| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/1775/Э |
| Дугаар | 2020/ДШМ/70 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2020/ДШМ/70
2020 1 14 2020/ДШМ/70
Б.Б, Д.Л, Б.Н нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бүжинлхам,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат,
шүүгдэгч Д.Л, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гантулга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1838 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат, шүүгдэгч Л.Л, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Л.Л, Б.Н нарт холбогдох 1906036070293 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И овгийн Бын Б, 1997 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Хүүхэд хөгжлийн төвд багш ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
2. Б овгийн Дын Л, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Багшийн Их сургуулийн боловсрол судлаачийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90г-89 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
3. Х овгийн Бын Н, 2000 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19-31 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Б.Б нь Б.Н, Д.Л, М.Ж нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн Б.Б нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 41.1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21-7 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд “Toyota Prius 30” загварын 71-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Д.Л нь Б.Н, Б.Б, М.Ж нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн Д.Л нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 145 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхоны 90г-89 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд “Toyota Prius 30” загварын 71-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Б.Н нь Б.Б, Д.Л, М.Ж нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн Б.Н нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 260 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19-31 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд “Toyota Prius 30” загварын 71-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Д.Л, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Илжигэн овгийн Баянболдын Б, Бэсүд овгийн Долгоржавын Л, Хөвдүүд овгийн Батзулын Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Б.Б, Д.Л, Б.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б Б.Н, Д.Л нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Б гэж хаягласан цагаан өнгийн ууттай Каннабис өвс 41.1 грамм, Б.Н гэж хаягласан хөх өнгийн даавуун ууттай Каннабис өвс 247.6 грамм, Л.Л гэсэн хаягтай эрээн өнгийн гялгар ууттай Каннабис өвс 134.5 грамм, бөөр хэсэг нь цоорхой “Voyage” гэсэн бичигтэй 0.5 литрийн хуванцар сав, AG6623565 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэртэй мөнгөлөг цаас зэргийг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б Б.Н, Д.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ гам буруутайгаа ойлгон ухамсарлаж, гэмшиж байна. Энд байх хугацаандаа маш олон зүйлийг ойлгож, ухаарсан. Би жүжигчин мэргэжилтэй бөгөөд бүжиглэж, дуулдаг. Цаашдаа улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад сурган хүмүүжүүлэх ажил хийдгийн хувьд энэ буруу хэргийн хор хөнөөл, аюулын талаар ухан сэнхрүүлж, ойлгуулж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ойлгож ажиллах болно. Дахин хэрэгт холбогдохгүй. Иймд та бүхэн миний эдгээр байдлыг дүгнэн үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн гэмт хэрэг болон үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд өөрийн хүссэн мэргэжил, сургууль Монгол Улсын Багшийн Их сургуулийн Боловсрол судлаачийн ангидаа суралцаж чадахгүй болж байгаа юм. Боловсрол судлаач мэргэжил нь ... Монгол Улсад орж ирээд 3 жил болж байгаа шинэ мэргэжил ба 3 жил тутамд 1 удаа элсэлт авдаг. Миний бие ... хүссэн сургууль, мэргэжлээ алдах болоод байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшсээр байгаа бөгөөд гэр бүл болон чухал хүмүүсээ гомдоож, зовоож байгаадаа маш их харамсаж байна. Ирээдүйд энэ үйлдлээ хэзээ ч мартахгүй, харамсаж, гэмшиж байх болно. Хар тамхи гэх зүйлээс хол байж, өөрийн ирээдүй болон гэр бүлдээ бүх цаг заваа зориулах том зорилготой. Алдаж байгаа энэ цаг хугацаанд миний амьдралд байж болох хамгийн том бөгөөд чухал зүйлс болох урлаг, хичээл, сургууль, гэр бүлдээ бахархуулах маш том ололт, амжилт, бүтээл, зорилго байгаа. Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд найз нөхөдтэйгөө нийлж болчимгүй зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Найз охин маань 8 сартай жирэмсэн, эмчийн хяналтад ороогүй, гэртээ ганцаараа байгаа бөгөөд хараа хяналт тавих хүн байхгүй. Бид хоёр гэрийнхэндээ хүүхэдтэй болсон тухайгаа хэлээгүй. Анхны хүүхдээ хүлээж байгаа учраас эдгээр байдлыг минь харгалзан үзэж, биеэр эдлэх ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ анхны мэдүүлгээсээ хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, тухайн гэмт хэргийг үйлдэхдээ төрсөн өдөр тэмдэглэж яваад санаандгүй нөхцөл байдлаар үйлдэгдсэн байдаг. ...Мөн маш их гэмшсэн нөхцөл байдлууд байдгаас гадна “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-д багшаар ажилладаг. Сурагч байхаасаа оны шилдэг сурагч, урлаг спортын олон төрлийн авьяастай байнга уралдаан, тэмцээнд оролцож түрүүлдэг, хамт олон дундаа хүмүүжих боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Л, Б.Н нарын өмгөөлөгч Б.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүйлчлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн талаар маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч Л.Л, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхгүй, найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Улаанбаатар хотоос гарч, улмаар хээр бие засаж байгаад ямарваа нэгэн гэмт хэрэг үйлдэх сэдэл зорилгогүйгээр явахдаа тус гэмт хэргийг үйлдсэн. Д.Л, Б.Н нарын хувийн байдал маш сайн буюу хамт олны ажилд идэвхтэй оролцдог, олон уралдаан тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан. Одоо оюутан, цаашид сурч боловсрох, хамт олон дундаа төлөвших бололцоо байгаа. Шүүгдэгч Нямлхагвын найз охин нь жирэмсэн, 2 дугаар сард төрнө. Ар гэрийнхэн нь гадаадад амьдардаг учраас харж хандах хүнгүй, гэртээ ганцаараа байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1838 дугаартай шийтгэх тогтоол нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Б нь Б.Н, Д.Л, М.Ж нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн Б.Б нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 41.1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21-7 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд “Toyota Prius 30” загварын 71-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,
Д.Л нь Б.Н, Б.Б, М.Ж нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн Д.Л нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 145 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхоны 90г-89 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд “Toyota Prius 30” загварын 71-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,
Б.Н нь Б.Б, Д.Л, М.Ж нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн Б.Н нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 260 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19-31 тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 116 дугаар байрны орчимд “Toyota Prius 30” загварын 71-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Бын “...Би 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ... Каннабис өвс түүсэн. Түүсэн өвсөө өөрсдөө аваад ... гэр гэртээ харьцгаасан. ...Бид нар Сансарын Баянцээлийн арын байран дунд машинтайгаа зогсож байгаад Каннабис өвсөө хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан. ...” /1хх 103-104/,
шүүгдэгч Д.Лын “...Төв аймгийн Борнуур суманд явж байгаад бууж ... жалганд каннабис өвстэй ижил төстэй ургамал ургасан байхыг хараад ...бид 4 түүж аваад хот руу явсан. Гэртээ ирээд өөрийнхөө өрөөний хувцасны шүүгээнд ... нууж хадгалж байгаад 2019 оны 6 дугаар сарын 12-ны орой ... ууттай өвсөө аваад гарсан. Ингээд Б, Н, Ж бид дөрөв өвсөө машинд хэрэглэж байтал цагдаад баригдсан. ...” /1хх 110-111/,
шүүгдэгч Б.Нямлхагвын “...Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Каннабис өвс ургадаг гэж өмнө сонсож байсан болохоор Ж, Б, Л бид нар ... нууцаар Каннабис өвс түүж аваад хот руу буцсан. Миний хувьд ногоон цэнхэр даавуун уутанд өвсөө хийгээд гэртээ авч очоод хэд хоног хатаасан. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр найз охин Намуундарийн машиныг аваад Б ахын ажил дээр очоод, тэндээсээ Сансарын ойролцоо зогсож байгаад машин дотроо өвсөө татсан. ...” /1хх 117-118/,
гэрч У.Саранзаяагийн “...Борнуураар дайрч, ... эмэгтэйчүүд бид нарыг хоол хийцгээж байхад эрчүүдээрээ ярих юм байна гээд цааш явсан. Тэгээд тэд нар газар ширтээд нэг юм хайгаад байгаа юм шиг яваад байсан. ...50 орчим насны эрэгтэй ирээд “...Ахын дүү нар боль, юу хийгээд байгааг чинь мэдэж байна, дэмий юм байдаг шүү, өмнө жил Онцгой байдал болон цэрэг цагдаа ирээд устгаад явсан, энэ хавьд нэг ийм мансууруулдаг ургамал ургаад байх шиг байна, одоохон болиод явцгаа. ...” гэж хэлж байсан. ...Бид нар машиндаа суугаад явж байтал шарилж шиг юм үнэртээд байхаар нь боль, бүгдийг нь хая л даа гээд бид нар хоорондоо хэрэлдсэн. ...” /1хх 34-36/ гэх мэдүүлгүүд,
хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 24 дугаартай прокурорын “...2019 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 116 дугаар байрны орчим 71-97 УБЕ дугаартай “Toyota Prius 30” загварын автомашинд хэсэг бүлэг этгээдүүд мансуурсан байдалтай байна гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Баянболдын Б /РД:УЮ97010617/, Долгоржавын Л /РД:УИ99112712/, Батзулын Н /РД:УЮ00210513/ нар нь сэжиглэгдсэний дагуу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батгэрэл нь зориулалт бүхий 1 удаагийн тест ашиглан ... шинжилгээнд зориулж дээж авах зорилгоор шээс авч, биед нь үзлэг хийсэн, ... мансууруулах бодис гэх зүйлийг хураан авч шинжилгээнд хүргүүлсэн нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг даруй хийхгүй бол нотлох баримт зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэлтэй байсан гэж үзэхээр байна. ...” /1хх 28-29/ гэх тогтоол,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3636 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /СД:АG6623565/ тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 56-57/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3638 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гялгар ууттай “Б.Б” гэж хаягласан, ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 63-64/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3637 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн даавуун ууттай “Н” гэж хаягласан, ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 67-68/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3640 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гялгар ууттай “Д.Л” гэж хаягласан, ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 71-72/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3641 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Н”, “Лхагваа”, “Б” гэж хаягласан 3 ширхэг шээсний дээж бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны Нэгдсэн үндэстний байгууллагын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 79-81/ гэх дүгнэлтүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн 1110, 1129, 1125, 1131 дугаартай дүгнэлтүүд /1хх 87-88, 90-91, 93-94, 96-97/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-16, 21-26/, Б.Б, Д.Л, Б.Нямлхгава нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэлүүд /1хх 17-20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-26, 30-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Д.Л, Б.Н нарын сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Л нарын гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт тус тус гүйцэтгэгчээр оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Д.Л, Б.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат, шүүгдэгч Д.Л, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гантулга нар”...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлжээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Шүүгдэгч Б.Б, Д.Л, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ялаар тус бүр шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирчээ.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэж заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат, шүүгдэгч Д.Л, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1838 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат, шүүгдэгч Д.Л, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ