө учруулсан хохирлыг барагдуулах хүсэлттэй. Өмнө хэрэг прокурорын шатанд байхад С.С надад “би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, чи надаас юу ч олж долоохгүй” гэж намайг доромжилсон. Тийм учраас шүүхээс шүүгдэгч нараас хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

...би шүүгдэгч нараас нийтдээ 5.420.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Б аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Р.Шаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

2.3. Иргэн Р.Шаас баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,

2.4. Хохирогч Р.Шд цалингүй чөлөө олгох тухай тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

2.5. Хохирогч Р.Шы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50, 53, 56, 59 дэх тал/,

2.6. Гэрч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

2.7. Гэрч Л.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

2.8. Гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

2.9. Гэрч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дахь тал/,

2.10. Шинжээч Б аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч ажилтай К.Хын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 372 дугаартай “иргэн Р.Шы эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тухай” дүгнэлт, өвчний карт /хавтаст хэргийн 72-79 дэх тал/,

2.11. Хохирогч Р.Шаар “Хүнийг таньж олуулах ажиллагаа” явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, DVD бичлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

2.12. Хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсныг дүрс бичлэгээр бэхжүүлсэн DVD бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/,

2.13. Яллагдагч О.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

2.14. Яллагдагч С.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

2.15. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 119-158 дахь тал/,

2.16. Б аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Зын тус аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Засаг дарга С.Хад хаягласан “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэл /хавтаст хэргийн 159 дэх тал/,

2.17. Хохирогч Р.Шаас хүлээн авсан зорчигчийн тасалбар, ажил олгогчид гаргасан өргөдөл, эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар /хавтаст хэргийн 180-183 дахь тал/,

2.18. Гэрч Б.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 185 дахь тал/,

2.19. Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 188 дахь тал/,

2.20. Цагдаагийн ерөнхий газрын 2022 он 01 дүгээр сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн хяналтын бүртгэлийн хуулбар, хохирогч Р.Шы 2022 оны 01-05, 12 дугаар сард авч байсан цалингийн цэс,  гэрч С.А, Ж.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт.

3.1. Улсын яллагч Я.Дгаас “...шүүгдэгч О.Х, С.С нар нь бүлэглэж хохирогч Р.Шыг зодсон нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох” гэх дүгнэлтийг,

3.2. Хохирогчийн өмгөөлөгч С.Агаас “...хохирогч бол шүүгдэгч нарт зодуулчихаар хүн биш байсан. Хохирогч Р.Ш нь болсон явдлын талаар удаа дараа мэдүүлгээ маш тодорхой өгсөн байгаа. Шүүгдэгч нар нь хохирогчийг бүлэглэн зодсон болох нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгч С.С нь үнэн зөв мэдүүлгээ өгөх хэрэгтэй.

Хохирлын хувьд тодорхой шалтгааны улмаас нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй тул жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3.3. Шүүгдэгч О.Хийн өмгөөлөгч Х.Таас “...шүүгдэгч О.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон явдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн байгаа. Түүний хэлж байгаа зүйл бол хохирогч Р.Шыг ганцаараа зодсон, өөр хэн нэгэн этгээдтэй бүлэглэж зодоогүй. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг нь хоорондоо эргэлзээтэй, зөрүүтэй байгаа.

...хохирогчоос хохирлын талаар нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй, дээр нь биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд 4 долоо хоногийн дотор эдгэрэх гэмтэл байсан. Тийм учраас иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шаардлагатай” гэх дүгнэлтийг,

3.4. Шүүгдэгч С.Сы өмгөөлөгч А.Саас “...улсын яллагчийн яллах дүгнэлтээс харахад хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон мэт харагддаг. Шүүгдэгч С.Сыг яллаж байгаа нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар харьцуулж үзвэл хохирогчоос “Х гэх хүнтэй зодолдсон”, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн мэдэгдэлд дурдсанаар “үл танхим хүнд зодуулсан, Хэд зодуулсан” талаар тэмдэглэсэн. Тухайн үед хохирогч нь нэг л залуутай зодолдсон нь тодорхой байгаа.

Хохирогч нь өнгөрсөн шүүх хуралдаанд 5-6 залууд зодуулсан гэж мэдүүлсэн. Хохирогчоос шүүгдэгч С.Сд хэрхэн зодуулсан талаар хэлж чадаагүй. Гэрч Б.Ты мэдүүлэгт “хохирогч Р.Ш нь шүүгдэгч О.Хтэй зодолдсон, тэд нарыг салгасан, уг зодоонд С.С оролцоогүй талаар маш тодорхой мэдүүлсэн. Энэхүү гэрчийн мэдүүлгийг улсын яллагчаас үгүйсгэж чадаагүй. Энэ бол хөндлөнгийн гол  нотлох баримт болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийн яллаж байгаа ихэнх нотлох баримт нь хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн таньж олуулах ажиллагаанууд байгаа. Хохирогчийн мэдүүлэг нь өөрөө эргэлзээтэй байгаа. Яагаад гэвэл зарим мэдүүлэг нь зөрүүтэй авагдсан байдаг.

Хохирогч нь тухайн өдрийн 16 цагийн үед найзын хамт архи уучхаад, 17 цагийн үед засварын газарт ирээд шүүгдэгч нартай хамт архи уугаад дараа нь тэд нартай зодолдоод би ухаан алдсан гэдэг. Улмаар хэдэн минутын дараа сэрээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэхдээ тухайн үед 22:30 цагийн үе байсан гэж мэдүүлдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч буюу цагдаагийн албан хаагч нарын мэдүүлгээс үзэхэд шөнийн 01 цагийн үед “нэг залуу буюу Х гэх хүн намайг зодсон гэж дуудлага өгсөн байдаг. Иймд хохирогчийн мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрчихсөн. Мөн хохирогч нь “тухайн засварт ногоон болон улаан өнгийн 2 машин байсан. Харин лав цагаан өнгийн машин байгаагүй” гэж миний асуултад хариулсан. Гэтэл тухайн үед байсан гэрч С.М гэх хүний мэдүүлгээс үзэхэд тухайн засварын газарт С.Мын цагаан өнгөтэй приус 20 загварын машин байсан.

Мөн дугуй засварын газарт 2 хүн ажилладаг. Түүний нөгөө нэг ээлжийн хүнээс яагаад гэрчийн мэдүүлэг аваагүй вэ, хэн, хэзээ, ямар байдлаар ээлжид гарахыг мэдэх хэрэгтэй. Мөн С.М гэх хүний машиныг засварлаад явж байсан О.Хийн хажууд ажилладаг засварчнаас ч мэдүүлэг аваагүй. Эдгээр хүмүүсээс заавал гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай.

Шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шууд эх сурвалжаа заагаад байхад, хохирогчийн мэдүүлэг өөрөө эргэлзээтэй байсан учраас хохирогчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдоод эх сурвалжаа зааж чадахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Хохирогч намайг 5-6 залуу нийлээд зодсон гэж мэдүүлээд байдаг. Тэгвэл тийм олон залуу бүлэглэн зодсон бол яагаад өнөөдрийн хуралдаанд  2 шүүгдэгчтэй байна вэ.

Улсын яллагчийн зүгээс тухайн хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэдэг. Хохирогч “би 22:30 минутад цагдаагийн байгууллагад гэмт хэрэг гарсны талаар дуудлага өгсөн” гэж мэдүүлсэн. Одоогийн байдлаар гэмт хэрэг хэзээ, хэдэн цагт үйлдсэн болох нь тогтоогдоогүй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг үнэн бодитой тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээс харах юм бол хохирогч хөнгөн гэмтэл авсан байдаг. Уг хөнгөн гэмтэл нь хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй, 1-28 хоногийн дотор бүрэн эдгэрдэг гэмтэл юм. Хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой нотлох баримт гаргаагүй хэдий ч хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоох нь мөрдөгчийн үүрэг. Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй учраас энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэж дүгнээд байна. Хохиролтой холбоотой нотлох баримтыг 1-28 хоногийн дотор гаргаж өгөх ёстой байсан. Харин хохиролтой холбоотой баримт нь 29 хоногийн дараа үйлдэгдсэн бол үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол эсвэл хор уршиг гэж үзэх боломжгүй. Тийм учраас хохиролтой холбоотой нэхэмжилж байгаа шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Хамгийн анх гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгүүлэхэд хохирогч үл таних залууд зодуулсан гэж дуудлага өгсөн. Уг өгсөн дуудлагаас харахад “залууд” гэж нэг тоог буюу ганц хүнд зодуулсан болохыг өөрөө нотолсон.  Тухайн үедээ намайг залуус зодсон эсвэл би залуучуудад зодуулсан гэж дуудлага өгсөн бол өөр байх байсан. Иймд анх хохирогч өөрөө нэг залууд зодуулсан болохыг нотолсон.

Харин шүүгдэгч С.С хохирогчийг зодсон болохыг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн өгсөн мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй.

Мөн хохирогч нь “тухайн үедээ С.С улаан өнгийн гэрийн шаахайтай явж байсан” гэж миний асуултад хариулсан.  Гэхдээ гэмт хэрэг болсон үе чинь 04 дүгээр сарын үе байсан учраас гадаа их хүйтэн, дээрээс нь дугуй засаж, нөхөж байгаа хүний хувьд гэрийн шаахайгаар явах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл хагарсан дугуй авна, буцаагаад хийнэ гэх мэт ажлын бүгдийг гадаа хийдэг учраас гэрийн шаахайгаар уг ажлыг хийх боломжгүй. Миний үйлчлүүлэгч өөрөө тухайн үед цагаан ултай гутал өмсөж байсан гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй. Гэхдээ үүнийг бас мөрдөгчийн зүгээс тогтоох ёстой байсан. Эдгээр хийгдэх ёстой дутуу ажиллагаанууд байгаа.

Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар хэргийг 60 хоногийн хугацаагаар хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хэрэгтэй. Аль эсвэл мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч С.Сыг цагаатгах” гэх дүгнэлтийг гаргаж шүүгдэгч О.Х, С.С нарын гэм буруугийн талаар мэтгэлцэв. 

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Х, С.С нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

4.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч О.Х, С.С нар нь бүлэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй автозасварын арын өрөөнд хамт архи уусан иргэн Р.Шыг “архи авч өгсөнгүй” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг болсон гэх газар нь Б аймгийн Ө сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр, ...“Д” нэртэй автозасварын газар байв. Уг автозасварын газрын дэргэд ...дугуй засварын газар байв. ...“Д” автозасварын дотор ороход том зааланд машин засах хэсэг байх ба баруун дээд талд жижиг модон хаалгатай өрөө байв. Уг өрөөний хаалга цоожгүй, онгойлгож үзэхэд дотор талд амрах зориулалттай цай, хоол идэх ширээ, сандал байв.

Р.Ш өөрөө сууж байсан гэх газрыг гараар зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

4.1.2. Хохирогч Р.Шы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найзын хамт 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Түүний дараа тухайн зодоон болсон автозасварын газрын урд замаар дээшээ гэртээ явж байхад зогсоол дээр энэ шүүгдэгч нар нь хүмүүстэй хамт тамхи татаад зогсож байсан.

...Хийг гаднаас нь зүс таньдаг бөгөөд өнгөрсөн жил 04 дүгээр сарын үеэр “Т” гэх автозасварын газарт машин засуулж байгаад түүнтэй танилцаж байсан бөгөөд түүнээс хойш таарахдаа мэнд ус болоод өнгөрдөг байсан.

...Тэгээд шүүгдэгч нартай мэндлээд гадаа тамхи татаад байж байхад тэд нар намайг засварын газрын дотор орохыг хүссэн. Уг хүсэлтийнхээ дагуу тэд нартай хамт тухай засварын газрын арын өрөөнд орсон.

...Тэр жижиг амралтын өрөөнд ороход нэг том шилтэй архи байсан. Тухайн архийг задлаад хэдүүлээ ууж дуусгасны дараа Х надад “архи байна уу, ганц юм хийчих” гэж хэлэхээр нь би тэд нарт “би мөнгөгүй, тэгээд ч орой болсон, архи авах дэлгүүр байхгүй шүү дээ” гэж хэлэхэд Х босож түлхүүр мэт төмөр зүйлээр миний толгойн дагз тус газар 2-3 удаа цохиж авахад зүүн талаас дугуй засварын газрын нэг залуу ирээд миний зүүн нүд рүү өшиглөх үед би ухаан алдчихсан байсан. Дараа нь юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд автозасварын газрын баруун талын гудамжинд хэвтэж байсан.

...намайг өшиглөсөн залуу өндөр нуруутай, шар царайтай залуу байсан. Миний мэдэхийн “Д” дугуй засварын газарт хоёрхон ажилладаг бөгөөд нэг нь ах нь /намхан нуруутай/, нөгөөдөх нь дүү нь /өндөр нуруутай/ ээлжлээд ажилладаг бөгөөд өмнө нь нэг удаа тэд нарын дугуй засварын газарт дугуйгаа янзлуулж байсан санагдаж байна. Тэгэхлээр намайг өшиглөсөн нь тэр дүү болж таараад байна, өндөр нуруутай залуу байсан, харвал танина.

...Би ухаан алдаагүй байхад намайг эхлээд Х толгой руу төмрөөр 2-3 удаа цохисноос болж... оёдол тавиулсан. Харин нөгөө дугуй засварын өндөр нуруутай залуу миний зүүн нүд рүү өшиглөснөөс болоод зүүн нүд минь хавдчихсан байсан. Намайг өөр хүн амьтан цохиогүй байх, сүүлд нь би ухаан алдчихсан байсан.

...Харин 1 дугаартай залуу нь О.Х намайг зодсоны дараа миний толгой руу өшиглөсөн залуу мөн байна, тэр залууд өмнө нь дугуй засуулж байсан учраас таньж байна.

...С.С нь тухайн засварын газрын дэргэд байдаг дугуй засварт дугуй засаад явж байсан. Намайг О.Х зодох үед С.С тухайн өрөөнд байсан.

... Миний хамар муруйсан учраас одоо хүртэл харшилтай буюу гамриттай байгаа. Шүүгдэгч С.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэд нарыг заавал ял шийтгүүлэхийг хүсэхгүй, зөвхөн өөртөө учруулсан хохирлыг барагдуулах хүсэлттэй. Өмнө хэрэг прокурорын шатанд байхад С.С надад “би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, чи надаас юу ч олж долоохгүй” гэж намайг доромжилсон. Тийм учраас шүүхээс шүүгдэгч нараас хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

...би шүүгдэгч нараас нийтдээ 5.420.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53, 56, 59 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

4.1.3. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ажилтай К.Хын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 372 дугаартай “1.Иргэн Р.Шы биед тархины доргилттой, хамрын нурууны мурийлттай, хавантай, хамраас цус гарсан, духны хэсэг бүхэлдээ, 2 нүдний хэсэг бүхэлдээ, 2 хацрыг бүхэлдээ нилэнхийдээ хамаарсан тус тус улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн нүдний битүү хавдартай, нүд харагдахгүй, анигдсан, зүүн доод зовхинд, дээд зовхинд хавдартай, цус хуралттай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай, дагзанд зүүн талд зүсэгдсэн шархтай, цус гарсан гэмтлүүд тогтоогдлоо. 2.Иргэн Р.Шы биед үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн. 3. Иргэн Р.Шы дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Иргэн Р.Шы биед үүссэн дээрх гэмтлүүд 1-10  хоногт үүссэн шинэ гэмтлүүд” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

4.1.4. Хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч С.С: ...намайг зодсон гэх О.Хийн хажууд байсан залууг би зааж чадна, түүнийг шууд хараад зааж өгч чадна.

...1-4 хүртэл тоо бариулж зогсоосон иргэд дотор намайг О.Хтэй хамт зодсон залуу байна. О.Х эхлээд зодооныг эхлүүлсэн. Дараа нь ...1-4 хүртэл дугаартай иргэдээс 1 дугаарыг барьсан барьсан залуу О.Х намайг зодсоны дараа миний толгой хэсэг рүү өшиглөсөн, тэгээд би ухаан алдаад унасан юм. Би 1 дугаартай залууг өндөр болон нүүр царайгаар нь таньж байна. Тэр залуу угаасаа “Д” засварын хажууд дугуй засдаг, урьд нь дугуй засуулж байсан гэдгээр нь танина” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, DVD бичлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

4.1.5. Хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсныг дүрс бичлэгээр бэхжүүлсэн DVD бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгчийн “...гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх” тайлбар, дүгнэлтийг, мөн шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгчийн “...гэм буруугүй тул цагаатгаж өгөх” тайлбар, дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

6. Хохирогч Р.Шы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “энэ хэргийн улмаас хүзүүний зүүлтээ алдсан”, “тухайн үед 5-6 залууд зодуулсан” гэж тус тус мэдүүлсэн боловч энэхүү нөхцөл байдал Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Х, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хүрээнд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

7. Эрүүгийн хавтаст хэргийн 185 дугаар талд авагдсан гэрч Б.Ты мэдүүлэгт “...би 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад найзуудтайгаа гадуур явж байгаад 18 цагийн үед Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” бааранд ганцаараа орсон. Бааранд ороход надтай нэг төгсөлтийн Н гэх залуу нэг найзтайгаа сууж байсан. Бид гурвуулаа 0.5 л архинаас 2 шилийг ууж дуусгаад 20 цагийн үед баарнаас гараад “Д” автозасварт О.Х рүү 0.5 л архинаас нэгийг аваад гурвуулаа очсон. ...тэр архийг уусны дараа О.Х нэг шил архи авчирсан. Тэр архинаас нэг хундага татаж байхад гаднаас 35-40 орчим насны туранхай казах залуу согтуу орж ирсэн. Нэлээд архи уусан байдА байсан. Тэрээр бидэнтэй цуг суугаад уг архинаас хамт уусан. Би бааранд нэлээд архи уучихсан учраас унтаж, сэрээд /тасрах гээд/ байсан.

...би О.Х тэр хоёрыг /Р.Ш/ салгахад өрөөнд өөр хүн байгаагүй. С.С тухайн зодоонд оролцоогүй болно” гэж мэдүүлсэн байна.

8. Гэрч Б.Ты мэдүүлэгт “...С.С тухайн зодоонд оролцоогүй болно” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэгт дурдсан очсон газар, найз нартай болон шүүгдэгч О.Хтэй хамт архи уусан байдал зэргээс дүгнэж үзэхэд гэрч Б.Т нь тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл баримтыг бүрэн дүүрэн үзэж харсан гэж дүгнэх боломжгүй.

9. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хохирогч Р.Шд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх үүргийг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, мэдүүлэг авсан, мөн хохирогчийн зүгээс “шүүгдэгч О.Х, С.С нартай төрөл садангийн холбоо болон өс хонзонгийн байдал байхгүй” болохыг илэрхийлж, болсон явдлын талаар мэдүүлгээ өгсөн байна.

10. Хохирогч Р.Шы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулж, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлж дүгнэхэд хохирогч Р.Ш нь шүүгдэгч О.Х, С.С нарт зодуулсан үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүй, дэс дараалА, тодорхой мэдүүлсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн орчимд “Д” нэртэй автозасварын арын өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн О.Х нь мөн хамт архи уусан хохирогч Р.Шаас архи нэхсэн, хохирогчоос “архи авч өгөх боломжгүй” гэхэд нь эрх чөлөөнд нь халдаж зодсон, дэргэд нь хамт байсан шүүгдэгч С.С нь хохирогчийн нүүр тус газар өшиглөж зодсон нөхцөл байдал хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон гэж дүгнэлээ.

11. Эрүүгийн хэрэгт авагдсан хохирогчоос гаргаж өгсөн фото зураг, мөн хохирогч Р.Шаас гаргасан гомдлыг цагдаагийн байгууллагад хүлээн авсан тэмдэглэл болон түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “үл таних залууд зодуулсан”, “О.Хэд зодуулсан” гэж бичигдсэн байдал, мөн тухайн өдөр автозасварын газарт байсан тээврийн хэрэгслийн байдал, гэрч Б.Т, С.М нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, мөрдөгчийн мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Сыг гэм буруугүй гэж дүгнэж цагаатгах, шүүгдэгч О.Хийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэлээ.           

12. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх нь хүний  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

14. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

15. Шүүгдэгч О.Х, С.С нар нь бүлэглэж, хохирогч Р.Шы дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд “архи авч өгсөнгүй” хэмээн гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “тархины доргилттой, хамрын нурууны мурийлттай, хавантай, хамраас цус гарсан, духны хэсэг бүхэлдээ, 2 нүдний хэсэг бүхэлдээ, 2 хацрыг бүхэлдээ нилэнхийдээ хамаарсан тус тус улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн нүдний битүү хавдартай, нүд харагдахгүй, анигдсан, зүүн доод зовхинд, дээд зовхинд хавдартай, цус хуралттай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай, дагзанд зүүн талд зүсэгдсэн шархтай, цус гарсан” хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 2. “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.”, 3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хүндрүүлэх нөхцөл байдА үйлдсэн”-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлон заасан байна.

17. Шүүгдэгч О.Х, С.С нарын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Х, С.С нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

18. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.Х, С.С нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа зэрэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

20. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.

21. Шүүгдэгч О.Х, С.С нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Шы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Р.Ш нь гэмт хэргийн хор уршигт 5.420.000 төгрөг гарсан гэж үзэж, уг мөнгийг шүүгдэгч О.Х, С.С нараас нэхэмжилжээ.

22. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд, мөн шүүх хуралдаанд хохирогч Р.Шаас гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Р.Шд гэмт хэргийн хор уршигт 5.420.000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэх боломжгүй байна.

23. Эрүүгийн хавтаст хэргийн 181 дэх талд хот хооронд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зорчсон тухай зорчигчийн тасалбар авагдсан боловч хохирогч Р.Ш нь тухайн цаг хугацаанд хаанаас, ямар учраас зорчсон нь тодорхойгүй байна.  

24. Иймд шүүгдэгч О.Х, С.С нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хохирогч Р.Шы гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч О.Х, С.С нараас 5.420.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

25. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч О.Х, С.С нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Хэд 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Сд 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

26. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

27. Шүүгдэгч О.Хийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах” дүгнэлтийг,

28. Шүүгдэгч С.Сы өмгөөлөгчөөс “шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Х, С.С нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

30. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”, 2. “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.”,

6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

31. Шүүгдэгч О.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

32. Мөн шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

33. Шүүгдэгч О.Х нь 1989 онд төрсөн, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа автозасвар ажиллуулдаг, урьд нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, мөн шүүгдэгч С.С нь 1995 онд төрсөн, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

34. Шүүгдэгч О.Х, С.С нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч О.Хэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хэд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

35. Шүүхээс шүүгдэгч О.Х, С.С нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

36. Энэ хэрэгт шүүгдэгч О.Х, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

37. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хүнийг таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн DVD бичлэг 1 ширхгийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

38. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Х, С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Оы Х, У овогт Сы С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, С.С нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, С.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч О.Х, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Шы гэмт хэргийн хор уршигт 5.420.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хүнийг таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн DVD бичлэг 1 ширхгийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Х, С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Х, С.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ